Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/373

 

   2023          05         29                                   2023/ШЦТ/373

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч Н.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт НАд холбогдох эрүүгийн 2211 02093 0533 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт НА, регистрийн дугаар .................................................

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МҮИС-ийн 4 дүгээр курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 бичил хороолол хасбаатар гудамж 14 байрны 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул  дүүргийн 16 дугаар хороо, Викторя таун 203-45 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч НА нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-888 тоотод “найз охиноо зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Батжаргалыг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гаднаас ороход н.Батжаргалын найз охины гэдэснээс цус гараад газар хэвтэж байсан. Батжаргал хутгалчихлаа гэж ойлгогдохоор сууж байсан ч хэрэлдэж байгаад өөрийгөө хутгалсан байсан” гэв.

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:

            “Хэлэх зүйлгүй гэв. Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Цаашид ийм зүйлд орооцолдохгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Батжаргалын “...би өчигдөр 2022 оны 10 дугаар сарын 31-нд ...хорооллын нэгэн караокед орцгоосон. Тэр газарт орцгоосон. Тэр газарт бид нар 10 гаран хүмүүс шөнийн 01:00 цагийн үед орж байсан ...шөнийн 03:00 цагийн үед караокеноос гарч ирээд бид нар дахиад манай гэрт ирцгээсэн. Гэрт ирэх үедээ би найз охин Отгон-Эрдэнэ намайг өөр охинд сээтэн хаялаа гэх шалтгаанаар хэрүүл маргалдаж байхад манай хэсэг найз охиныг өмөөрөөд надтай хэрүүл маргаан үүсгэж байсан. Гэрт ирсэн хойноо Отгон-Эрдэнэ бид хоёр хоёулаа үлдсэн байхдаа бас маргалдахад Отгон-Эрдэнэ нь хутга аваад өөрийгөө гэмтээж байсан. Тэгсэн чинь манай найзууд буцаад орж ирэхдээ намайг эхнэрээ гэмтээсэн байна гэж буруу ташаа ойлгож намайг зодож байсан ...Манай найз Амарболд нь манай найз охин Отгон-Эрдэнэ гэгчийг өмөөрч намайг зодож байсан тэр хүн миний нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж авсан ойролцоогоор 6-7 удаа цохиж байсан. Ингээд миний зүүн талын шанаа орчимд хавдсан нүүр толгойн хэсэгт эмзэглэлтэй өвдөж байна. Миний доод зүүн талын араа шүд гэмтсэн, хугараад унасан байна. Шүднээсээ болоод зүүн талын шанаа хэсэгт буюу буйл нь хавдаад, толгой хагарсан байгаа. Манай гэрт Амарболд намайг зодож байсан тэр үед бид хоёр хоёулхнаа байж байсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 66-67 дугаар тал/,   

Гэрч Б.Ган-Эрдэнийн “...Амарболд бол гэр дотор 2 удаа Батжаргалын нүүрэн тус газар цохисон. Тэрнээс цааш хэдэн удаа, хэрхэн яаж цохисон талаар мэдэхгүй байна. Билгүүн болон Лхагвацэрэн нар Батжаргалын биед яг халдаж зодож цохиж байхыг бол хараагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Гэрч А.Ундралбатын “...Батжаргалын зүүн шанаа, хацар луу Амарболд атгасан гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед Батжаргалын уруул нь язарч цус гарсан байсан. Гэрийн гадаа байж байхад түс тас хийх чимээ гарсан. Дараа нь сонсоход Лхагвацэрэн, Батжаргалын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэсэн. Тэрийг нь бол хараагүй. Лхагвацэрэн, Батжаргалыг цохисоны дараа нь Батжаргалыг хараагүй учраас нүүр нь ямар байсныг мэдэхгүй байна. Эмнэлэг орж Отгон-Эрдэнэ хэвлийдээ оёдол тавиулаад буцаад очиход Батжаргалын зүүн шанаа нь хавдаад зүүн нүд рүүгээ хавдар нь орчихсон, толгойн зүүн талаас цус гарсан байдалтай байсан ба Батжаргалын ах нь Энх-Эрдэнэ, цагдаа нартай ирчихсэн байсан. Намайг эмнэлэг явахаас өмнө Батжаргалын зүүн шанаа, зүүн нүд нь зүгээр байсан. Амарболд, Батжаргал нар хоёулхнаа гэрт үлдсэн учраас Батжаргалын биед учирсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 77-78 дугаар тал/,

Гэрч О.Отгон-Эрдэнийн “...Дараа нь Батжаргал надад хэлэхдээ Лхагвацэрэн миний зүүн хацар нэг удаа цохисон, Амарболд намайг нэлээн олон удаа цохиж, шүд унагааж, тархи толгойг язалж хагалсан ...гэж хэлсэн. Намайг эмнэлэгт оёдол хийлгээд гарч ирэхэд Лхагвацэрэн, Билгүүн, Монголоо найз охинтойгоо ирчихсэн байхаар нь Батжаргалыг яасан юм бэ Амарболдтой гэрт үлдсэн, чамайг нисэх рүү аав ээжийнд чинь хүргэж өгнө гэхээр нь үгүй ээ би гэртээ хурдан харья гээд гэртээ ирэхэд цагдаа ирчихсэн Батжаргалын ах Энх-Эрдэнэ ирчихсэн Батжаргалын нүүр, царай нь цус болчихсон, зүүн талын хацар, шанаа нь хавдчихсан, толгой нь хагарч язарч цус гарчихсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

Гэрч Н.Лхагвацэрэнгийн “...Батжаргал дээр очоод “чи эмэгтэй хүнд гар хүрээд, ямар арчаагүй юм бэ” гээд уурлангуй байдалтай хэлсэн. Гэтэл та нар бүгдээрээ Отгоноогийн талд ороод байна, би яалаа гэж эмэгтэй хүнд гар хүрэхэв дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...битгий худлаа яриад бай ...” үнэнээ хэл гэж шаардаад гараа далайгаад цохих гэж байтал, Амарболд миний урдуур орж ирээд Батжаргалын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд байж байгаад Батжаргалын буйл гэмтсэн юм уу, яасан юм мэдэхгүй байна өмнөөс нь цус гарсан. Тэгээд би Батжаргалд хандаж миний алдааг битгий давтаарай гээд хэлээ биз дээ ...” гэтэл төд удалгүй Отгоноо руу хандаж чи пизда минь, хамаг юмаа аваад манайхаас зайл гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд Батжаргалын нүүрэн тус газар нь буюу зүүн талын шанаа руу нь нэг удаа цохисон байдаг. Гэтэл намайг Ундралбат гүйж ирээд салгасан ...Эмнэлэг явчихсан байх хугацаанд Амарболд болон Батжаргал нар хоёулаа үлдсэн. Тэрнээс хойш гэрт нь юу болсон талаар мэдэхгүй байна. Отгон-Эрдэнийг гэмтэл рүү аваад явсан боловч гэмтэл дээр үзэхгүй гээд Баянзүрх дүүргийн цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлчихээд буцаад ирэх үед цагдаа нар ирчихсэн Батжаргалын ах нь ирчихсэн байж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 73-75 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15021 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Батжаргалын биед толгойн орой хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд цус хуралт, язарсан шарх, дагзны хуйх, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс толгойн орой хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны цус хуралт, язарсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 53-56 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Аын “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Батжаргалын төрсөн өдөр гээд гэрт нь Лхагвацэрэн, Энэрэлт-Од, Билгүүн, Монгол нарын хамт очсон. Тэгээд бид хэд тэднийд хоол унд идчээд караоке орох гээд хорооллын бичилд нэг караокед орсон. Тэндээсээ шөнийн 2-3 цагийн үед гарахад тэд нар бүгдээрээ явцгаасан байсан тэгээд Батжаргалын найз гээд нэг залуу намайг ирээд авсан. Тэр залуугийн машинд суугаад яав ийв гээд асуухад Отгон-Эрдэнэ Батжаргал 2 муудалцаад бөөн юм болоод байна гэсэн тэгээд Батжаргалын гэр рүү очсон. Гэрт нь очиход Батжаргал Отгон-Эрдэнэ 2 гэртээ байсан Энэрэлт-Одоос бусад нь ар араасаа бүгдээрээ ирсэн. Батжаргалын найз болох Ундралбат, Ган-Эрдэнэ бид хэд Отгон-Эрдэнэ Батжаргал 2 караокеноос гарахдаа яаж муудалцсан талаар ярьсан. Бид хэд бөөнөөрөө гадаа байхад тэнд Отгон-Эрдэнэ орилохоор нь яачихваа гээд бөөнөөрөө яваад орсон чинь Отгонжаргалын гэдэснээс цус гарсан газар хэвтсэн хажууд нь цустай хутга газар хэвтэж байсан тэгээд Батжаргалыг Отгон-Эрдэнийг хутгалчихлаа гэж бодоод бид нар Батжаргал руу яаж байгаа юм бэ гээд дайрсан тэгээд тэр хэд Отгон-Эрдэнийг эмнэлэг рүү аваад явсан. Тэр үед Батжаргал бид хоёр гэрт үлдсэн Батжаргал намайг хөөж туугаад та нар миний найз биш бүгдээрээ Отгон-Эрдэнийг өмөөрлөө би яагаач үгүй гээд уурласан. Би Батжаргалын хүргэн ахыг нь дуудсан. Намайг тэр хойгуур Батжаргал нилээн хөөж туугаад хажуунаас намайг заамдаад бид хоёр хэрэлдээд би ахыг чинь ирэх хүртэл явахгүй юу хийснээ мэдэж байна уу зүгээр суухгүй бол цохиод унагаачихна шүү гэсэн чинь Батжаргал цохихгүй юу гэхээр нь би 2 удаа шанаа руу нь цохисон. Удалгүй гаднаас эмнэлэг явсан хэд буцаад ороод ирсэн. Лхагвацэрэн гаднаас орж ирэхдээ хадаастай банз гартаа бариад Батжаргалыг цохих гээд далайж байхад нь бид нар болиулаад тэгсэн чинь Батжаргал бас орилоод дайраад байхаар нь Лхагвацэрэнгийн урдуур ороод ор руу нь алгадаад суулгасан. Тэгээд гадаа гарах гэж байхад Лхагвацэрэн Батжаргалыг 1-2 удаа цохисон. Удалгүй цагдаа болон Батжаргалын ах нь ирчихсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 187 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Нармандахын Амарболд нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-888 тоотод “найз охиноо зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Батжаргалыг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Батжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 66-67 дугаар тал/, гэрч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, гэрч А.Ундралбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 77-78 дугаар тал/, гэрч О.Отгон-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/, гэрч Н.Лхагвацэрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 73-75 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15021 дугаартай шинжээчийн дүгнэл /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 53 дугаар тал/, шүүгдэгч Н.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 187 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчээс 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн “100900020080” тоот дансанд төлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Н.А нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Аод оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Батжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба шүүхээс шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдэхэд тэрээр “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй ...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч Б.Батжаргал нь 2022 оны 11 сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Гэмтлийн яаралтай тусламж авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн зардал гарсаныг шүүгдэгч Н.Аоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт НАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 214.000 төгрөгийг шүүгдэгч Н.Аоос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ