Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/568

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 

                                              

 

 

 

 

  2023        04          18                                  2023/ШЦТ/568

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн XX овогт Т.И холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр XX аймгийн XX суманд төрсөн, 00 настай. Дээд боловсролтой, XX хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, XX дүүргийн XX дугаар хороо, XX задгайгийн XX тоот оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу уг ялыг өршөөж шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг эдэлж байгаа,

XX овгийн Т.И /РД:ФА00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.И нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн XX дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг XX худалдааны төвийн “XX” түргэн хоолны газарт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, улмаар сейфт нь хадгалж байсан 833.450 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргахгүй байгаа, өмнө хийсэн хэргийнхээ хохирогчтой тарахад мөнгө нэхээд дарамтлаад, хоргоогоод явуулахгүй  байсан болохоор энэ гэмт хэргийг үйлдэх болсон юм ...” гэв.

 

          Хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

 

        Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хяналтын камер шүүж байхад өмнө нь манайд түгээлтийн ажилтан байсан Т.И  гэх хүн нь шөнийн 23 цаг өнгөрч байхад гаднаас орж ирээд харуулд "би түлхүүрээ мартсан байна" гэж худлаа хэлээд менежерийн өрөө онгорхой байхад нь түлхэж онгойлгоод сейфт байсан ойролцоогоор 833.450 төгрөгийг аваад гарсан байсан... Т.Инь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилд орсон, ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хаяад явсан. 2021 оны 07 дугаар сард 1 хэсэг ажлаа ирээгүй, тухайн үед манай эхнэр нас барсан гэж хэлж байсан боловч дараа нь эхнэр гэх хүн нь утсаар яриад байсан... хяналтын камер шүүж үзэхэд түүнээс өөр орсон хүн байхгүй....өчигдөр гарсан Ганхүү менежер нь өрөөний цоожийг цоожлоогүй, онгорхой орхисон байсан. Алдсан гэх мөнгө нь сейфт байсан, сейф ганцхан түлхүүртэй, ээлжээр гардаг учраас түлхүүрийг сейфт зоогоод орхиод өрөөний хаалгыг түгждэг байсан. Т.И нь 2021 оны 08 дугаар сарын 02-нд ажлаа хаяад явсан, шөнийн 23 цагаас хойш ямар ч хүн орохгүй. И март худалдааны төв нь 22 цагаас хааж байгаа. Өрөөний сейфт Т.И-ийн шинжилгээний дэвтэр байсан. Өөр эд зүйл байгаагүй, мөнгө авахдаа дэвтрээ аваагүй байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

 

        Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Т.И нь манай байгууллагад хүргэлтийн ажилтнаар ажилладаг байсан. Би Т.И-ийг хэзээ ажилд орсныг нь мэдэхгүй байна, намайг И Март салбарт очиж ажиллаж эхлэхэд тухайн салбарт ажилладаг байсан. Менежерийн өрөөнд манай ажилчид бүгдээрээ ордог тэр өрөөнд хуруу уншигчтай учир ажилчид цагаа бүртгүүлдэг байсан. Менежерийн өрөөний сейф нь кодтой байдаг. Т.И сейфээс юм авах эрх байхгүй, сейфийг зөвхөн салбарыг менежерүүд ашигладаг байсан. Цоожтой байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Би өмнөх өдөр нь ажилд дээрээ байгаагүй, манай нөгөө ээлжийн менежер Г байсан. Би маргааш нь ирээд цагдаад дуудлага өгсөн. Сейф түлхүүртэй бас кодтой байдаг түлхүүр нь өрөөнд байдаг харин кодыг нь зөвхөн менежерүүд мэддэг..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 198 дахь тал/,

 

        Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Баянзүрх дүүргийн XX дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын XX худалдааны төвд 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хугацаанд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хамгаалагчийн алба хашдаг байсан. Манай ажил 24 цаг ажиллаад 48 цаг амардаг байсан, тэр өдөр би ээлжийн ахлах ажилтан Бат-Өлзий гэх хүний хамт үүрэг гүйцэтгэж байсан. 23 цаг өнгөрөөд ойролцоогоор 00 цаг болж байсан, манай И март төв ажил тарсан, ихэнх хүмүүс хаагаад гараад явсан байсан, тэгээд худалдааны төвийг хаачхаад сууж байсан чинь Бургер кинг ресторанд ажилладаг гэх ах түлхүүрээ мартсан байна гэж хэлээд орох гэсэн. Тэгэхээр нь би шалгах гэд хаалгаа онгойлгож өгөх гэж босох гэсэн чинь надтай хамт ээлжинд гарч байсан Б ах наад хүнээ оруулчих гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг оруулсан чинь нээх удалгүй ойролцоогоор 10-20 минутын дараа гараад явсан. Дэлгүүр хаасны дараа гадны хүн орох ёсгүй байдаг. Тэр хүн орох эрх байгаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 200 дахь тал/,

 

        Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 23-25 дахь тал/

 

        Т.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 22 цагаас 23 цагийн үед байх сайн санахгүй байна миний өмнө шалгагдаж байсан хэргийн хохирогч надаас мөнгөө нэхээд салахгүй өдөржингөө дагаж явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын И март дээр ирээд чи энд ажилдаг юм чинь эндээсээ хүн амьтнаас мөнгө зээлээд миний хохирлыг бага ч болов гаргаад өгч болохгүй юм уу гэсэн тэгээд би ганцаараа И март дэлгүүр лүү орсон тухайн үед ажил тарсан, И март хаасан байсан тэгээд би хамгаалагчид нь түлхүүрээ мартсан байна гэж хэлээд орсон тэгээд Бургер кинг түргэн хоолны газрын менежерийн өрөөний хаалга онгорхой байхаар нь сейфээс нь 800.000 гаруй төгрөг авсан тэгээд гарч ирээд 750.000 төгрөгийг нь хохирогчдоо өгөөд үлдсэн мөнгийг нь би өөрөө авсан. Тэгээд дахиж ажилдаа очоогүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 190-191 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

        - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн хавтаст хэргийн 18 дахь тал/,

        - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 52 дахь тал/

        - Нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 119 дэх тал/

        - Жолооны үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 183 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

        Шүүгдэгч Т.И нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн XX дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг XX худалдааны төвийн “XX” түргэн хоолны газарт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, улмаар сейфт нь хадгалж байсан 833.450 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь

          Хохирогч О.О өгсөн “...хяналтын камер шүүж байхад өмнө нь манайд түгээлтийн ажилтан байсан Т.И хүн нь шөнийн 23 цаг өнгөрч байхад гаднаас орж ирээд харуулд "би түлхүүрээ мартсан байна" гэж худлаа хэлээд менежерийн өрөө онгорхой байхад нь түлхэж онгойлгоод сейфт байсан ойролцоогоор 833.450 төгрөгийг аваад гарсан байсан...Т.И сейфээс юм авах эрх байхгүй, сейфийг зөвхөн салбарын менежерүүд ашигладаг байсан..." гэх мэдүүлэг,

        Гэрч Э.Э-ийн өгсөн "... худалдааны төвийг хаачхаад сууж байсан чинь Бургер кинг ресторанд ажилладаг гэх ах түлхүүрээ мартсан байна гэж хэлээд орох гэсэн. Тэгэхээр нь би шалгах гэд хаалгаа онгойлгож өгөх гэж босох гэсэн чинь надтай хамт элжинд гарч байсан Б ах наад хүнээ оруулчих гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг оруулсан чинь нээх удалгүй ойролцоогоор 10-20 минутын дараа гараад явсан. Дэлгүүр хаасны дараа гадны хүн орох ёсгүй байдаг. Тэр хүн орох эрх байгаагүй..." гэх мэдүүлэг,

        Шүүгдэгч Т.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "... би ганцаараа И март дэлгүүр лүү орсон тухайн үед ажил тарсан, И март хаасан байсан тэгээд би хамгаалагчид нь түлхүүрээ мартсан байна гэж хэлээд орсон тэгээд Бургер кинг түргэн хоолны газрын менежерийн өрөөний хаалга онгорхой байхаар нь сейфээс нь 800.000 гаруй төгрөг авсан тэгээд гарч ирээд 750.000 төгрөгийг нь хохирогчдоо өгөөд үлдсэн мөнгийг нь би өөрөө авсан. Тэгээд дахиж ажилдаа очоогүй...” гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болон бусад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.И-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтэйгээр үйлдсэн байх бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго агуулж үйлджээ.

 

Шүүгдэгч Т.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Т.И нь хохирогч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 833.450 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан: ... гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.И нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Т.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат нь шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч хохирогчид учирсан 833.450 төгрөгийг бүрэн төлсөн. Бусдад төлөх төлбөргүй байна. Иймд улсын яллагчийн гаргаж байгаа саналаас доогуур ял оногдуулж өгнө үү гэх  санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх Т.И-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг  журамлан Т.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.И-т энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 04 /дөрөв/ жил 04 /дөрөв/ сар 29 /хорин ес/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.И-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 88 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг  болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.И-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь  зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч XX овогт Т.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Ит 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ит энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 04 /дөрөв/ жил 04 /дөрөв/ сар 29 /хорин ес/ хоногийн ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар И.*******т оногдуулсан 5 /тав/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.И-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 88 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.И бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ