Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 3640

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/03640

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А-ийн гаргасан,

 

Хариуцагч: М  

 

Хариуцагч: С *******” ХХК нарт холбогдох,

 

2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №100012/10 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Н, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаартай*******,*******,*******,******* тоот хаягт орших 61.75 м.кв хувийн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Аболон Мхоёр бүртгэгдсэн байдаг. Гэтэл хариуцагч Мнь нэхэмжлэгч А-ийнзөвшөөрөлгүйгээр дээрх орон сууцыг 2012 оны 10 дугаар сарьн 16-ны өдөр хариуцагч С ******* ХХК-тайбайгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан байна.

 

Улмаар хариуцагч Мзээлийг хугацаандаа төлөөгүйн тул зээлдүүлэгч С ******* ХХК нь нийт 26,001,242.00 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 853 тоот магадлалаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Тус давж заалдах шатны шүүхийн магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11728 тоот захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч *******д үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өг гэсэн бөгөөд ямар учиртай талаар ээжээсээ лавлахад орон сууцыг зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан болохыг мэдсэн.

 

Уг орон сууцыг албадан худалдан борлуулах үнийг 27,000,000.00 төгрөг гэж тогтоож, бусдад худалдах ажиллагаа явагдаж байна. Гэвч барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хуульд харшилсан хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

 

Иймд, хариуцагч С ******* ХХК болон Мнарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 100012/10 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоож өгнө үү” гэв

 

Хариуцагч М-с тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Тухайн үед хариуцагч Мөөрийн хүү А-с зөвшөөрөл авах ёстой гэх талаар мэдээгүй байсан, тэрээр төрсөн хүүтэйгээ хамтран өмчилдөг хувийн сууцыг бусдад барьцаалуулахдаа зөвшөөрөл аваагүй учраас хүчин төгөлдөр болж чадахгүй. Одоо уг зээлийн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, нийт 20,000,000.00  төгрөгөөс 3,000,000.00 сая төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэв.

 

Хариуцагч С *******” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч А-ийнбарьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь насанд хүрээгүй этгээд байсан учраас түүнийг төлөөлж ээж М, Т нар барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгчийн ээж Мгэрээг байгуулсан тул хууль зөрчсөн хэлцэл гэж гэж үзэхгүй.

 

Бид, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ эрх зүйн зарим чадамжтай болон чадамжгүй этгээдээс зөвшөөрөл авдаггүй. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д-с хариуцагч М, С ******* ХХК нарт холбогдуулан тэдгээрийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хэдийгээр хариуцагч Мнь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч С ******* ХХК болон хариуцагч Мнар 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000.00 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон ба талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулж, Улаанбаатар хот, ...м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт орших 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна /х.х-ийн 8-13 хуудас/.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын маргаж буй барьцааны гэрээний зүйл болох 61.75 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч А болон хариуцагч Мнар хамтран, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зөвхөн саналаахариуцагч Мтус тус өмчилдөг, тэдгээрийг төрсөн эх, хүү мөн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ /х.х-ийн 11, 12 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06902 тоот шийдвэрээр нэхэмжлэгч С *******” ХХК-ийн гаргасан хариуцагч М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,012,242.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 22,206,868.00 төгрөгийг хангаж, 3,794,374.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /х.х-ийн 16-19 хуудас/.

 

Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 853 тоот магадлалаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2017/11728 тоот захирамжаар дээр дурдсан 853 тоот магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас олгожээ /х.х-ийн 20-25 хуудас/.

 

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/24293 тоот мэдэгдэл, мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/25697 тоот мэдэгдлээр барьцааны гэрээний зүйл болох 61.75 м.кв талбайтай хувийн сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хөндлөнгийн үнэлгээчний тогтоосон 27,037,000.00 төгрөгийн 70 хувь буюу 18,925,900.00 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн байна /х.х-ийн 30, 49 хуудас/.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Аболон хариуцагч Мнар нь ...м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгчийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд тийнхүү захиран зарцуулахдаа тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-д “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасны дагуу нөгөө талдаа мэдэгдэхээс гадна зөвшөөрөл авах учиртай.

 

Тодруулбал, энэ нь хамтран өмчлөгч этгээдийн эрх ашгийг хамгаалж буй зохицуулалт бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар тухайн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

Хэдийгээр хариуцагч М2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч С ******* ХХК-тайзээлийн гэрээ байгуулж, 15,000,000.00 төгрөгийг зээлэх нь түүний эрх боловч нэхэмжлэгч А-тай хамтран өмчилдөг 61.75 м.кв талбайтай хувийн сууцаар тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулах тохиолдолд хамтран өмчлөгч этгээдээс зөвшөөрөл авах ёстой.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасныг үндэслэн зохих журмын дагуу барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд энэ хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар албадан худалдах зохицуулалттай тул хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай болдог.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 100012/10 тоот барьцааны гэрээнд нэхэмжлэгч Агарын үсэг зураагүй байна. Гэвч шүүх хариуцагч Мыг нэхэмжлэгч А-с зөвшөөрөл авах шаардлагагүй байсан гэж дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ань 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр зохигчдын маргаж буй барьцааны гэрээг байгуулах 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 14 нас, 11 сар, 3 хоногтой буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байжээ /х.х-ийн 4 хуудас/.

 

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэж, мөн 16.2.-т “Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд хуульд зөвшөөрсөн хэлцлийг бие даан бусадтай байгуулах эрхтэй ба эдгээр хэлцлийг тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-ээс 16.3.3.-д тодорхой заасан боловч үүнд зээлийн барьцааны гэрээ хамаарахгүй юм.

 

Барьцаа гэдэг нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээтэй холбоотой, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд эрх зүй болон эдийн засгийн тодорхой үр дагавар үүсгэдэг тул хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл биш, нөгөө талаар нэхэмжлэгч А-ийн бие даан захиран зарцуулж болох түүний өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй.

 

Харин нэхэмжлэгч А, хариуцагч Мнар төрсөн эх, хүү мөн тул тэдгээрийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэж зааснаар гэр бүлийн гишүүд гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн зохицуулалт үйлчилнэ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж заасны дагуу гагцхүү 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүнээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахад түүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах журамтай ба тийнхүү 18 насанд хүрээгүй хүүхдийн хүсэл зоригийг хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх нь төлөөлөн илэрхийлсэн гэж ойлгоно.

 

Гэтэл нэхэмжлэгч Ань хариуцагч С ******* ХХК болон хариуцагч Мнарыг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулах үед насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан тул түүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байжээ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А-ийн гаргасан хариуцагч М, С ******* ХХК нарт холбогдох 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР