Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0112

 

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0112

Улаанбаатар хот

 

“ТБК  ҮЦК” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч “ТБК  ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М-Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н-Э нар;

 

Гомдол гаргагч: “ТБК  ҮЦК” ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын зохицуулалтын газрын улсын байцаагч М.А;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 909 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.М-Э,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Э.М,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н-Эрдэнэ,

Хариуцагч М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Б.Э-О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0616/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “ТБК ҮЦК” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын зохицуулалтын газрын улсын байцаагч М.А-д холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын шалгалтын газрын Улсын байцаагч М.А-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №00140ХХ  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 909 дугаар шийдвэрээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ТБК ҮЦК” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын Улсын байцаагч М.А-д холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын шалгалтын газрын Улсын байцаагч М.А-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №00140ХХ  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.М-Э давж заалдах гомдолдоо:

 

3.1. Хөрөнгө оруулалтын сан болон Брокерийн зуучлалын үйл ажиллагааны гол ялгаа, тухайн үйл ажиллагааны хэрэгжиж буй хэлбэр:

Хөрөнгө оруулалтын сан /цаашид “ХОС” гэх/ нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг, Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар “Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа” /цаашид "БҮА" гэх/ гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалт болон үйл ажиллагааны хэрэгжиж буй хэлбэр, тэдгээрийн ялгааг дараах байдлаар тодорхойлж болно.

Брокерийн зуучлалын үйл ажиллагаа:

 

Брокерийн зуучлалын үйл ажиллагаа

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

Харилцагчийн мөнгөн хөрөнгө

Брокерийн зуучлалын үйл ажиллагаа Харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийг үнэт цаас худалдан авах зорилгоор тухайн ҮЦК-д байрших өөрийн нэрийн номинал дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлнэ.

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа Харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийг ХОС-д байршуулснаар нэгж эрх болон хувирна. Энэ нь ХОС-ийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох боловч хөрөнгө оруулалтын сангийн тодорхой хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.

Хөрөнгийн удирдлага

Харилцагч өөрийн нэрийн номинал дансанд байрших хөрөнгөөр үнэт цаас худалдан авах, худалдах гэрээнд заасан брокерт өгч, даалгаврыг хэлбэрээр хөрөнгийг удирдлагыг өөрөө хэрэгжүүлнэ

ХОС-д төвлөрүүлсэн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдах, худалдан авах бүрэн эрхийг ХОС /ХОМК¹/ хэрэгжүүлнэ. ҮЦК, бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад ХОС-ийн нэрээр нээсэн дансанд хоронгийг байршуулж хөрөнгө оруулалт хийнэ.

Эзэмшил өмчлөлийн хэлбэр

Харилцагч сонгон худалдан авсан үнэт цаасыг, өөрийн нэрээр эзэмшдэг.

Үнэт цаасны эзэмших эрх нь ХОС-ийн нэр дээр хадгалагддаг. Харилцагч тодорхой үнэт цаасыг тусгайлан өмчилдөггүй.

Өмчлөх эрхийг хэрэгжүүлэх хэлбэр

Харилцагч өөрийн үнэт цаасыг захиран зарцуулах, зарах, захиалга өгөх эрхтэй.

ХОС-ийн нэгж эрхийг захиран зарцуулах хэлбэрээр өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ.

Өгөөж хүртэх хэлбэр

Харилцагч өөрийн үнэт цааснаас үүсэх ашиг алдагдлыг өөрөө бүрэн хүртэх бөгөөд манай компани ямар нэгэн хувь авахгүй.

ХОС-ийн бодлогын баримт бичигт тодорхойлсноор ашиг, алдагдлыг хүлээх бөгөөд нэгж эрхийн зах зээлийн үнийн өсөлтөөс ашиг хүртэнэ.

Зохицуулалттай этгээдийн хүртэх хэлбэр

ҮЦК нь харилцагчаас зөвхөн арилжааны зуучлалын шимтгэл, хураамж авна. Дилерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрийн худалдан авсан үнэт цаасны ашиг алдагдлыг өөрөө хүртэнэ.

Хөрөнгө оруулалтын сан нь төрөл, бодлогын баримт бичигт тодорхойлсон хэлбэрээр, амжилтын хувь, менежментийн төлбөрийг харилцагчаас авна.

Зорилго

Харилцагчид үнэт цаасны мэдээлэл өгөх, Харилцагчийн даалгаврыг биелүүлэх, үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлалын үйлчилгээ үзүүлэх.

Харилцагчийн хөрөнгийг өсгөх, төвлөрүүлсэн хөрөнгийг өсгөх зорилготой.

 

3.2. “ТБК  ҮЦК” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны зохицуулалтын тухай:

Манай компани нь дараах тусгай болон энгийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1. Санхүүгийн зохицуулах хорооны 207 тогтоолоор олгогдсон Брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

2. Санхүүгийн зохицуулах хорооны 433 тогтоолоор олгогдсон Дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

3. Санхүүгийн зохицуулах хорооны 433 тогтоолоор олгогдсон Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

4. Санхүүгийн зохицуулах хорооны 433 тогтоолоор олгогдсон Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

5. Санхүүгийн зохицуулах хорооны 476 тогтоолоор олгогдсон Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааны зөвшөөрөл

6. Санхүүгийн зохицуулах хорооны 476 тогтоолоор олгогдсон Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номиналь данс эзэмших үйл ажиллагааны зөвшөөрөл.

Номинал данс гэдэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /цаашид "ҮЦЗЗТХ" гэх/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.39-д тодорхойлсноор харилцагчийн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, хадгалах болон төлбөр гүйцэтгэх зориулалт бүхий данс юм. Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг ҮЦЗЗТХ-ийн 36 дугаар зүйлийн 36.16-д Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг Хорооны зөвшөөрлөөр эрхлэх бөгөөд энэ харилцааг зохицуулсан журмыг Хороо тогтоохоор хуульчилсан. Санхүүгийн зохицуулах хороо нь энэхүү харилцааг “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх журам”-аар зохицуулж уг журамд дараах заалтуудыг тусгасан.

3.3. Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах этгээд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан харилцагч тус бүрээр тусгайлан, нэр төрлөөр нь балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэнэ.

3.4. Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах этгээд нь харилцагчийн мөнгөн хөрөнгийн бүртгэл, арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн ерөнхий мэдээллийг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ. Мөн ҮЦЗЗТХ-ийн 36 дугаар зүйлийн 36.8-д “Брокер нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг мөнгөн хөрөнгө, үнэт цаас хадгалах эрх бүхий байгууллагад тусгайлан нээсэн дансанд, эсхүл номиналь дансанд өөрийн мөнгөн хөрөнгө, үнэт цааснаас тусад нь байршуулж ажиллана”, мөн зүйлийн 36.11-д зааснаар “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол брокер нь өөрийн харилцагчтай байгуулсан гэрээний дагуу түүнээс хүлээн авсан, эсхүл түүний даалгавраар бусадтай байгуулсан гэрээний дагуу түүний нэр дээр бусдаас хүлээж авсан монгон хөрөнгийг мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад тухайн харилцагчийн нэр дээр, эсхүл мөнгөн хөрөнгийн номиналь дансанд байршуулах үүрэгтэй” гэж хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу манай компани улирал бүр санхүүгийн зохицуулах хороонд улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох тайлан хүргүүлж, харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан түүний нэрийн номинал дансанд байршуулан хадгалдаг болно.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон хэргийн материалд авагдсан нотлох баримтын зөрүүтэй байдлын тухай: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэлдээ нотлох баримтаар бэхжээгүй, мэдүүлэг худал болох нь нотлох баримтаар тогтоогдож буй мэдүүлгүүдийг үндэслэсэн нь шүүх нотлох зармыг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл

Нотлох баримт болон тайлбар

1.

Шүүхийн шийдвэрийн 12 дугаар тал 7.3 1 дахь хэсэгт: Мөн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хохирогч Э.Б-ын  мэдүүлэгт "алдагдал 20,30 хувь байхад хаах боломжтой байсан. Хүмүүсийн худалдаж авсан опцион эсрэг зүгт явж алдагдлын хэмжээ ихсэх үед цуг арилжаанд оролцсон хүмүүс опционоо зарж, арилжаанаас гарах талаар "ТТ" фэйсбүүк группт оруулсан мэдээллийн доор опцион худалдаж авсан хүмүүс мэдэгдсэн ч тус компанийн зүгээс олонхын саналаар арилжааг хаана гэж мэдэгдсэн. Гэвч арилжааг хаах талаар хүсэлтээ гаргасан опцион худалдан авсан хүмүүст "ТБК  ҮЦК" ХХК -ийн ажилтан Э.М нь "Тухайн арилжаа хугацаа дуусах болоогүй, үлдсэн хугацаанд ашиг олох боломжтой байна" гэж хэлсээр алдагдалд оруулсан,... хүмүүсийн мөнгийг цуглуулаад сан үүсгэх хэлбэрээр пүүл опцион худалдаж авч байсан. Арилжаанаас гарах тохиолдолд компанийн зүгээс санал асуулга авах ажиллагаа зохион байгуулах ёстой байсан ч харилцагчдаасаа санал асуулга авах ямарч ажиллагаа хийгдээгүй

Нотлох баримт болон тайлбар Харилцагч Э.Б-ын  2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэг нь харилцагчийн +976801002ХХ дугаарын утсаар ирүүлсэн мессежний харилцааны агуулгаас зөрүүтэй буюу худал мэдүүлсэн нь нотлогдож байдаг. Харилцагчид опционоо хаах санал асуулгыг хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд, харилцагч "хаахгүй" гэдэг хариултыг ирүүлсэн байдаг, дахин санал хураалтад "тэгье" гэсэн хариултыг ирүүлснээр харилцагчийн захиалгыг биелүүлж ажилласан байдаг болно. Хувьцааны опцион зуучлалын гэрээний 3.1.1, 3.1.2-т харилцагч захиалгаа биечлэн, баталгаат утасны дугаар, мэйлээр өгч болохоор заасан байх бөгөөд бид фэйсбүүкд бичсэн харилцагчийн сэтгэгдлийг захиалга гэж үзэх боломжгүй юм. Харин харилцагч өөрийн эзэмшлийн зарах захиалга өгсөн бол түүнийг биелүүлэхгүй байх эсхүл зарах захиалга гэрээнд заасан хэлбэрээр ирүүлээгүй байх үед харилцагчийн үнэт цаасыг зарах нь хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаа болох юм.

2.

Голомт банкны 11054445ХХ тоот данс нь манай компанийн номинал данс болно. 2 Шүүхийн шийдвэрийн 13 дугаар тал 7.4 дэх хэсэгт: ... Харилцагчдын мөнгийг ямар дансанд байршуулдаг вэ гэх асуултад Голомт банкны 11054445ХХ тоот ТБК  данс гэж

 

Голомт банкны 11054445ХХ тоот данс нь манай компанийн номинал данс болно.

3.

Шүүхийн шийдвэрийн 12 дугаар тал 7.5 дахь хэсэгт: 2024 оны 06 дугаар сарын 05- ны өдөр гэрч Б.Т-аас авсан мэдүүлэгт "... бүртгэлтэй утасны дугаараас залгаж захиалга өгдөг. Пүүл опционы мэдээллийг зөвхөн групп дээр мэдээлдэг байсан. Гадаадын брокер дээрх опционы мэдээллийг харилцагчдаа танилцуулдаггүй. Опционыг зарах тухай санал өгөхөд "Та пүүлд орсон учраас шууд гарч болохгүй, олонхын саналаар гарна" гэх мэтээр гаргадаггүй, гарах талаар санал авдаггүй байсан. Пүүлээс гарах саналаа хаалттай группд комментоор оруулахад хариу өгдөггүй, 2023 онд оролцоход ҮЦК-аас санал болгосон бүх пүүл опцион нь алдагдалтай байсан,... олон хүмүүсийн мөнгийг нэгтгээд 80 хувиас дээш санал авсан тохиолдолд хаана гээд байдаг мөртлөө хаах талаар мэдээллийг олон нийтэд тавьдаггүй, маш хаалттай байдаг" гэж

Гэрч Б.Т-ын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг нь мөн түүний манайд ирүүлсэн хүсэлт +976991020ХХ дугаарын утсаар ирүүлсэн мессеж харилцаанаас зөрдөг болно.

Бид пүүл опцион арилжааны мэдээллийг тухай бүр харилцагчдаа мэдээлж ажилладаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог болно.

4.

Шүүхийн шийдвэрийн 13 дугаар тал 8 дэх хэсэгт: тус компаниас пүүл опцион арилжаатай холбоотойгоор иргэдэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр арга хэмжээ зохион байгуулж, арилжаанд оролцох хүсэлтэй харилцагчидтай Хувьцааны опционы гэрээ байгуулж, фейсбүүк дэх Топ трейдэр гэх хаалттай групп нээн гадаад улсад бүртгэлтэй үнэт цаасыг багцалж пүүл үүсгэн, харилцагчдад санал болгож, захиалга аван...

Манай компани нь жил бүр уламжлал болгон харилцагчдын дунд “Топ трейдэр” арга хэмжээг зохион байгуулж үйл ажиллагаагаа танилцуулдаг, тус арга хэмжээ нь 2 дахь удаагийн зохион байгуулагдсан арга хэмжээ бөгөөд 5 сэдэв танилцуулсны нэг нь тус арилжааны тухай юм. Дээр дурдсанчлан харилцагч өөрийн эзэмшлийн хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд хамтран эзэмшиж буй опционыг иргэний хуулийн дундын өмчлөлийн харилцааг зохицуулсан зохицуулалтыг мөрдлөг болгох нь зүй юм.

5.

Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр тал 9.1 дэх хэсэгт: ТБК  ҮЦК ХХК нас пүүл арилжаанд оролцогч харилцагчдад зориулан нээсэи ТТ хаалттай фэйсбүүк группт байршуулсан мэдээлэлд пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан гаргах боломжгүй тул хүссэн үедээ гарах боломжгүй, саналын тоо хувь хүрээгүй шалтгаанаар арилжаанаас гаргахгүй байхыг анхааруулж харилцагчдын хөрөнгийн алдах эрсдэлийг нэмэгдүүлж, нийт 203 харилцагчийг уг арилжаанд оролцуулах замаар тэдэнд нийт дүнгээр 110,943 /нэг зуун арван мянга, есен зуун дөчин гурав/ ам.долларын алдагдалд оруулсан нь

Нийт пүүл арилжааны явцад нэг ч удаа харилцагч Э.Б нь өөрийн эзэмшлийн опционыг зарах захиалга ирүүлж байгаагүй бөгөөд, ирүүлсэн. захиалгыг биелүүлээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Харилцагчдын хүлээсэн алдагдал нь уг арилжааны ханшаас шууд хамааралтай, үнэт цааснаас үүссэн алдагдал юм. Үнэт цаасны зах зээл нь өөрөө эрсдэл дагуулдаг бөгөөд энэхүү эрсдэлийг хүлээнэ гэдийг харилцагч гэрээгээр хүлээн зөвшөөрсөн байдаг болно.

 

6.

Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр тал 8 дахь хэсэгт: үзвэл гомдол гаргагч ТБК  ҮЦК ХХК нь арилжаанд оролцогчдод зориулан ТТ гэх хаалттай фэйсбүүк групп нээж, уг группээр дамжуулан харилцагчдаас хөрөнгө татаж, опцион пүүл арилжааг 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаа, нийт 6 удаа явуулсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь хөрөнгийн сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.

"ТТ" фэйсбүүк групп нь 2022 оноос хойш ажиллаж буй манай компанийн харилцагчдад өөрсдийн хийсэн зах зээлийн судалгаа, зах зээлд арилжаалагдаж буй үнэт цаасны танилцуулгыг танилцуулдаг. нийт харилцагчдын мэдээлэл авдаг групп юм.

Бид уг группээр дамжуулан харилцагчдаас хөрөнгө татан төвлөрүүлээгүй болно. Бид зөвхөн мэдээлэл өгдөг бөгөөд харилцагчид бие даан шийдвэрээ гаргаж, арилжаанд оролцдог болно.

5. ЗШШ ажиллагаа болон ЗХШХШ ажиллагааны процесс алдааны тухай:

5.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулсан тухайд: Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий этгээд нь дараах хуулийн зохицуулалтыг зөрчин, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасан байгаа нь хуулийн зорилтод заасан журмын дагуу зөрчлийн хэргийн хянан шалгах зарчимтай. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан М.А-ын тэмдэглэлд "ҮЦК-тай хувьцааны опцион зуучлалын гэрээ байгуулсан харилцагчдын гэрээ...”-д 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тухай дурджээ. Гэвч зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд манай компаниас нийт харилцагчдын "Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-г хүргүүлж байгаагүй бөгөөд үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй буюу ийм тэмдэглэл зөрчлийн хэрэгт авагдаагүй байдаг. Дээрх үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасан "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" мөн хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д заасан "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана" гэсэн үндэслэлээр бэхжүүлээгүй нотлох баримтыг бэхжүүлсэн гэж дүгнэн "нотлох баримтаар" үнэлсэн зөрчил гаргасан.

5.2. Зөрчлийн хэрэг нээх хугацааг хэтрүүлэн, зөрчлийн хэрэг нээн шалгасан тухайд: Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, шалгалт зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Э-О, М.А нар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "Иргэн Э.Б-аас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн гомдлыг шалгах явцад "ТБК  ҮЦК" ХХК нь хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж, харилцагчдын хөрөнгийг захиран зарцуулсан байж болзошгүй” гэж тогтоолд дурдаж Зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасныг зөрчин, ажлын 60 гаруй хоногийн дараа Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Энэ үйлдлийг хариуцагч анх гомдлыг хүлээн аваад иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан дагуу гомдлыг шалгаж улмаар энэ зөрчлийг илэрүүлсэн гэх боловч дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан дагуу 30 хоногт өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэсэн байх ёстой ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл уг гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгаж буй удирдах албан тушаалтны шийдвэр авагдаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлт нээхээр шилжүүлж буй баримт байхгүй байна. Иймд эрх бүхий этгээд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийг ноцтой зөрчин явуулсан байна.

5.3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Иргэн Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Пүүл опцион арилжаанд оролцсон талаархи гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүй", Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д зааснаар "Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно" гэсэн заалтыг зөрчин, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1-т заасан зөрчил байж болзошгүй гэж дүгнэн, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна.

6. Хариуцагчийн илтэд худал тайлбартай холбогдох асуудлын талаар:

6.1. Үнэт цаасны зах зээл нь тодорхой эрсдэлийг дагуулдаг салбар юм. Шүүх хуралд хариуцагч М.А нь шүүх хуралдаанд асуулт хариултын шатанд өмгөөлөгч Б.Н-Э-ийн асуусан Ашиг амлах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү, Дандаа ашигтай байх үйл ажиллагаа юм уу, эсхүл ашиг алдагдалтай байх үйл ажиллагаа юм уу? Гэсэн асуултад Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа хөрөнгийн зах зээлд явуулж буй хувьцааны ашиг алдагдлыг мэргжлийн оролцогчид өөрсдөө тодорхойлно. Мэргэжлийн оролцогчдын тодорхойлолт 100% үнэн байх ёстой юу, урьдчилж хийж байгаа дүн шинжилгээ ирээдүйд гарах ханшийн өөрчлөлттэй яг таарах ёстой юу? Гэх асуултад Тийм, иэхэмжлэгчээс гаргаж байгаа судалгаа шинжилгээний үндсэн дээр явагдана. Гэтэл Үнэт цаасны зах зээл, тэр дундаа хувьцааны опцион нь олон тооны мэдээлэл, хүчин зүйлээс хамаарч байнга хувьсаж байдаг, үр дүнг амлах боломжгүй юм. Үүнийг ч харилцагчидад сануулах үүднээж Хувьцааны опцион зуучлалын гэрээний 8.1 дүгээр зүйлд эрсдэлийг тодорхойлон тусгасан байдаг билээ.

6.2. Үнэт цаасыг дундаа хамтран эзэмшиж болох тухай: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц нь шүүх хуралд гаргасан тайлбартаа “үнэт цаасыг дундаа өмчлөхөөр хуульд заасан зүйл байхгүй, зөвхөн нэр бичигдсэн хүн хувьцааг эзэмшдэг. Монгол Улсад Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гээд ганцхан байгууллага дээр үнэт цаасны өмчлөх эрхийг баталгаажуулдаг, нэг хүн дээр нэг данс нээгддэг” гэжээ. Гэвч Монгол Улсад болон Олон улсад үнэт цаасыг хамтран өмчлөхийг зөвшөөрдөг болно. Тухайлбал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журмын 3.5-д “Харилцагч төвлөрсөн хадгаламжийн дансыг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох, данс дахь үнэт цаасыг бусдад өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх, хандивлах эрхтэй” гэж тусгасан.

6.3. Гадаад улсад үнэт цаас авахад зуучлалын үйлчилгээ үзүүлдэг нийтлэг үнэт цаасны компаниуд номинал данс ашиглан үйлчилгээ үзүүлдэг тухай: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц нь шүүх хуралд гаргасан тайлбартаа "Бусад гадаад арилжаанд зуучилдаг компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэхээр гадаадын брокер дээр харилцагч болгон дээр үнэт цаасны данс үүсгэж байгаа" гэв. Гэвч Гадаад улсад үнэт цаас авахад зуучлалын үйлчилгээ үзүүлдэг брокерийн компаниуд нь нийтлэгээр Saxo, Interactive Brokers гэсэн 2 гадаадын брокерийн компаниар үйлчлүүлж, харилцагчийн бүртгэлийг номинал дансанд Санхүүгийн Зохицуулах Хорооны олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хадгалдаг болно. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулагч байгууллагын хувьд мэдэж, хүлээн зөвшөөрч ирсэн билээ. Жишээ нь, манай компани 2022 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад арилжаанд харилцагчдыг зуучлан ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу тайлангуудаа илгээж байсан бөгөөд зохицуулагч байгууллага нь манай компанийн үйл ажиллагааг журам зөрчиж буй тухай брокерийн компани харилцагч бүр дээр данс нээж арилжаанд зуучлах тухай нэг ч удаа мэдэгдэж, албан шаардлага хүргүүлж байгаагүй болно.” гэжээ.

 

7. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н-Э давж заалдах гомдолдоо:

 

7.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9.1-д “ТБК ҮЦК" ХХК-аас пүүз арилжаанд оролцогч харилцагчдад зориулан нээсэн ТТ хаалттай фэйсбүүк группт байршуулсан мэдээлэлд пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан гаргах боломжгүй тул хүссэн үедээ гарах боломжгүй, саналын тоо 50 хувь хүрээгүй шалтгаанаар арилжаанаас гаргахгүй байхыг анхааруулж харилцагчдын хөрөнгийг алдах эрсдэлийг нэмэгдүүлж, нийт 203 харилцагчийг уг арилжаанд оролцуулах замаар тэдэнд нийт үнийн дүнгээр 110,943 /нэг зуун арван мянга есөн зуун дөчин гурван ам долларын алдагдалд оруулсан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дээрх заалт болон Хөрөнгийн сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн" гэж дүгнэжээ. Уг дүгнэлтээс харахад шүүх манай компанийг дараах зөрчлүүдийг үйлдсэн гэж буруутгасан байна. Үүнд:

а. "Пүүл арилжаанд оролцсон тохиолдолд дангаар бие даан гаргах боломжгүй тул хүссэн үедээ гарах боломжгүй, саналын тоо 50 хувь хүрээгүй шалтгаанаар арилжаанаас гаргахгүй байхыг анхааруулж харилцагчдын хөрөнгийг алдах эрсдэлийг нэмэгдүүлсэн" нь зөрчил гэж үзжээ. Гэтэл бодит байдалд харилцагчийн арилжаанаас гарах санал нь хоёр төрөлтэй.

1-рт: Өөрийн оролцсон нийт пүүл опцион арилжааг бүхэлд нь хаах Энэ нь хамтран оролцсон бусад харилцагч нар санал гаргах замаар хамтдаа эзэмшиж буй пүүл опцион хувьцаагаа арилжих талаарх санал юм. Тодруулбал 10 харилцагч нийлээд худалдан авсан хувьцаагаа бүхэлд нь арилжиж болно. Энэ тохиолдолд 50 ба түүнээс дээш хувийн санал гэх асуудал яригдана.

2-рт. Зөвхөн тухайн харилцагч, тухайлбал хохирогч Э.Б нь зөвхөн өөрийнхөө эзэмшиж буй хувьцаагаа арилжих замаар пүүл опцион арилжаанаас гарах талаарх санал. Энэ тохиолдолд харилцагч зөвхөн өөрийн баталгаат гар утаснаасаа энэ талаарх санал буюу захиалгыг илгээх ёстой. Гэвч хохирогч Э.Б нь энэхүү саналыг огт гаргаагүй Хариуцагч болон шүүхээс иргэн Э.Б нь өөрийн оролцсон пүүл опцион арилжаанаас гарах тухай санал буюу захилга гаргасан эсэх, хэзээ гаргасан, хэрэв гаргасан бол манай компани харилцагчийг арилжаанаас гаргахтай холбоотой гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг нотлох ажиллагааг огт хийгээгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас асуухад тодорхой хариу хэлээгүй. Гэтэл шүүх дээрх бодит байдлыг бүрэн тогтоогүй атлаа, харилцагч Э.Б-ын  "гаргаагүй санал"-ыг бид шийдвэрлэх боломжгүй байхад "харилцагчийг хүссэн үед нь арилжаанаас гаргаагүй, 50 хувь хүрээгүй шалтгаанаар гаргаагүй" гэж буруутгаж байгааг, мөн харилцагч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр "тодорхой нөхцөлтэйгээр арилжаанаас гарах" гэрээний нөхцөлийн талаар мэдээлснийг /анхааруулсныг “зөрчил” гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

б "Нийт 203 харилцагчийг уг арилжаанд оролцуулах замаар тэдэнд нийт үнийн дүнгээр 110,943 /нэг зуун арван мянга есөн зуун дөчин гурван/ ам.долларын алдагдалд оруулсан" гэжээ. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөвхөн нэг харилцагчийг буюу иргэн Э.Б-ын  гомдлын дагуу түүнийг хохирогчоор тогтоосон. Бусад 100 гаруй харилцагчид уг арилжаанаас олсон ашиг, хүлээсэн алдагдлаа (өөрсдийн хийсэн хэлцлийнхээ дагуу) хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй, хохирогчоор тогтоогдоогүй байхад шүүхээс биднийг "203 харилцагчид 110,943 ам.долларын алдагдалд оруулсан" гэж дүгнэн, уг төлбөрийг арилжаанд оролцсон бүх харилцагч нарт төлөхийг даалгасан маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр үнэт цаасны зах зээлд оролцогч нь худалдан авсан хувьцааны ханш өсвөл ашиг хүртэж, харин буурвал алдагдал хүлээдэг нь зах зээлийн зарчим бөгөөд энэхүү эрсдлээ тооцож арилжаанд оролцох эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл урьдчилан тааварлах боломж багатай, биднээс үл шалтгаалах үнэт цаасны зах зээлийн ханшийн өөрчлөлтөөс бий болсон алдагдлыг "биднийг бусдад хохирол учруулсан" мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дээрхээс гадна шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 9-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.1-д заасан "брокерийн үйл ажиллагаа"-ны тухай тодорхойлолтыг дурдаад, 9.1-дээ "... алдагдалд оруулсан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дээрх заалт болон ...-ыг тус тус зөрчсөн тул..." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь манай компани Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон "брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд яагаад уг заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа үндэслэлээ шүүх огт тайлбарласангүй.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1-ийн дараах хэсэг 8-д /дугаарлалтын алдаатай/ "...ТБК ҮЦК” ХХК-аас арилжаанд оролцогч нарт зориулсан “ТТ” фэйсбүүк дэх хаалттай группт байршуулж байсан мэдээлэл, харилцагчидтай харилцсан мессеж, чатууд, банкны дансны хуулга, арилжааны тайлан, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбаруудаас үзвэл гомдол гаргагч “ТБК ҮЦК” ХХК нь арилжаанд оролцогчдод зориулан “ТТ” гэх хаалттай фэйсбүүк групп нээж, уг группээр дамжуулан харилцагчдаас хөрөнгө татаж, пүүд опцион арилжааг 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаа нийт 6 удаа явуулсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Хөрөнгийн сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ" гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

а. Шүүх шийдвэртээ "Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль"-ийг "Хөрөнгийн сангийн тухай хууль" гэж алдаатай бичсэнээс гадна холбогдох хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг огт хэрэглээгүй.

Хуулиар хориглосон үйл ажиллагаа гэдэгтээ (үндэслэх хэсгийн 9.1-д заасан) Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14.6-г хэлж байгаа бололтой. Уг заалтад "Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах, бусдад мэдээлэл өгөх, бусдаас хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно" гэжээ. Энэхүү хуулийн урьдчилсан нөхцлийг задалбал дараах 3 төрлийн үйлдлийг хориглосон байна:

1. Энэ хуулийн 14.4-т зааснаас бусад тохиолдолд хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах ажиллагаа явуулах.

2. (энэ талаар) бусдад мэдээлэл өгөх.

3. (мөн зорилгоор) бусдаас хоронго төвлөрүүлэхийг хоригложээ.

Гэтэл шүүх биднийг дээрх гурван төрлийн хориглосон үйл ажиллагааны алийг нь эрхэлсэн гэж үзсэнээ шийдвэртээ тодорхой дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан) шаардлагыг хангаагүй байна.

1 дэх нөхцөл нь "хөрөнгө оруулалт алтын санг зөвшөөрөлгүй үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулах"-ыг хориглосон агуулгатай байна. Тэгвэл Хөрөнгө oруулалтын сангийн тухай хуулийн 4.1.1-д "хөрөнгө оруулалтын сан"-г тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх хуулийн уг заалтыг огт тайлбарлалгүйгээр, бидний явуулсан "пүүл үүл опцион арилжааны зуучлалын үйл ажиллагаа" нь энэхүү "хөрөнгө оруулалтын сан"-гийн үйл ажиллагаанд хамаарахгүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ямар ч (үгүйсгэсэн) дүгнэлт өгөлгүйгээр "зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан" гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

"ТБК ҮЦК" ХХК нь "гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас авахад худалдах, худалдан авахад зуучлах” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд гадаад улсын үнэт заасны зах зээлд пүүл опцион арилжаанд зуучлалын үйл ажиллагаа явуулсан (энэ талаар нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан).

2 дахь нөхцөлд заасан "бусдад мэдээлэл" өгөх гэсэн нь эхний нөхцөл болох “хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа"-тай холбогдож байх бөгөөд дээр дурдсанчлан "пүүл опцион арилжааны зуучлалын үйл ажиллагаа" нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Иймээс бид хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бусдад өгөөгүй. Түүнээс гадна "ТТ фэйсбүүк дэх хаалттай групп"-ийг 2022 оны 6 сард үүсгэн байгуулж, гадаадын хөрөнгийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, судалгаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бүх харилцагч нартаа танилцуулдаг групп юм. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн пүүл опцион арилжаанд оролцогч нарт зориулсан хаалттай групп биш. Түүнчлэн уг группээр дамжуулж харилцагч нартаа мэдээ, мэдээлэл өгөх, тэдэнтэй мессеж, чатаар харилцах нь хуулиар хориглосон үйл ажиллагаа биш юм.

3 дахь нөхцөлд заасан "бусдаас хөрөнгө төвлөрүүлэх"-ийн тухайд мөн л хөрөнгө оруулалтын сантай холбогдож байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.39-д "номиналь данс" гэж харилцагчийн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, хадгалах болон төлбөр гүйцэтгэх зориулалт бүхий дансыг хэлнэ гэж хуульчилсан. Бид мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номиналь данс эзэмших тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан бөгөөд тус дансаараа пүүл опцион арилжаанд оролцогчдын мөнгөн хөрөнгийг хадгалах, тэдний захиалгаар арилжааны төлбөр гүйцэтгэсэн нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Тодруулбал “ТБК ҮЦК” ХХК нь хөрөнгө төвлөрүүлээгүй бөгөөд харилцагч нарын захиалгаар номиналь дансандаа пүүл опцион арилжаанд оролцох зорилгоор харилцагчийн мөнгөн хөрөнгийг тэдний гүйлгээгээр бүртгэн, тэдний захиалгын дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээл дээрх арилжаанд зуучлалын үйл ажиллагаа явуулсан.

Хэргийн материалаас харахад, “ТБК ҮЦК” ХХК нь харилцагч нарыг гадаад улсын үнэт цаасны зах зээлд пүүл опцион арилжаанд зуучлалын үйл ажиллагаа явуулсан нь тодорхой харагдана. Тус зуучлалын үйл ажиллагаанаас манай компанийн олсон орлого нь зөвхөн зуучлалын хөлс юм. Хэрэв бид хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлсэн бол харилцагч нараас зуучлалын хөлс авах бус, харин тэднээс сангийн нэрээр татан төвлөрүүлсэн бүх хөрөнгийг орлого болгон авч, харилцагчдын хүсэл зоригийг харгалзахгүйгээр, өөрийн нэрийн өмнөөс захиран зарцуулж, олсон ашгаасаа хувь хүртэх байсан.

7.3. Бусад үндэслэлийн талаар “ТБК ҮЦК” ХХК-ийн зуучлалын үйл ажиллагаа явуулсан пүүл опцион арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хүлээн зөвшөөрч байсан талаар:

а. “ТБК ҮЦК” ХХК нь пүүл опцион арилжааг эрхлэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 43/А-01 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулга хүссэн. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 9/287 дугаар албан бичгээр "...харилцагчийн имэйл, баталгаат гар утасны дугаараар холбогдон арилжааны захиалга авахтай холбоотой зохицуулалтын талаар тусган захиалгыг авсны үндсэн дээр арилжааг гүйцэтгэж, уг баримтыг архивлаж баримт бүрдүүлж, хэлцэл хийх нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад заасантай зөрчилдөхөөргүй гэж үзэхээр байна" гэсэн хариуг өгсөн байдаг.

б.Зөрчлийн хэрэг нээх тухай 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолд "иргэн Э.Б-аас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн гомдлыг шалгах явцад" гэж тусгасан.

Гэтэл иргэн Э.Б нь өмнө нь уг гомдлоо 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байдаг /хоёр дугаар хавтасны 200-р хуудас/. Тухайн гомдлын хариуд Хорооноос 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3119 тоот албан бичгээр "та 2023.01.31-ний өдрийн 43/ОР-111 дугаартай Хувьцааны опцион зуучлалын гэрээ байгуулан олон улсын хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй санхүүгийн хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний 8.1-т Зуучлуулагч нь худалдан авсан опционы арилжаатай холбоотой дараах эрсдэл гарч болохыг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно гэж та хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Иймд дээрх гэрээтэй холбоотой аливаа маргааныг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг хүргүүлж байжээ. Энэ үед бид Хороонд Э.Б-тай байгуулсан Хувьцааны опцион зуучлалын гэрээ болон пүүл опцион арилжаатай холбоотой бүхий л мэдээллийг хүргүүлсэн. Энэ бүхнийг Хороо шалгаад "хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлсэн" гэж үзээгүй, харин гэрээтэй холбоотой маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу хүргүүлснээр бид Хорооны байр суурийг ойлгож, итгэсэн. Гэтэл иргэн Э.Б энэ талаар дахин гомдол гаргахад тэдний хариу өөрчлөгдсөн нь ойлгомжгүй. Энэ талаар хариуцагчаас тодруулахад "иргэн Э.Б-ын  гомдлыг өмнө нь манай байгууллага хэрхэн шийдвэрлэснийг би мэдээгүй" гэх хариуцлагагүй тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд өгдөг.

7.4. Хохирогч Э.Б болон харилцагчтай иргэний эрх зүйн гэрээ байгуулах замаар зуучлалын үйл ажиллагаа эрхэлсэн талаар:

7.4.1. “ТБК ҮЦК” ХХК нь харилцагчдын хүсэлтэд нийцүүлэх, опцион арилжаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг тараан байршуулах зорилгоор Пүүл хувьцааны опцион арилжааны зуучлал буюу багц хувьцааны опцион арилжааны зуучлалыг гүйцэтгэсэн болно. Пүүл опцион арилжаа нь опцион арилжаанд оролцох сонирхол бүхий этгээдүүд нэгдэн хэд хэдэн хувьцааны опционуудыг багц болгон хамтран эзэмших замаар арилжаанд оролцох боломж бүхий арилжаа юм. Монгол Улсын иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар "Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно" гэж зохицуулсан бөгөөд Иргэний хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар "үнэт цаас"-ыг дундаа хамтран эзэмшихийг хязгаарласан эсхүл хориглосон заалт байхгүй. Бид тус арилжаанд оролцох сонирхол бүхий харилцагчидтай Хувьцааны опцион зуучлалын ерөнхий гэрээг байгуулан ажилласан болно. Хохирогч Э.Б нь уг гэрээг мөн байгуулан арилжаанд оролцсон байдаг ба хэлцлийн нарийвчилсан нөхцөлүүдийг бид ТТ apra хэмжээний үеээр болон өөрийн компанийн харилцагчдад мэдээлэл хүргэдэг "ТТ" фэйсбүүк группэд лайв хэлбэрээр танилцуулсан байдаг. Уг танилцуулгыг үзсэн тухай хохирогч Э.Б нь өөрийн фэйсбүүк хаягаас илэрхийлэн бичсэн болно. /уг захидлын зураг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан болно. /Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д "Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно" гэж заасны дагуу хийгдсэн хэлцэл байна. Талууд аль нэгэн ч уг хэлцлийн хүчин тоголдор байдал, хэлцэлтэй холбоотой маргаж байгаагүй болно. Хариуцагч талаас арилжаанаас гарах захиалгыг тухайн пүүлд оролцсон харилцагчдын 50%-иас их гарах санал авсан тохиолдолд харилцагчийг арилжаанаас гаргадаг, энэ үйлдэл нь харилцагчтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй буюу "Хувьцааны опцион зуучлалын гэрээ"-ний 5.1.3-т өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжиж, захиран зарцуулах эрхтэй гэснийг зөрчсөн гэж маргадаг болно. Гэвч энэ нь иргэний хуулийн 108 дугаар зүйлд зохицуулсан харилцаа юм. Уг хуулийн 108 дугаар зүйлд дараах байдлаар энэхүү харилцааг зохицуулсан байдаг. Үүнд: 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.”, 108.3-т “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын омчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь харилцагчийн өөрийн эзэмшиж буй опционыг зах зээл дээр чөлөөтэй арилжиж, захиран зарцуулах эрхийг зөрчсөн үйлдэл биш бөгөөд харилцагч хамтран эзэмшиж буй опционоос өөрийн эзэмшиж буй хэсгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй юм.

7.4.2. Тухайн арилжааны үед нийт арилжаанд оролцсон харилцагчдаас нэг ч удаа Харилцагч өөрийн эзэмшлийн отцюныг зарахаар захиалга ируулж байгаагүй болно. Хохирогч Э.Б нь намайг гарах хүсэлт тавьсан боловч гаргаагүй гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн байдаг бөгөөд энэ нь хэргийн материалд авагдсан нотлох баримт /түүний ирүүлсэн мессежний хуулбар/-аар үгүйсгэгддэг болно. Харин опционыг хаах эсэх санал хураалтад татгалзсан санал ирүүлж байсан болно. Харилцагчтай байгуулсан Хувьцааны опцион зуучлалын гэрээний 8.1-д харилцагчид худалдан авсан үнэт цаас, арилжаатай холбоотой гарах эрсдэлийг тодорхойлон сануулж, харилцагч нэг бүрчлэн танилцуулж, харилцагч бие даан арилжаанд оролцох шийдвэрээ гарган, эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэвч харилцагчийн худалдан авсан үнэт цааснаас үүсэх эрсдэлийг түүний даалгаврын дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлсэн брокер хариуцна гэдэг нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй юм. Харилцагчдийг уг арилжаанд оролцуулахад зуучлалын үйлчилгээг харилцагч тус бүрийн нэрийн номинал дансанд харилцагчдийн хөрөнгийг, компанийн хөрөнгөөс тусад байршуулан хууль болон журмын дагуу ажилласан болно. /энэ нь хэргийн материалд авагдсан харилцагчийн номинал дансны хуулгаас харагдана/ Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь “ТБК ҮЦК” ХХК-ийн явуулсан пүүл опцион арилжааны зуучлалын үйл ажиллагаа нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг хэрхэн зөрчсөн талаар буюу зөрчлийн объектив, субьектив шинжийг тодорхойлон тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Таванбогд капитиал ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн" гэх зөрчил гараагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0909 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:

2. Эрх бүхий албан тушаалтан болох Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Улсын байцаагч М.А нь “...Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй ...2401000016 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаад Олсон нь: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-т заасныг зөрчсөн болох нь холбогдогчийн мэдүүлэг баримт, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №00140ХХ  дугаар шийтгэлийн хуудсаар “холбогдогч “ТБК  ҮЦК” ХХК-ийн ...хууль зөрчсөн зөрчилд нь “Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөр торгох шийтгэл” оногдуулжээ.

3. Хоёр. Хууль хэрэглээний талаар

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд,

3.1. Нэхэмжлэгч “ТБК  ҮЦК” ХХК нь Санхүүгийн Зохицуулах хорооноос 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон ТЗ 301/84 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Компанийн дүрмийн 1.4-д заасан үйл ажиллагааны төрөл, хэлбэр нь Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Андеррайтер, Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах, Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших гэсэн 6 төрлийн үйл ажиллагааг явуулдаг ба үйл ажиллагааг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулахаар байна.

3.2. Хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийг харилцагч, иргэдийг фэйсбүүк дэх “ТТ” гэх хаалттай грүппэд оруулж тэдгээр /харилцагчдын/ мөнгөн хөрөнгийг, пүүл үүсгэн төвлөрүүлж, зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг 2023 онд 4 удаа, 2024 онд 2 удаа явуулж Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгажээ.

3.3. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчаас “ТБК  ҮЦК” ХХК-д холбогдуулан иргэн Э.Б-аас гаргасан гомдлыг хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2401000016 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8. дугаар зүйлийн 6.18-д заасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг мөн байна.

3.4. Зөрчлийн тухай хуулийн “Шударга ёсны зарчим”-ыг тодорхойлсон 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасан байх бөгөөд хариуцагч зөрчлийн хэргийг шалгахдаа 6 удаагийн пүүл опцион арилжаанд хамрагдсан гэх 203 хүн /давхардсан тоогоор/-ий худалдан авсан хувьцааны хэмжээ, оруулсан хөрөнгийн хэмжээ, учирсан хохирлын хэмжээг оролцогч тус бүрээр нарийвчлан тогтоогоогүй байна.

3.5. Дээрх зөрчлийн хэрэгт хохирогч Э.Б, гэрч Б.Т нараас авсан мэдүүлгээс өөр бусад пүүл арилжаанд оролцогчдоос тайлбар авах, тодруулах ажиллагаа хийгдээгүй, зөрчлийн талаар нотолбол зохих байдлуудыг /үүнд зөрчил гарсан байдал, зөрчлийг хэн үйлдсэн, зөрчлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчил үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хамааруулах/ баталсан нотлох баримтууд хангалттай цуглуулаагүй, уг шийдвэр /шийтгэлийн хуудас/-ийн үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14, 4.15-д заасантай нийцээгүй.

4. Хариуцагчаас зөрчлийн хэргийг хянан шалгаж 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл” /2-р хавтас 69-71 тал/-ийн Олсон нь хэсгийн 7-д ...“ТБК  ҮЦК” ХХК нь харилцагчдын мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглаж, төөрөгдүүлэх замаар давхардсан тоогоор нийт 203 харилцагчдыг 6 удаагийн пүүл опцион арилжаанд оруулсан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19 дэх заалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/-т заасан хөрөнгө оруулалтын шинжийг агуулж байна.” гэж дээрх хоёр хуулийг зөрчсөн талаар дурьдаж тэмдэглэсэн атлаа, мөн өдрийн шийтгэлийн хуудсаар холбогдогчийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан /аль нь болохыг шийтгэлийн хуудасдаа тодорхойлон бичээгүй/ хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж шийтгэсэн, мөн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “...нийт 203 харилцагчид пүүл опцион арилжаанд оролцуулж, харилцагчдаас ирүүлсэн гарах захиалгыг санал 50 хувь хүрээгүй гэх шалтгаанаар арилжаанаас гаргаагүй нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчсөн” гэж хууль хэрэглээний талаар зөрүүтэй тайлбар гаргасан байна.

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж заасан байх ба Эрх бүхий этгээд /хариуцагч/ нь зөрчлийн хэргийг зүйлчлэн, шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих”, 11.26 дугаар зүйлийн “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих” гэсэн хуулийн зохицуулалтаас зөвхөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж, харин Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

6. Иймд хариуцагч улсын байцаагч нь зөрчил тогтоохдоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаарх дүгнэлт өгөөгүй, шүүх улсын байцаагчийн хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлж, захиргааны актыг нөхөн гаргах эрх хэмжээгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасан нөхцөл байдал үүссэн тул хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч нь “ТБК  ҮЦК” ХХК-ийн холбогдох зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг болон хуулийг зөв хэрэглэх замаар дахин шинэ акт гартал маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0909 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын шалгалтын газрын Улсын байцаагч М.А-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №00140ХХ  дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэж, “2” гэснийг “3” гэж дугаарыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА