Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 3581

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 13 өдөр       Дугаар 101/ШШ2019/03581         Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН*******ЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж шүүгч Ц.Цэрэндулам, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

Гэм хорын хохирол 10,191,140 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 36,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******,*******,*******,*******,*******,*******,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр талийгаач Э нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах, Д ХХК-д сангийн ээлжийн албан үүргээ гүйцэтгэж байгаад 2015.10.09-ний шөнө узэль дээрээс унаж тархины хүнд гэмтэл авсны улмаас ГССҮТөвд эмчлүүлж байгаад 2015.10.28-ны өдөр нас барсан юм.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ******* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж Улсын прокурорын дүгнэлт гарч иргэний хариуцагч Д ХХК-иас гэм хорын хохирлоо гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж хариу ирүүлсэн. Би өрх толгойлсон 10-18 насны 3 хүүхэдтэй амьдралын баталгаат төвшингөөс доогуур орлоготой өөрийн орон гэр хашаа байшингүй айлын хашаанд айлын гэр барин амьдарч байна. Би талийгаач нөхрийнхөө амь үрэгдсэн явдалд Д ХХК-д хөдөлмөр хамгааллын хууль дүрэм баримталж ажиллуулаагүй мөн осол гарсан даруйд ар гэрийнхэнд мэдэгдээгүй ажил мэргэжлийн ослын акт гаргаж өгөөгүй тухайн талийгаачийн болон ар гэр үр хүүхдийн эрх ашгийг ихээр хохироосонд маш ихээр гомдолтой байна. Иймд эмчилгээний 1,889,540 төгрөг, оршуулгын 8,301,600 төгрөг, 36 сарын цалин 36,000,000 төгрөг, нийт 46,191,140 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч*******, Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгч Э нь Д ХХК-д сантехникийн слесарын албан тушаалтайгаар ажилладаг байсан. Ажлын байран дээр нууцаар камераас далд хэсэгт зориуд согтууруулах ундаа хэрэглэж байгаад, согтууруулах ундаа хэрэглэж байсан газраасаа унаж бэртсэн. Бэртлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Дээрх хэрэг явдалд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад талийгч Эгийн амь насаа алдсан үйлдэлд ажил олгогч болох Д ХХК-ийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байхгүйг тогтоож Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байх явцад осолд ороогүй, түүний амь насаа алдсан хохирол болон болсон явдалд ажил олгогчтой холбоотой шалтгаант холбоо тогтоогдохгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Талийгч нь өмнө нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тул үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин шөнийн ээлжид ажиллаж байх үедээ камерын хяналтаас нуугдаж, согтууруулах ундаа хэрэглэн үүний улмаас унаж осолд орсон нь ажил олгогчоос шалтгаалаагүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Прокурорын зүгээс шийдвэрлэсэн.

Д ХХК-ийн зүгээс 2017.10.13-ны өдөр цалингийн урьдчилгаа 300,000 төгрөг мөн тус дөөр 1,768,000 төгрөгийг тус тус хандивласан.*******ийт 2,068,000 төгрөгийг хандивласан байдаг. Талийгаач нь нэгэнт үйлдвэрлэлийн ослоор нас бараагүй, энэ талаар түүний ар гэрийнхэн маргаагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гараагүй тул Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4-н б-д ажилтан бусад шалтгаанаар нас барсан тохиолдолд 1,500,000 төгрөгийн мөнгө тусламж үзүүлнэ гэж заасны дагуу 2015.10.29-ний өдөр ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэлд 36 сарын цалин 36,000,000 төгрөгийг ямар шалтгааны улмаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 37.1.2 дахь хэсэгт ажилтан нас барсан- дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул цалин хөлсийг олгох боломжгүй болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-д Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэж заасан байна.

Энэ талаарх Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх тухай Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолын хавсралтын 2.1-д хэсэгт үйлдвэрлэлийн осолд тооцогдох тохиолдлыг тодорхойлсон.

Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед,

Ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед,

Ажлын байр, нэгж, хэсэхг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед,

Ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед,

Ажилтан ажилдаа ирэх, буцах зам, ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед

Талийгч нь амь насаа алдсан явдалд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2016.07.06-ны өдрийн 11а тоот Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус тогтоолын дүгнэлтэд хохирогч Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д1 блокын коридорт буюу сантехникийн узелийн хажууд байрлах ажилчдын амрах өрөөнд амрах ёстой байтал сангийн хоолой байрлах хэсэгт унтаж байгаад 3 метр орчим өндрөөс унаж нас барсан болох нь хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг эд мөрийн баримтаар хурааж авсан архины шил болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул гэсэн байдаг.

Энэ нь тухайн үед талийгаачийн унаж бэртсэн явдлыг тогтоосон шийдвэр бөгөөд энэ хэрэг явдал нь Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолын хавсралтын 2.1 хэсэгт заасан үйлдвэрлэлийн осолд тооцох 5 тохиолдлуудын аль нь ч биш байх тул ажил олгогчийн зүгээс үйлдвэрлэлийн осолд тооцож бүртгээгүй болно. Хэдийгээр хүний амь нас эрстсэн нь харамсалтай явдал болж ажил олгогч тал болон түүний гэр бүлд хүнд гарз тохиолдсон ч болсон хэрэг явдал нь үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******, хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 46,191,140 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, талийгч Э үйлдвэрлэлийн ослоор нас бус ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас золгүй байдлаар нас барсан, хохирлыг компани хариуцах үндэслэлгүй тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Э нь 2015 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Д худалдааны төвийн үзелийн дээрээс унаж гэмтэл авсан, улмаар 10 дугаар сарын 28-ны өдөр тус гэмтлийн улмаас нас барсан болох нь шат шатны прокурорын тогтоолууд, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож, зохигч энэ тухай шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу хариуцагч хөдөлмөр хамгааллын хууль, дүрмийг баримталж ажиллаагүйгээс осол гарч хүний амь нас эрстсэн, осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох арга хэмжээг цаг тухайд нь аваагүй гэж, хариуцагчийн зүгээс Э нь ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас унаж гэмтэн, улмаар амь насаа алдсан нь хариуцагчаас шалтгаалаагүй, үйлдвэрлэлийн осол болоогүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарууд агуулгын зөрүүтэй буюу талийгч Э ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртсөн, талийгч ийнхүү үйлдвэрлэлийн осолд өртсөн нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг нотлохоор нэхэмжлэгч тал, талийгч Э ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гэмтэж золгүй байдлаар амь насаа алдсан, талийгч ийнхүү амь насаа алдсан явдалд хариуцагч гэм буруугүйг нотлохоор хариуцагч талууд шүүхэд мэтгэлцэж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэхээр, нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, татгалзлыг харьцуулан дүгнэхэд шууд хамаарал бүхий байж болохуйц дор дурдсан баримтуудыг судалж үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

  1. Талийгч Эг анх хүлээн авсан гэх эмнэлгийн байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11025 тоот “Өвчний түүх”-д талийгч Э-г 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03:40 цагт 103-р дамжуулан хүлээн авсан тухай бүртгэл хөтлөгдөж, өвчний түүхийн үзлэгийн тэмдэглэлд 03:57 цагийн байдлаар “Өвчтөний биеийн байдал маш хүнд. Ухаангүй гүн комын байдалтай. /амнаас эхүүн үнэр үнэртэн, бөөлжсөн/” гэж тэмдэглэгдсэн. /2-р хавтаст хэргийн 6-10 дахь тал/
  2. Талийгч Э-гийн унаж бэртсэн гэх газарт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч ийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-д талийгч Э-гийн унаж гэмтсэн гэх газраас олдсон 0.5 литрийн хэмжээтэй “Viva” архины шилийг хураан авсан тухай дурдаж шинжилгээнд явуулжээ. Тус архины шилэнд бэхжсэн гарын хээг эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрний сантай тохирч байгаа эсэхийг шинжлүүлснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/081 тоот дүгнэлтээр тохирохгүй хэмээн дүгнэж, харин тус архины шилэнд бэхжсэн гарын хээ нь талийгч Э-гийн гарын хээтэй тохирч байгаа эсэхийг шинжлүүлсэн баримтгүй, ийнхүү шинжлүүлээгүй гэж хэргийн оролцогч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /1-р хавтаст хэргийн 9-12, 101-111 дэх тал/
  3. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1911 тоот дүгнэлтээр талийгч Э-гийн биед “олон хоног эмчлэгдсэн тул цусанд согтууруулах, мансууруулах зүйл үзээгүй” тухай дүгнэлт гарч байжээ. /1-р хавтаст хэргийн 9-12 дахь тал/
  4. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11а тоот Прокурорын тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 5/277 тоот Прокурорын тогтоолоор “хохирогч Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д1 блокын коридорт буюу сантехникийн үзелийн хажууд байрлах ажилчдын амрах өрөөнд амрах ёстой байтал сангийн хоолой байрлах хэсэгт унтаж байгаад 3 метр орчим өндрөөс унаж нас барсан болох нь хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг, эд мөрийн баримтаар хурааж авсан архины шил, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ... түүний амь насаа алдсанд гадны нөлөөтэй байдал тогтоогдоогүй байна. Д ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй боловч энэ нь талийгаачийн үхэлтэй шууд шалтгаант холбоогүй, золгүй явдал нь талийгаачийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан” үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1-р хавтаст хэргийн 127-128, 218-219 дэх тал/
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх шинжээч томилж, шинжээч ******* /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч ажилтай/ 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн SH-2018/16 тоот, мөн хариуцагч талын хүсэлтээр шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж,*******,, /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажилтай/ нарын 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/01 тоот дүгнэлт гарчээ. Тус дүгнэлтүүдээр “Э нь ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс унаж гэмтсэний улмаас нас барсан гэх хэрэг учралыг шүүхийн шинжилгээний байгуулагаас эд мөрийн баримтаар тогтоогоогүй” ... “Д ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн” ... “Э ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж гэмтсэн осол нь үйлдвэрлэлийн осол” болохыг тогтоожээ. /1-р хавтаст хэргийн 148-150, 2-р хавтаст хэргийн 2-4 дэх тал/
  6. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э, Х.Н, Д.Б,*******.Г, Д.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч Д.Э мэдүүлэгтээ “талийгч Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, архи үнэртэж байсан” гэх, гэрч Х.Н мэдүүлэгт “талийгч Э-гаас архи үнэртэж байсан, А-ийнд уусан гэсэн” гэх, гэрч Д.Б мэдүүлэгт “11 цагийн үед талийгаач инженер дээр очоод тарваганы боодог хийж өгөөд ирлээ гээд архи үнэртэж байсан” гэх, гэрч*******.Г мэдүүлэгт “талийгаач 9-ны өдөр 3-4 цагийн үед А инженер дуудаж байна гээд явсан, 11 цагт халамцуу ирсэн. Тарваганы боодог амсуулаад, ахад нь ганц юм байна гээд үзел дээр гарч уусан. Архи ууж дуусаад 3 цагийн үед унтах шиг болсон.*******эг хүн орилох шиг болоод юу болсон гээд харахад талийгч унасан байсан” гэх, гэрч Д.Х мэдүүлэгт “намайг өглөө ажилд ирэхэд Э эмнэлэг явсан гэсэн, эмнэлэгт очиход ухаангүй боолттой байсан, сэхээний тасагт ороход архи үнэртэж байсан. Э урьд нь 2 удаа архи уусан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авахуулсан байдаг” гэж мэдүүлсэн. /1-р хавтаст хэргийн 179-186, 230-234 дэх тал/
  7. Хариуцагч Д ХХК, талийгч Э-тай 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээг 1 жилийн хугацаатай, үндсэн цалин 700,000 төгрөг байхаар тохиролцож байжээ. /2-р хавтаст хэргийн 81-84 дэх тал/
  8. Мөн хариуцагч Д ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 31 тоот тушаалаар талийгч Эд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэж байжээ. /2-р хавтаст хэргийн 87 дахь тал/
  9. Шүүхийн журмаар хариуцагч Д ХХК-ийн ажлын байр буюу талийгч Э-гийн унаж бэртсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн талийгч Э-гийн хяналтын камерийн бичлэгт хадгалагдсан ажлын байрнаас гарч буй, ажлын байрандаа ирж буйг хяналтын камерын бичлэгээр бэхжүүлсэн СД бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 188-199, 200-204 дэх тал/

Дээрх үйл баримтаар талийгч Э Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч Д ХХК-д ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчаас талийгч Э-гийн эмчилгээнд зарцуулсан зардалд 1,889,540 төгрөг, оршуулгын зардалд 8,301,600 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан гэж үзэж үйлдвэрлэлийн ослын үр дагаварт 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 36,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр талийгч Э-г ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж гэмтсэн ослыг үйлдвэрлэлийн осол гэж тогтоосныг нэхэмжлэгч тал үндэслэл болгон үйлдвэрлэлийн осол болсныг тогтоолгон нөхөн төлбөр шаардсан бөгөөд дээрх хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байхын зэрэгцээ шинжээч дүгнэлтээ маргааны үйл баримтад тулгуурлан шүүх хуралдаанаар хэлэлцэн судлагдсан баримтад үндэслэн гаргасан гэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын нэхэмжлэлээс татгалзан маргаж буй, шинжээч нарын дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудаар талийгч Э ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн татгалзлаа нотолж асуулгасан гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй, талийгч Э-г анх хүлээн авсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11025 тоот өвчний түүхээр үгүйсгэгдсэн тул гэрчийн мэдүүлгүүдийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд үзэх, маргаж буй үйл баримтыг нотолсон хангалттай нотлох баримт гэх үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 11а тоот, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 5/765 тоот прокурорын тогтоолын үндэслэл болсон баримтуудын “гэрчүүдийн мэдүүлэг”-ээс бусад “хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг, эд мөрийн баримтаар хурааж авсан архины шил, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд” нь талийгч Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг шууд нотолсон шинжгүй байна. Хэргийн оролцогчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж, прокурорын тогтоолын үндэслэл болсон эдгээр баримтуудын аль хэсгийн ямар дүгнэлт нь талийгч Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нотолж буйг прокурорын тогтоолын үндэслэлд тодорхой, дэлгэрэнгүй заагаагүй тул шүүх прокурорын тогтоолыг шууд үндэслэн талийгч Э-г ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гэмтэж улмаар нас барсан гэж дүгнэх боломжгүй байна.

Талийгч Э-г ажлын байрандаа гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн цаг хугацаатай давхцан цагдаагийн байгууллага тус ослын шалтгааныг тодруулахаар эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх боловч Э ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг цагдаагийн байгууллага тэр даруй шалгасан эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримт, хүсэлтийг талууд шүүхэд гаргаагүй ба цагдаагийн байгууллагаас талийгч Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тухайн үед шалгаж тогтоогоогүй гэж талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн ажлын байранд үзлэг хийсэн бөгөөд хариуцагч “ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр амрах зориулалтаар тоноглож тохижуулсан байраар хангах” үүргээ биелүүлсэн нь тогтоогдоогүй. Хариуцагчийн тайлбарлаж буй “ажилчдын амралтын байр” гэж заан тодорхойлсон байр нь агуулахын зориулалтаар ашиглагдсан нь үзлэгээр тогтоогдсон, түүнчлэн шинжээч нарын шүүх хуралдаанд гаргасан “ажилтнуудын түр амрах байраа үзүүлээгүй, цоожтой байрыг гаднаас нь харуулсан” тухай тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй ба талийгч Э-г өндрөөс унаж гэмтэх үед ажилтнуудын амрах байр гэж тодорхойлсон байрыг амрах байрны зориулалтаар ашиглаж байсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй.

Түүнчлэн хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар талийгч Э-д учирсан гэмтэл нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг судлан бүртгэж тогтоох, ослын шалтгааныг тогтоох дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан, үйл баримтыг тогтооход бэрхшээл учруулж, маргаан үүсгэсэн байна.

Шүүх хуралдаанд мэтгэлцсэн талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагчийг осол гарсныг тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зохих арга хэмжээ аваагүй гэж буруутгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдвэрлэлийн осол болсон эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулсан зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэхийг тогтоолгон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, ...” үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч талийгч Э-г үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэхийг тогтоолгож нөхөн төлбөр шаардсан нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасныг зөрчихгүй.

Иймд талийгч Э-г үйлдвэрлэлийн осолд өртөж улмаар нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” ажил олгогч нь олгохоор хуульчилсны дагуу талийгч Э-г үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож хариуцагч Д ХХК-иас талийгч Э-гийн 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулж түүний эхнэр, нэхэмжлэгч Э-т олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нөхөн төлбөрт 36,000,000 төгрөг нэхэмжлэхдээ Э-гийн нэг сарын цалинг дунджаар 1,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл муутай байна. Талийгч Э-гийн хариуцагчтай 2013 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэг сарын үндсэн цалинг 700,000 төгрөг байхаар тохирсон, түүний 0512809 тоот*******ийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр 2015 оны 1-10 дугаар сард 323,181-850,753 төгрөгөөр үндсэн цалингийн бичилт хийгдсэн байх тул*******ийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан талийгч Э-гийн нэг сард авбал зохих үндсэн цалингийн хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

Тус журмын 7а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасны дагуу талийгч Э-гийн 2015 оны 7-9 дүгээр саруудад бүтэн авч байсан гурван сарын үндсэн цалингийн нийлбэр /2,102,697/3=700,899/-ээс тооцоход нэг сарын үндсэн цалин 700,899 төгрөг болж байх тул 36 сарын үндсэн цалин /700,899х36=25,232,364/ 25,232,364 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Талийгч Э-г үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болохыг тогтоож, хариуцагчаас нөхөн төлбөр гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Хөдөлмөр, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.0-т заасан үүргээ хариуцагч хангалтгүй биелүүлсэн буюу хэрэгт авагдсан баримтаар Э-г 2015 оны 10 дугаар сарын 09-нд үйлдвэрлэлийн осолд өртөх үед ажилтнуудын амрах байр гэж нэрлэгдсэн байрыг 2019 оны 08 дугаар сард шүүхийн журмаар үзлэг хийх үед агуулахын зориулалтаар ашиглаж байсан ба осол болох үед тус байрыг зориулалтын дагуу ашиглаж байсан үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагч тайлбартаа уг амралтын байрыг өвлийн улиралд амралтын байрны, зуны улиралд агуулахын зориулалтаар ашигладаг гэж тайлбарлаж байх боловч шинжээч нарыг хариуцагчийн ажлын байртай танилцах үед тус амралтын байрыг боломжит байдлаар үзүүлээгүй талаар шинжээч нар шүүх хуралдаанд тайлбарласан. Тухайн нөхцөл байдлыг үнэлэн шинжээч дүгнэлтээ гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан үйлдвэрлэлийн осол гарсан бол судлан бүртгэх, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоох комисс ажиллуулаагүй нь хариуцагчийг тухайн осол болсон явдалд хайхрамжгүй хандсан гэж үзэх тул мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан ажлын байрны стандартыг бий болгож үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх, дотоод хяналтгүй байдал нь үйлдвэрлэлийн осол бий болох суурь нөхцөлийг бий болгосон гэж үзнэ. Энэ тухай шинжээч нарын дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн.

Талийгч Э үйлдвэрлэлийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсны улмаас эмчлүүлсэн хугацааны, мөн шалтгааны улмаас нас барсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар түүнийг эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээний, оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлын төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Хариуцагч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг хангаж ажиллаагүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас талийгч Э үйлдвэрлэлийн осолд өртөж, эмчилгээ хийлгэж байгаад тухайн ослын шалтгаанаар нас барсан нь нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхтэй холбоотой шаардлага нь гэм хор учирснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Дээр дурдсан үйл баримтаар хариуцагчийг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн учир талийгч Э-г эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байх хугацааны эмчилгээний болон Э-г оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг хариуцагч нөхөн төлөх замаар хохирлыг хариуцан арилгах үүрэг нь гэм хор учруулсан этгээдийн хариуцлага гарцаагүй байх хүлээх зарчимд үндэслэнэ.

Иймд талийгч Э үйлдвэрлэлийн ослын улмаас гэмтэж 2015 оны 10 дугаар сарын 10-28-ны өдрийн хооронд Гэмтэл согог судалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсний болон оршуулгын зардалд нэхэмжилсэн 10,191,140 төгрөгийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 3,568,000 төгрөгийг /1-р хавтаст хэргийн 50-52 дахь тал/ хасч үлдэх 6,623,140 төгрөгийн хохирлыг хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэв.

Иймд хариуцагч Д ХХК-иас 31,855,504 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-т олгож, нэхэмжлэлээс 14,335,636, төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-иас 31,855,504 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-т олгож, нэхэмжлэлээс 14,335,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Д ХХК-иас 317,227 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор*******ийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

                        ШҮҮГЧ                                   Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                        ШҮҮГЧ                                   Б.УНДРАА