Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 06

 

        Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Д.Балжиннямд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201601070251 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож

Улсын яллагч                                             Х.Эрдэнэтуяа

Хохирогч                                                      Х.Энхжаргал

Хохирогчийн өмгөөлөгч                              Ж.Цэцэгээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Д.Цэнд-Аюуш

           Шүүгдэгч                                          Д.Балжинням нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр Б.Баттуул, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13-239 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овгийн Даваадоржийн Балжинням /РД:ИЭ88042718/

Шүүгдэгч Д.Балжинням нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 50 минутын үед өөрийн 68-44 УНК улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багануур хөшөөний хойд талын засмал зам дээр явган зорчигч Х.Энхжаргалыг мөргөж, улмаар биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Д.Балжинням хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг Одгэрэл ахын дүү нь нас барчихсан гээд Улаанбаатар хот явахаар болсон юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг болж байхад “Маргад өгөөж” амралтын газраас Одгэрэл ах өөрийн портер маркийн машинаа жолоодоод эхнэрийн хамт хөдөлсөн. Багануурын төв орж ирээд шууд Улаанбаатар хот руу гарсан тэгээд Багануур дүүргийн 2 дугаар хороо Багануур хөшөө орох гээд явж байтал өөдөөс нэг машин гэрлээ шилжүүлэхгүй хол дээрээ тавьчихсан байсан болохоор би өөдөөс нь гэрлээрээ дохиод явж байгаад нөгөө машины хажуугаар яг өнгөрсөн чинь нэг хүн уг машины ардаас зам дээр гэнэт гарч ирээд би машиныхаа зүүн урд талаар мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 43 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Х.Энхжаргал хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед Багануур хөшөөний хажууд очоод зогсоод манай жолооч маань бууж бие засчихаад буцаад машиндаа суугаад машинаа асаах гэтэл машин нь асахгүй байсан юм. Тэгээд жолооч бид хоёр машинаас буугаад замаар явж байсан “Маяти” маркийн ачааны машиныг портерын урд гаргаж зогсоогоод би чирэгчийг нь холбоод за чирээрэй гэж хэлээд “Маяти”, “Портер”  хоёр машины голоос гараад за машин чинь асчихлаа шүү битгий унтраагаарай гэж орилоод портер машины хойд хэсгээр нь тойроод гарах гэж байтал нэг бүдэг гэрэлтэй машин эсрэг талын урсгалаар маш их хурдтай орж ирээд намайг мөргөөд бүүр цаана очоод зогссон тэгээд хэсэг хугацааны дараа жолооч нь бууж над руу ирсэн. Би тухайн үед замын Багануур дүүрэг рүү явах урсгалд зогсож байсан ямар ч байсан замын цагаан зураас давж зогсоогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Ө.Тодбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний 01 цаг болж байхад Багануур хөшөөн дээр ирж шороон хэсэг рүү нь орж зогсоод машинаа унтраагаад бууж бие засчихаад буцаж суугаад машинаа асаах гэсэн чинь машин  маань асахгүй байсан юм. Тэгээд Энхжаргал гэх залуу бид хоёр машинаа түрээд дийлэхгүй болохоор замаар явж байсан “Маяти” маркийн автомашиныг зогсоогоод жолоочоос нь машин чирээд асаагаад өгөөчээ гэж гуйгаад чирүүлхээр болсон юм. Тэгээд уг “Маяти” маркийн автомашиныг портер маркийн автомашиныхаа урд зогсоогоод би холбогчоор өөрийн машиндаа холбочихоод урд талын “Маяти” маркийн автомашинд холбох гээд байж байсан чинь Энхжаргал гэх залуу ирээд ингээд холбочихдог юм гээд миний барьж байсан чирэгчийг аваад “Маяти” машинд холбосон. Тэгээд би машиндаа суугаад чирэгдээд урагшилсан Энхжаргал гэх залуу миний машины зүүн талаар буюу засмал зам тал руу алхаж гараад хойно үлдсэн тэгээд би урагшилж байгаад машин асчихаар нь бууж ирээд чирэгчээ тайлчихаад буцаж машиндаа суугаад Энхжаргал гэх залууг хүлээгээд байсан чинь голын цагаан зураасан дээр ертөнцийн зүгээр толгой нь баруун зүг рүү харчихсан машинд мөргүүлчихлээ хөл гар хоёр болохгүй байна гээд орилоод хэвтэж байсан ба 20-30 метрийн цаана нь жижиг цагаан өнгийн суудлын автомашин цаашаа харчихсан байдалтай зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

             Гэрч Б.Баттуулын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөртэй хамт ажиллаж байсан хүний ар гэрт ажил явдал гараад Улаанбаатар хот руу явахаар болсон юм. Тэгээд манай нөхөртэй хамт ажилладаг хүн өөрийн портер машинтайгаа яваад манай нөхөр болохоор 68-44УНК улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн машинаа жолоодоод бид хоёр хамт Улаанбаатар хот руу явсан юм.  Багануур дүүргийн төв орж ирээд цаашаа Багануур хөшөө рүү ойртож явтал өөдөөс ачааны том тээврийн хэрэгсэл гэрлээ хол дээр нь тавьчихсан шилжүүлэхгүй болохоор нь манай нөхөр өөдөөс нь гэрлээрэй дохиж ойртож байгаад яг зөрөх үед уг ачааны том машины ардаас нэг хүн гэнэт гүйгээд гараад ирсэн тэгээд манай нөхөр машиныхаа зүүн талаар уг хүнийг мөргөөд цаашаа яваад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

            Шинжээч эмч М.Золжаргалын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “...Х.Энхжаргалын биед зүүн шууны богтос ясны ил хугарал, зүүн хөлийн шаант ясны далд хугарал, зүүн шуунд шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн 13776 тоот дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

              Шинжээч эмч нарын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “...Шинжээч эмч М.Золжаргалын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №13776 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Энхжаргалын биед зүүн шууны богтос ясны ил хугарал, зүүн хөлийн шаант ясны далд хугарал, зүүн шууны шарх, баруун тохойн зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 1532 тоот дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/,

  •              инжээчийн “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 цаг 55 минутын үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багануур хөшөөний хойд зам дээр Даваадоржийн Балжинням нь “Тоёота марк 2” маркийн 68-44 УНК улсын дугаартай автомашин жолоодож яваад: Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг, Явган зорчигч Х.Энхжаргал нь 3 дугаар бүлгийн 3.6 заасан Зам дээр үзэгдэлт халхлагдсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино гэснийг, дүрмийн 3.9 б-д заасан Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэснийг, мөн дүрмийн 3.9 в-д заасан ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/

           Замын цагдаагийн албаны шинжээчийн “…Шинжээч Г.Басбишийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч Х.Энхжаргал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал газраас гэнэт гарч ирсэн тул жолооч Д.Балжинням нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг мөрдөх боломжгүй байна. Шинжээч Г.Басбишийн №01 дугаартай дүгнэлтэнд Даваадорж овогтой Балжинням нь “Тоёота Марк-2” маркийн 68-44УНК улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “...Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна...”

  • Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэсэн 649 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/

           Захиргааны шийтгэл хүлээлгэх тухай “…Х.Энхжаргалыг Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт зааснаар 19.200 төгрөгөөр торгож шийдвэрлэсүгэй…” гэсэн тогтоол, шийтгэврийн хуудас /хх-ийн 25-27 дугаар хуудас/

            Битүүмжлэгдсэн автомашины “…Иргэн Д.Балжиннямын хүсэлтээр түүний өмчлөлийн 68-44 УНК улсын дугаартай, Япон улсад үйлдвэрлэсэн, “Тоёота Марк-2” маркийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглах боломж зэргийг харгалзан 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр  тогтоов…” гэсэн үнэлгээ, битүүмжилсэн тогтоол /хх-ийн 20,23 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Д.Балжинням ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон хуудас” /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

           Шүүгдэгч Д.Балжинням нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 50 минутын үед өөрийн 68-44 УНК улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно…” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багануур хөшөөний хойд талын засмал зам дээр явган зорчигч Х.Энхжаргалыг мөргөж, түүний бие махбодид зүүн шууны богтос ясны ил хугарал, зүүн хөлийн шаант ясны хугарал, зүүн шуунд шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

          Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 13776, 1532 тоот дүгнэлтүүд, автын шинжээчийн 01, 649 тоот дүгнэлтүүдийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Балжиннямыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 500.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа болохоор малаа сарын малчин авч маллуулна сарын 150.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

Хохирогчоос ирүүлсэн эмчилгээний зардлын нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 1.032.406 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй /14500 төгрөгийн идэж уух хүнсний зүйлийн баримт, 90.000 төгрөгийн бинзен авсан баримт/ 104.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлын баримт бүрдэл дутуу байх тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Балжиннямын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5 дэх хэсэгт тус тус зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэн, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 04 тоот тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 1 нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байхаар тогтоожээ. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “…Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсий  доод хэмжээг таваас таван зуу дахин дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно…” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 4 ний шөнө үйлдэгдсэн байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөгөөр тооцохоор байна.

Шүүгдэгч Д.Балжиннямын хохирол төлбөрийг хангуулахаар битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа “Тоёота марк 2” маркийн 68-44УНК улсын дугаартай автомашин болон битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 Мөн Д.Балжиннямд нэмэгдэл ял хэрэглэж байгаатай холбогдуулж хэрэгт хавсаргаж ирсэн 645137 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийгтус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Тайжууд овгийн Даваадоржийн Балжиннямыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Тайжууд овгийн Даваадоржийн Балжиннямыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасч,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав /5/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Балжиннямд торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Балжиннямаас 1.032.406 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Энхжаргалд олгож, хохирогчийн нэхэмжилсэн 104.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Хохирогч Х.Энхжаргал нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Д.Балжиннямд битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа “Тоёота марк 2” маркийн 68-44 УНК улсын дугаартай автомашин болон битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг, Д.Балжиннямын 645137 дугаартай жолооны үнэмлэхийг тус тус гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.
  7. Шүүгдэгч Д.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч Д.Балжиннямд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шүүгдэгч Д.Балжиннямд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Балжиннямд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ