Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* тоотод оршин суух, Л овогт Лу ийн Мө /*******/-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэ ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 1988 оны 7 сарын 13-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн  Техник туслалцааны барилгын 6-р трестэд ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архивын баримт дутуу байгаа тул гэрчийн мэдүүлэг, ажилд орсон тушаал, цалингийн баримт зэргийг үндэслэн  дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мө нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Л.Мөын Дундговь аймгийн  Техник туслалцааны барилгын 6-р трестийн Барилгын нэгтгэлд 1991 оны 3 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл захиргааны ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тухай баримт байхгүй  болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 30-ний өдрийн 338 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 30-ны өдрийн 338 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Техник туслалцааны барилгын 6-р трестийн Барилгын нэгтгэлд 1991 оны 3 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл захиргааны ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тухай Л.Мөд холбогдох баримт ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

-Улсын барилгын хорооны харьяа Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1988 оны 7 сарын 18-ны өдрийн 169 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар

-Улсын барилгын хорооны харьяа Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1989 оны 1 сарын 28-ны өдрийн 22 дугаартай “буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар

- Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1991 оны 2 сарын 25-ны өдрийн 34 дугаартай “ажилчдыг пүүсүүдэд нь шилжүүлэх тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 08/636 дугаартай “Дундговь аймгийн барилга угсралтын 6 дугаар трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 12 сарын 25-нд барилгын Мандалговь ХК болон өөрчлөгдсөн байна” гэх  тодорхойлолт

-Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хураамж төлөлтийн 1994 оны 1-р улирлын тайлан

-Л.Мөд Мандалговь ХК-с 1993 оны 7 сард ээлжийн амралтын цалин олгосон баримт

-Гэрч Ю.Ө-н “...Л.Мө нь 1988-1994 он дуустал ТББ 6-р трестрэд зураг төслийн инженер, талбайн инженер, даргын туслах бичиг хэрэг зураг ажлуудыг хийж байсан хүн. Би 1985 оны 6 сараас тус трестэд 1 жил гаруй туслах ажилтан хийж байсан, 1986-1991 он хүртэл материал нормчлолын техникчээр, зураг төсөв дээр ажилладаг байсан. 1991 оноос тус трестийн Хишигтогтохын бригадад талбайн техникчээр ажиллаж байсан юм. Л.Мөтай нэг байгууллагад ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг

-Гэрч Г.Т-н “...Л.Мө нь 1988-1993 он дуустал Барилгын 6-р трестэд талбайн инженер зураг төсөл хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байсан.  Би 1976-1983 онд нэгдэл дундын үйлдвэрт барилгын салбарын эрхлэгчээр, 1983-1990 онд Барилгын 6-р трестэд инженер, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар тус тус ажилласан. 1990-1993 АДХГЗ-ны улсын байцаагчаар тус тус ажилласан. Л.Мө-тай трестэд байх хугацаандаа хамт ажилласан юм. Намайг ажил өөрчлөгдсөний дараа ч Л.Мө ажиллаж байсан санагдаж байна. Дараа нь Өвөрхангай аймаг руу шилжсэн юм...” гэх мэдүүлэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Л.Мө нь 1988 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны12 сарын 25-ны өдөр хүртэл Улсын барилгын хорооны харьяа Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестэд талбайн даамал, инженерээр, 1992 оны 12 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал  Дундговь аймгийн Мандалговь ХК-д боловсон хүчин, бичиг хэрэг захиргааны ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус  ажиллаж байсан болох нь  тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л овогт Лу-ийн Мө /*******/ нь 1988 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны12 сарын 25-ны өдөр хүртэл Улсын барилгын хорооны харьяа Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестэд талбайн даамал, инженерээр, 1992 оны 12 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал  Дундговь аймгийн Мандалговь ХК-д боловсон хүчин, бичиг хэрэг захиргааны ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус  ажиллаж  байсан  болохыг  тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У