| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/04111/И |
| Дугаар | 101/ШШ2020/03186 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/03186
2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2019/03186 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: .Ц
Гэм хорын хохиролд 2,334,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч В.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвөөр дайран өнгөрөх хот хоорондын замд Приус маркийн машин жолоодож явахдаа эсрэг урсгал сөрөн гарч ирж, УБ-Ар.Эрдэнэбулган чиглэлд явж байсан манай машиныг мөргөж, нөхөр, охин бид 3-ийн биед гэмтэл учруулж, машиныг ашиглах боломжгүй болгосон билээ. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хотод охины хамт нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, нурууны сэртэн яс хугарсан, баруун нүдний ухархайн дотор хананы яс хугарсан, үйрсэн оноштойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д миний бие нүдний хагалгаанд орсон. Охин Б******* маань 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэнэт ухаан алдан унаж, үүний улмаас тархины оношлогоо хийлгэсэн. Бас ГССҮТ-ийн хүүхдийн эмч нарт үзүүлэхэд зүүн мөрний үзүүрийн яс хугарсан, ахар сүүлний яс хугарсан гэж онош тогтоогдсон. Эмнэлгийн үзлэг, оношлогоонд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 27-ныг дуустал 1 сар гаруй хугацаанд өдөр бүр эмнэлэг явж, сэтгэл санааны хүнд нөхцөлд өнгөрүүлсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ослын дараах үзлэг, Цагдаагийн газраас аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хандан гаргуулсан эхний дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж гарсан ч миний бие охины хамт нарийн үзлэг шинжилгээнд орсны дараа дахин гэмтлийн зэрэг тогтоолгоно гэж анхны мэдүүлгийн хуудсанд тэмдэглүүлсэн бөгөөд эмчилгээ хийлгэж ирсний дараа гэмтлийн зэргийг нэмэлтээр тогтоолгохоор ГССҮТ-д хийгдсэн үзлэг оношилгооны СD бичлэг, дүгнэлт холбогдох бүх нотлох баримтын хамт 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, оношлогоо, эмчилгээний явцад гарсан шууд зардлыг тооцож, холбогдох үндсэн баримтын хамт аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус тус өгсөн билээ. Одоогийн байдлаар нуруу өвдөлттэй, үүний улмаас баруун хөлний өсгий, гуяар байнгын хатгалттай байгаа нь нурууны гэмтлээс хамааралтай гэж мэргэжлийн эмч зөвлөсөн. Бас нүдний хараа миний хувьд түүн дотор баруун нүдний холын хараа эрс муудсан, эмч зөвхөн зүүн нүдээрээ харж байгааг, охины хувьд нүдний холын хараа огцом муудаж, шил тогтмол зүүх шаардлагатай болсныг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр УБ хотын “Окулапластик” нүдний эмнэлэгт тогтоож, хоёулаа харааны шил зүүхэд хүрлээ. Бэртэл гэмтлийн улмаас цаашид ямар хүндрэл, сэтгэл санааны болоод эрүүл мэндийн хохирол амсахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Баруун нүдний хагалгааны үр дүнг мэргэжлийн эмч 85 хувьтай гэж хэлж байсан. Одоо 2 нүдний ухархайн хэмжээ өөр, нүдний хараа баруун тал зүүнээсээ 2 дахин муу үзүүлэлттэй, баруун нүд бага зэрэг цааш татагдсан, баруун нүдний буланд гэрэл байнга гялалзаж, зарим тохиолдолд гэнэт том хар зүйл нөмрөх мэт нүд харанхуйлж үе үе цочдог, харах өнцөг дутуу, хамрын нусаа нийх, найтаалгах боломжгүй, нуруу байнгын өвдөлттэй хүнд зүйл өргөх боломжгүй, гэр орноо хүртэл цэвэрлэж чадахгүй байнгын зовиуртай, спортоор хичээллэх боломжгүй, ажлын ачаалал даах чадваргүй үндсэндээ хагас хэвтрийн дэглэмтэй болсон. Манай гэр бүлд, миний биед үнэхээр гарз хохиролтой, сэтгэл санааны хүнд эмзэглэлтэй байдалд өдөр хоногийг өнгөрөөж байна. Хариуцагчийн зүгээс биеийн байдлыг нэг ч удаа асуугаагүй таг чиг алга болсонд маш их гомдолтой байна. Иймд миний гэр бүлд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ирж, очих замын зардал, шатахуун, эм, эмнэлгийн оношлогоо, шинжилгээ үйлчилгээний төлбөр хураамж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацааны цалингийн зөрүү, нурууны бүс, харааны шилний үнэ, үзлэг оношлогоо, эмчилгээтэй холбоотой зардлын 1,434,937 төгрөг, суудлын автомашингүй болсны улмаас таксины үйлчилгээ үзүүлэх боломжгүй байсан бөгөөд эмнэлгээр явсан хугацааны гэр бүлийн орлогын алдагдлаас үүссэн өр төлбөр 900,000 төгрөг, нийт 2,334,937 төгрөгийг В.Цаас гаргуулж өгнө үү. 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 45 хоног, өдрийн дундаж орлого 20,000 төгрөгөөр бодож 900,000 төгрөгийн дүнг гаргасан гэв.
Хариуцагч В.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 60-961 тоотод оршин суух иргэн В*******ын Ц******* миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Архангай аймаг Эрдэнэбулган сум 2 дугаар баг, 31-16 тоотод суух Д*******гийн Г*******оос 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт автомашины осол гаргасан асуудалд холбогдуулан бичгээр гаргасан нэхэмжлэл болон баримтуудтай танилцсан бөгөөд нэхэмжлэл гаргагчийн гаргаж өгсөн баримтууд нь хэзээ хаана үзүүлсэн ямар эмчилгээ хийлгэсэн болон уг ослын улмаас үүссэн гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн талаар ямар нэгэн нотлох зүйл байхгүй бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газар дээр шалгагдаж байх хугацаанд аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас гарсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдтэй нэхэмжлэлд тусгагдсан гэмтэл зөрүүтэй байгаа бөгөөд уг гэмтлийг хэзээ хаана ямар хугацаанд авсан талаар ямар нэгэн нотлох зүйл байхгүй байгаа нэхэмжлэл гаргасан Д.Г гэх хүн нь осол болох үеэс өмнө харааны шил зүүдэг байсан тухайн осол болох үед зүүж байсан харааны шил нь хагарсан тухайн яригдаж байсан бөгөөд урьд Өмнө нүдний харааны гэмтэл авсан эмчлэгдэж байсан талаар ямар нэгэн баримт байхгүй/ бөгөөд Уг ослын улмаас учруулсан хохирол гэж бэлэн 6,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан, одоо ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тухай хохирогчийн бичсэн хүсэлт бичгийг хэргийн материалд хавсаргасан бөгөөд миний бие Архангай аймгийн цагдаагийн газар дээр хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан боловч уг Д.Г гэх хүн нь бүтэн 1 жилийн дараа ийм нотлох баримтгүй, хаанаас ямар шугамаар авсан нь тодорхойгүй баахан баримтууд хавсарган өгч нэхэмжлэл гаргаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд одоо надад ямар нэгэн мөнгө төлөх боломжгүй байхгүй учир нь би гэртээ ганцаараа ажил хийдэг, банкны зээлтэй, айлын хашаанд түрээсээр амьдардаг тул шүүх байгууллага уг асуудлыг хуулийн дагуу үнэн бодитой шийдвэрлэж өгөхийг хүсч тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөх боломжгүй. Үнийн дүнгээс 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч тэр үедээ гомдол саналгүй гээд би бэлэн 6,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед гомдол санал байхгүй гэсэн байж одоо нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Тэгээд эхнэрээр нь гарын үсэг зуруулах гэтэл эхнэр нь байхгүй байгаа гээд нөхөр нь өмнөөс нь гарын үсэг зурсан. Гэтэл бүтэн 1 жилийн дараа гэнэт дахин мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ бие нь өвдөөд байгаа нь нотлогдох юм бол баримтын дагуу 1,000,000 төгрөгийг сар сараар хувааж өгч болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч В.Цт холбогдуулан, гэм хорын хохиролд 2,334,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тухайн үед гомдолгүй гэсэн атлаа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
Хэрэгт авагдсан, Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 193 дугаартай Мэдэгдэх хуудсаас үзэхэд, хариуцагч В.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, сумын төвөөр дайран өнгөрөх хот хоорондын зам ******* ******* улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн П.О*******гийн жолоодож явсан ******* улсын дугаартай, Тоёота Приус 11 маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Г, П.О******* нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн гэмтэл, П.О*******гийн эд хөрөнгөд 2,890,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд дээрх үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.
Дээрх прокурорын мэдэгдэх хуудаст нэхэмжлэгчийн охин О.Б*******ийг дурьдаагүй байх боловч тухайн осол болоход О.Б******* охиныг байсан, эсхүл байгаагүй гэж хариуцагч маргаагүй бөгөөд О.Б******* тухайн осолд өртсөн болох нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны 23 цаг 10 минутад П.О*******, Д.Г, О.Б******* нар эмнэлгийн тусламж авсан тухай Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2018 оны 7 дугаар сарын 15-ны 221, 222, 223 дугаартай хуудас зэрэг нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.
Нэхэмжлэгч Д.Г нь тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 434 дүгээр тогтоолд дурьдсан зөрчлийг арилгасан байх тул хариуцагч В.Цын гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эмчилгээ, замын зардал, цалингийн зөрүүтэй холбоотой гарсан зардал нь 884,377 төгрөгөөр тогтоогдож, нэхэмжлэлээр шаардаж буй 1,434,937 төгрөгийн хэмжээнд хүрээгүй, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 45 хоног, өдрийн дундаж орлого 20,000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн орлогын алдагдал 900,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн бүрдүүлж хэрэгт хавсаргуулсан нотлох баримтуудаар, үзлэг, оношлогоо, эмчилгээ, эм худалдан авахад 621,604 төгрөгийн зардал гаргасан, шүүхийн шинжилгээнд 21,000 төгрөг төлсөн, замын зардалд 142,800 төгрөг зарцуулсан, цалингийн зөрүү 98,973 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд “Хаш” эмийн сангаас худалдан авалт хийсэн тодорхойлолт, зам тээврийн осол гэмтэлд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй худалдан авалтын баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, жолооч Д.Б гэх хүний тодорхойлолт, нэхэмжлэгчийн 1998 оны 01 дүгээр сараас эхлэн хөтөлж буй гэх орлого, зарлагаа хөтөлдөг тэмдэглэл зэргийн эх үүсвэр нотлогдсонгүй.
Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд илэрхийлж байх тул нотлох баримтаар тогтоогдсон 884,377 төгрөгөөр бус хариуцагчийн зөвшөөрч буй дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч В.Цаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,334,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч В.Цаас 28,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Э.ЭНЭБИШ