Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 596

 

МАГАДЛАЛ

 

2018.0?.02                                                     Дугаар 596                                Улаанбаатар хот

 

 

 

 

Т.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 1?-ны өдрийн 18?/ШШ2017/02746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М С” ХХК,

Хариуцагч “У Х Б” ХХК нарт холбогдох,

 

Зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч “У Х Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж, Б.А, С.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Ар зайсан гудамж, М т хотхоны ? дугаар байрны ? тоотод байрлах, ? м.кв талбайтай, ? өрөө орон сууц, ? дугаар автомашины зогсоолыг Ц.Б эрх шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Дээрх орон сууц, автомашины зогсоолыг анх 20? оны 08 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК нь “М С” ХХК-тай № 1А/52 дугаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан авсан байдаг бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №12/15 дугаар “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр Ц.Б нь “А” ХХК-иас шилжүүлэн авсан байдаг. Улмаар Ц.Б болон Т.С бид “М С” ХХК-д хүсэлт гарган 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ц.Б, “М С” ХХК-тай “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “М С” ХХК-тай №1А/52 дугаар бүхий “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан худалдан авсан билээ. Гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгаж гэрээний дагуу худалдан авсан орон сууц, болон автомашины зогсоолыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч “М С” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бидний нэр дээр гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир шүүхэд хандсан болно. Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0? дугаар сарын 29-ний өдрийн №101/ШШ2016/02767 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 0?-ны өдрийн 1082 дугаар магадлалаар Т.С намайг Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Ар зайсан гудамж, М т хотхоны ? дугаар байрны ? тоотод байрлах, ? м.кв талбайтай, ? өрөө орон сууц, ? тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн билээ. Иймээс өмчлөх эрхээ бүртгүүлэхээр холбогдох баримтыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандахад миний өмчлөлийн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг өгсөн. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/68 дугаар албан бичгээр “М С” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, М т хотхон, ? тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 2?-ны өдрийн 1/?612 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна” гэсэн хариу өгсөн болно. Учрыг тодруулахад “М С” ХХК нь тухайн орон сууцны хорооллын барилгын явц ? хувьтай байхад дуусаагүй барилгын гэрчилгээ авч банк болон бусад байгууллагуудад барьцаалсан байна. Иргэн миний хувьд өөрийн худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгөө барьцаанд байгаа гэдгийг мэдээгүй бөгөөд “А” ХХК болон Ц.Бг “Захиалгаар орон сууцны барилга бариулах гэрээ”-г байгуулах үед ч, эрх шилжүүлэх гэрээ хийж байх үед ч энэ тухай “М С” ХХК нь эдгээр иргэн, аж ахуйн нэгжид мөн иргэн надад дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаатай талаар огт мэдэгдээгүй. Одоо бол “М С” ХХК-ийн тухайн хотхоны барилга 100 хувь бүрэн баригдаж дууссан, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 дугаар улсын комиссын актаар ашиглалтанд орсон бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг бидний өмч болохыг шүүхээр тогтоочихсон хууль ёсны өмчлөгч билээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “М С” ХХК нь зохих этгээдийн зөвшөөрлийг авч барьцааны гэрээ байгуулах ёстой байтал мэдэгдээгүй хийсэн байх тул дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөө хэлбэл “М С” ХХК нь захиалгын гэрээний дагуу бусад этгээдэд дээрх орон сууц болон, автомашины зогсоолыг өмчлөх эрх үүсчихсэн байхад бусдын өмчлөлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулсан нь хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу дээрх барьцааны гэрээнээс өөрийн өмчлөлийн хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа билээ. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”, 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт “Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу “М С” ХХК болон У Х Бны хооронд байгуулсан 20? оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/?0727 тоот зээлийн барьцааны гэрээнээс Т.С миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин гөгөлдөр бусд тооцсоноор уг гэрээнд зарчмын өөрчлөлт орохгүй, уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд “М С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус барьцааны гэрээнд тусгагдсан “М С” ХХК-ийн бусад эд хөрөнгөөс гаргуулах боломжтой гэж үзэж байна. Иймд У Х Б болон “М С” ХХК-ийн хооронд байгуулсан 20? оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/?0727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нээс Т.С өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Ар зайсан гудамж, М т хотхоны ? дугаар байрны ? тоотод орших ? м.кв талбайгай ? өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах ? автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Маргаан бүхий орон сууц, автомашины зогсоол болох Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Ар Зайсан гудамж, М т хотхоны ? дугаар байрны ? тоотод байрлах, ? м.кв талбайтай, ? өрөө орон сууц, ? дугаар автомашины зогсоолыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “М С” ХХК-тай нэхэмжлэгч Т.С №1А/52 дугаар бүхий “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан шилжүүлэн авсан. Дээрх гэрээнд заасны дагуу манай компани орон сууцны түлхүүр гардуулах үүргээ гүйцэтгэсэн мөн Т.С нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Үүний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0? дугаар сарын 29-ний өдрийн №101/ШШ2016/02767 дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 0?-ны өдрийн 1082 дугаар магадлалаар Т.Сэлэнгийг уг байрны өмчлөгчөөр тогтоосон байна. Хэдийгээр уг орон сууцны өмчлөгч манай “М С” ХХК байсан ч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “...өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж зааснаар захиран зарцуулсан ба одоо бол хууль ёсны өмчлөгч нь Т.С болохыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон юм. Тийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ барьцааны гэрээнээс хүчин төгөлдөр бус болгуулахаар шаардаж байгаад манай компаний зүгээс татгалзах зүйл байхгүй болно. Мөн “М С” ХХК болон У Х Бны хооронд 20? оны 07 дугаар сарын 27-ны өдөр №ЗБГ0001/?0727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулагдсаныг өмчлөгч Т.С огт мэдээгүй. Харин Т.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болгосноор У Х Бны эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна. Учир нь манай компани дээрх “Зээлийн барьцааны гэрээ”-нд Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлсноор нийт 24 780 825 000 төгрөгийн үнэ бүхий долоон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Одоогийн байдлаар У Х Бинд төлөх үлдэгдэл төлбөр бол дээрх барьцааны үнийн дүнгийн зөвхөн 7.5? хувь буюу 1 867 895 ?91 төгрөг үлдээд байгаа юм. У Х Б бүх барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах далд сонирхолгүй л байгаа бол барьцааны гэрээнээс Т.Сд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болгосон ч бусад барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ хангуулах бүрэн боломжтой юм. Тийм учраас манай компаний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба У Х Бнаас зээлсэн төлбөрөө уг харилцаанаас тусгаарлан төлж барагдуулах болохоо шүүхэд мэдүүлж байна гэжээ.

Хариуцагч У Х Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У Х Б нь “М С” ХХК-тай 20? оны 7 дугаар сарын 27-ны өдөр анх Зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, М т хотхоны ? тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын ?0 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ, Г-97 тоот автомашины зогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон тэдгээрийн ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт тус тус барьцаалсан. Уг барьцаа хөрөнгүүдэд нэхэмжлэгчийн маргаж буй ? дугаар байрны ? тоот орон сууц, ? дугаар автомашины зогсоолууд нь хамаарч байгаа юм. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлд заасны дагуу Зээлийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан. Иймд зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр “М С” ХХК-ийг өмчлөгч гэж үзэж, барьцааны эрх үүсгэхээр хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй болно. Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Т.Сэс зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “зохих этгээдийн зөвшөөрлийг авч барьцааны гэрээ байгуулах ёстой байтал мэдэгдээгүй хийсэн байх тул дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм” гэжээ. Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед маргаан бүхий орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд “М С” ХХК бүртгэгдсэн, улсын бүртгэлд ямар нэгэн урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан тул Иргэний хуулийн 18? дугаар зүйлийн 18?.1 дэх хэсэгт заасны дагуу У Х Бны хувьд нь уг бүртгэлийг үнэн зөв гэж үзэж, зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг онцлогтой. Иймд Зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл нь нэхэмжлэгч Т.С өмчлөлд шилжээгүй байсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал У Х Б нь 20? оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулах үедээ 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь “М С” ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулна гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагатай гэдгийг мэдэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2-т заасныг баримтлан хариуцагч “М С” ХХК, “У Х Б” ХХК-иудад холбогдох, У Х Б ХХК болон “М С” ХХК-ийн хооронд байгуулсан 20? оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/?0727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нээс иргэн Т.С өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ? дүгээр хороо, Ар зайсан гудамж, М т хотхоны ? дугаар байрны ? тоотод орших ? м.кв талбай бүхий, ? өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах ? автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 959 ?00 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “У Х Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:У Х Б” ХХК, М С ХХК-н хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №4010 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт (шийдвэрийн 10 дугаар талын сүүлийн 2 догол мөр, ? дүгээр талын 1 дэх догол мөр, Тогтоох хэсгийн ? дахь хэсэг) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дээрх хөрөнгүүд нь барьцаанд байгааг, мөн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0? дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар У Х Бны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаар тус тус дүгнэсэн байдаг. (Дээрх шүүхийн шийдвэрүүд нь Улсын дээр шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон.) Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгө нь У Х Бинд барьцаалагдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгөд хамаарч байгаа, тухайн хөрөнгөд хамаарах банкны барьцааны эрх хадгалагдаж байгаа талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байхад анхан шатны шүүхээс "нэхэмжлэгчийн орон сууцыг банкинд барьцаалагдсан хөрөнгө гэж үзэхээргүй байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

Цаашлаад анхан шатны шүүх Зээлийн барьцааны гэрээнд дурдсан М т хотхоны ? тоот барилгын ?0%-нйн гүйцэтгэлтэй барилгад нэхэмжлэгч Т.С өмчлөлийн орон сууц багтаагүй гэдгийг нотлоогүй (нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй) байж, Зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан У Х Б ХХК-ийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүссэн барьцаалагдсан хөрөнгө гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна. Мөн уг маргаанд барьцаалуулагч этгээдийн буруугаас барьцаалагч арилжааны банк, нөгөө талд захиалгын гэрээ байгуулсан иргэдийн ашиг сонирхолд үүссэн зөрчлийн үр дагаварыг зориуд иргэдэд бус 1 арилжааны банкинд хариуцуулах нь илүү зүйтэй гэж үзсэн сүбъектив шийдэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хожим бий болгосон гэх эргэлзээ байгаагаа ч энд дуръя. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан барьцааны зүйлтэй холбоотой дүгнэлтэд өөрчлөлт оруулж, тогтоох хэсэгт шаардлагатай тодруулга, өөрчдөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч “М С” ХХК, “У Х Б” ХХК нарт холбогдуулан зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.С нь Хан-Уул дүүргийн ? дүгээр хороо, Ар Зайсан гудамж, М т хотхон, ? дугаар байрны ? тоот хаягтай, ? м.кв талбай бүхий ? өрөө орон сууц, ? тоот автомашины зогсоолыг Ц.Бгаас 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан.

Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь “М С ХХК-тай мөн өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх №1А/52 тоот гэрээ байгуулан, гэрээний зүйлийн үнийг төлсөн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0? дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02767 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг тухайн орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.     /хэргийн 28-40 дүгээр хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэлд заасан орон сууцны барилгыг барих зориулалтаар У Х Бтай 20? оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан, ?0 хувийн гүйцэтгэлтэй, 81 айлын орон сууцны дуусаагүй барилга, авто машины зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2 500 000 000 төгрөгийн зээлд барьцаалсан, барьцааны гэрээний хөрөнгүүдэд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоол хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч нарын хооронд 20? оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнээс өөрийн өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай байх ба энэ үндэслэлд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хэргийн 126-144, 1?0-1?? хуудас/

Шүүх хэргийг шийдвэрлдэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, ...? өрөө орон сууц, ? тоот авто машины зогсоол нь барьцааны гэрээнд тусгагдаагүй, барьцаалагдсан эд хөрөнгө гэж үзэхээргүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч У Х Б ХХК нь шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцээгүй талаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй.

Гэвч шүүх Т.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, У Х Б ХХК болон “М С ХХК нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргахад анхан шатны шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1?-ны өдрийн 18?/ШШ2017/02746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ?9 дүгээр зүйлийн ?9.4, ?9.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Т.ТУЯА

 

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ