Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 862

 

 

 

 

 

 

 

 

 

 

ААТХ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00109 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ААТХ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

 

Татварын өр 18 702 270 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу 2015, 2016 оны үл хөдлөх эд хөрөнгөд 36 000 000 төгрөгийн албан татвар ногдуулснаас 23 000 000 төгрөгийг төлж, 13 000 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хугацаанд татвараа төлөөгүй тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу 3 710 000 төгрөгийн торгууль, 1 992 270 төгрөгийн алданги ногдуулсан. “А” ХХК-д холбогдох нийт 18 702 270 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар татвар төлөгчид татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг 2 удаа хүргүүлсэн. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу 18 702 270 төгрөгийн татварын өрийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр татварын үндсэн өрийг төлсөн талаар нэхэмжлэгч тал маргаагүй, бид татварын үндсэн өрийг төлсөн. Энэ талаар санхүүгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ямар үндэслэлээр, хэр хугацааны алданги, торгууль тооцож байгаа талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна гэжээ.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан ААТХ нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох, татварын өр 18 702 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ААТХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Ар ган" ХХК-ийн Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 2015, 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 36 000 000 төгрөг ногдуулсныг хугацаандаа төлөөгүй байж байгаад 2017 оны 12 сард төлсөн. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу 3 710 000 төгрөгийн торгууль, 1 992 270 төгрөгийн алданги ногдуулсан. Иймд Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварт ногдуулсан 5 702 270 төгрөгийн торгууль алдангийг төлүүлэх гомдлыг дахин хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

  Нэхэмжлэгч ААТХ нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өрийн үлдэгдэл 13 000 000 төгрөг, хугацаандаа төлөөгүй торгууль, алдангид 5 702 270 төгрөг, нийт 18 702 270 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч торууль, алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “А” ХХК нь татварын өрийн үлдэгдэл төлбөр болох 13 000 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байхад анхан шатны шүүх уг шаардлагад холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

 Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч ААТХ нь хариуцагч “А” ХХК-д татварын торгууль, алданги ногдуулсан мэдэгдлийг хүргүүлсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно” гэж  заасан байх бөгөөд нэхэмжлэгч Архангай аймгийн татварын хэлтсээс хариуцагч “А” ХХК-д татварын торгууль, алданги ногдуулсан акт гаргасан эсэх, уг актыг татвар төлөгчид хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хэргийн 3-4 дүгээр талд авагдсан Татварын албанаас татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг баримтад мэдэгдэх хуудсыг хүлээн авсан татвар төлөгчийн гарын үсэг байхгүй, факсаар хүргүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэрэгт татварын өр төлбөрт ногдуулсан торгууль, алдангийн талаархи татварын улсын байцаагчийн акт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 5 702 270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00109 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК нь татварын төлбөрт 13 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татварын торгууль, алдангид нэхэмжилсэн 5 702 270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                               

                                                          ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ