Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/335

 

  

 

 

   2023        05          16                                   2023/ШЦТ/335

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Баярчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Л.У /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЛУт холбогдох эрүүгийн 2311 00000 0630 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт ЛУ, регистрийн дугаар ..............................................,

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41-855 тоотод орших суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Лхагвадоржийн Ууганбаяр нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 00:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 41-855 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогч Г.О руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэллийг шалгах хугацааг сунгах тухай Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хавтаст хэргийн 3 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, хохирогч Г.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 3619 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй хэдий ч шүүгдэгч Л.У нь хохирогчид 2.500.000 төгрөгийг өгсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62 дахь тал/-аар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Л.У нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн болно.

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...иргэн Г.О нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Г.О нь Эрүүл мэндийн сангаас 217.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Уаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №04/1651 албан тоот, хавсралтын хамт /хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна.

 Шүүгдэгч Л.У нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 161.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт /хавтаст хэргийн 63 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ЛУыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ут сануулсугай.

5. Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ