Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

 

2023 оны 05 сарын 10                    2023/ШЦТ/96                                  Баруун-Урт сум

                         

 

                            

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

хохирогч Л.Цэндсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

шүүгдэгч Б.Ербиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ербишид холбогдох эрүүгийн 2330000090075 дугаартай  хэргийг  2023 оны 04 дүгээр  сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт оршин суух,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар ЛЙ83083078, Ханхөхий овогт Баянмөнхийн Ербиш.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Ербиш нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Улаан хад гэх газар хохирогч Л.Цэндсүрэнгийн олон тооны мал буюу 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу гэрч Д.Гантулгад урьд зээлж авсан мөнгөндөө суутган өгч хохирогч Л.Цэндсүрэнд 2,466,700 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох    баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  Б.Ербиш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Л.Цэндсүрэн миний бэр эгч. Манайх, Л.Цэндсүрэн эгчийнх өвөлдөө нэг нутагт хамт байдаг. Байнга цуг байгаад байдаггүй юм. 2022 оны 11 дүгээр сард “Улаан хад” гэх газар нутаглаж байсан. Хохирогчийнхоос 12 км орчим зайтай. Тэр хавьд олон айл байгаа, яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Би Л.Цэндсүрэнгийн малыг сайн танихгүй. Ганц нэг бүдүүн үнээг бол танина, бага малыг танихгүй. Манай малд айлын мал ирж нийлэхэд би цагдаад бүртгүүлээгүй. Цагдаагийн байгууллагад мэдэгддэг гэж мэдэхгүй учир мэдэгдээгүй. 2023 оны 11 сарын үед, яг идэшний үе байсан, тэр үед хоёр үхэр манай үхэрт ирж нийлсэн.Тухайн үед манай үхэрт ирж нийлээд 10 гаруй хоносон. Эзэн нь гарч ирэхгүй болохоор нь хүнд өртэй байсан тул өгчихсөн юм. гэв.

 

- Хохирогч Л.Цэндсүрэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манайх малаа Б.Ербишийн худгаас зун, хавар, намартаа услах гээд ойрхон буусан юм. Намар “Дэлгэр” гэх газар байсан. Тэр үед үхэр урагшаа задгай устай газар байдаг байсан. 11 сарын эхээр манай үхэр алдагдсан. Тэр задгай устай газрын ойр орчим айлаас асуусан.Цагдаад мэдэгдээгүй. Б.Ербишийнхээр очиж асуугаагүй юм. Б.Ербишийн малд нийлсэн тухай мэдээгүй. 2022 оны 12 сарын 17-нд цагдаагийн газар алдсан малынхаа талаар гомдол өгсөн. Гэтэл Б.Ербишийн үхэрт нийлээд явсан юм байна. Сүүлд сураг дуулахад 2 үхэр минь ачигдсан гэж сонссон. Манайх худгаас 16-аас 17 км зайтай, Б.Ербишийнхээс 12-оос 13 км зайтай байх.  Үхэр хашсан байсан хашаа нь ус уудаг худагтай ойрхон байсан. Б.Ербиш манай малыг мэдэх байхаа гэж бодож байна. Б.Ербиш адуугаа хариулдаг, үхрээ мэдэхгүй байж болох юм. Манайх 60-аас 70 үхэртэй. Би Б.Ербишийн малыг мэдэхгүй. Б.Ербиш миний хохирлыг барагдуулсан одоо гомдолгүй...гэв.

 

            Эрүүгийн 233000090075 дугаартай хэргээс:

 

            - Яллагдагч Б.Ербишийн:   Би Сүхбаатар сумын Мөнххаан сумын 2 дугаар баг “Улаан хад” гэх газарт нутагладаг. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг үхрээ хураагаад явж байхад манай үхэрт мухар охин хар, эвэртэй эр хар гээд 2 тооны үхэр дунд нь нийлчихсэн байсан. Тэр үхрүүд манай үхэрт ирээд 10 гаруй хоносон байх. Тухайн үед хэний үхэр гэдгийг нь мэдээгүй. Би өмнө нь буюу 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод явж байгаад Мөнххаан суманд мал авдаг Д.Гантулга гэх хүнээс 2 үхэр заръя гээд 1,500,000 төгрөг авчихсан байсан юм. Тэгээд манай үхэрт нийлсэн байсан 2 тооны үхрийг эзэн нь гарахгүй, надаас сураглаж ирэхгүй байсан болохоор би Д.Гантулга гэх хүнээс зээлсэн мөнгөндөө “та надаас зээлсэн мөнгөндөө манай хашаанд байгаа 2 тооны үхрийг аваарай. Би хашаандаа хашаад орхичихлоо” гэж хэлээд 2 тооны үхрийг хашаандаа хашаад үлдээсэн. Тухайн өдөр би 2 тооны үхрээ хашчихаад Түмэнцогт сум руу ажлаар яваад ирэх хооронд Д.Гантулга гэх хүн ирээд авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 52-54 дүгээр хуудас/

 

- Хохирогч Л.Цэндсүрэнгийн “...Би Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэх газар мал маллаж амьдардаг юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 17-нд  Чандмань гэх газраас 2 тооны үхэр алдаад одоог хүртэл олохгүй байгаа юм. Би тэр хавийн үхэр болон айл өрхүүдээр явж үзсэн, сураг чимээ гарахгүй байгаа юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Миний үхэр мухар хар охин шүдлэн гунж, хар зүсмийн эвэртэй шүдлэн эр үхэр байсан. Им нь зүүн чих араасаа цуулга баруун чих ухам имтэй. Би алдсан үхрээ  зах зээлийн ханшаар  үнэлж байна. Миний үхэр нутгаасаа гардаггүй учраас хүн авч явсан гэж бодож байна.

...Б.Ербиш нь манай үхрээс захиран зарцуулах эрх байхгүй. Б.Ербиш нь манай үхрийг хараад сайн танина. Манай хэдэн үхрүүд Ербишийн үхэртэй бэлчээр нэг байдаг юм. Б.Ербиш нь манай 2 үхрийн оронд хүрэн зүсмийн хязаалан эр үхэр, улаан халзан хязаалан эр үхэр өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 8-9,12 дугаар хуудас/,

 

-.Гэрч Д.Гантулгын “...Ербиш нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод Нарантуул зах дээр явж байхад Ербиш ганцаараа надтай таарсан. Таараад надаас “мал авч байгаа юу” гэхэд нь би “шүдлэн үхэр авч байгаа” гэхэд Б.Ербиш нь 2 шүдлэн үхэр өгнө гээд надаас 1.500.000 төгрөг бэлнээр авсан. Намар таараад “би нөгөө үхрээ идэшний цагаар авна шүү” гэхэд ирээд аваарай гэж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр Б.Ербиш над руу залгаад “Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Сайханы Энгэр” гэх газар 2 үхэр хашсан байгаа, ирээд аваарай ” гэж байсан. Тухайн өдрөө Мөнххаан сумын иргэн Дорждэрэм гэх хүн рүү яриад “би Ерөөгөөс 2 үхэр авах ёстой юм, чи тэрийг машинаараа буулгаад өг” гэхэд “миний машин түлшгүй байгаа” гэхээр нь би сумаас түлш авч очоод Дорждэрэм өөрөө машинаа унаж очоод Ерөөгийн өөрийн өвөлжөөн дээр очиход 2 тооны хар зүсмийн үхэр хашсан байхаар нь Дорждэрэм бид хоёр машин дээр ачиж аваад манай хаваржаа болох Гэнэн худгийн хүрээн дээр авчраад тэндээ хонуулаад маргааш нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нядалсан. ...Миний тухайн үед очиж авсан үхэр бол хоёулаа хар зүсмийн үхэр байсан. Мухар хар охин шүдлэн гунж, нэг нь эвэртэй хар эр шүдлэн үхэр байсан. Им нь баруун чих ухам, зүүн чих цуулга имтэй байсан. Тухайн үед над руу утсаар ярихдаа “би аймаг руу явлаа, намайг цагдаа дуудаад байна” гэж байсан. Намайг үхэр авах гээд очиход тухайн хашаан дээр хэн ч байгаагүй. Үхрээ авсан талаараа би маргааш нь Ерөөд хэлсэн. Би анх удаа л Б.Ербишээс мал мах худалдаж авч байна.Тухайн үхрүүдийг янзлаад Улаанбаатар хот руу идшинд зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

- Гэрч С.Дорждэрэмийн “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Улаан хад гэх газар нутагладаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Мөнххаан сумын төвд байдаг Д.Гантулга гэх хүн ирээд намайг “машинаараа мал ачаад өгчих” гэхээр нь би “түлшгүй” гэхэд Д.Гантулга нь “өдөр танай эхнэр Гэрэлмаатай ярихад түлшгүй гэхээр би түлш аваад ирсэн” гэж байсан. Тэгээд Д.Гантулга миний машинд суугаад газар заагаад Ерөөгийн өвөлжөөн дээр очиход хашаан дотор 2 тооны үхэр байсан. Д.Гантулга хашаан дотроос 2 тооны үхэр хөтөлж гаргаж миний машин дээр ачаад Мөнххаан сумын нутаг “Гэнэнгийн Энгэр” гэх газар буулгаж өгөөд би гэр лүгээ харьсан. Миний тухайн үед очиж авсан үхэр бол хоёулаа хар зүсмийн үхэр байсан. Мухар хар охин шүдлэн гунж, нэг нь эвэртэй хар эр шүдлэн үхэр байсан. Имийг нь би сайн анзаараагүй. Тухайн үед Ерөөгийн хашаан дээрээс өөр мал ачаагүй. Би тухайн 2 үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх  мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн алдагдсан 2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ нь 2,466,700 төгрөг” гэх 2202509 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29-39 дүгээр хуудас/,

 

            - Б.Ербишийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 хуудас/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.09-ний өдрийн 2022/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 58-62 хуудас/

 

- Б.Ербишийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 67-68/

 

            -Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 01/331 дугаартай “Б.Ербиш нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон” гэх албан бичиг /хэргийн 80 хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Прокуророос шүүгдэгч Б.Ербишийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Улаан хад гэх газраас хохирогч Л.Цэндсүрэнгийн олон тооны мал буюу 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.СүрэнхорлоогоосШүүгдэгч Б.Ербиш нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Улаан хад гэх газар хохирогч Л.Цэндсүрэнгийн олон тооны мал буюу 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан хохирогч Л.Цэндсүрэнд 2,466,700 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдож байна. Хохирогч Л.Цэндсүрэн шүүгдэгч Б.Ербишийн бэр эгч, сүүлийн 2-3 жил нэг бэлчээрт мал нь өвөлжиж байгаа. Мөн нэг худгаас малаа усалдаг байна. Иймд нэгнийхээ малын зүсийг мэддэг байх нь гарцаагүй. Б.Ербиш нь тухайн үхрийг хохирогч Л.Цэндсүрэнд буцаан өгөх бүрэн боломжтой байсан. Харин Б.Ербиш нь тухайн хоёр үхрийг зарж борлуулж, өмнө Д.Гантулгаас зээлж авсан мөнгөндөө суутган өгч хохирогч Л.Цэндсүрэнд 2,466,700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй. 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм. Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг үхрийн талаар Б.Ербиш нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Б.Ербиш нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг (2,466,700 төгрөгөөр үнэлэгдсэн) өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас “ улсын яллагчаас гаргаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч “манай малд 2 тооны үхэр ирсэн, эзэн гарахгүй байсан учир хүнд өгсөн,миний буруу” гэж мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээдэг. Хохирогчийн мэдүүлэгт “би үхрээ алдаад Б.Ербишийг авсныг сүүлд мэдсэн. Манайх Б.Ербишийн гэр хооронд 20-н хэдэн км зайтай. Манай мал алга болоод 20-оод хоносон байсан” гэх мэдүүлэг байдаг. Гэтэл Цагдаагийн газрын гаргасан маршрутад гэр хоорондын зай 3-аас 4-н км зайтай гэсэн байдаг нь энэ хэмжилт энэ хэргийн маршруттай нийцэхгүй байна. Буруу маршрут гаргасан байна гэж үзэж байна. Тухайн хоёр үхэр нь 10 гаруй хоногийн өмнөөс Б.Ербишийн үхэрт ирж нийлсэн байна. Тиймээс Б.Ербиш нь тухайн үхрийг хулгайлах санаа зорилго байгаагүй, хэний үхэр гэдгийг нь мэдээгүй, эзэн нь тодорхойгүй тул зарж борлуулсан байна. Б.Ербиш нь эрх зүйн мэдлэг дутмаг учир алдуул малыг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгүүлэх ёстой болохыг мэдээгүй байна. Хохирогч болон шүүгдэгч нарын мал тухайн худгаас 2-3 жил ус уудаг байсан гэж байна. Энэ худгаас өвөлдөө цастай байвал хол нүүдэг тухайн худгаас ус уудаггүй байсан. Цасгүй бол түр хугацаагаар ус уудаг байсан. Гэхдээ шүүгдэгч нь адуу малладаг үхрээс тусдаа өөр хүн малладаг. Үхэрийг нь өөр хүн хариулдаг. Мөн мал өсөж томрох тусам зүс нь өөрчлөгддөг. Эдгээр мал бага насны мал, мөн жилийн 4-н улиралд малын зүс нь өөрчлөгддөг учир шүүгдэгч маань хүний малыг таних боломжгүй байсан гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх  дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй юм.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Ербиш нь 10-аад хоногийн өмнө өөрийн үхэр сүрэгт ирж нийлсэн хохирогч Л.Цэндсүрэнгийн өмчлөлийн зүүн чих араасаа цуулга, баруун чих ухам имтэй мухар хар охин шүдлэн гунж, хар зүсмийн эвэртэй шүдлэн эр үхэр буюу 2 үхрийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авч бусдад өгөх өр төлбөртөө өгсөн үйл баримт түүний болон хохирогч Л.Цэндсүрэн, гэрч Д.Гантулга, С.Дорждэрэм нарын мэдүүлгүүдээр тогтоогдох бөгөөд дээрх үйл баримтыг прокуророос олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалд үндэслэгдээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

 

 Харин шүүгдэгч Б.Ербишийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж болох нууцаар авсан шинж үгүйсгэгдэх буюу тэрээр түүний оролцоогүйгээр 10-аад хоногийн өмнө үхэрт нь ирж нийлсэн, өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй, нэгэнт өөрийнх нь үхэр сүрэгт ирж нийлсэн, түүний мэдэлд байсан бусдын үхрийг өр төлбөртөө өгсөн уг үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж шууд үзсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөө хэлбэл, улсын яллагчаас гаргаж буй “ Хохирогч Л.Цэндсүрэн нь Б.Ербишийн бэр эгч. Эдгээр хүмүүс сүүлийн 2-3 жил нэг бэлчээрт мал нь өвөлжиж байгаа. Мөн нэг худгаас малаа усалдаг байна. Иймд нэгнийхээ малын зүсийг мэддэг байх нь гарцаагүй. Б.Ербиш нь тухайн үхрийг шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох санаа зорилго байгаагүй бол хохирогч Л.Цэндсүрэнд буцаан өгөх бүрэн боломжтой байсан. Харин Б.Ербиш нь тухайн хоёр үхрийг бусдаас зээлж авсан мөнгөндөө суутган өгч хохирогч Л.Цэндсүрэнд хохирол учруулсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй ” гэх дүгнэлт нь хэргийн үйл баримтанд субъектив байдлаар хандсан, нотлох баримтанд үндэслэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ербишийн зүгээс хохирогч Л.Цэндсүрэнгийн буюу бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг авах тодорхой санаа зорилгоор нутаг, бэлчээрээс нь нууц, далд аргаар авсан, мөн хохирогчийн 60 гаруй үхрийг им зүс, насаар нь тодорхой мэддэг, Л.Цэндсүрэнгийн үхрийг мөн гэж, мэдэж авсан гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй болно.

3. Түүнчлэн, шүүгдэгч Б.Ербишийг “ мал хулгайлах” гэмт хэрэгт буруутгаж  болох түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар хэрэгт нотлогдоогүй хийгээд шүүх шүүгдэгч Б.Ербишийн гэрчээр өгсөн уг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.Ербишийг тухайн хэрэгт сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах тодорхой үндэслэл бий болсон байхад мөрдөгчөөс түүнд “мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулах” байдлаар түүнээс гэрчийн мэдүүлэг албадаж авсан нь гэмт хэрэгт холбогдсон хүний өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, түүнчлэн “… өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглох” хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүй бөгөөд хуулиар хамгаалагдсан хүний эдгээр суурь эрхийг эдлүүлээгүй, энэ журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан нь хууль зөрчсөнд тооцогдох хийгээд үүнийг шүүх нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй байгааг дурдъя.

4. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргаж буй “Ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг үхрийн талаар Б.Ербиш нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Б.Ербиш нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн үхрийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй үхрийг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

Эрүүгийн болон Иргэний хуулиудад “Алдуул мал” , “ Гээгдэл эд хөрөнгө”  гэсэн нэр томьёо байдаг бөгөөд “Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг, “ Гээгдэл эд хөрөнгө”  гэдэгт тухайн этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдал, өмчлөгч, эзэмшигчийн салан задгай,анхаарал болгоомжгүй ажиллагаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас түүний эзэмшлээс тодорхойгүй хугацаагаар хаягдсан, орхигдсон  хүний эрэлт хэрэгцээнд тэнцэхүйц эд зүйлийг тус тус ойлгох бөгөөд алдуул мал, гээгдэл эд хөрөнгө олсон этгээд олсон иргэн Иргэний хуулийн 116, 117дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Улсын яллагчаас “ алдуул мал олсон этгээд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлсний дараа хууль бусаар ашигласан бол Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй ” гэж тайлбарлаж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан диспозицийг өөр өөр агуулгаар хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 4. “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос Иргэний хуулийн 116, 117 дугаар зүйлд тодорхойлсон “алдуул мал, гээгдэл эд хөрөнгө ” олсон этгээдийн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл 17.5 дугаар зүйл “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт  тооцсон хийгээд тухайн гэмт хэргийн шинж нь “ төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” үйлдлээр тодорхойлогдох бөгөөд харин улсын яллагчаас тайлбарлаж буй “мэдэгдэх үүргээ биелүүлсний дараа хууль бусаар ашигласан гэмт хэрэгт тооцох”  тухай ойлголт дээрх гэмт хэргийн шинжид тусгагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйн практикт “ алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө” завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцоход “ Иргэний хуулийн 116, 117 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлсний дараа хууль бусаар ашигласан” гэж үзэх урьтач нөхцөлийг шаарддаггүй бөгөөд үүнийг өөр гэмт хэргийн шинж, нөхцөл болгон хуулийг төсөөтэй хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах хийгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д “ Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан хууль ёсны зарчимд харшлах юм.

 

5. Алдуул мал завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон малыг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.      

 

Шүүгдэгч Б.Ербишийн хувьд дээрх хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэлгүй хохирогч Л.Цэндсүрэнгийн ижил сүргээсээ тасарч, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон 2 үхрийг  бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан  уг үйлдэл Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

            Хохирогч Л.Цэндсүрэнгийн дээрх мал нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Чандмань” гэх газраас алдагдсан,  шүүгдэгч Б.Ербишийнх уг газраас 10 гаруй км-т Мөнххаан сумын 2 дугаар багийн “Улаан хад” гэх газарт нутаглах бөгөөд бод малын хувьд зун- намрын улиралд 5 км, өвөл- хаврын улиралд 4 км радиуст бэлчээрлэх нь холын зайд хамаардаг хийгээд энэ нөхцөл байдал, хохирогч Л.Цэндсүрэнгийн хэрэгт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “  Манайх намар “Дэлгэр” гэх газар байсан. Тэр үед үхэр урагшаа задгай устай газар байдаг байсан. Тэр задгай устай газрын ойр орчим айлаас асуусад сураг чимээ гарахгүй байгаа юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Миний үхэр нутгаасаа гардаггүй учраас хүн авч явсан гэж бодож байна. Б.Ербишийнхээр очиж асуугаагүй юм. Гэтэл Б.Ербишийн үхэрт нийлээд явсан юм байна. Манайх худгаас 16-аас 17 км зайтай, Б.Ербишийнхээс манай хоёр гэр 12-оос 13 км зайтай байх ” гэх мэдүүлэг зэргийг үндэслэвэл, шүүгдэгч Б.Ербишийн үхэрт нийлсэн дээрх 2 үхрийг алдуул мал гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас гаргасан “ Шүүгдэгчээс манай малд 2 тооны үхэр ирээд 10 гаруй хоносон, эзэн гарахгүй байсан учир хүнд өгсөн, миний буруу гэж гэм буруугаа хүлээдэг. Хохирогч “ манай мал алга болоод 20-оод хоносон байсан” гэх мэдүүлэг байдаг. Б.Ербиш нь эрх зүйн мэдлэг дутмаг учир алдуул малыг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгүүлэх ёстой болохыг мэдээгүй байна. Хохирогч болон шүүгдэгч нарын мал тухайн худгаас 2-3 жил ус уудаг байсан. Өвөлдөө цастай байвал хол нүүдэг, цасгүй бол түр хугацаагаар ус уудаг байсан. Гэхдээ шүүгдэгч нь адуу малладаг, үхрийг өөр хүн хариулдаг. Мөн мал өсөж томрох тусам зүс нь өөрчлөгддөг. Эдгээр мал бага насны мал, мөн жилийн 4-н улиралд малын зүс нь өөрчлөгддөг учир шүүгдэгч хүний малыг таних боломжгүй байсан гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ” тухай  дүгнэлтийг хэргийн бодит байдалд үндэслэгдсэн гэж үзэв.

 

6. Дээрх дүгнэлттэй холбоотойгоор шүүх хохирогч Л.Цэндсүрэнгийн мал алдсан болон шүүгдэгч Б.Ербишийн нутаглах газрын талаар улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан “ Мөнххаан сум, 2 баг Чандмань гэх газраас Л.Цэндсүрэнгийн 2 тооны үхэр алдсан ” гэх тэмдэглэл, схем зургийн баримтыг нотлох баримтаар нотлох баримтаар тооцохгүй байхаар тогтоов.

 

Учир нь уг баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар буюу хуульд заасан үндэслэл, журмаар  цуглуулж, бэхжүүлээгүй байх бөгөөд тухайн баримтын агуулга буюу тухайн газар орны зай, маршрут нь хохирогч Л.Цэндсүрэн, шүүгдэгч Б.Ербиш нарын мэдүүлж буй мэдүүлэгтэй эрс зөрөөтэй хийгээд үүнийг улсын яллагчаас өөр бусад, тодорхой баримтаар нотлоогүй болно.

 

            7. Шүүгдэгч Б.Ербишийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Л.Цэндсүрэнгийн “Би 2022 оны 11 дүгээр сард Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэх газраас 2 тооны үхэр алдаад одоог хүртэл олохгүй байгаа юм. Тэр хавийн үхэр болон айл өрхүүдээр явж үзэхэд сураг чимээ гарахгүй байгаа. Тийм болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Миний үхэр зүүн чих араасаа цуулга баруун чих ухам имтэй, мухар хар охин шүдлэн гунж, хар зүсмийн эвэртэй шүдлэн эр үхэр байсан ” гэх,

гэрч Д.Гантулгын “...Ербиш нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр 2 шүдлэн үхэр өгнө гээд надаас 1.500.000 төгрөг бэлнээр авсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр Б.Ербиш над руу залгаад “Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Сайханы энгэр” гэх газар 2 үхэр хашсан байгаа, ирээд аваарай” гэсэн. Би тухайн өдрөө Дорждэрэм гэх хүний машинаар Ерөөгийн өөрийн өвөлжөөн дээр очиход 2 тооны хар зүсмийн үхэр хашсан байсныг ачаад Гэнэн худгийн хүрээн дээр авчраад тэндээ хонуулаад маргааш нь нядалсан. ..Миний авсан үхэр бол им нь баруун чих ухам, зүүн чих цуулга имтэй байсан.Мухар хар охин шүдлэн гунж, нэг нь эвэртэй хар эр шүдлэн үхэр байсан ” гэх,

гэрч С.Дорждэрэмийн “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Д.Гантулга гэх хүн ирээд намайг “машинаараа мал ачаад өгчих” гэхээр нь Д.Гантулгатай хамт миний машинаар Ерөөгийн өвөлжөөн дээр очиход хашаан дотор 2 тооны үхэр байсан. Уг 2 үхрийг ачаад Мөнххаан сумын нутаг “Гэнэнгийн Энгэр” гэх газар буулгаж өгөөд би гэр лүгээ харьсан. Тухайн үхэр хоёулаа хар зүсмийн, мухар хар охин шүдлэн гунж, нэг нь эвэртэй хар эр шүдлэн үхэр байсан. Имийг нь би сайн анзаараагүй ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ербишийн, хохирогч Л.Цэндсүрэнгийн ижил сүргээсээ тасарч алдагдан өөрийнх нь үхэрт нийлсэн үхрийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж бусдад өгч завшсан уг үйлдэл нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч Б.Ербишийн, хохирогч Л.Цэндсүрэнгийн 2 тооны алдуул үхрийг завшсанаас учирсан 2.466.700 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгааг дурдъя.

 

8.Шүүгдэгч Б.Ербишийг дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилгоор өөрийн үхэрт нийлсэн хохирогч Л.Цэндсүрэнгийн хоёр тооны үхрийг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

9. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Л.Цэндсүрэнгийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч Б.Ербишийн өөрийнх нь үхэрт нийлсэн алдуул малыг бусдад өгч завшсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Л.Цэндсүрэнд учирсан эдийн хохирлыг тогтоолгохоор “Линзийн өгөөж” ХХК-ийг шинжээчээр тогтоож дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцсэн хийгээд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Цэндсүрэнгийн 2 тооны үхрийн зээлийн үнэлгээг 2,466,700 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Ербишийг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ербишийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “  Шүүхээс гүүгдэгч Б.Ербишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага оногдуулахад учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Ербиш нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр барагдуулсан, боловч өмнө гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг 90 хоногт төлүүлэх саналтай” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Ербишид холбогдох хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн улсын яллагчаас 900.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч маань ам бүл зургуулаа бага насны 4-н хүүхэдтэй, хүний мал маллаж амьдардаг зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялаас доош татаж 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял буюу оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Б.Ербишийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ербишид холбогдох хэрэг хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

 Б.Ербишийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 Бусад: 

 

Шүүгдэгч Б.Ербиш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ербишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч  Ханхөхий овогт Баянмөнхийн Ербишийг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ербишийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан Б.Ербиш нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Б.Ербиш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Л.Цэндсүрэнд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН