| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/03862/И |
| Дугаар | 101/ШШ2019/03569 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2019/03569
2019 оны 12 сарын 13 өдөр Дугаар 101/ШШ2019/03569 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 хэсэг сургуулийн гудамж, 0 тоотод оршин суух, 0 овогт Э.Ч /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Чулуут амины орон сууц, 0 дүгээр гудамж 0 тоотод оршин суух, Б овогт О.Э /РД:0/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Эт өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, сургуулийн гудамж, 0 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр О.Э-ын нэр дээр шилжүүлсэн. Гэрээ байгуулах үедээ тухайн эд хөрөнгийг 20.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцсон бөгөөд О.Э 17,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулах санал гаргасан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулан нотариатаар батлуулсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 08 дугаар сарны 08-ны дотор үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгөө төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч үлдэгдэл төлбөр төлөхгүй, утсаа авахгүй байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг О.Эаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ч-аас хашаа байшинг дүүдээ худалдан авсан боловч манай дүү тухайн байрыг голсон тул сарын дараа Ч-т наймаа буцаая гэхэд зөвшөөрөөгүй. Тухайн хашаа байшинг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 17,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Хавар дулаархад байшин муу байсан. Иймд 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ч хариуцагч О.Э холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...худалдан авсан байшин муу байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, Сургуулийн гудамж, 0 тоотод байрлах хувийн сууц, газрын хамт 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч, улмаар мөн өдрөө худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-ийн 29 дүгээр тал/
Уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийг 2,500,000 төгрөг гэсэн боловч 20,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирсон талаар зохигч маргаагүй байна.
Хариуцагч О.Э гэрээний дагуу 17,000,000 төгрөг төлсөн, худалдан авсан байшин чанар муутай байсан тул үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэжээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан эсэх баримтгүй, худалдан авсан эд хөрөнгөө бусдад худалдан борлуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 3,000,000 төгрөгийг О.Э Э.Ч-т төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч О.Э-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ч-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-аас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ч-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО