| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Д |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогч *******/цахим сүлжээгээр/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2333000000037 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1991 оны *** дүгээр сарын ***-ний өдөр Хөвсгөл аймаг Бүрэнтогтох суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг0-р хороо** 0 тоотод оршин суух, Тогоруутан овогт ******* /РД:Р*****/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
******* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 64-65 дахь км-т Тоёота Ланд круйзер-200 маркийн 8847 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч *******ийн жолоодож явсан Хьюндай портер маркийн 9733 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж улмаар *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, тээврийн хэрэгсэлд 11,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 1-7 дугаар хуудас/,
2.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт/хавтаст хэргийн 08-16 дугаар хуудас/,
3.Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 3852 дугаартай шинжээчийн дүгнэлтийн:
1. *******ийн биед зүүн сүүж ясны тогооны хугарал зүүн тойг ясны бяцарсан ил хугарал, зүүн бугалга, баруун өвдөг, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-аас дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэх дүгнэлт хэсэг / хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
4."***" БГБХНөхөрлөлийн шинжээч Ч. Үнэнмөнхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн
1. "Toyota Land Cruiser 200 маркийн 8847 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэгдүгээр бүлэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна" гэх дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/
5. Хохирогч *******ийн өгсөн "... Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 09 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас гэрээсээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвд хүнтэй уулзахаар яваад ажлаа амжуулчхаад 12 цагийн үед буцаад Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу гарсан юм. Би өөрийн эзэмшлийн 9733 СЭА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас гарахад яг цас орж эхэлж байсан бөгөөд уул руу явах гэж байгаад больчихсон юм. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутгаар буюу Баясаа гэдэг байшинтай айлын хажуугаар өнгөрөөд зүүн гар тал руу эргэх тойрог ойртоод явж байхад өөдөөс саарал өнгийн жийп машин хөндлөнгөөрөө 2 эгнээ дамнаад гулгаад миний өөдөөс ороод ирсэн юм. Тэгээд би баруун гар тал руугаа зугтаагаад замын хажуугийн өндөр эрэг рүү дарсан чинь нөгөө машин ирээд миний жолооч тал руу буюу зүүн урд тал руу мөргөөд би замын хажуу руу унахдаа агаар дээр эргэлдээд газар буухдаа 4 дугуйн дээрээ буусан. Тэгээд машинаас гарах гэхэд боломжгүй 2 хөл хавчуулагдсан байсан. Тэгтэл нөгөө машины жолооч залуу гайгүй юу ахаа гээд хүрээд ирсэн. Тэр залуу сандраад байсан би тэр залууг тайвшруулсан. Тэгээд замын машин ирээд уяагаар татаж байгаад зай гаргаад 2 хөлөө сугалж гаргасан. Тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Тухайн үед машины дугаарыг харах боломж байгаагүй, хэдэн хүнтэй байсныг нь бас мэдэхгүй. Тухайн машины жолооч гээд залуу ганцаараа ирсэн. Сүүлд ирээд ярихдаа ганцаараа явсан гэж байсан. Цаг агаар цасан шуургатай байсан. Ойрын юм харагдаж байсан холын зүйл харагдахгүй байсан. Зам нэлэнхийдээ цас орж нялбайж мөстсөн. Зам болон замын голын цагаан шугам бүдэг харагдаж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй 2 жил 7 сар болж байна. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн залуу бас эрүүл байсан. Би 30-40 к/ц-ийн хурдтай явж байсан. Тухайн зам нь баг зэрэг өгсүүр, эргэлттэй, зам нойтон халтиргаатай байсан учраас удаан явж байсан. Тухайн машиныг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монголд орж ирээд яваагүй машиныг 18.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан, би утсаар яриагүй байсан. Миний утас дугараад утсаа авалгүй явж байхад өөдөөс Би машин ирж мөргөсөн. Тэгээд би осол болоод газар буусны дараа утсаа авсан. Тэгээд эхнэрээ туслаарай гэж хэлсэн юм. Миний өвчүүний бүдэрхий үенээсээ мултарсан, зүүн хөлийн сүүж /умдаг яс/ хугаралтай, зүүн хөлийн өвдөгний тойгийн яс бутарч мултарсан, гадна мах арьс нь урагдаж тасарсан байсныг оёсон, зүүн баруун хөл хөхөрч зөөлөн эдийн няцрал үүссэн гэсэн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 64-69 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
6. Иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн: "...Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдөр гэр бүлийн хүн болох *******ын хамт "Нэт капитал" банк бус санхүүгийн байгууллагаас 2 жилийн хугацаатайгаар худалдан авсан. Тухайн үед Нэт капитал ББСБ-с 17 сая төгрөгийн зээл гаргуулан авч байсан. Тухайн үед миний иргэний харьяалал Улаанбаатар хотын харьяатай, нөхөр Хөвсгөл аймгийн харьяатай байсан учраас миний нэр дээр зээл гарч ******* хамтран зээлдэгчээр оролцсон юм. Энэ машин нь өөрийн өмч биш гэр бүлийн өмч байгаа юм. Тухайн осол гарсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр орой 19 цагийн үед утас нь сүлжээтэй болоод машин мөргөөд осол болчихлоо гэж хэлсэн. Тухайн өдөр 11 цагийн үед Улаанбаатар хотоос гэрийн гаднаас Хөвсгөл аймгийн Тариалан сум орж хүний өр авлагаа авахаар 8847 УАМ улсын дугаартай Тоёота Ланд круйсер 200 маркийн тээврийн хэрэгслээ Гэрэлцогт өөрөө жолоодоод ганцаараа явсан юм. Би байрны гаднаас гаргаж өгсөн. Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******той 2010 онд гэр бүл болсон. Гэр бүлийнхээ хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,
7. Гэрч *******ын өгсөн: “...Орхон аймгаас Дархан-Уул аймаг чиглэлийн 116 дахь км-т зам тээврийн осол болж замын хажуу руу портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл унасан байдалтай Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу явах чиглэлийн замын хажууд Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл урд куперээрээ юм мөргөсөн байдалтай зогсож байсан. Би тухайн үед Орхон аймгаас гэр бүлийн хамт өөрсдийн хувийн машинаар Улаанбаатар хот руу явах гээд хажуугаар нь өнгөрсөн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад 15 цаг 00 минутад дуудлага өгөөд эмнэлэг, онцгой, цагдаагийн алба хаагчид ирсэн. Цаг агаарын байдал нойтон цастай шуургатай байсан. Тухайн тээврийн хэрэгслүүдэд жолооч нараас өөр зорчигч харагдаагүй. Жолооч нь ганцаараа байсан..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 3-4/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 64-65 дахь км-т Тоёота Ланд круйзер-200 маркийн 8847 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *******ийн жолоодож явсан 9733 СЭА улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, тээврийн хэрэгсэлд 11,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 1-7 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт/хавтаст хэргийн 08-16 дугаар хуудас/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 3852 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- "Гэрэлт индранил" БГБХНөхөрлөлийн шинжээч Ч. Үнэнмөнхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,
- Хохирогч *******ийн өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 64-69 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,
- Гэрч *******ын мэдүүлэг / хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,
- Яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, цаг агаарын нөхцөл байдал цастай, гулгаа үүссэн байхад анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Прокуророос шүүгдэгч *******ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдал, хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.
“******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1520 дугаартай автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээгээр Хьюндай портер маркийн 9733 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11,060,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д нийт 23,050,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч ******* хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн жолоодож явсан Тоёота Ланд круйсер-200 маркийн 8847 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Нэт капитал финанс корпораци” ББСБ-н нэр дээр бүртгэлтэй байх боловч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06/117 дугаартай албан бичгээр ******* хариуцан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгожээ.
Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгч *******ын гэр бүлийн хүн бөгөөд тэрээр шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 84/
Иймд шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн тухайн үеийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршиг бүрэн арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ялаас чөлөөлүүлэх саналыг хүлээн аваагүй болно.
Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тогоруутан овогт *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн явц бүхий дуу дүрс бичлэгийн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА