Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 483

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 9-р гудамж 14 тоотод оршин суух, Н х овогт Ч ын О /ЗЗ67102101/-ы ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.О эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичгээр ирүүлж, шүүх хуралдааны н бичгийн дарга Б.Жавзмаа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Чын О миний бие 1986 оны 07 сарын 15-ний өдрөөс 1992 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, дэлгүүрийн кассчин, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орсон гарсан тушаал, үйлдвэрчний батлах зэрэг баримтыг үндэслэн 1986 оны 07 сарын 15-ний өдрөөс 1992 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэл ангид үйлчлэгч, дэлгүүрийн кассчин, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие тус шүүхэд ажиллаж  байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад миний бие Улаанбаатар хотод эмчлүүлж, мэс засал хийлгэсэн болно. Иймд шүүхэд очиж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд миний дээрх хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэж, хэрэгт байгаа нотлох баримтуудад үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч  Ч.Оы Дундговь аймгийн Луус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 сарын 4-ний өдрийг дуустал үйлчлэгч, дэлгүүрийн кассчин, туслах тогоочоор ажиллаж байсан тухай холбогдох зарим баримт ирээгүй тул Ч.Отай холбоотой лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 28-ны өдрийн 337 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

              Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 08/627 дугаартай “Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 12 сарын 27-нд Жавхлант ББХХоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт

            - Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 28-ны өдрийн 337 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Луус сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 оны 8 сарын 4-ний өдрийг дуустал үйлчлэгч, дэлгүүрийн кассчин, туслах тогоочоор ажиллаж байсан тухай холбогдох зарим баримт ирээгүй тул Ч.О-тай холбоотой лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

- Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 7 сарын 15-ны өдрийн 31 дугаартай “Ч.Оыг ажилд түр авах тухай” тушаалын хуулбар

- Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 9 сарын 5-ны өдрийн 41 дугаартай “түр ажилд авах тухай” тушаалын хуулбар

- Дундговь аймгийн Луус сумын “Жавхлант” хэрэглээний хоршооны  даргын 1992 оны 7 сарын 2-ны өдрийн 02 дугаартай “хувьцааны тооцоо хийх тухай” тушаалын хуулбар

- Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 4 сарын 1-ний өдрийн 14 дугаартай “ажилд батлах тухай” тушаалын хуулбар

-1990 оны 1 сарын 1-ний өдөр Ч.Од олгосон 764602 дугаартай, 1990-1991 оны цалин болон татварын бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар

-Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 02/292 дугаартай тодорхойлолт

-Ч.Оы 1986 оны 7 сар, 1986 оны 9 сар, 1986 оны 12 сар, 1987 оны 1 сар, 1988 оны 10 сар, 1988 оны 11 сар, 1989 оны 8 сар, 1989 оны 2 сар, 1991 оны 4 сар, 1991 оны 5 сард цалин хөлс авч байсан баримтууд

-Гэрч Б.Б-н “...Ч.О нь 1986-1992 он дуустал Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, дэлгүүрийн кассчин, тогооч зэрэг ажлуудыг хийж байсан. Би 1985-1990 он дуустал Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн няраваар, 1990-1995 онд Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан юм. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Б.Д-н “...Ч.О нь 1986-1992 оны 8 сар дуустал  Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, дэлгүүрийн кассчин,  цайны газарт тогооч зэрэг ажлуудыг хийж байсан. Би 1976-1992 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн ном соёлын барааны дэлгүүрийн худалдагч, няраваар ажиллаж байсан.  Бид нэг байгууллагаад ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг

зэрэг баримтууд болно.

Нэхэмжлэгч хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэхээр тус шүүхэд бичгээр хүсэлт гаргасан  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ч.О нь 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, кассчнаар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1992 оны 8 сарын 4-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Жавхлант ББХ хоршоонд  үйлчлэгч, гал тогооны туслах ажилтнаар  тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 100.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н х овогт Чын О /ЗЗ67102101/ нь 1986 оны 7 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, кассчинаар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1992 оны 8 сарын 4-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Луус сумын Жавхлант ББХ хоршоонд  үйлчлэгч, гал тогооны туслах ажилтнаар  тус тус ажиллаж байсан  болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У