Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/384

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч  Д.Майдри нарыг оролцуулан,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батзоригийн Бт холбогдох эрүүгийн 2202 00000 0335 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт ББ, /РД: ./.

Монгол Улсын иргэн, 19 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, хувиараа уран бүтээл туурвидаг, хөгжмийн зохиолч, дуучин, ам бүл 1, дүүргийн 1 дүгээр хороо, Центр-34-р байрны 504 тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 649 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Центр-34-р байрны 504 тоотод байх гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0106 гр, мөн “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0881 гр хэмжээтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 270 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “гэм буруу маргахгүй хүлээн зөвшөөрч” байна гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Центр-34-р байрны 504 тоотод байх гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0106 гр, мөн “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0881 гр хэмжээтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 289 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Центр-34-р байрны 504 тоотод байх гэрт нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-15 дахь тал/,

Б.Бын биед үзлэг хийсэн ажиллагаа, мөн түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

Нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Арвижихийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4314 дугаартай дүгнэлтэд:

Б.Б ШУ95071711 2022.9.3 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Арвижихийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4315 дугаартай дүгнэлтэд:

№1 гэж дугаарласан шар өнгийн асаагуур дээр наасан шавар мэт зүйл, №3 гэж дугаарласан улаан өнгийн савтай ургамал мэт зүйлийн үртэс зэргээс “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад хамаарна, “№1 гэж дугаарласан шар өнгийн асаагуур дээр наасан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0881 гр, №3 гэж дугаарласан улаан өнгийн савтай ургамал мэт зүйлийн үртэсний цэвэр жин нь 0,0106 гр тус тус байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын сүүлээр билүү 8 дугаар сарын эхээр билүү 7 буудлаас хойшоо Шадивлан гэх газар шиг санагдаж байна тэнд ганцаараа ой мод руу очиж амрахаар автобусанд суугаад явсан. Тэгээд шадивлан гэх газар автобуснаас буугаад уул руу алхаж явахад жижигхэн горхи шиг гол тааралдсан тэр голын хажуу талд өвс ургасан байхаар нь жоохныг түүгээд уутанд хийгээд цүнхэнд хийсэн. Тэгээд тэр хавиар алхаж зугаалж яваад орой болохоор буцаад гэр лүүгээ явсан. Би гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 1-р хороо Центр 34 дүгээр байрны 504 тоот гэртээ тухайн авчирсан өвсөө хатаахаар зүрхэн хэлбэртэй төмөр улаан өнгийн саванд хийсэн байсан. Тэгээд нэгээс хоёр хоног болсон байх Өвс хатсан байхаар нь жижиг үйрмэгийг нь нэг гялгар уутанд хийгээд ус буцалгагчийнхаа ууранд бариад хөргөгчийн хөлийн доод талд хийгээд дарсан. Тэрийг бас хаттал нь дарсан дарснаас хойш 6-8 цаг болгоод авахад хатаад шавар шиг жоохон зүйл үлдсэн байсан. Тэр шавраас чүдэнзний толгой шиг жоохныг аваад янжуур тамхины дээр тавиад сорж хэрэглэсэн чинь ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Тэгээд тэр жоохон шавраа асаагуур дээр наагаад орхисон байж байгаад тэрийг хөргөгчийн хаалганы тариур дээр тавиад мартсан байсан. Би тухайн өдрөө бол санахгүй байгаа юм. Тэгээд мартсан байж байсан чинь 2022 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр цагдаа нар орж ирээд шалгахад нь өөрийн сайн дураар ийм юм байгаа гээд өөрөө гаргаж өгсөн юм...” гэх /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай №3 дугаартай тогтоол: “Б.Бт холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэх /хавтаст хэргийн 140 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгчийн өмгөөлөгч “ гэм буруугийн тал дээр маргаан байхгүй тул хэлэх зүйлгүй” гэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж, 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч Б.Быг 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт оршин Центр 34 дүгээр байрны 504 тоотод байх гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0106 гр, мөн “шавар” гэх гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0881 гр хэмжээтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 649 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорих эрх хязгаарлах ял шийтгүүлж Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай №3 дугаартай тогтоол: “Б.Бт холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” /хавтаст хэргийн 140 дахь тал/ авагдсан баримтаар уг ялаа эдэлж дууссан байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.   

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд “шууд” учирсан үр дагавар байхгүй тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 165 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон №1 гэж дугаарласан зиплок ууттай шар өнгийн асаагуур дээр наасан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0881 гр, №2 гэж дугаарласан “зиплок ууттай ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, №3 гэж дугаарласан улаан өнгийн савтай ургамал мэт зүйлийн үртэсний цэвэр жин нь 0,0106 гр хэмжээтэй эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2  дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Товогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 165 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон №1 гэж дугаарласан зиплок ууттай шар өнгийн асаагуур дээр наасан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0881 гр, №2 гэж дугаарласан “зиплок ууттай ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, №3 гэж дугаарласан улаан өнгийн савтай ургамал мэт зүйлийн үртэсний цэвэр жин нь 0,0106 гр хэмжээтэй эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          П.АРИУНБОЛД