Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 3420

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 03 өдөр             Дугаар 101/ШШ2019/03420               Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

 

15,553,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, Н ХХК-тай 2018.06.05-ны өдөр 09 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, гэрээний 2.2 дах хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлж урьдчилгаа төлбөр 15,553,250 төгрөгийг хуваарьт хугацаанд төлсөн. Гэрээнд зааснаар 2019.07.01-ний өдөр орон сууцыг ашиглалтад, Улсын комисст хүлээлгэн өгч, компанийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрийн хуваарийг дахин тохиролцохоор болсон боловч 2019.06 сарын байдлаар орон сууцны барилгын сууриа ч тавиагүй байна.

Ингээд гэрээ байгуулсан компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хандахад барилга барихад саад бэрхшээл хүндрэл учирсан тул гэрээгээ цуцлъя, урьдчилгаа төлбөрт төлсөн 15,553,250 төгрөгийг 2019.07.06-ны өдрийн дотор буцаан олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй бидэнтэй уулзахгүй байна.

Иймд Иргэний хууль, дээрх гэрээний холбогдох зүйл, заалт урьдчилгаа төлбөрийг буцаан олгох хэлцлийг тус тус үндэслэн Н ХХК-иас 15,553,250 төгрөг гаргуулж өгнө үү гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М, хариуцагч Н ХХК-д холбогдуулан 15,553,250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгчид 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй ба мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг хүлээн авчээ.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоон хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М, хариуцагч Н ХХК нар 2018 оны 06 дугаар сарын 05-ний өдөр 09 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Амар Амгалан-3” орон сууцны хотхоны ******* тоот орон сууцны зориулалттай 42.45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, хариуцагч уг орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үнэ 78,532,500 төгрөгийг төлөхөөр гэрээний 2.1, 3.6-д тус тус заажээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхын зэрэгцээ ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулсан.

 

Гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч 15,553,250 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгчийн гэрээ цуцлах тухай өргөдөл, түүнд цохолт хийгдэж компанийн тамга дарагдсан баримтаар нотлогдоно гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.

 

Хариуцагч гэрээний 3.6-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй явдал нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргийн зөрчлийг бий болгосон нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тухай үүргийн суурь зарчмыг зөрчсөнөөр тайлбарлагдана. Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйг Амар амгалан-3 орон сууцны барилгын ажил эхлээгүй шалтгаанаар гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардсан үндэслэлийг хариуцагч тал маргаагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байхаар зохицуулсан ч хариуцагч хугацаа хэтрүүлсэн нь түүний буруугаас болоогүй бодит шалтгаан, үйл баримтыг баримтаар нотлоогүй.

Хариуцагч гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй нь зохигчийн харилцан тохиролцож тогтоосон гэрээний үүрэг биелэгдэхгүй боломжгүй болсон, гэрээг хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчид хугацаа алдах хохиролтой үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардсан нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нийцнэ. Мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан журмаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн явдалд нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, үр дүн гарахгүй нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож тодорхой болсон гэж үзэхээр байна.

Иймд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.3-т заасан нөхцөл хангагдсан гэж үзэж дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Н ХХК-иас 15,553,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М олгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг 2019.11.18-ны өдөр мэдэж гарын үсэг зуран баталгаажуулсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлт, баримтыг ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч тал шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тухай, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 15,553,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-д олгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н ХХК-иас 238,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ЭНЭБИШ