Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/03283

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

  Дугаар 101/ШШ2019/03283

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.П/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б холбогдох

 

Хариуцагч: Ж.Э д холбогдоху

 

806,728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.П, хариуцагч Д.Б, Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Б, Ж.Э нар нь 2016 оны 4 дүгээр сарын 26-нд миний амны орон сууцанд 110 тоотын 1 өрөөг сард 150,000 төгрөгөөр түрээслэн, ус, гэрлийн мөнгийг түрээслэгч нар төлөхөөр аман гэрээ байгуулж тохиролцож суусан. 2017 оны 5 дугаар сарын төлбөрөөс 130,000 төгрөг өгөө 20,000 төгрөг дутуу өгсөн. Анх 130,000 төгрөгийн үнэтэй өрөөнд ороод том өрөөнд нь орно гээд 150,000 төгрөгийн үнэтэй том өрөө рүү нүүж орсон. Мөн 6, 7 дугаар сарын төлбөрөө төлөөгүй, нийт түрээсийн төлбөр 320,000 төгрөг өгөөгүй. Гэрэл, ус ашигласны төлбөр төлөөгүй. Гэрэл 108,528 төгрөг, ус, хог 308,000 төгрөг, нийт 416,528 төгрөгийг би төлсөн.

Манайх бүх үйлчилгээ төвийн шугаманд холбогдсон, бүгдийг тоолуураар төлдөг. 736,528 төгрөг Д.Б, Ж.Э нараас гаргуулахаар шүүхэд өргөдөл өгөхөд хаягтаа байгаагүй, тэднийг эрэн сурвалжлуулж 70,200 төгрөгийн зардал гаргасан.

Иймд түрээсийн төлбөр, цахилгаан, ус, хогны төлбөрт 736,528 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 806,728 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б, Ж.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие, эхнэр Ж.Эын хамт 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сар хүртэл иргэн Б.Пгийн байранд өрөө түрээсэлж амьдарсан.

Сарын төлбөрийг 130,000 төгрөг гэж тохиролцсон боловч мөнгөө авахдаа 150,000 төгрөг авна гэсэн. Яагаад 150,000 төгрөг авч байгаа юм бэ гэхэд сар бүр 150,000 төгрөг өгөхөд болно, өөр зүйл байхгүй гэсэн. Ингээд эхний сар өнгөрсөн.

Энэ хугацаанд Б.П нь юу ч яриагүй байснаа нэг өдөр төлбөр авахдаа ус, цахилгааны мөнгө өг гэж 100,000 гаруй төгрөг нэмж нэхсэн.

Тэгээд тухайн сарын өрөөний төлбөрт өгсөн мөнгийг ус, цахилгааны мөнгөнд шилжүүллээ гээд төлбөрийн мөнгө дахин нэхэж авсан. Би энэ хүнд төлбөрийн мөнгийг сар тутам төлж байсан. Энэ хүн зарим үед төлбөрт өгсөн мөнгийг огт тэмдэглэдэггүй, биднээс мөнгө авсан баримт огт өгдөггүй байсан.

Энэ хүний байр нь нилээн хуучирч муудсан, сантехникийн турба эд анги нь муудсан, дээд айл нь 00 өрөөнд бие засахад миний байсан 1 дүгээр давхар руу турба даган ус, шээс шууд гоождог болсон учраас би хэд хэдэн удаа шаардлага тавьсан. Гэвч Б.П нь бидний байрнаас зайл гуйлгачид минь хэмээн хөөх болсон.

6, 7 дугаар сарын төлбөр огт төлөөгүй гэсэн байна. Өдөр бүр шахам мөнгө нэхэж, байнга ирдэг хүн 2 сарын турш нэг ч төгрөг авахгүй биднийг байрандаа амьдруулахгүй.

Цахилгаан, ус ашигласны төлбөр нь сарын 150,000 төгрөгтөө багтсан гэсэн мөртлөө 108,528 төгрөг дахин нэхэж байна.

Мөн ус, хог 308,000 төгрөг нэхэмжилж байна. Цахилгаан, ус нь 108,528 төгрөг гэх атлаа дахин ус, хог 308,000 төгрөг гэсэн нь ямар учиртай юм бол. Энэ хүн биднийг бүтэн жил амьдрахад хогны мөнгө гэж нэг ч удаа яриагүй.

Гэтэл мөнгө нэхэх болохоороо огт ор үндэсгүй нэхсэн мөнгөө ийм байдлаар тааруулан нэхэмжилж байна. Төлбөрөө төлөөд шаардлага тавьсан хүнийг хэл амаар доромжлон өдөр бүр хөөдөг байсан учир эцэст нь бид нүүсэн. Биднийг нүүх үед энэ хүн байгаагүй. Тийм учраас оргосон гэж байна.

Б.П гэгч энэ хүн нь бусадтай гэрээ байгуулдаггүй, мөн төлбөрт авсан мөнгөө тэмдэглэдэггүй, мартсан болж явдаг, байнга бусдыг гэм буруутай мэтээр гүтгэн мөнгөн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Б.Б*******, Ж.Э нарт холбогдуулан, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 320,000 төгрөг, цахилгаан ашигласны төлбөр 108,528, ус, хогны төлбөр 308,000 төгрөг, хариуцагч нарын оршин суух хаягийг тогтоохоор эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 806,728 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Б, Ж.Э нар нь нэхэмжлэгч Б.Пгийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамжны 309Б тоот хувийн сууцанд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын сүүлийн хагас хүртэл хугацаанд хөлсөөр суусан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх амьны орон сууцны өрөөг хөлслөн суух сарын төлбөрийг 150,000 төгрөг, ус, цахилгаан, хогны мөнгийг тусдаа тооцож авахаар тохиролцсон гэж, хариуцагч нь 150,000 төгрөгт өрөөний хөлс, ус, цахилгааны төлбөр багтсан тайлбарлаж байх боловч хэн аль нь энэхүү тайлбараа нотлоогүй.

Харин дээрх өрөөг хөлслөн суухад сар бүр 150,000 төгрөг төлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэг сарын төлбөрийг 150,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч нар нь 2017 оны 5 дугаар сарын төлбөрөөс 20,000 төгрөг дутуу төлсөн, 6, 7 дугаар сарын төлбөрийг төлөлгүй байрнаас гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж нотлоогүй, байрны төлбөрт төлсөн мөнгийг цахилгаан, усны төлбөрт тооцчихдог байсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул өрөө хөлсөлж суусны төлбөр 320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь “Төлбөр төлсөн тэмдэглэл”, “Түрээс төлсөн тэмдэглэл”, “Тогны мөнгө төлсөн тэмдэглэл”, “Усны мөнгө төлсөн тэмдэглэл” гэх гарчигтай, тоолуурын заалт, зөрүү, нэгжийн үнэ, төлбөл зохих, төлсөн байдал, төлсөн сар өдөр, гарын үсэг гэх хүснэгтийг нотлох баримтаар гаргаснаас үзэхэд, цахилгаан, усны тоолуурын заалтад тусгаад буй дүнг бодитой гэж үзэх эх сурвалжгүй, хогны мөнгө тооцох үндэслэл тодорхойгүй тул цахилгааны төлбөр 108,528 төгрөг, ус, хог 308,000 төгрөг, нийт 416,528 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Хариуцагч нар нь өрөө хөлсөлж суусан төлбөрөө төлөөгүй, улмаар иргэний эрх зүйн маргаан бүхий асуудлаа шийдвэрлэлгүй нэхэмжлэгчээс холбоо тасарсан, оршин суух хаяг нь тодорхойгүй байсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд тэднийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2673 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулсан, нэхэмжлэгч 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасныг баримтлан хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч хариуцагч Б.Б*******, Ж.Э нараас 390,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 416,528 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.Б*******, Ж.Э нараас 390,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 416,528 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******, Ж.Э нараас 12,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА