Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/03187

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/03187

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.Ш ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Н

 

Хариуцагч: С.Б

 

1,194,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ш, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны ******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг С.Б, түүний эхнэр Д.Н нарт 6 сарын хугацаатай, сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлж, 3 сараар мөнгөө авахаар тохирсон. Тэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас дахин гэрээ байгуулж, сар сард нь түрээсээ төлөх болсон. Гэвч төлбөрөө төлөхгүй байсаар 2019 оны 3 дугаар сарын 23-нд түрээсийн 600,000 төгрөг, 2018 оны 12, 2019 оны 01, 02, 3 дугаар сард хэрэглэсэн халаалт, ус, цахилгааны төлбрөө хийлгүй байрнаас гарсан учир дахин гэрээ хийж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны дотор түрээсийн үлдэгдлийг өгөх, заасан хугацаанд төлбөр хийгээгүй тохиолдолд үлдэгдэл мөнгөн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр тохиролцсон. Гэтэл 50,000 төгрөг нэг удаа өгөөд алга болсон.

Энэ хүмүүсийн хэрэглэсэн ус, халаалт, цахилгаан зэрэг бүх төлбөрийг би өөрөө тэдний өмнөөс хийсэн.

Түрээсийн төлбөр болох 550,000 төгрөг, 4 сарын 15-наас хойш амьдарсан хугацааны хоног тутамд дээрх мөнгөн дүнгийн 1 хувьтай тэнцэх алданги болох 250,000 төгрөг, тэдний хэрэглэсэн цахилгааны 88,000 төгрөг, ус, халаалтын төлбөр 306,000 төгрөг, нийт 1,194,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэв.

 

Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч С.Н******* шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Ш.Ш гуайн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 90-******* тоотод байрлах байрыг 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл түрээслэн суусан нь үнэн. Үүнээс нэг сарын төлбөр болох 450,000 төгрөг, цахилгааны 88,000 төгрөг төлөх нь үнэн. Үүнээс 50,000 төгрөгийг нь би шилжүүлсэн. Ингээд би 488,000 төгрөгийг төлнө. Дээр нэхэмжлээд байгаа 306,000 төгрөг болон хүү алданги гэсэн төлбөрийг би төлж дийлэхгүй. Энэ мөнгө нь манайхыг гарснаас хойш 8 сар хүртэл хүн орохгүй хоосон байсан төлбөрийг надаар төлүүлнэ гэж энэ хүн дайрснаас болоод бид ойлголцоогүй. Маайн харин илүү их төлбөрт орохоосоо айгаад 4 дүгээр сарын 04-нд яаран хурдан нүүснийг Ш.Ш гуай ойлгохгүй байгаа юм. Манайх нүүхдээ одоогоор мөнгө муутай байна, би тань руу хуваагаад шилжүүлье, эсхүл та манай бүрэн автомат угаалгын машиныг аваачээ, би таныг хохироогүй гэж хэлээд орхиод нүүсэн, одоог хүртэл тэдний байгаа. Би энэ хүний байрыг түрээсэлж суухдаа тухай бүрд нь төлбөр тооцоо, цахилгаан, СӨХ гэх мэт төлбөрөө төлж байсан. Хэрэв төлөөгүй бол энэ хүн манайхыг байлгахгүй нь ойлгомжтой.

01-3 дугаар сарын гээд байгаад 306,000 төгрөг нь худлаа. Яагаад гэвэл 01 дүгээр сарын мөнгийг СӨХ-ны хүн оройн цагаар хаалга тогшоод 41,600 төгрөг карт уншуулаад авсан. 02 дугаар сарын мөнгө 47,100 мобайлаар төлсөн баримт авсан. 3 дугаар сарын мөнгө төрийн банкинд тушаасан эзэн нь өөрөө шалгуулна гэсэн.  төгрөг СӨХ-ны төлбөр сард дөч гаруй мянга л гардаг. Яавч гурван сарын мөнгө 306,000 төгрөг болох ёсгүй. Хоосон байсан саруудын мөнгийг яагаад ч би төлөх ёсгүй гэж бодож байна. Би Ш.Ш гуайн байрыг өвлийн хэдэн сар түрээсэлж суусан болохоос бэлэн мөнгө зээлдэж энэ хүнийг хохироогоогүй, намайг удаа дараалан доромжилж, тэр байтугай гудамжинд хамт зогсдог 2 хүнтэй маань хамт зодох гэж дайрсан.

488,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад мөнгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч С.Б, Д.Н нарт холбогдуулан, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 550,000 төгрөг, алданги 250,000 төгрөг, цахилгааны төлбөр 88,000 төгрөг, ус, халаалтын төлбөр 306,000 төгрөг, нийт 1,194,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 488,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ш.Ш нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны ******* байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг С.Б, түүний эхнэр Д.Н нарт 6 сарын хугацаатай, сарын 450,000 төгрөгөөр хөлслүүлж суулгах, төлбөрийг 3 сараар тооцож авахаар харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээг байгуулснаас хойш “Түрээсийн гэрээ№2” нэртэй гэрээг байгуулж, сарын төлбөр 450,000 төгрөгийг сар тутамд төлөх, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 1,800,000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, орон сууцанд амьдарсан хугацаанд хэрэглэсэн цахилгаан, ус, халаалтын төлбөрийг цаг хугацаанд төлж ямар нэгэн өргүй хүлээлгэн өгөх талаар гэрээнд тусгажээ.

Талууд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ№3” нэртэй гэрээг байгуулж, хариуцагч С.Б, Д.Н нар дээрх орон сууцнаас 2019 оны 3 дугаар сарын 23-нд гарахдаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оы 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сарын төлбөрийн үлдэгдэл 600,000 төгрөг, байрны ус, халаалтын 96,000 төгрөг, цахилгааны 77,000 төгрөг, 4 дүгээр сард тооцоо нь бодогдож гарах 3 дугаар сарын халаалт, усны 23 хоног, цахилгааны 23 хоног хэрэглэсэн мөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлбөрийн үлдэгдлийн 1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд тооцож төлөхөөр тохиролцжээ.

Дээрх орон сууцанд С.Б, Д.Н нарыг тодорхой хугацааны турш хөлс төлүүлж суулгах гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.

Орон сууц хөлслөгч буюу хариуцагч С.Б, Д.Н нар нь гэрээнд заасан хугацааны дотор төлбөрийг төлөөгүйгээс “Түрээсийн гэрээ№2”, “Түрээсийн гэрээ№3” нэртэй гэрээг дахин байгуулж, төлбөр төлөх нөхцөл, хугацаа, алдангийн талаар талууд харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасныг баримтлан, талуудын бичгээр байгуулсан гэрээнд тусгасан алдангийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд /2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл/, хуульд заасан хэмжээнд нийцүүлэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 88,200 төгрөг, 49,850 төгрөг төлсөн баримтуудад хамрах хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэж бичигдсэнээс үзэхэд, хариуцагч нарын амьдарч байсан хугацаанд хамаарахгүй байна.

Гэвч хариуцагч Д.Н нь цахилгааны төлбөрт 88,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн цахилгаан төлбөр гаргуулах шаардлагыг хангах боломжтой.

Ус, халаалтын төлбөр 306,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр огноотой, ОСНААУГ ХҮТ1-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын гүйлгээний утга гэх хэсэгт байрны төлбөр 2019.1,2,3,4-р сар, тушаасан мөнгөн дүн 306,800 төгрөг хэмээн бичигдсэн, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 1 Санхүү” гэх тэмдэг дарагдсан баримтаас үзэхэд 306,800 төгрөгийн мөнгөн дүн хэрхэн гарсан нь тодорхойгүй, ус, халаалтын тооцоо сар тухай бүрт ямар хэмжээтэй гарч, төлбөр хэрхэн тооцогдсон нь ойлгомжгүй байна.

Дээрх бэлэн мөнгөний орлогын баримтын ар талд “Б*******, Н******* нарын үлдээсэн байрны төлбөрт Ш******* 306,800 төгрөг төлснийг гэрчилж бичив. Байцаагч ХҮТ-1 Ариунчимэг” гэх бичвэр байх боловч эх сурвалж тодорхойгүйгээс гадна хариуцагч нарын хэрэглэсэн ус, халаалтын тооцоо нь орон сууц хөлслөх гэрээний дагуу амьдарч байсан сар бүрт ямар хэмжээтэй гарсныг нотлохгүй юм.

Иймд орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 550,000 төгрөг, алданги 250,000 төгрөг, цахилгааны төлбөр 88,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ус, халаалтын төлбөр 306,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Б, Д.Н нараас 888,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 306,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Д.Н нараас 25,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.УНДРАА