| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/03604/И |
| Дугаар | 101/ШШ2020/03233 |
| Огноо | 2019-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2020/03233
| 2019 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2019/03233 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, М******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт оршин суух, А******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох
6,934,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А******* нь надтай харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр № тоот зээл, барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд Н.А*******н өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 496,32 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн ******* дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууцны хамт баьцаалан 2 сарын хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэй, 3,900,000 төгрөгийг зээлсэн.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 10 сарын хугацаатай буюу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг дуустал сунгасан бөгөөд зээлийн гэрээний сунгасан хугацаа 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Н.А******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд Н.А*******гаас зээл, барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 3,900,000 төгрөг, хүү ,084,400 төгрөг, алданги 1,950,000 төгрөг, нийт 6,934,400 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төмөрхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А*******гийн хүүхэд Н бид хоёр хамт ажиллаж байгаа. Манай компани нь Америкаас усны шүүлтүүр оруулж ирдэг компани. Тухайн үед тус зээлийг шүүлтүүрийн солигддог шүүлтүүрийг татахаар авсан. Тухайн үед ажил зогссон байсан. Сар болгон хүүг хийгээд, нөхөж хийгээд л яваад байсан. Гэтэл нэг мэдэхэд өнөөдөр хүрсэн байна. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 8, 9 сард хүү болон сар бүрийн төлөлтийг төлж байсан. 2019 оны 02 сард 600,000 төгрөг, 2019 оны 7 сард 600,000 төгрөгийг тус тус төлсөн байгаа. Нийтдээ 2,100,000 орчим төгрөгийг төлсөн. Тэгээд өнөөдөр 6,000,000 төгрөг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3,900,000 төгрөгийн зээл авчихаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй явсан. Төл гээд шаардаад байхад төлөөгүй байсан бол өнөөдөр 6,900,000 төгрөгийг би ямар ч эргэлзээгүйгээр төлөх байсан. Гэтэл би төлөлт хийгээд байсан болохоор 1,900,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл дээр нэмээд хүү болон алдангийн 50 хувиудыг нэмж төлөх саналтай байна. 3,900,000 төгрөгөөс би төлөлт хийгээгүй хүүг нь төлөөд л явж байсан. Жил гаруйн хугацаанд 1,900,000 төгрөгийн алдангийг яагаад тооцоод байгааг нь асуумаар байна. Би төрийн банкнаас 48,000,000 төгрөгийн зээл аваад төлөхгүй явж байхад 48,000,000 төгрөгийн алданги 1 сая гаран төгрөг бодогдож байсан. Нэхэмжлэгч тал алдангийг яагаад ингэж бодож байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М******* нь хариуцагч Н.А*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,900,000 төгрөг, хүү 1,084,400 төгрөг, алданги 1,950,000 төгрөг, нийт 6,934,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Зээлдүүлэгч Г.М******* нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Н.А*******д 3,900,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлж, мөн өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд ******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******* ******* гудамжны ******* тоот хаягт байрлах 496,32 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Зээлдэгч нь дугаарын дансаар 3,900,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.М*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулбараар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр -2 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт нэртэй гэрээг байгуулж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд нийт 2,134,600 төгрөгийн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.А******* 1,311,800 төгрөгийн зээлийн хүү төлсөн тухай Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт-ийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагчийг 1,720,000 орчим төгрөгийг хүүд төлсөн. Үүний 460,000 төгрөг анхны хоёр сарын хугацаанд төлөгдсөн. Түүнээс хойш 2 удаа 600,000 төгрөгөөр төлсөн хэмээн тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ болон, зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 2,628,600 төгрөгийн хүү төлөхөөр байх бөгөөд зээлдэгч нь 1,756,800 төгрөгийн хүү төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул зээлийн хүүгийн үлдэгдэл 871,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу алданги 1,950,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувиар буюу нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс илүү дүнгээр хариуцагчаас гаргуулахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр, зээл 3,900,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 871,800 төгрөг, алданги нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хязгаарлаж 1,950,000 төгрөг, нийт 6,721,800 төгрөгийг хариуцагч Н.А*******гаас гаргуулж нэхэмжлэгч Г.М*******д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч Н.А-аас 6,721,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 212,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ******* ******* гудамжны ******* тоот хаягт байрлах 496,32 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс 6,721,800 төгрөгийг нэхэмжлэгч Г.М-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,900.40 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,498.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА