Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

 

2023 оны 05 сарын 15 өдөр                      2023/ШЦТ/98                       Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ, улсын яллагч Б.Жамъяндорж, шүүгдэгч Т.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.Гантулгад холбогдох эрүүгийн 2330000000087 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлснийг  2023      оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар баг Овоотын 202 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЛГ73022813 регистрийн дугаартай,

Хошууд ургийн овогт Төмөрийн Гантулга.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Гантулга нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Т.Гантулгад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Гансүхийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч дахин хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 255.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Гантулга нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг “Ургах наран” 10-16 тоотод иргэн Ц.Гансүхтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ үл ялих зүйлээр шалтаглаж маргаан үүсгэн түүний нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, баруун хацар болон нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, хоолойд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Гантулгын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.Ц.Гансүх ахын гэрт очоод бид хоёр 0.75 литрийн архиа хувааж уусан. Архи дуусах үед Ц.Гансүх ах юм ярьж сууж байснаа босож яваад миний араар гарахдаа миний толгой руу цохисон. Би гайхаад “та яаж байгаа юм бэ?” гэхэд дахиад миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уур хүрээд Ц.Гансүх ахыг нүүр, шанаа хэсэгт нь гараа атгаад 2 удаа цохисон. Тэгсэн Ц.Гансүх унахдаа ширээгээ мөргөж унасан. Босоод гал тогооны шүүгээнээс хутга аваад “намайг ална” гэж дайрахаар нь би Ц.Гансүх ахын гэрээс гарч зугтаасан” гэх мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/

            хохирогч Ц.Гансүхийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим Дарьганга сумын 4 дүгээр баг “Ургах наран” 10-16 тоотод байх гэртээ хамаатны дүү болох Т.Гантулгын хамт 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” гэх нэртэй архинаас 1 шилийг хувааж уусан юм. Ууж дуусчхаад дүү Гантулга нь “ахыгаа нэг үнсье” гээд намайг хоолойгоор боогоод авахаар нь би нүү рүү нь түлхсэн юм. Тэгтэл зөрүүлээд намайг хэд хэдэн удаа цохисон юм. Би юугаар яаж зодсон талаар мэдэхгүй байна. Тэгээд миний хамар хацраас цус гараад би гэртээ үлдсэн. Гантулга гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 6-7-р хуудас/,

            гэрч Г.Эрдэнэтуяагийн "...Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим аавыг гэртээ ганцаараа байсан болохоор эргэхээр Дарьганга сумын 4 дүгээр багт байх гэрт нь очтол хаалга нь дотроосоо цоожтой, гэрлүүд нь унтраастай байхаар нь би унтаж байгаа юм байх гээд орхиод явсан. Буцаад 20 цагийн үед хоол хийгээд аавд өгөх гээд авчиртал хашааны үүдэнд манай сумын цагдаа төлөөлөгч хоёр ирчихсэн хаалга цонхыг нь тогшоод байж байхаар нь би хамт хаалга тогштол аав хаалгаа дотроос нь тайлсан. Тэгээд гэрт нь яваад ортол аав бусдад зодуулсан байдалтай, нүүрнийх нь зүүн талын хөмсөг сэтэрсэн, баруун талын нүүрэнд нь хаван үүсчихсэн, нүүрэн дээр нь цус нь хатчихсан байдалтай байсан. Мөн гэрийн ор, шал дээр хэсэг цус болчихсон байсан. Тэгээд би эмч дуудаад аавыг үзүүлж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11-р хуудас/,

            Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаартай “... 1. Ц.Гансүхийн биед тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, баруун хацар болон нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, хоолойд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн 21-22-р хуудас/, Хүний их эмч Ч.Намжимын “... Баруун нүд шанаа хавдсан, нүүрэнд зулгарсан шархтай” гэх үзлэгийн тэмдэглэл,гэмтлийн гэрэл зураг/хэргийн 18-21/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Тодруулбал, Хууль зүй сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан шинжээрээ Ц.Гансүхэд учирсан гэмтэл нь  хүндэвтэр гэмтэлд хамаарахыг 121 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Т.Гантулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Гансүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Надад гомдол санал байхгүй, миний хохирлыг төлсөн, 3.000.000 төгрөг өгсөн. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбараар нотлогдох тул Т.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч Ц.Гансүх нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 255.000 төгрөгийг зарцуулсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Т.Гантулгын зүгээс нөхөн төлсөн болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Гантулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Т.Гантулгаас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Т.Гантулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан хөхий овогт Төмөрийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан Т.Гантулга нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Гансүх нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Гантулгад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН