Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 023

 

К.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/280 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч К.С-д холбогдох эрүүгийн 1913001700117 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, прокурор М.Фарида, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 01 дүгээр багт оршин суух, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,                                                                                                            

К.С нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө Муссо маркийн 64-86 БӨА тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Б нас барж, иргэн А.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ280 дугаар шүүгчийн захирамжаар  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч К.С нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө Муссо маркийн 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Б нас барж, иргэн А.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн байна. Аймгийн Прокурорын газраас К.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч А.Серикжаны хүсэлтийн дагуу К.С нь хэрэг хариуцах чадвартай эсэхэд шүүх, сэтгэцийн эмгэг судлалын дахин шинжилгээ хийхийг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгахаар шийдвэрлэсэн. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хурлаар улсын яллагчийн хувьд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргасан байхад шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нараар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс нарийн мэргэжлийн эмч байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэж ирүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжид шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/265 дугаартай захирамжид заасан зарим зүйлийг зайлшгүй нэмж тодруулах шаардлагатай гэж яг ямар зүйлүүдийг нэмж тодруулах талаар тодорхой дурдаагүй байна Уг захирамжид заасан асуудлууд нарийн мэргэжлийн эмч нараар дүгнэлт гаргуулахаар тавьсан асуултууд байсан. К.С-ын сэтгэцийн байдалд нарийн мэргэжлийн эмч нараар дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд бусад газрын шинжээч нараас гаргасан дүгнэлтийн талаар мэдүүлгээр тодруулах боломжгүй, зөвхөн урьд гаргасан үнэн зөв эсэхэд дахин дүгнэлт гаргуулсны дараа мэдүүлгээр нэмж тодруулах ёстой. Нарийн мэргэжлийн эмч нар зөвхөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд байдаг болохыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо. эмчилгээний төвөөс ирүүлсэн хариугаар тодорхой болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан байх тул шүүгч эрх хэмжээний хүрээнд өөрөө шинжилгээ хийлгэх эрхтэй гэж үзэж байна. Иймд уг заалтаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шүүгч уг захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж энэ тохиолдолд заавал шинжилгээ хийлгэхээр зааж өгсөн тул тус зүйл ангийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэсэн болно. Уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан ба уг хуулийг зөрчөөгүй болно. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэг зөвхөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг хэрэгжүүлэхийн тулд оруулж өгсөн бүлэг гэж дүгнэж байна. К.С-ын хувийн байдлын хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байсан болон прокурорын шатанд, мөн хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл ямар нэгэн байдлаар сэтгэцийн өвчтэй болсон, эсхүл сэтгэцэд өөрчлөлт ороод үүнээс болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн асуудал байхгүй байсан, К.С нь мөрдөгч, прокурорын асуусан асуултад үнэн, зөв хариулж, дуудсан цагт ганцаараа ирж бүртгүүлж явдаг байсан. Гэхдээ К.С-ын эрүүл мэндэд үүссэн гэмтлийн улмаас сэтгэцэд өөрчлөлт орсон эсэхийг үгүйсгэхгүй. Харин шүүгч өөрийн дотоод итгэлээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар К.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон К.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмшиж байгаа байдлыг дүгнээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 4 эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэн өгөх бүрэн боломжтой байсан. Шүүгч Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрхтэй байхад уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд хэргийг буцаах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд К.С-д холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагааг  эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр буюу шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

1. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Яллагдагч К.С-ыг 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө Муссо маркийн 64-86 БӨА тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч М.Б нас барж, иргэн А.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх нь К.С-д холбогдох эрүүгийн хэргийг “шүүгдэгч  К.С-ын сэтгэцийн байдалтай холбоотой зарим зүйлийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын эмч нараар нэмж тогтоосны үндсэн дээр улсын яллагчаас К.С-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Дээр дурдсан ажиллагаа шүүхийн шатанд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх нь үндэслэлтэй.” гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос К.С-д 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 104 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/236 дугаартай “Сэтгэцийн эмгэг судлалын дахин шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах тухай“ захирамжаар хэрэг хариуцах чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгажээ. 

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай  Шүүх сэтгэцийн дүгнэлтээр “1.К.С нь Гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, түүнээс шалтгаалсан тэнэгрэл, ойгүйдлийн хам шинжтэй. 2.К.С нь хэрэг хариуцах чадваргүй. 3.К.С нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 4. К.С нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй цаашид сэтгэц, мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай.” гэсэн дүгнэлт гаргажээ.

Үүний дараа анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/265 дугаартай “Сэтгэцийн эмгэг судлалын нэмэлт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах тухай “захирамжаар К.С-ыг хэрэг хариуцах чадваргүй хэмээн шинжээч нарын дүгнэлт гаргасантай холбогдуулан нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт  гаргуулахыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгажээ.

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/343 дугаартай Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан бичгээр “захирамжид дурдсан асуултын дагуу нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргах нарийн мэргэжлийн эмч Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд байхгүй тул нэмэлт шинжилгээ хийх боломжгүй” гэсэн хариу өгчээ. 

3. Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай “Шүүх сэтгэцийн дүгнэлт”-тэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/265 дугаартай захирамжид заасан зарим зүйлийг зайлшгүй нэмж тодруулах шаардлагатай байна. Шүүгдэгч К.С-ын сэтгэцийн байдалтай холбоотой зарим зүйлийг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын эмч нараар нэмж тогтоосны үндсэн дээр улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч К.С-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.” гэж  үзжээ.  

 

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч К.С-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхэд мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд түүнийг хэрэг хариуцах чадвартай байсан, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа сэтгэцийн байдал хэвийн бус болох үед хүсэлт гаргаж сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй болсон нь дахин шинжээч томилсон дүгнэлтээр гарчээ.

 

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй байдал нь тогтоогдсон учир сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ дахин хийлгэх, эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэж сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийн хүрээнд  хуулийн заалтыг хангаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Дахин дүгнэлт буюу нэмэлт шинжилгээ хийлгэснээр шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүх тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхээр байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэснээр нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. 

Прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дахин шинжилгээ хийлгэх эрхтэй байхад уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/280 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, К.С-д холбогдох эрүүгийн 1913001700117 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ