Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 472

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00472                                                      Дундговь аймаг

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р баг Боржигоны 15-5 тоотод оршин суух, С Х овогт Т ийн Б /ЗЗ68011604/-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг Хөх хошуу гэх газарт нутаглах, Г овогт Н ийн О /ЗД88051316/-т холбогдох 350000 төгрөг гаргууулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10  сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Отай 2010 оноос 2016 оны 3 cap хүртэл хамт амьдарсан. Би Хаан банкинд 5019580722 тоот данс эзэмшдэг бөгөөд хамтран эзэмшигчээр Н.О байсан. Бид дансаа салгуулаагүй байтал миний данснаас 2019 оны 06 сарын 30-наас 2019 оны 07 сарын 08-ны хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 350,000 төгрөгийн гүйлгээг Н.О нь мобайлаар хийж надад мэдэгдэлгүйгээр авсан байна. Энэ мөнгө бол Н.Оын мөнгө биш юмаа. Иймээс Н.Оаас 350.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Бийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Н.О би Т.Бийн данснаас 350000 төгрөг аваагүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь Н.От холбогдуулан 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тус данснаас мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т.Б нь “Н.О бид хоёр гэр бүл болж хамт амьдарч байсан бөгөөд энэ данс тэр үед хадгаламж нээж ашиглаж байсан бид хоёрын дундын данс юм. 2016 оноос тусдаа амьдрах болсон. Дансны эзэмшигчид хоёулаа байж байж хасах ёстой гээд банк Н.Оыг хасаж өгөхгүй байсан. Би энэ дансандаа виза карт нээлгээд ашигладаг байсан, О урьд нь мөнгө орсон ч гэсэн авдаггүй байсан. 2019 оны 7 сард 6 удаа нийт 350000 төгрөгийг авсан байсан. Энэ мөнгө бол миний мөнгө учир Оаас нэхэмжилж байна гэж” ,

Хариуцагч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Мобайл банкаа шалгахаар энэ данс гарч ирээд байдаг байсан. Банкинд хэлэхээр энэ чиний данс биш байна, чамд хамаагүй данс гэж хэлдэг байсан. Би мобайл банкны гүйлгээ хийж мөнгө аваагүй учир төлөхгүй. Хи- Ө  нь манай эхнэр, 88592999 дугаар нь миний барьж байсан утасны дугаар байна. Хөдөө сүлжээ барихгүй болохоор нь энэ дугаараа барихаа больсон” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

ХААН банкны Дундговь салбараас тус шүүхэд ирүүлсэн баримтаар /хх-ийн 21-22-рт/ Т.Бийн 5019580722 тоот данснаас 2019 оны 6 сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 сарын 7-ны өдрүүдэд гарсан 300000 төгрөгийн зарлагын гүйлгээнүүдийг 88592999 дугаарын утаснаас мобайл банкаар Х.Ө-н 5455054383 дугаартай харилцах дансанд  хийсэн, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-рт/ баримтаар 2019 оны 7 сарын 8-ны өдрийн 50000 төгрөгний зарлагын гүйлгээгээр 5455054383 дансанд зээл суутгал гүйлгээ хийгдсэн болох нь тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 5019580722 тоот данснаас 320000 төгрөгийн зарлагын гүйлгээ хариуцагчийн эхнэр Х.Ө-н харилцах дансанд, 30000 төгрөгийн гүйлгээ бензин гэсэн тайлбартайгаар Ө.Ам- дансанд 88592999 дугаарын утаснаас мобайл банкаар хийгдэж хариуцагч нийт 350000 төгрөгийг захиран зарцуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Отай гэр бүлийн харилцаатай байсан гэх тайлбарыг гаргаж байх ба хариуцагч нь уг тайлбарыг үгүйсгэхгүй байна. Зохигчийн гэр бүлийн харилцаа 2016 онд дуусгавар болсон гэх тул хариуцагчийн, нэхэмжлэгч Т.Бийн мөнгөн хөрөнгийг хамтран өмчлөх эрх мөн дуусгавар болсон байна. Хариуцагч Н.О нь нэхэмжлэгч Т.Бийн  5019580722 дансны хамтран эзэмшигч мөн боловч уг дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохоо нотолж чадаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ХААН банкны харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр авсан байх тул нэхэмжлэгч нь өөрийн мөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Г овогт Нийн О /ЗД88051316/-с 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, С Х овогт Тийн Б /ЗЗ68011604/-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12050 /арван хоёр мянга тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оаас 12050 /арван хоёр мянга тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

    

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.У