Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 551

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн ... оршин суух, М овогт Б.С,

Нэхэмжлэгч: Булган аймгийн ... оршин суух, Х овогт Д.О  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн... оршин суух Т овогт З.З -д  холбогдох 29135700 /хорин есөн сая нэг зуун гучин таван мянга долоо зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00457/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О тай 2012 онд гэр бүл болсон. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.О  нь хариуцагчийн *********** тоот дансанд 7.484.400 төгрөгийг шилжүүлж, миний бие 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 21.651.300 төгрөгийг *********** тоот дансанд тус тус шилжүүлсэн ба тухайн үед хариуцагч нь бидэнд сүлжээний бизнес бол огт биш хувьцаа эзэмшдэг гэж ярьж, мөнгийг өсгөнө гэж тайлбарлаад авсан байдаг. Мөнгийг авахдаа компанийн биш өөрийнхөө дансанд хийлгэсэн бөгөөд бидэнд 4 удаагийн ногдол ашиг гэж 6.844.920 төгрөг өгсөн.  Хариуцагчийн дансны хуулгыг үзэхэд хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Одоог хүртэл хариуцагчаас үлдэгдэл мөнгөө авч чадаагүй байна. З.З эс 29.135.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас 6844920 /зургаан сая найман зуун дөчин дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг татгалзаж байна. Үлдэх 22.290.780 /хорин хоёр сая хоёр зуун ерэн мянга долоон зуун ная/ төгрөгийг хариуцагч З.З эс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.З  шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Q хөрөнгө оруулалтын компанид 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.370.000 төгрөг буюу 2430 еврогийн багц авч элсэн орсон. 2018 онд энэхүү компани нь F болж нэрээ өөрчилсөн. ...Б.С , Д.О  нар нь тус сумын иргэн Д.А оос уг компанийн талаар сонирхож байгаа тухайгаа мэдэгдээд манай нөхөр А.М  рүү Д.С  залгаж тодруулсан байдаг. Тухайн үед манай нөхөр “та нар төв оффис дээр нь очиж уулзаад мэдээлэл авч байж шийдээрэй” гэхэд Б.С  өндөр багцаар буюу 7290 еврогоор буюу 21.000.000 төгрөгөөр орж, их хэмжээний ногдол ашиг авах бодолтой байгаа тухай хэлэхэд сайн судалж байж ороорой, өөрсдийн чинь мэдэх хэрэг, эхлээд багаар ороод явцдаа өсгөж болдог тухай хэлсэн. Нэхэмжлэлдээ мөнгийг нь өсгөж өгнө гэж шахаж шаардаж авсан мэтээр үндэслэлгүй зүйлийг дурьдсан байна. ... Мөн харилцагчийн дансны хуулгыг эрх бүхий этгээд болон харилцагчийн хүсэлтээр банк гаргаж өгөх ёстой байтал банкны ажилтан хууль бусаар гаргаж өгсөн байх тул уг банкны ажилтныг банкны хяналт, шалгалтын албаар шалгуулах болно.  Компанид элсэн ороход тухайн харилцагч дээр аккаунт үүсч багцын эрх үүсдэг. Компани онлайн хэлбэрээр төлбөр тооцооны систем явагддаг тул ногдол ашгаа зарах хүсэлтэй гишүүдийн еврог цуглуулах замаар шинэ харилцагчийн багцыг бүрдүүлэх эрхийг өгдөг байсан. Б.С  болон Д.О гийн нэр дээр аккаунт үүсч багцын эрх үүсдэг. Компани онлайн хэлбэрээр төлбөр тооцооны систем явагддаг тул ногдол ашгаа зарах хүсэлтэй гишүүдийн еврог цуглуулах замаар шинэ харилцагчийн багцыг бүрдүүлэх эрхийг өгдөг байсан. Б.С , Д.О  нарын нэр дээр аккаунт орсон ба компанид элсэн орж ногдол ашиг авч байсан баримтуудыг хавсаргасан болно. Тухайн үед компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба Б.С  Хаан банкны *********** дансаар 6.266.810 төгрөг, Д.О  Хаан банкны *********** дансаар 1.577.860 төгрөгийн ногдол ашгаа сар бүр авч байсныг дансны хуулгаар нотолж байна. 2018 оны 05 дугаар сараас хойш компанийн үйл ажиллагаа түр саатаж, программын шинэчлэлтийн шатанд явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байх ба мэдээлэл ирж байгаа нь үйл ажиллагаа зогсоогүй гэсэн итгэлийг бий болгож байна.

... Бие дааж шийдвэр гаргаж өөрсдөө элсэн орсон атлаа Д.О гийн фейсфүүк чатаар доромжилж бичсэн чатууд илгээсэн баримтууд байдаг. Миний хувьд сэтгэлзүйн дарамт ирж байгаа тул гомдолтой байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нь хариуцагч З.З д холбогдуулан 29.135.700 /хорин есөн сая нэг зуун гучин таван мянга долоон зуу / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Б.С   6.844.920 /зургаан сая найман зуун дөчин дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулахаас татгалзаж,  22.290.780 /хорин хоёр сая хоёр зуун ерэн мянга долоон зуун ная/ төгрөгийг хариуцагч З.З эс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нь З.З эс мэдээлэл авч F компанид  мөнгөө өсгөх зорилгоор элсэн орохоор болж, элсэлтийн мөнгө Д.О  2018 оны 2 дугаар сарын 19-ны өдөр З.З ийн *********** дансанд 7.484.400 төгрөг, Б.С  2018 оны 2 сарын 23-нд З.З ийн *********** дансанд  21.651.300 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 29.135.700 төгрөгийг хариуцагч З.З ийн хувийн данс руу шилжүүлсэн гэж шүүхэд тайлбарладаг.

 Хариуцагч З.З  дээрх мөнгийг авсан харин өөрөө аваагүй өөрсдийнх нь хүсэлтээр тухайн компанид элсүүлсэн. Б.С , Д.О  нарын нэр дээр аккаунт орсон ба компанид элсэн орж ногдол ашиг авч байсан. Тухайн үед компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба Б.С  Хаан банкны *********** дансаар 6.266.810 төгрөг, Д.О  Хаан банкны *********** дансаар 1.577.860 төгрөгийн ногдол ашгаа сар бүр авч байсан гэж шүүхэд тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч С  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрөө ногдол ашиг гэж 5.267.060 төгрөг, нэхэмжлэгч Д.О г ногдол ашиг гэж 1.577.860 төгрөг  нийт 6.844.920 төгрөг авсан учир нэхэмжлэлийн шаардлагаас ногдол ашиг гэж авсан 6.844.920 төгрөгийг татгалзаж, хариуцагчаас 22.290.780 төгрөг гаргуулна гэв.

Нэхэмжлэгч нар мөнгөө өсгөх зорилгоор F компанид элсэхийн тулд хариуцагчийн данс руу нийт 29135700 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар хэргийн 72, 77-р хуудсанд авагдсан хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.С , Д.О  нарын нэр дээр аккаунт орсон ба компанид элсэн орж ногдол ашиг авч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн данснаас нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөн дүнгээр F компанийн данс руу элсэлтийн мөнгө шилжсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч нар тухайн компанийн гишүүнчлэлтэй талаар нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин нэхэмжлэгч нарт хариуцагч өөрийн данснаас нийт 7.844.671 /долоон сая найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан нэг/ төгрөгийг ногдол ашиг гэж шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар судлагдсан хариуцагчийн ХААН банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар уг F компанид нэгдэж орж, гишүүн болоогүй, F компанитай эрх зүйн харилцаанд ороогүй учраас хариуцагчаас мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:

492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэжээ.

Иймд нэхэмжлэгч Б.С , Д.О  болон  F компанийн хооронд үүрэг үүссэн байдал тогтоогдоогүй тул шүүх хариуцагч З.З эс 21291030  /хариуцагчийн буцаан өгсөн 7844670 төгрөгөөс нэхэмжлэгчийн татгалзал 6.844.920 төгрөгийг хассан дүн 999750 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хассан дүн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 999750 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264405 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

Харин хариуцагч нэхэмжлэгч нарын 29.135.700 төгрөгийг F компанид шилжүүлсэн бол компаниас шаардах эрх нээлттэй юм.

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч З.З ээс 21.291.030 /хорин нэгэн сая хоёр зуун ерэн нэгэн мянга гуя/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С , Д.О  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 999.750 /есэн зуун ерэн есэн мянга долоон зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нэхэмжлэлийн шаардлагаас 6.844.920 /зургаан сая найман зуун дөчин мянга есөн зуун хорь/ төгрөгийг татгалзсныг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.628 /гурван зуун гурван мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 264.405 /хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. .

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ХИШИГДЭЛГЭР