Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Билгээд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601070302 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                                Ц.Баясай

           Улсын яллагч:                                              Б.Алтанцэцэг

           Шүүгдэгч:                                                      Б.Билгээ

           Шүүгдэгчийн өмгөөлөгч:                              Ж.Цэцэгээ нар оролцов.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам ээж, нөхөр Г.Бат-Эрдэнэ 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 7 тоот орон сууцанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батмөнхийн Билгээ /РД:ФД88082902/

Шүүгдэгч Б.Билгээ нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 42 минутанд “99655702” дугаарын утаснаас “Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 7 тоотод манай нөхөр Г.Бат-Эрдэнэ миний дүү Б.Золзаяаг хүчирхийлсэн байна” гэж хүнийг гэмт хэрэгт холбогдуулж зориуд худал мэдээлсэн, 2016 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаярт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “өөрийн нөхөр Г.Бат-Эрдэнийг насанд хүрээгүй буюу 14 нас 5 сар 7 хоногтой Б.Золзаяаг хүч хэрэглэн хүчиндсэн” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгчдэгч Б.Билгээгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Золзаяатай хамт гадаа гарсан хойноо нүүр чинь яагаад улайчихсан юм бэ? яагаад бие засах өрөөнд байж байгаа юм гэсэн чинь Бат-Эрдэнэ ах намайг тэвэрч үнссэн гэж хэлсэн. Би Бат-Эрдэний үснээс нь зулгаагаад манай дүүг үнсдэг хэн бэ гээд орилж хашхирсан чинь өөдөөс Бат-Эрдэнэ би үнсээгүй гээд хэрэлдээд байсан ба бид хоёр тухайн үедээ хоорондоо зодолдсон. Бат-Эрдэнэ үнссэнээ хүлээн зөвшөөрөхгүй өөдөөс орилж хашхираад байхаар нь чи эхлээд үнсээд дараа нь хүчиндэх үү гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гараад явчихсан. Тэгэхээр нь би Золзаяад “наадах чинь одоо үнссэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм чинь удахгүй хүчиндэх юм байна” гэж хэлээд “Бат-Эрдэнэд хүчиндүүлсэн гэж цагдаад хэлээрэй” гэж үг зааж өгчихөөд Цагдаагийн хэлтэс рүү залгаж манай дүү охиныг нөхөр Бат-Эрдэнэ хүчиндсэн байна гэж дуудлага өгсөн. Бат-Эрдэнэ гэртээ байнга надтай хэрэлдэж зодолддог. Манай дүүг одоо үнсэж байгаа юм чинь дараа нь хүчиндэх байх гэж бодож урьдчилан сэргийлэх үүднээс худал мэдүүлэг өгсөн. Ямар нэг байдлаар нөлөөлсөн хүн байхгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж эрүүл саруул болгох гэж ядаж байхад байнга хөөж тууж хэрүүл зодоон хийгээд байдаг болохоор нөхрийгөө чадах гэж худал мэдүүлэг өгсөн. Би хийсэн энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би ийм асуудал болдог гэдгийг үнэхээр мэдээгүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 16-18 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

           Хохирогч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Билгээ намайг янз бүрээр хараагаад эхлэхээр нь би өөдөөс нь чамайг яагаа ч үгүй биз дээ гээд Золзаяа руу уурласан чинь Билгээ намайг ерөөсөө сонсохгүй хашхирч уурлаад байсан. Тэгээд би гараад явсан. Билгээ миний утас руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байж байгаад нэг авсан чинь “чамайг би шоронд хатаана” гэх мэтчилэнгээр намайг харааж байснаа утсаа салгасан. Тэгэхээр нь би утасныхаа сим картыг хугалчихаад дотор давчдаад уур хүрээд Хуцаагийн гудамжаар хойшоо алхаад оршуулгын газрын энгэр рүү очоод эхлээд цамцаа ураад үдээстэйгээ холбоод өөрийгөө боох гэж оролдсон чинь тасраад уначихаар нь хажууд байсан архины шилийг хагалж байгаад гараа зүссэн. Тэгээд уйлж сууж байгаад хүүхдүүдээ бодоод цагдаа руу ирсэн. Цагдаа руу явах замдаа эхнэр Билгээгийн “чамайг Золзаяаг хүчиндсэн гээд хэлчихсэн. Ингээд чи муу шорондоо хатаарай” гэж хэлж байсан үгийг нь санаад өөрийнх нь хүссэнээр шоронд нь ороод өгье гэж бодоод цагдаа дээр ирээд хүчиндсэн гээд худлаа мэдүүлэг өгсөн. Би Золзаяатай бэлгийн харьцаанд орж байсан асуудал байхгүй, Золзаяа бид хоёр зүгээр л ах дүүгийн харилцаатай. Надад гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Билгээ гэрчээр өгсөн: “…Манай нөхөр Золзаяа хоёр нэг л сонин байхаар нь надад сонин санагдаад гадаа гарсан хойноо охин дүүгээсээ миний дүүг ах чинь оролдсон уу яасан юм бэ эгчдээ хэлчих гэсэн чинь өнөөдөр таныг гараад явангуут тантай зөрж орж ирээд орон дээр намайг дарж хэвтээд миний өмдийг шувтлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хэд хөдөлж байхад нь та гаднаас хаалга тогшсон. Тэгсэн чинь больчихсон гэж хэлж байсан.  Бас өвөл нэг удаа таныг байхгүй байхад танай гэрт очсон чинь хүргэн ах намайг хүчээр дарж аваад хүчээр хүчиндсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү ороод нөхөр рүүгээ дайраад чи муу миний дүүг яаж байгаа юм гэсэн чинь чи муу хүний амьдралыг дуусгалаа шүү гээд миний дүү Золзаяа руу орилоод байхаар нь би цагдаа дуудсан чинь манай нөхөр гараад явчихсан. Би нөхөртэйгээ суугаад 9 жил гаран болж байна. Манай нөхөр манай эгч Болорчимэг рүү илт өдсөн байдалтай мессэж бичсэн гэсэн…Тухайн үед Бат-Эрдэнэ саарал өнгийн биеийн тамирын өмдтэй байсан тэгэхэд Бат-Эрдэнийн бэлэг эрхтэн чангараад биеийн тамирын өмдөө түлхсэн байдалтай байсан. Бат-Эрдэнэ нь их завхай байрын хүн, гар утсан дээрээ байнга порно бичлэг үздэг. Гэр бүлдээ халамжгүй, сургууль төгсөөд ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Золзаяагийн “…2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүргэн ах Бат-Эрдэнийд эгч Билгээ, дүү Даваабаатар, Энхшүр нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 7 тоотод байж байсан. Билгээ эгч дээшээ айл руу ороод ирье гэж хэлээд гарсан. Гэтэл Бат-Эрдэнэ ах зөрж орж ирсэн. Баагий ах миний хүзүүн дээр нэг удаа үнссэн. Би нойлын өрөө рүү нүүрээ угаах гээд орсон. Билгээ эгч гаднаас орж ирээд гараад ирээ хойшоо гэр хороолол руу явъя гэсэн. Тэгэхээр нь би гарч ирээд бид хоёр хувцасаа өмсөөд шууд гарсан. Гадаа гарсан хойно Билгээ эгч надаас “чиний наад нүүр чинь яагаад улайчихсан юм бэ? Бат-Эрдэнэ ах чинь чамайг оролдсон уу” гэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгсэн чинь “энэ муу одоо ингэж байгаа юм чинь хойшдоо яах ч юм билээ гэснээ буцаад гэр рүүгээ ороод Бат-Эрдэнэ ах руу уурлаж, чи муу миний дүүг яахаараа үнсдэг юм” гэж хэлээд орилж, хашгирч Бат-Эрдэнэ ахын толгой руу цохиж  одоо үнсэж байгаа юм чинь цаашдаа яах ч юм билээ одоо цагдаа дуудна” гэхэд Бат-Эрдэнэ ах гэрээсээ гараад явсан. Билгээ эгч цагдаа ирэнгүүт “Бат-Эрдэнэ ах намайг хүчиндсэн” гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар ирээд Билгээ эгчийн зааж өгсний дагуу хүчиндүүлсэн гээд мэдүүлэг өгсөн. Яг үнэндээ бол Бат-Эрдэнэ ах надтай бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Би Бат-Эрдэнэ ахтай бол ерөөсөө бэлгийн харьцаанд орж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “…Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 7 тоот орон сууцанд манай нөхөр Бат-Эрдэнэ гэгч миний дүүг хүчирхийлсэн байна…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09шэ/219 дугаартай “…Г.Бат-Эрдэнийн биед зүүн гарын шуунд оёдолтой шарх, хүзүүний зүүн дунд хэсэгт зураглал бүхий зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлэгийн гэмтэл зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: “…Б.Билгээгийн ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…”  /хх-ийн 68 дугаар хуудас/зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.Билгээ нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 42 минутанд “99655702” дугаарын утаснаас “Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 7 тоот орон сууцанд манай нөхөр Г.Бат-Эрдэнэ миний дүү Б.Золзаяаг хүчирхийлсэн байна” гэж зориуд худал мэдээлсэн болох нь, 2016 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “өөрийн нөхөр Г.Бат-Эрдэнийг насанд хүрээгүй буюу 14 нас 5 сар 7 хоногтой Б.Золзаяаг хүч хэрэглэн хүчиндсэн” гэж хуурамч мэдүүлэг өгсөн болох нь тус тус дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, бичгийн нотлох баримтууд нь хуульд нийцсэн, шүүгдэгч нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээсэн нь хохирогч, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул дээрх дүгнэлт, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч нь хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд худал мэдээлсэн болон худал мэдүүлэг өгсөн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “…Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 7 тоот орон сууцанд манай нөхөр Бат-Эрдэнэ гэгч миний дүүг хүчирхийлсэн байна…” гэсэн тэмдэглэл болон түүний “…Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж эрүүл саруул болгох гэж ядаж байхад байнга хөөж, тууж хэрүүл зодоон хийгээд байдаг болохоор нөхрийгөө чадах гэж худал мэдүүлэг өгсөн…” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд Б.Билгээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж зориуд худал мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтад хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч нь ол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран тэжээдэг, тогтмол орлогогүй зэрэг байдал нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Батмөнхийн Билгээг мөрдөн байцаалтад хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж худал мэдээлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар хоёр /2/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Билгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ жил арав /10/ хоногийн хорих ялын зарим болох нэг /1/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг гурван /3/ жилийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Билгээгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Б.Билгээ нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Билгээд оногдуулсан гурван /3/ жилийн хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Шүүгдэгч Б.Билгээд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Билгээд урьд авсан оршин сууж байгаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Билгээд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.БЯМБАЖАВ