Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/347

 

 

 

 

 

   2023        05          22                                   2023/ШЦТ/347

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт БМд холбогдох эрүүгийн 2311 00000 0656 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гөрөөчин овогт БМ, регистрийн дугаар .........................................,

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль олон улсын харилцаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41-26 тоотод орших суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч БМ нь 2023 оны 03 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” нэртэй бааранд хохирогч Б.Өсөхбаяртай “эгчтэй бүжиглэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн хэсэг рүү 1 удаа цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах Албаны даргын тогтоол Гэмт хэргийн талаарх гомдол /мэдээлэл/-ыг шалгах хугацааг сунгах тухай /хавтаст хэргийн 3 дахь тал/, хохирогч Б.Өсөхбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 3896 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Өсөхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирлын 120.000 /хх-14/ төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан хэдий ч шүгдэгч Б.М нь хохирогчид 1.200.000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Хохирогч Б.Өсөхбаяраас  “...миний бие Буяндэлгэр овогтой Өсөхбаяр нь иргэн Мөнх-Эрдэнээс хохирол барагдуулах 1.200.000 төгрөг авахаар тохиролцож гомдлоо барагдуулав. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх төлбөргүй болохыг энэхүү бичгээр уламжилж байна” гэсэн хүсэлтийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг;

            шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “...хохиролд 1.200.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.М нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн болно.

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Б.М нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Өсөхбаяртай маргалдаж, улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ПЮ95071316 регистрийн дугаартай Б.Өсөхбаяр нь 2023 оны 03 сарын 18-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий гэмтлийн яаралтай тусламж, мөн өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн зардал бүхий ойрын дуудлага, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 15.000 төгрөгийн зардал бүхий Амбулаторийн үзлэг зэрэг тусламж, үйлчилгээг тус тус авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/1618 дугаартай албан бичиг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Мэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №04/1618 албан тоот, хавсралтын хамт /хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна.

 Шүүгдэгч Б.М нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 224.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт /хавтаст хэргийн 74 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт БМийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд сануулсугай.

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.РЕНЧЕНХОРОЛ