Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 861

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00247 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Эт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 680 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б,

Хариуцагч: Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ж.Эт 2 000 000 төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ж.Эт 2 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Би хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсний улмаас уг ялаа биечлэн эдлэж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн хүнээс мөнгө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлэхэд ямар ч боломжгүй чиний эрх хязгаарлагдсан гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Гэвч суллагдсаны дараа хууль, шүүх гэхгүйгээр мөнгөө авах гэж явсан боловч сайн дураараа мөнгө өгөх хүн олдоогүй. Улмаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд хариуцагч Э.Эрдэнэчимэг нь үндсэн зээлээс 1 000 000 төгрөг өгсөн, зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Ж.Эээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, нэг сарын хүү 180 000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэж тооцоход 1 500 000 төгрөг, нийт 4 680 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б, н.Дархисүрэн нараас 2013 оны 1 сарын 28-нд 2 000 000 төгрөг, 4 сарын 8-нд 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Сар бүрийн 28, 08-нд зээлийн хүүнд 120 000 төгрөг төлж, жил гаран хүүг өгч явсан. Хүү авахдаа Д.Б, н.Дархисүрэн нар нэг бол хамт, заримдаа аль нэг нь ирж авч байсан. 1 сарын 28-нд авсан 2 000 000 төгрөгтөө нийт 1 680 000 төгрөг, 4-р сарын 08-нд авсан 2 000 000 төгрөгтөө нийт 1 440 000 төгрөг,  нийт 3 120 000 төгрөг төлсөн. Б.Батням, н.Дархисүрэн хоёрт 4 сарын 10-нд 1 000 000 төгрөг өгсөн. Мөн 4 сарын 13-нд нөхөр шоронд явсан гэхэд нь 1 000 000 төгрөг авч өгсөн. Үлдсэн 2 000 000 төгрөгийг хүүтэйгээр цувуулж өгсөн баримт нь байгаа. Энэ хоёрт нийт хүүтэйгээ нийлээд 7 425 000 төгрөг төлсөн. Нийт 4 000 000 төгрөг аваад 7 425 000 төгрөг төлөөд байхад ингэж дахин дахин цагдаа, шүүхэд дуудагдаж байгаадаа гомдолтой байна гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эээс 4 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээ байгуулсанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсөн хэдий ч миний бие эрүүгийн гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж ял эдлэх болсноор шаардах эрхээ эдлэх ямар ч боломж надад олдоогүй. Энэ байдлаа хорихын захиргаанд уламжлахад "Чиний эрх хязгаарлагдсан" хэмээн хариу өгч өөрийн эрхээ эдлэх ямар ч боломж надад байгаагүй учир би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хорихоос суллагдсан бичиг, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарыг хавсаргаж өгсөн. Би хэд хэдэн нэхэмжлэл шүүхүүдэд гаргахад тухайн шүүхүүд хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж тэр үндсэн дээр нэхэмжпэлийг хүлээн авч хэргийг хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн. Хэрэв миний гаргаж өгсөн баримтуудыг огт үнэлэлгүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийг эхнээсээ хүлээн авахгүй шууд буцаах үндэслэл байгаа юм. Нэгэнт нэхэмжлэл хүлээн авч хуулийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, явуулж цаг хугацаа алдуулсаар хэргийг дээрхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өнөөдөр Монгол Улсын шүүхүүдэд нэг л хууль, дүрэм журам үйлчлэх ёстой гэж би иргэний хувьд үзэж байна. Нэг шүүх нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээж хэргийг шийдвэрлэж байхад нөгөө шүүх нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг би ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

  Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Нэхэмжлэгч Д.Б нь 2013 оны 1 сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 4 сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Ж.Эт  зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

  Дээрх зээлийн гэрээнүүдийг 1 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах эрх 2013 оны 5 сарын 08-ны өдрөөс эхлэн тоологджээ. Тэрээр шүүхэд 2017 оны 11 сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 4 сарын 11-ний өдрөөс эхлэн ял шийтгүүлсэний улмаас гэрээний үүрэг шаардах боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын даргаар итгэмжлэл гэрчлүүлж, шүүхэд төлөөлөгч томилж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрх нь нээлттэй байжээ. Уг эрхээ хэрэгжүүлэхэд хорих ангийн дарга саад болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Бд 5 жил, 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн  108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно” гэж заасан.  Нэхэмжлэгч Д.Б нь хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэхэд нь хорих ангийн зүгээс хязгаарласан гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм. 

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                               

                                                          ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ