Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0428

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0428

Улаанбаатар хот

 

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А;

 

Нэхэмжлэгч: Г.О

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо Х-р багийн  иргэдийн Нийтийн Хурал;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 121/ШШ2025/0005 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Гуравдагч этгээд М.М-О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 121/2025/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.О нь Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо Х-р багийн  иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Сант сумын Х дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай 01/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0005 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05-р сарын 01-ны өдрийн 121/ШШ2025/0005 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

 

3.1. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар Сант сумын Х-р багийн  иргэдийн нийтийн хурал нь аль нэг захиргааны байгууллага, албан тушаалтан, харьяаллын бус хүмүүс оролцдоггүй, хуулиар тусгайлан зохицуулсан эрх үүрэг бүхий нийтийн захиргааны байгууллага билээ. Багийн нийтийн хурлаас гаргаж байгаа шийдвэр зөвхөн тухай багийн харьяалал бүхий иргэд оролцох хуулийн зохицуулалттай. Багийн иргэдийн нийтийн хуралд оролцож буй харьяаллын бус хүн санал хураалтад оролцохгүй байх ёстой. Гэтэл тухай багийн харьяалалгүй хүн буюу Л.Б гэх иргэн санал хураалтад оролцсон нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 

3.2. Сантсумын Х-р багийн  иргэдийн нийтийн хурал 2025 оны 01-р сарын 23-ны өдөр хуралдаж, хуралд 256 хүн оролцсоны нэг нь харьяаллын бус хүн байсан төдийгүй тухайн багийн засаг даргад нэр дэвшүүлсэн санал хураалтад оролцсон нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсон байхад шүүх дүгнэлт хийгээгүй байна. Багийн засаг даргад нэр дэвшсэн Г.О, М.М-О нарын төлөө санал өгсөн хүний тоогоор М.М-О нэг хүний саналаар ялалт байгуулсан байсан боловч тухайн багийн харьяалалгүй Л.Б хэмээх хүн санал хураалтад оролцсоноос шалтгаалж санал хураалт хууль ёсны гэж үзэх боломжгүй учир Г.О захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.

 

3.3. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05-р сарын 01-ний өдрийн 121/ШШ2025/0005 дугаар шийдвэртэй М.М-О 50-иас дээш хувийн санал авсан байх тул багийн засаг даргаар М.М-О-ыг нэр дэвшүүлсэн нь зөв гэсэн дүгнэлт хийсэн буруу байна. Санал хураалтад оролцсон хүний 50-иас дээш хувийн санал авсан байна гэж дүгнэж буй нь нэр дэвшигч М.М-О-ыг ямар нотлох баримтаар олонхийн санал авсан байна гэж дүгнэлт хийж байгаагаа шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдаагүй байна.

 

3.4. Тухайн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон 256 хүний саналаас хүчингүй тооцсон гурван хуудас Г.О санал өгсөн тэмдэглэгээтэй байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Сант сумын Х-р багийн  иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон ч Сант сумын засаг даргын багийн засаг даргыг томилсон байх тул бодит байдал дээр өөрчлөх боломжгүй байна гэж дүгнэж анхан шатны дүгнэлт нь хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна.

Нэхэмжлэгч Г.О багийн нийтийн хурлын шийдвэр хууль ёсны болоогүй тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан болохоос биш Сумын Засаг даргын захирамжид гомдол гаргаагүй байхад Захиргааны хэргийн анхан шатны нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

3.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах нь: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 121/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий биш байх тул эрх зүйн зөвтгөсөн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.
  2. Нэхэмжлэгч Г.О-иас Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо Х-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Өвөрхангай аймгийн Сант сумын Х дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай 01/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон Улаанбаатар хотын харьяат хүн нь нэр дэвшигч М.М-О-той гэр бүлийн хамаарал бүхий хүн учир миний эсрэг саналаа өгөхийн тулд зохион байгуулалттайгаар санал хураалтыг будлиантуулсан...” гэжээ.
  3. Маргааны үйл баримтын талаар;

3.1. Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо Х дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, “Улаан-Овоо багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэл”-ээр /хх-28-33 тал/, 227 өрхөөс нийт 258 иргэд бүртгүүлснээс 256 иргэд оролцож, хуралдааны ирц хангалттай бүрдсэн байна.

 Уг хуралдаанаар;

-Багийн иргэдийн Нийтийн Хурлын дэг батлах тухай,

-Тооллогын ажлын хэсэг байгуулах тухай,

-Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийг сонгох тухай,

-Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай,

-Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай гэсэн 5 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж Багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааны дэгээ 100 хувийн саналаар дэмжин баталжээ.

3.2. Хуралдааны дарааллын дагуу Багийн Засаг даргын сонгуульд сонгогчдын 127 буюу 50.1 хувийн саналыг М.М-О, 126 буюу 49.8 хувь нь Г.О-ийн төлөө тус тус санал өгч, үүнээс 3 саналын хуудсыг хүчингүйд тооцогдсон.

3.3. Улмаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/04 дугаар тогтоолоор Багийн Засаг даргаар М.М-О-ыг томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэж, улмаар Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Багийн Засаг аргын бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Г.О-ийг мөн өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, М.М-О-ыг багийн Засаг даргаар томилжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн талаар;

4.1. Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурал нь баг, хорооны даргад нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.

4.2. Үүний дагуу Өвөрхангай аймгийн Сант сумын Х дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, мөн өдрийн 01/01 дугаар тогтоолоор хуралдааны дэгийг баталж, 01/04 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т заасныг үндэслэн тус багийн Засаг даргад нэр дэвшсэн М.М-О нь нийт иргэдийн 50.1 хувийн саналыг авсан тул багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3. Тодруулбал, тухайн өдөр батлагдсан Багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 01/01 дугаар тогтоолын хавсралтын “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дэг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуралдааны ирц бүрдсэн, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.2.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан Засаг даргад 2-оос дээш хүн нэр дэвшсэн тохиолдолд нууцаар санал хурааж, хуралдааны дарга шийдвэрийн төсөл олонхын санал авсан, аваагүйг хуралдаанд оролцож буй иргэдэд нэгтгэн сонсгоод, олонхын саналаар баталж, хүчин төгөлдөр болсныг мэдэгдэн хуралдааны дарга гарын үсэг зурж баталгаажуулна гэснийг хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан овоо Х-р багийн  Иргэдийн нийтийн хурал зөрчөөгүй байна. Хэргийн оролцогчдоос хуралдааны дэгтэй холбоотой асуудлаар маргаагүй.

4.4. Түүнчлэн Х дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дугаартай хуралдааны тэмдэглэл /хх- 69-73/-д журмын дагуу багийн Засаг даргад нэр дэвшсэн иргэдийг сонгох санал хураалт нууцаар явагдаж, М.М-О-ыг багийн Засаг даргаар сонгож, уламжлах тухай тогтоолын төслийг иргэдийн 100 хувийн саналаар дэмжин баталсан байгаагаас үзэхэд, нэхэмжлэгч нь тухайн үед энэ талаар маргаагүй байна.

4.5. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанаас үзэхэд Л овогтой Б нь /Улаан-Овоо багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэлд бүртгэгдсэн/ Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байнга оршин суух хаягтай болох нь тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр тухайн санал хураалтыг бүхэлд нь хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй.

4.6. Учир нь уг хуралдаанд ирвэл зохих иргэд хүрэлцэн ирсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, ... тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

4.7. Нөгөөтээгүүр, иргэн Л.Б-ааг тус багт амьдарч байсан талаар /одоо гэр бүл нөхөр, үр хүүхдүүд нь багтаа амьдардаг бүртгэлтэй/ талуудын хэн аль нь маргадаггүй боловч нэхэмжлэгч Г.О нь тус багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Л.Б-ааг багийн Засаг даргын санал хураалтад оролцоход түүний оршин суугаа газрын харьяаллын талаар мэдэж байсан, энэ талаар тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд болон тооллогын комисст мэдэгдээгүй, мэдэгдэх боломжтой байжээ.

4.8. Гэтэл санал хураалтын дүн гарсны дараа ч энэ талаар маргаагүй атлаа даруй 13 хоногийн дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлоос болж нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх учиргүй.

4.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.О нь иргэн Л.Б-ааг тухайн багийн Засаг даргын санал хураалтад оролцох талаар утсаар мэдэгдсэн болох нь Л.Б-ийн Сант сумын Засаг даргад гаргасан “...Улаанбаатар хотоос ажил явдал гараад ирсэн. ...багийн дарга О нь миний хүү Э-той хэд хэдэн удаа утсаар ярьж, сонгууль өг гэж дамжуулахад өгнө гэж хэлсэн. ...Улаанбаатар хотод байх хугацаандаа эмчилгээ хийлгэж түр оршин суугчаар шилжсэн гэж бодсон” /хх-ийн 35 дахь талд/ гэх тайлбар болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

4.10. Тус багийн Засаг даргаар ажиллаж байсан гэх Г.О нь Л.Б-ааг шилжин суурьшсан болохыг мэдэж байсан хэр нь сонгуульд ялагдсаны дараа маргаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Багийн засаг даргад нэр дэвшсэн Г.О, М.М-О нарын төлөө санал өгсөн хүний тоогоор М.М-О нэг хүний саналаар ялалт байгуулсан байсан боловч тухайн багийн харьяалалгүй Л.Б хэмээх хүн санал хураалтад оролцсоноос шалтгаалж санал хураалт хууль ёсны гэж үзэх боломжгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Дээрхээс үзэхэд, Өвөрхангай аймгийн Сант сумын Х дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай 01/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56 дугаар зүйлийн 56.5-т “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:”, 56.5.1-д “...иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ... томилно.”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасантай нийцсэн, тухайн сонгуульд оролцох ёсгүй гэх иргэн Л.Б нь нэр дэвшигчийн хэний төлөө санал өгсөн нь тодорхойгүй, “...харьяаллын бус хүн багийн засаг дарга сонгох сонгуульд оролцсон” гэх үндэслэлээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Багийн засаг дарга сонгох сонгуулийг хүчингүй болгох боломжгүй болно.

5.1. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

5.2. Давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн багийн Засаг даргын сонгуулийн 3 хэсэг болгож багцалсан саналын хуудсуудыг нягталж үзэхэд,

-Багийн Засаг даргыг сонгох Саналын хуудаст “Та өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлна уу” гэсэн заавартай, Саналын хуудасны “хүчингүй хуудас-3” гэснийг үзвэл:

-Нэр дэвшигч М.М-О-ын өмнөх тоог дугуйлсан ором байх боловч бал нь гараагүй 1 саналын хуудас,

-2 нэр дэвшигчийн өмнөх тоог хоёуланг нь зэрэг дугуйлсан 1 саналын хуудас,

-мөн 2 нэр дэвшигчийн нэрний үсгийн “О” үсгийг хоёуланг нь дугуйлсан 1 саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна.

5.3. Харин нэр дэвшигч “Г.О-126” гэсэн саналын хуудсууд дахь 1 саналын хуудаст нэр дэвшигч Г.О-ийн өмнөх тоог зааврын дагуу дугуйлалгүй, түүний нэрний зөвхөн “О” гэсэн үсгийг балаар будсан саналын хуудсыг хүчинтэйд тооцсон нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 121/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА