Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37

 

                 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Д.Отгонцагаан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урианхад овогт Дашжанчивын Отгонцагаанд холбогдох 2333000000040 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ***дугаар сарын ***-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Орхон сум 1-р баг *** тоотод оршин суух, Урианхад овогт Дашжанчивын Отгонцагаан /РД:МЙ68083032/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Д.Отгонцагаан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Отгонцагаан  нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн иргэн Г.Нямбуяндэлэгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Янсанжавыг “над руу муухай харлаа” гэсэн шалтгаанаар түүний зүүн гарын алга хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, хохирогч Я.Янсанжавын мэдүүлэг/хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, гэрч А.Бат-Орхоны мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, гэрч Г.Нямбуяндэлэгийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, гэрч Н.Батсайханы мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, гэрч Н.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч У.Хажидсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Н.Буян-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Н.Мягмардоржийн мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/, гэрч Ч.Тэргэлийн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Э.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Ч.Бадраагийн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дугаар сарын 21-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Отгонцагаан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Отгонцагааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Янсанжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид эмчилгээний зардалд 120,000 төгрөг төлсөн баримт, шүүгчийн туслахын утсаар ярьсан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тэмдэглэлийг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Отгонцагааныг хохирогч Я.Янсанжавт төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Урианхад овогт Дашжанчивын Отгонцагааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонцагааныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Отгонцагаанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Отгонцагаан хохирогч Я.Янсанжавт төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА