Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

 

 

 

 

                                2023/ШЦТ/124

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

            Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч: Д.О /онлайнаар/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Батбаяр

            Иргэний хариуцагч: Д.Э

            Шүүгдэгч: Г.Ж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Жд холбогдох 2212001920119 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Б дүүргийн .. дугаар хорооны .. дугаар хороолол .. гудамж 2/2 байр .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гийн Ж /РД:../

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Залаа толгой гэх газарт УАЗ-2206 Фургон маркийн 10-72 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж тухайн эгнээгээр явж байсан Тоёота Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж УАЗ-2206 Фургон маркийн 10-72 БУА дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Испани улсын иргэн G, J, Bнарын эрүүл мэндэд хүндэвтэр, R, M, Mнарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба уг автомашинд зорчиж явсан Б.Цийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О мэдүүлэхдээ: Та бүхэн шүүхийн шинжилгээний дүгнэлтүүдтэй танилцсан байх. Үүнд 6 хохирогч нарын маань 3 хүнд нь хүнд гэмтэл, 3 хүнд нь хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн гэмтлийн зэрэгтэй байгаа. Хохирогч нарын маань ихэнх нь гурваас дээш ясны хугаралтай байгаа бөгөөд үүнээс нэг гадаадын иргэн нь одоо хүртэл хагалгаанд орох шаардлагатай бөгөөд хагалгаанд орсоор байгаа. Гэвч хохирогч нар маань надаар нэг зүйлийг дамжуулж хэлээрэй гэж хэлсэн бөгөөд чи шүүхийн өмнө очоод бид нарын мэдүүлгийг үнэн зөвөөр хэлээрэй, бид нар ямар ч гомдолгүй, энэ осол золгүй замын осол байсан гэдгийг зуун хувь хүлээн зөвшөөрч байгаа, мөн бид нар Г.Жд ямар нэгэн эд хөрөнгө болон ямар ч нэхэмжлэх зүйл байхгүй, энэ осол зуун хувь замын осол байсныг хүлээн зөвшөөрч байна гэдгийг заавал шүүхэд хэлээрэй гэсэн. Мөн 6 гадаадын иргэн маань Монгол улсаас явахдаа өөрсдийн гараараа гомдолгүй гэдгээ бичгээр бичиж  хавтаст хэрэгт өгсөн. Үүнийг нь Испани улсын өргөмжит консул нь орчуулж  хэргийн материалд хавсаргасан байгаа. Хохирогч нарын цорын ганц хэлэхийг хүссэн зүйл нь Г.Ж бол мэргэжлийнхээ хувьд маш сайн жолооч, мөн  чадвартай, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, үргэлж биднийг гэсэн сэтгэлтэй, анхаарал халамжтай  байсан. Харин тухайн өдөр үнэхээр бид нарт золгүй осол тохиолдсон учраас бид нарт ямар ч гомдол саналгүй гэдгийг дамжуулж сайн хэлж өгөөрэй гэж  надад захиж хэлсэн. Маш хүнд гэмтсэн ч ямар ч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байгаа гэв.

Шүүх хуралдаанд иргэний хариуцагч Д.Э мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд гарсан нөхөн төлбөр болон хохирлыг төлсөн байгаа гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212001920119 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч R-н мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Испани улсаас Улаанбаатар хотод ирсэн. Би өөрийн улсаас ганцаараа ирсэн. Миний Монгол улсад ирсэн зорилго бол тус орноор аялаж үзэх гэж ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймаг Мандал овоод байх Бага газрын чулуу гэх газарт очиж үзэхээр аялагч нартай цуг явсан. Миний аялал 14 хоног үргэлжлээд Улаанбаатар хотод ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаан гэх газраас хөдлөөд Архангай аймаг дахь Чулуутын хавцал гэх нэртэй газар үзээд аялалаа цааш үргэлжлүүлсэн бөгөөд би машины хойд суудал дээр сууж явсан. Нэг мэдсэн чинь осол болсон байсан. Би машинаас өөрөө буугаад доош харж байгаад газарт хэвтсэн. Машин яасан талаар би хараагүй. Тэгээд осол гарсан газарт маш олон машин зогсож намайг болон хамт явсан залуу бид хоёрыг эмнэлэг дээр авчирсан. Автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Урд зам дээр нь хонь гарч ирсэн. Тус хонийг тойрч бултах үед өөдөөс хурдтай ирж явсан машин мөргөсөн. Миний зүүн талын 9 дүгээр хавирга цуурсан. Зүүн хөлийн шагайн 3 талын цагаан холбоос гэмтсэн. Ил харагдах шархтай. Энэ юу ч биш ээ. Би жолооч болон хэн нэгэн хүнийг буруутай гэж бодохгүй байна. Гомдол, санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдолгүй. Цагдаагаар шалгуулахгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч J-н мэдүүлсэн: ...Би Испани улсаас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн аав, төрсөн эх, төрсөн дүү нарын хамт Улаанбаатар хотод ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр аав, ээж, дүү нарын хамт үл таних хүмүүстэй нийлэн автомашин хөлслөөд Дундговь аймгийн Мандал-Овоо сумын Бага газрын чулуу гэх нэртэй газар руу явсан. Бид нар бааз дээр хоноод нийт 14 хоног аялаад Улаанбаатар хотод ирэх байсан. Улаанбаатар хотоос гараад 7 дахь өдөр Архангай аймагт байх Цэнхэрийн халуун рашаан дээр хоносон. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 07 цагт босоод эд зүйлээ цэгцлээд Архангай аймаг дахь Хоргын тогоог үзэхээр явцгаасан. Шороон замаар явж байгаад цаашаа Архангай аймаг дахь музей орж үзээд өдрийн хоолоо идсэн. Хоол идэж дуусаад цааш явж Чулуутын хавцал гэх газарт очиж үзсэн. Тэндээс хөдлөөд цааш явж байсан чинь машин хажуу тийшээ даялах шиг болсон. Тэгээд би машинаас бууж харсан чинь бид нарын сууж явсан машин өөдөөс ирж байсан машины урдаас мөргөсөн байсан. Би тэгээд замаас гарч суусан. Тэгээд хүмүүс тусалж эмнэлэг дээр ирсэн. Машин явж байх үед өмнө нь ямар нэгэн саад гарч ирсэн гэж орилоод байсан. Миний аав ГССҮТ-д хэвтэж байгаа. Дүү түүнийг сахиж байгаа. Ээж энд байгаа. Аавын бие муу, ээж, дүүгийн бие зүгээр байгаа. Миний нурууны 5 дугаар үе цуурч, миний өвдөгний зөөлөн эд гэмтсэн. Шагайны зөөлөн эд урагдсан. Зүүн гар атгаж болохгүй бас толгой зовиуртай байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би гомдолгүй тул ШШҮХ-гээр гэмтлийн зэрэг тогтоолгуулах хүсэлгүй байна. Тухайн үед машин барьж явсан жолоочид би гомдолгүй. Би хэрэг гарах үед машины хамгийн хойд талд байх суудал дээр сууж байсан. Осол болсны дараа хойд суудлаас намайг Солонгос татаж гаргаад замын хажууд хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В-н мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн багцаатай аялалд аялаж яваа хүмүүстэй тус машинд суугаад явцгаасан. Эхний өдөр Дунд говь аймгийн Мандал сумын Бага газрын чулуу гэх газарт очиж үзсэн бөгөөд энэ мэт бид нар Монголын үзэсгэлэнт байгалиудыг үзэж танилцсан. Маршрут чиглэлийн дагуу явсан. Би фургон машинтай байгалиас байгалийн хооронд аялсан. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаан гэх газраас хөдлөөд Архангай аймаг руу орж музей үзээд цааш явцгаасан. Тэгээд цааш Чулуутын газарт орж үзээд замын хажуугийн хоолны газарт бөөндөө хоол идэцгээгээд тэр хавиар юм үзэнгээ цай, кофе ууцгаасан. Тэгээд бид нар машиндаа суугаад аялалаа цааш үргэлжлүүлсэн. Би машины дунд суудал дээр сууж байсан. Би зам дээр хонинууд явж байхыг харсан. Манай машин тухайн хонинуудыг тойрч гарах гээд хажуу тийш зайлсхийх үед өөдөөс ирж байсан машин манай машинтай мөргөлдсөн. Би мөргөлдсөн машиныг хальт харахад цагаан тод өнгөтэй машин байсан. Би ухаан алдаад сэрэх үед намайг миний машинаас гаргаад өөр машинд нэг монгол гэр бүл суулгаад эмнэлэг рүү авч явсан. Өөр зүйл би санахгүй байна. Санаж байгаа зүйлээ ярилаа. Автомашиныг унаж явсан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тэр эрүүл байсан. Автомашиныг явж байх үед зам дээр хонь гарч ирсэн. Тэр хонийг тойрох үед осол болсон. Жолоочийн буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. Миний баруун гарын бугуй хугарсан, баруун бүдүүн гуяны яс хугарсан. Миний нурууны зөөлөн эд гэмтсэн, бас нүүрний зөөлөн эд гэмтсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч M-н мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Испани улсаас Монголд аялахаар ирээд Монголын өмнөд аймгаар аялаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймаг руу ороод өдөр 13 цагийн үед Чулуутын хавцал дээр ирээд цай, хоол идээд бас жаахан алхаж байгаад машиндаа суугаад 16 цагийн үед хөдлөөд засмал замаар явж байтал замаар хонь гарч байгаад нэг хонь манай машины урдаас хараад зогсоод байсан. Гэнэт жолооч маань хониноос зайлсхийх гээд зүүн гар тал руугаа дартал цагаан машин урдаас өөдөөс ирж байгаа харагдсан. Тэгсэн чинь жолооч маань буцаагаад баруун тийш дарсан боловч өөдөөс ирсэн цагаан машинтай мөргөлдөөд зогссон. Тэгээд би жолоочийнхоо царайг харсан чинь шоконд орсон цочирдсон царайтай байсан. Тэрнээс хойш би бага зэрэг ухаан алдаад сэрэхэд жолоочийн нүүр цус болсон амнаас нь цус гоожиж байсан. Би юманд хавчуулагдсан байсан чинь уг машинд явсан нэг гэр бүлийн нөхөр нь намайг машинаас гаргах гээд хаалга онгойлгож байсан. Мөн миний гутлыг тайлсан байсан. Миний толгойноос цус гоожиж байсан бөгөөд миний зүүн хөл шагай хэсгээрээ эргэсэн байсан. Тэгээд уг эрэгтэй намайг хүч гаргаж машинаас татаж гаргаад зам дээр хэвтүүлчихээд дээрээс юмаар хучсан. Тэгсэн чинь бороо орж эхлээд намайг машинд оруулсан. Мөн миний баруун гарын бугуй хэсэг гэмтсэн байсан. Тэгээд сумын эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэж эхэлсэн. Би жолоочийн хажуу талын суудалд бүсээ зүүж сууж явсан. Жолооч Стэй нийлээд 7 хүн байсан. Архи уугаагүй. Өдрийн хоолонд хамт орсон, огт архи, пиво байгаагүй. Бид нар бол машинд суугаад бүсээ зүүдэг байсан. Тэр өдөр тэр хүмүүсийг би анзаарч хараагүй. Архи, пиво хэрэглээгүй байсан. Уусан байх боломжгүй. Эсрэг урсгалд орсон эсэхийг санахгүй байна. Надад тусалж байсан хүнийг л санаж байна. Баруун хөлийн шагайн хугарал, зүүн хөлөнд шагай, дунд чөмөгний хугарал, нурууны 5 дугаар үе, хүзүүний 6 дугаар үе хөнгөн гэмтсэн. Толгой хагарсан. Цагаан жижиг машин байсан. Мөрийг нь сайн анзаарч тогтож хараагүй учраас санахгүй байна. Уг машинд хэдэн хүн явсныг мэдэхгүй байна. Огт хараагүй. Шулуун, тэгш зам байсан. Гомдол, санал байхгүй. Намайг аварсан хүн болон сумын эмнэлэг, хотын эмнэлэг, онгоцоор авч ирж түргэн шуурхай ажилласан учраас гомдолгүй. Явах нэг, буцах нэг урсгалтай байсан. Би хэлж мэдэхгүй байна. Хонь зам дээр биш, бэлчээрт байх ёстой. Осолд холбогдсон машины жолооч нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Даатгалаас төлбөр төлөх тохиолдолд нэхэмжилнэ. Жолоочоос бол нэхэмжлэх зүйл байхгүй. Би Испанид байх учраас оролцохгүй, танилцахгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч G-н мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 17-ны 3 дахь өдөр нар дээр, үдээс хойш цаг эрт байхад Чулуутын хавцлаас хөдлөөд жолоочийн ард урагшаа хараад сууж яваад урд байдаг голын толинд жолоочийн царайг харахад цочсон, айсан царайны төрх харагдахаар нь би осол болох гэж байна гэж бодоод жолоочийн араар байдаг хөндлөн хашлаганаас чанга барьсан. Тэгээд урагшаа цонхоороо харсан чинь цагаан өнгийн жижиг машин манай машины доогуур ороод ирж байгаа юм шиг орж ирээд мөргөлдөөд тан гэх дуу чимээ гараад зогссон. Тэгээд би эргэн тойрноо хараад хажуу талын цонхоо онгойлгоод дараа нь суудлын бүсээ тайлаад доошоо шал руу харсан чинь өд цацарсан байсан. Тэгээд хажуу талын хоёр хүнээ харсан чинь баруун талын Асуудалтайгаа урагш тонгойсон, цаад хаалган талд байсан Мишээл урд суудал болон өөрийнхөө суудал дунд хавчигдсан толгойгоороо урагш мөргөсөн байдалтай, арын 1 хүн араас суудлаасаа унаад шалан дээр сууж байсан. Биеэ эргүүлэх гэхэд хөл өвдөөд байсан. Тэгээд хажуугаар явж байсан машинууд зогсоод ирж цонхыг тогшиж байсан. Тэгээд гаднаас хүмүүс жолоочийн хаалгыг онгойлгох гээд чадалгүй, заалны хаалга ирж онгойлгоод би бүсээ тайлсан байсан болохоор өндийгөөд цүнхээ аваад хаалгаар гарах гэхэд урдаас хүмүүс татаж авсан. Тэгээд намайг зам дээр хэвтүүлсэн. Удалгүй бороо орж эхэлсэн чинь нэг залуу намайг машинд суулгасан. Тэр машинд Х сууж байсан бөгөөд би Хгийн өвдгийг дэрлээд хэвтээд донсолгоотой замаар яваад эмнэлэгт очсон. Х алхаад буусан, би үлдээд хамгийн сүүлд эмнэлэг рүү орсон. Үгүй, жолооч хоолонд ороход хамт байсан бөгөөд архи уугаагүй. Хоёр урсгалтай зам байсан. Явдал нэг, буцах нэг. Намайг гадаа хэвтүүлсэн байсан. Гадаа бороо ороод тэнгэр бүрхсэн бүүдгэр байсан. Манай машиныг эсрэг урсгал тал руу гаргасан байх шиг санагдсан. Аарцаг яс 3 цуурсан, нүүрэнд язрал, урагдал үүссэн бөгөөд оёдол тавиулсан. Бүх юм хурдан гэнэт хоромхон хугацаанд болоод өнгөрсөн учраас хараагүй, холоос аяархан ирж байсан. Машин хараагүй гэнэт хурдан цагаан машин урдаас ирж мөргөлдсөн. Би яг осол болох мөчид хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй. Би бол ямар нэгэн амьтан хараагүй. Манай машин өндөр учраас миний сууж явсан газраас хонь мал харагдаагүй. Би тормос гишгэсэн эсхүл жолоогоо нэг тийш дарсан эсэхийг мэдээгүй. Жолоочийн цочирдсон, айсан царайг л харсан. Тийм зүйл байхгүй. Бид нарт осол гэдэг гэнэтийн зүйл тохиолдсон. Сайн жолооч байсан бөгөөд олон хоног хамт явсан. Тэр үед би эдгэрээд гайгүй байвал, шаардлагатай бол ирээд шүүх хуралд оролцож болно. Надад тусалсан, нисдэг тэргээр авч ирсэн бүх хүмүүст маш их баярлалаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч M-н мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод аялалын группийн 8 гишүүд болон эхнэр, 2 хүүхдийн хамт нэг онгоцоор ирсэн. Аялах, жуулчлах зорилгоор ирсэн бид аялахаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн бөгөөд 2 машинд хуваагдаж суусан. Тухайн өдөр манай аялалын багийнхан өглөө Архангай аймгийн Цэнхэр суманд байдаг халуун рашаанаас хөдлөөд замдаа зам дагуу байрлах замын хажуугийн хоолны газарт өдрийн хоол идээд хөдөлсөн. Би тухайн фургон машины жолоочийн ард талд суусан. Бид нар хоолоо идээд цааш хөдлөөд явж байгаад замдаа зогсоод бид нар буугаад гол руу орж үзээд ирэхэд манай хоёр машины жолооч, бид нарыг хүлээгээд машиндаа сууцгааж байсан. Манай аялалын гишүүд бууж гол орж үзчихээд буцаад машиндаа суугаад цааш хөдлөхөд замд явж байхад зам дээгүүр сүрэг хонь явж байсан. Манай жолооч сигнал дараад зарим хонинуудыг холдуулсан бөгөөд тэгэхэд замын яг голд нэг хонь үргэж холдож өгөхгүй байсан. Манай жолооч холдуулах гээд машиныхаа сигналыг маш их дарж байсан. Би жолоочийн ард талд суугаад аялалын группийн гишүүн Стай юм яриад явж байсан. Манай жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд би тухайн аялалын явцад тэр жолоочийг нэг удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсныг хараагүй. Миний бодлоор эсрэг талаас ирж явсан машин харагдахгүй байсан. Хэрвээ манай жолооч харсан бол ямар нэгэн арга хэмжээ авах байсан байх. Мэдээж хамгаалах бүсээ зүүсэн байсан. Тийм учраас бид нар амьд байгаа байх гэж би бодож байна. Жолоочид ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. Би тухайн осолд зам дээр гарч ирсэн тэр хонинууд болон тэр боссон шороо буруутай гэж бодож байна. Би тухайн жолоочийг маш сайн жолооч гэдгийг аялалын хугацаанд мэдсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 138-140 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн мэдүүлсэн: ...Миний охин Б.Ц нь 1985 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Төлөв даруу зантай, нийтэч, хуульч хүн байсан. Элдэв архаг хууч өвчингүй, эрүүл саруул хүүхэд байсан. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна. Болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн ч охиноо алдсандаа харамсаж байна. Хохирол төлбөрийн асуудлыг хуулийн дагуу үнэн зөв тогтооно гэж бодож байна. Бид баримт гаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын мэдүүлсэн: ...Би энэ осол болоход байгаагүй. Тухайн үед 2 фургон машинаар аялагч нарыг авч явсан байсан бөгөөд мөргөлддөг машины нөгөө машинд сууж явсан Б.Эаас осол болсон даруй над руу 99252762 дугаарын утсаар О Сгийн машин аваарт орчихлоо гэж хэлэхэд нь мэдсэн. Б.Э Тариатын эмнэлэгт мэдэгдсэн байгаа, сүлжээгүй газарт осол болсон, сүлжээтэй газраас түргэн дуудсан, ямар ч байсан та нарт хэлж байна гэж ярьсан. Би “Ворлд-Саммит” ХХК-ний захирал С руу залгаад болсон хэргийн талаар ярьж хэлээд дараа нь гадаадын иргэдийг хариуцдаг “Ambar” ХХК-нд мэдэгдээд аялалын даатгалынх нь компанид энэ талаар мэдэгдэж аврах ажиллагаа явуулах зөвшөөрлийг амаар аваад гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр авчрах ажлыг зохицуулж тэр өдрөө нисдэг тэрэг бороотой байсан учраас нисэх цаг нь хойшлоод маргааш өглөө нь үүрээр 06 цагийн үед нисдэг тэрэг хөөрсөн. Улаанбаатар хотоос 2 нисгэгч, гэмтлийн 3 эмч, унтуулгын 1 сувилагч, энгийн 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй, нийт 6 хүний эмнэлгийн баг явсан. Би “Ворлд-Саммит” ХХК-нд багахан хувь эзэмшдэг хүн л дээ. Тухайн үед орон тооны бус ажилтан ямар нэгэн албан тушаалд томилогдож ажиллаагүй байсан. Би хохирогч гадаадын иргэдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоход ямар нэгэн асуудал байхгүй, татгалзах зүйл байхгүй. Испани улсын иргэд осолд орсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлж байгаад 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэг хүн нь үлдсэн. 5 хүн нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн өглөө тусгай үүргийн онгоцоор эх орон Испани улс руугаа нисэцгээсэн. Би “Аmbаг” ХХК-ний Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч учраас намайг Испани улсын 6 иргэн итгэл үзүүлж томилуулсан. Мөн эдгээр иргэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэдгээ мэдүүлэг өгөхдөө бүгд хэлсэн байгаа учраас намайг хууль ёсны төлөөлөгчөөрөө томилуулах хүсэлтээ гаргацгаасан. Эдгээр иргэдийн зүгээс нутаг буцахаасаа өмнө нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бөгөөд энэ талаараа Архангай аймгийн мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө дурдсан байгаа. Эдгээр иргэд аялалын даатгалтай байсан. Өөрөөр хэлбэл гадаадын жуулчдын өөрсдийнх нь 100 хувийн асуудал байдаг. Тийм учраас Монгол талаас ямар нэгэн даатгалын үйлчилгээ байхгүй. Эдгээр иргэд даатгалын компаниасаа эмнэлгийн бүх төлбөр тооцоогоо хийлгэсэн байгаа. Би эдгээр иргэдтэй цахимаар байнгын холбоотой байгаа. Биеийн байдлууд нь сайжирсан, хагалгааны дараах үе шатууд дээрээ байгаа бөгөөд алхах нь алхаад явж байгаа. Бид нарт баярласан талархсанаа илэрхийлээд буцацгаасан. Жолооч Г.Жгийн зүгээс мөнгө, төгрөг төлсөн зүйл байхгүй. Надад санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 119-120 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн: ...Би эхнэр Б.Цийн хамт 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 10 цагийн үед Завхан аймгийн Цагаан хайрхан сумаас өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу хоёулаа гарсан. Сумаас гарахдаа эхнэр бариад Архангай аймгийн Цахир сумын нутгаас би жолоо шилжүүлж үргэлжлүүлэн барьсан. Тэгээд Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд явж байсан чинь урдаас цагаан фургон маркийн машин гэнэт урсгал сөрөөд өөдөөс мөргөсөн. Нэг хэсэг миний ухаан санаа балартаад сэрэхэд миний хажууд суусан эхнэр ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Удалгүй эмч ирээд намайг авч яваад эхнэрийг нас барсан байна гэж хэлсэн. Намайг эмнэлгийн машинд суух үед манай машиныг мөргөсөн фургонд олон гадаад хүмүүс сууж явсныг мэдсэн. Тэгээд эмнэлэгт ирээд эмчилгээ хийлгэж байна. Одоогоор толгой маш их өвдөж бие хөдөлж болохгүй байна. Би ойролцоогоор 25-30 милл хурдтай явж байсан. Миний өөдөөс ирсэн машин шууд урсгал сөрөөд өөдөөс ороод ирэхээр нь би явж байгаа чиглэлийн хөвөө тал руу дараад зогсоход хүчтэй мөргөлдсөн. Приус маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2022 оны 07 дугаар сард худалдан авсан юм. Би тэрийг мэдэхгүй байна. Бороо ороогүй, цаг агаар хэвийн байсан. Би эхнэртэйгээ 2014 оноос хойш амьдарч байна. Сүүлийн 3 жил 6 сар Солонгос улсад амьдарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монголд ирсэн. Эхнэр нас барсан болохоор маш их харамсалтай байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23 хуу/   

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн: ...Би гадаад улсын 12 аялагчтай 2 автомашинтай Улаанбаатар хотоос 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Архангай аймгийн Цэнхэр сумын халуун рашаанд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт ирж хоноод өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагт унаандаа сууж хөдөлсөн. Тэндээс Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогоо үзэх зорилготой явж байсан юм. Би фургон маркийн 92-83 УБГ улсын дугаартай машинд 6 Испанийн жуулчны хамт монгол жолооч болох Эын хамт суусан. Нөгөө машинд буюу фургон маркийн 10-72 БУА улсын дугаартай машинд монгол жолооч Ж машинаа барьж 6 Испани гадаадтай хамт хөдөлсөн. Тэгээд Архангай аймгийн Тариат сумын нутагт миний сууж явсан машин түрүүлээд замд явж байсан бөгөөд Ж араас 2 машинаа хараад явж байсан чинь Жгийн машин гарч ирэхгүй удаад байхаар нь манай машины жолооч бид хоёр хүлээсэн. Хэсэг хугацаанд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад ирсэн зүг рүүгээ явахад хэсэг хугацаанд яваад харахад замын урд олон машин зогссон юм шиг харагдсан. Тэгээд дөхөөд очиход хамт явж байсан фургон маркийн 10-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй цагаан өнгийн Приус маркийн машин өөд өөдөөсөө мөргөлдсөн байсан. Манай хамт явсан фургон маркийн машин нь эсрэг урсгал сөрөөд Приус машинтай мөргөлдчихсөн. Приус нь өөрийн явж байгаа чиглэлд байсан. Тэгээд жолоочийг нь харахад /фургон/ суудал дээрээ ямар ч хөдөлгөөнгүй, арын суудал дээр нэг гадаад жуулчны толгой хөдөлж харагдсан. Тэгээд эхний ээлжинд эмнэлэг, цагдаад мэдэгдэх ёстой гээд сүлжээ хайж, тухайн үед зогссон машинуудаас нэгийг нь гуйж сүлжээтэй газарт очиж, эмнэлэг, цагдаа, компани руу мэдэгдсэн. Тэгээд буцаж очиход фургоны жуулчдыг гаргаад замын хажууд хэвтүүлчихсэн байсан. Приусны жолооч явган алхаж харагдсан. Приусны жолоочийн хажуу талд махлагдуу эмэгтэй хөдөлгөөнгүй байдалтай байсан. Би маш их сандарч тухайн жуулчдад өөрийн чадлаараа тусалсан. Тухайн үед замын машин их зогсож зарим хүмүүсийг тээвэрлэж Тариат сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Приус машинд эмэгтэй үлдсэн. Дараа нь тухайн эмэгтэйг нас барсан гэдгийг нь сонсож мэдсэн. Би аялал жуулчлалын зорилгоор гадаад хүмүүс авч явж байсан. Осолд орсон машинд 6 гадаад, 3 эмэгтэй, 3 эрэгтэй, нэг монгол эрэгтэй, нийт 7 хүн явж байсан. Гадаад жуулчид нь бүгд Испани улсын иргэншилтэй жуулчид байсан. Би хурдыг нарийн хэлж мэдэхгүй байна. Хэвийн явж байсан. Аяллын машин хурдан явж болохгүй. Фургоны машины тухайд жолоочийн биеийн байдал маш хүнд, ус ууж чадахгүй, юм ярьж чадахгүй байсан. Гадаад иргэдийн хувьд бүгд бэртэл, гэмтэлтэй учраас тодорхой хэлж мэдэхгүй байна. Приус машины хувьд жолооч нь нилээн бэртэлтэй, хамт явсан эмэгтэй нь нас барсан байсан бөгөөд хоёулаа явж байсан юм байна лээ. Надтай хамт яваа гадаад иргэд нь бүгд монгол хэл, бичиг мэдэхгүй. Би орчуулагч хийж явж байна. Би осол болох үеийг нь хараагүй, осол болсны дараа миний харснаар хамт явж байсан фургон буюу 10-72 БУН дугаартай машин нь эсрэг урсгал сөрөөд нөгөө машинтай мөргөлдсөн байсан. Машинд нилээн эвдрэл, гэмтэл гарчихсан байсан. Би тодорхой хэлж мэдэхгүй байна. Жгийн өөрийнх нь машин байх гэж бодож байна. Манайх “World summit” ворд суммит ХХК-наар дамжуулж бид нар аялж байгаа юм. Би зөвхөн хөтөч орчуулагчийн үүрэгтэй оролцож байсан. Би өөрөө осол юунаас болж гарсныг хараагүй. Осол болсон машинд суусан жуулчид мал гарч ирсэн, малыг мөргөхгүйн тулд хажуу тийшээ жолооч дарсан чинь өөдөөс нь машин гарч ирээд осол болсон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Осол болсон фургонд 3 нь 65-71 насны 3 хүн, 25-40 хүртэл насны 3 жуулчин явж байсан юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 29-38 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын жуулчны баазаас өглөөний 8 цагт хөдөлж Тариат сумын Хоргын тогоо орох маршруттай 10-72 БУА дугаартай Фургоныг Ж барьж, 92-83 УБГ улсын дугаартай фургоныг би барьж явсан. Жгийн машинд 6 жуулчин явж байсан. Тухайн жуулчид Испани улсын иргэд байгаа юм. Миний машинд 6 жуулчин, орчуулагч Э нар сууж явсан. Тэгээд 15 цагийн үед Тариатын нутагт явж байтал Жгийн машины ард явж байгаад автомашинтай мөргөлдөж осолдсон байсан. Фургон эсрэг урсгал руу орсон байдалтай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж 2 машин хоорондоо наалдсан байсан. Тухайн осол болсон газар буцаж очиход замын нөхцөл байдал хэвийн, эвдрэл, гэмтэлгүй шулуун зам байсан. Тухайн осолд орсон фургоны жолооч Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ж ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй гэж ярьж байгаагүй. Ж жолоо барихдаа ер нь айхавтар хурдан явдаггүй. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсныг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед 2 машин мөргөлдөж, хүн гэмтсэн дуудлага сумын эмнэлэгт ирээд шаардлагатай эм тариаг бэлдэж жолооч сувилагчийн хамт ослын газарт очиход цагаан фургон, цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл хоорондоо урд, урдаасаа мөргөлдсөн, зорчигч нарын заримыг нь замын хажууд газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Тухайн газарт байсан хүмүүст үзлэг хийхэд өвчтөн ухаантай, нүүр амнаас нь их цус гарсан, өвдөж байгаа газраа тохойгоор заасан байдалтай, Приус машинд суусан эмэгтэй маш хүнд байна гэхээр нь очиход амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон, нас барсан байдалтай, машины урд суудлын урд шил хагарч ослын дэр задарсан, хойно байсан ачаа бүгд урагшаа түрж орж ирсэн байдалтай байсан. Приусны жолооч ухаантай, асуусан асуултанд буруу, зөрүү хариулна, айж сандарсан, шоконд орсон байдалтай байсан. Тэгээд фургоны жолоочийг эмнэлгийн машинаар тээвэрлэж авчирсан бөгөөд Приусны жолоочийг өөрийнх нь хүсэлтээр үлдээсэн. Дараа нь араас ирсэн байсан. Бусад гэмтсэн хүмүүс замын унаагаар ирсэн байсан. Фургонд нийт 7 хүн сууж явсан бөгөөд жолооч монгол, бусад нь гадаад жуулчин байсан. Приуст эхнэр, нөхөр 2 явж байсан гэсэн мэдээлэлтэй байсан. Тэгээд өвчтөн нарт холбогдох эмчилгээг хийж эхэлсэн. Фургоны жолоочийн биеийн байдал маш хүнд, Приусных мөн хүнд, гадаад жуулчдын 4 хүний бие нь хүнд, 1 хүн нь хүндэвтэр, 1 хүн нь дунд зэрэг байсан. Ихэнхи нь гавал тархи, цээж, дунд чөмөг, гар, хөл хугарсан гэмтлүүдтэй байсан. Фургон нь байршлын хувьд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, Приус нь хойноосоо урагш чиглэлтэй 2 хамраараа урд урдаасаа мөргөлдсөн, фургон эсрэг урсгал сөрж орсон байдалтай байсан. Приусны хамар нь фургон доогуур орсон байдалтай байсан. Өвчтөн нарыг Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэхээр бэлтгэх ажлыг ханган ажиллаж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал маш хүнд байна. Фургоны жолооч эрүү, нүүр, гавал, тархины гэмтэлтэй, ярих чадваргүй, ухаан санаа бүдэг, орж гарсан байдалтай байна. Эрүү, нүүр, хэл бяцарсан гэмтэлтэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 48-53 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Гийн мэдүүлсэн: ...Би Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хотоос Монголд орж ирсэн машиныг 22.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний биед зам тээврийн ослын улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан ч би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт материал гаргаж өгнө. Тухайн ослын улмаас эхнэр Б.Ц амь насаа алдсан харамсалтай зүйл болсон. Ажил явдлын үеэр миний төрсөн эгч, нөхөртэйгээ Солонгос улсаас ирсэн бөгөөд үүний онгоцны ирж, очих зардлыг хамт нэхэмжилнэ. Нийт машины эвдрэлийн үнэлгээ, эмнэлгийн баримт нийлээд 23.233.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эхнэрийн хууль ёсны төлөөлөгчөөр хадам аав Б оролцож байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 54-55 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Жгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн УАЗ Фургон маркийн 10-72 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Ворлд-Саммит жуулчны компанитай автомашин хөлсөөр явуулах гэрээний дагуу Испани улсын 6 иргэдийг “Нисдэг” машины хажуугийн өндөр “Приеум” зочид буудлаас аваад 2 фургонтой машинтай хотоос хөдлөөд Дундговь аймгийн Бага газрын чулууны кемп бааз руу хөдлөөд тэр өдрөө очсон. Тэгээд аялалын маршрутын дагуу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх амралтын баазад буудаллаж хоноод 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн халуун рашаан дээр жуулчидтайгаа очиж тэндээ хоносон. Маргааш нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 09 цагийн үед рашаан дээрээс хөдлөөд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын Булган уулын зүүн талын үзвэрийн газар орчихоод аймгаас хөдлөөд баруун тийш Хоргын тогоо руу явсан бөгөөд замдаа Ихтамир сум руу өнгөрөөд Чулуутын хавцал дээр зогсож өдрийн унд цайгаа уучихаад тэндээсээ хөдлөөд цааш явж байгаад нэрийг нь сайн мэдэхгүй байна, машинаа би өөрөө бариад явж байсан. Нэг мэдсэн чинь би хотын Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд гэмтэл дээр эрүү нүүрний хагалгаанд орсон. Эмнэлэгт 14 хоног хэвтээд 2022 оны 09 дүгээр сарын дундуур шахуу эмнэлгээс гараад тэрнээс хойш хотод гэртээ, Баянзүрх дүүргийн эмнэлэг, 100 айлын сэргээн засах эмнэлгүүдэд асаргаа эмчилгээ сувилгаанд орсон. 2022 оны 12 дугаар сарын дундаас бие арай дээрдсэн боловч хөдөлмөрийн чадвар алдсан гээд эмнэлэг комиссын магадлагаагаар группэд орсон. Архангай аймгийн Чулуутын хавцлаас Хоргын тогоо чиглэлд ертөнцийн зүүнээс баруунаас зүүн зүгт ойролцоогоор 80 км цагийн хурдтайгаар явж байсан. Ер нь л 80 миллийг бариулаад явдаг. Миний машинд жолоочоос гадна зургаан гадаадын иргэн нийт долуулаа явж байсан. Би амь хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд Ц.Б гуайд хохирлын төлбөрт 10.500.000 төгрөг, жолооч Б.Гийн эмчилгээний болон бусад зардалд 9.200.000 төгрөгийг төлсөн. Цаашид ослоос үүдэн гарсан зардал хохирол төлбөрийг төлнө. Би осолтой холбоотой шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулах хүсэлттэй байгаа боловч өмгөөлөгчөөр дамжуулж хохирогч талд хэлүүлэхэд тэдний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 184 хуу/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11779 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. G-н биед ууцны 3 дугаар нугалам, аарцаг яс, баруун умдаг яс, суудал яс, зүүн сүүжний яс, баруун тахилзуур ясны хугарал, дух, эрүү, баруун сарвууны 2, 4 дүгээр хуруу, баруун, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хөмсөг, дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 58-60 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11777 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. J-н биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын их бие, хоёр талын ялтас, хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун өвдөг, шагай үений зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун тавхайд зулгаралт, баруун сарвууны 3 дугаар хурууны хумс, баруун тавхай, шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх     гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 65-67 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11778 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. В-н биед баруун дунд чөмөг, баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 72-74 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11767 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. R-н биед зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, зүүн шагай үений зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх            гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 79-81 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11774 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. M-н биед гавлын суурь яс, эрүү, яс, зүүн хацар яс, бүсэлхийн 4 дүгээр нугалмын зүүн хажуугийн сэртэн, зүүн сүүжний тогоо, сүүжний далбаа, их бие яс, баруун 4, 5, 6, 7, 8, 9 дугаар хавирга, баруун атгаал, зүүн сарвууны 1, 2, 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн дунд чөмөгний толгойн мултрал, хүзүү, баруун, зүүн бөөрний зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, хүзүү, баруун, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12, 3.6.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 86-89 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11776 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. M-н биед хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртэн, сээрний 1 дүгээр нугалмын баруун хажуугийн сэртэн, баруун 1 дүгээр хавирга, зүүн 5, 6 дугаар хавирга, зүүн дунд чөмөг, зүүн шаант, тахилзуур яс, баруун шагай ясны далд хугарал, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх     гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх          гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 94-96 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Б.Цийн биед зүүн талын олон хавирганы хугарал, зүүн уушиг авчилт, цээжний зүүн хөндийд цочмог цус алдалт, дотор эрхтний доргилт, элэгний баруун дэлбэнгийн язрал, зүүн дунд чөмөгний доод булууны гадна ёрвонгийн өвдөгний үенээс /тойг/ доош мултрал, баруун өвдөгний үений мултрал, бяцарсан хугарал, хоёр гуяны дотор хажууд зулгаралт, зүүн өвдөг, шилбэ, баруун шилбэнд цоохортсон зулгаралт, цус хуралт, нүүрэнд зулгаралт, баруун мөр, бугалга, тохой, шуу, суга, хүйсний дээд хэсэгт зулгаралт, баруун гарын алганы угт өнгөц язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Зүүн талын олон хавирганы хугарал, зүүн уушиг авчилт, цээжний зүүн хөндийд цочмог цус алдалт, элэгний баруун дэлбэнгийн язрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11, 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, хоёр өвдөгний мултрал гэмтэл тус бүр нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 5. Амь хохирогч Б.Ц нь хавсарсан хүнд гэмтэл, уушиг гялтангийн шокоор осол болох цаг хугацаанд нас баржээ. 6. Шинжилгээгээр цөс чулуужих өвчин /олон тооны/, элэг өөхлөлт, баруун уушигны архаг наалдацат үрэвсэл өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй. 7. Амь хохирогч Б.Цийн цусанд спиртийн зүйл илрээгүй. 3. В(III)-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 58-60 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13113 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Гийн биед тархины баруун чамархайн тархины эдэд няцрал, цус хуралт, хамар, зүүн тохой, сарвуунд сорив гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 238-239 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14818 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Жгийн биед суурь яс, баруун нүдний ухархайн дээд хана, хоёр талын нүдний ухархайн доод хана, хоншоор яс, хамрын яс, тагнай яс, эрүү ясны нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал, хүзүүний 7 дугаар нугалмын хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын түвшингийн нугасны эдийн няцрал, 4 мөчдийн саажилт, сээрний 1, 2 дугаар нугалам, цээжний зүүн талын 1 дүгээр хавирганы хугарал, нэг шүдний булгарал, 2 шүдний эмтрэл, зулай, баруун чамархай, нүүрний зөөлөн эдэд няцрал, баруун шилбэ, зүүн сарвууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д, 3.1.5-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /2хх-ийн 25-27 хуу/

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 02 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 03-16 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 18 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 17 хуу/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 40261 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 213-214 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 223-225 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 231-234 хуу/

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16/13 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 201-202 хуу/

Г.Жгийн эмчилгээтэй холбоотой баримтууд /2хх-ийн 61-63, 148 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 149 хуу/

Г.Жгийн эмчилгээтэй холбоотой баримтууд /2хх/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Г.Жгийн эмчилгээтэй холбоотой баримтууд 7 хуудас, хохирол төлсөн баримтууд 5 хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Б.Г нарын хүсэлт 2 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Залаа толгой гэх газарт зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Испани улсын иргэн G, J, Bнарын эрүүл мэндэд хүндэвтэр, R, M, Mнарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, мөн Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Цийн амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Залаа толгой гэх газарт УАЗ-2206 Фургон маркийн 10-72 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж тухайн эгнээгээр явж байсан Тоёота Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж УАЗ-2206 Фургон маркийн 10-72 БУА дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Испани улсын иргэн G, J, Bнарын эрүүл мэндэд хүндэвтэр, R, M, Mнарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Приус-20 маркийн 48-45 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Цийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч R-н мэдүүлсэн “Урд зам дээр нь хонь гарч ирсэн. Тус хонийг тойрч бултах үед өөдөөс хурдтай ирж явсан машин мөргөсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105/,  

хохирогч J-н мэдүүлсэн “Тэндээс хөдлөөд цааш явж байсан чинь машин хажуу тийшээ даялах шиг болсон. Тэгээд би машинаас бууж харсан чинь бид нарын сууж явсан машин өөдөөс ирж байсан машины урдаас мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112/,   

хохирогч В-н мэдүүлсэн “Би зам дээр хонинууд явж байхыг харсан. Манай машин тухайн хонинуудыг тойрч гарах гээд хажуу тийш зайлсхийх үед өөдөөс ирж байсан машин манай машинтай мөргөлдсөн. Би мөргөлдсөн машиныг хальт харахад цагаан тод өнгөтэй машин байсан. Би ухаан алдаад сэрэх үед намайг миний машинаас гаргаад өөр машинд нэг монгол гэр бүл суулгаад эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118/,  

хохирогч M-н мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймаг руу ороод өдөр 13 цагийн үед Чулуутын хавцал дээр ирээд цай, хоол идээд бас жаахан алхаж байгаад машиндаа суугаад 16 цагийн үед хөдлөөд засмал замаар явж байтал замаар хонь гарч байгаад нэг хонь манай машины урдаас хараад зогсоод байсан. Гэнэт жолооч маань хониноос зайлсхийх гээд зүүн гар тал руугаа дартал цагаан машин урдаас өөдөөс ирж байгаа харагдсан. Тэгсэн чинь жолооч маань буцаагаад баруун тийш дарсан боловч өөдөөс ирсэн цагаан машинтай мөргөлдөөд зогссон” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125/,  

хохирогч G-н мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 17-ны 3 дахь өдөр нар дээр, үдээс хойш цаг эрт байхад Чулуутын хавцлаас хөдлөөд жолоочийн ард урагшаа хараад сууж яваад урд байдаг голын толинд жолоочийн царайг харахад цочсон, айсан царайны төрх харагдахаар нь би осол болох гэж байна гэж бодоод жолоочийн араар байдаг хөндлөн хашлаганаас чанга барьсан. Тэгээд урагшаа цонхоороо харсан чинь цагаан өнгийн жижиг машин манай машины доогуур ороод ирж байгаа юм шиг орж ирээд мөргөлдөөд тан гэх дуу чимээ гараад зогссон” гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132/,  

хохирогч M-н мэдүүлсэн “Бид нар хоолоо идээд цааш хөдлөөд явж байгаад замдаа зогсоод бид нар буугаад гол руу орж үзээд ирэхэд манай хоёр машины жолооч, бид нарыг хүлээгээд машиндаа сууцгааж байсан. Манай аяллын гишүүд бууж гол орж үзчихээд буцаад машиндаа суугаад цааш хөдлөхөд замд явж байхад зам дээгүүр сүрэг хонь явж байсан. Манай жолооч сигнал дараад зарим хонинуудыг холдуулсан бөгөөд тэгэхэд замын яг голд нэг хонь үргэж холдож өгөхгүй байсан. Манай жолооч холдуулах гээд машиныхаа сигналыг маш их дарж байсан. Жолоочид ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-140/,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн мэдүүлсэн “Болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн ч охиноо алдсандаа харамсаж байна. Хохирол төлбөрийн асуудлыг хуулийн дагуу үнэн зөв тогтооно гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын мэдүүлсэн “Тухайн үед 2 фургон машинаар аялагч нарыг авч явсан байсан бөгөөд мөргөлддөг машины нөгөө машинд сууж явсан Б.Эаас осол болсон даруй над руу 99252762 дугаарын утсаар О Сгийн машин аваарт орчихлоо гэж хэлэхэд нь мэдсэн. Б.Э Тариатын эмнэлэгт мэдэгдсэн байгаа, сүлжээгүй газарт осол болсон, сүлжээтэй газраас түргэн дуудсан, ямар ч байсан та нарт хэлж байна гэж ярьсан. Би “Ворлд-Саммит” ХХК-ний захирал С руу залгаад болсон хэргийн талаар ярьж хэлээд дараа нь гадаадын иргэдийг хариуцдаг “Ambar” ХХК-нд мэдэгдээд аялалын даатгалынх нь компанид энэ талаар мэдэгдэж аврах ажиллагаа явуулах зөвшөөрлийг амаар аваад гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр авчрах ажлыг зохицуулж тэр өдрөө нисдэг тэрэг бороотой байсан учраас нисэх цаг нь хойшлоод маргааш өглөө нь үүрээр 06 цагийн үед нисдэг тэрэг хөөрсөн. Улаанбаатар хотоос 2 нисгэгч, гэмтлийн 3 эмч, унтуулгын 1 сувилагч, энгийн 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй, нийт 6 хүний эмнэлгийн баг явсан. Испани улсын иргэд осолд орсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлж байгаад 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэг хүн нь үлдсэн. 5 хүн нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн өглөө тусгай үүргийн онгоцоор эх орон Испани улс руугаа нисэцгээсэн. Би “Аmbаг” ХХК-ний Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч учраас намайг Испани улсын 6 иргэн итгэл үзүүлж намайг томилуулсан. Эдгээр иргэдийн зүгээс нутаг буцахаасаа өмнө нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 119-120/,

гэрч Б.Гийн мэдүүлсэн “Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд явж байсан чинь урдаас цагаан фургон маркийн машин гэнэт урсгал сөрөөд өөдөөс мөргөсөн. Нэг хэсэг миний ухаан санаа балартаад сэрэхэд миний хажууд суусан эхнэр ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Удалгүй эмч ирээд намайг авч яваад эхнэрийг нас барсан байна гэж хэлсэн. Намайг эмнэлгийн машинд суух үед манай машиныг мөргөсөн фургонд олон гадаад хүмүүс сууж явсныг мэдсэн. Миний өөдөөс ирсэн машин шууд урсгал сөрөөд өөдөөс ороод ирэхээр нь би явж байгаа чиглэлийн хөвөө тал руу дараад зогсоход хүчтэй мөргөлдсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,    

гэрч Б.Эын мэдүүлсэн “Нөгөө машинд буюу фургон маркийн 10-72 БУА улсын дугаартай машинд монгол жолооч Ж машинаа барьж 6 Испани гадаадтай хамт хөдөлсөн. Тэгээд Архангай аймгийн Тариат сумын нутагт миний сууж явсан машин түрүүлээд замд явж байсан бөгөөд Ж араас 2 машинаа хараад явж байсан. Тэгсэн чинь Жгийн машин гарч ирэхгүй удаад байхаар нь манай машины жолооч бид хоёр хүлээсэн. Хэсэг хугацаанд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад ирсэн зүг рүүгээ явахад хэсэг хугацаанд яваад харахад замын урд олон машин зогссон юм шиг харагдсан. Тэгээд дөхөөд очиход хамт явж байсан фургон маркийн 10-72 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй цагаан өнгийн Приус маркийн машин өөд өөдөөсөө мөргөлдсөн байсан. Манай хамт явсан фургон маркийн машин нь эсрэг урсгал сөрөөд Приус машинтай мөргөлдчихсөн, Приус нь өөрийн явж байгаа чиглэлд байсан. Тэгээд жолоочийг нь харахад /фургон/ суудал дээрээ ямар ч хөдөлгөөнгүй, арын суудал дээр нэг гадаад жуулчны толгой хөдөлж харагдсан. Тэгээд эхний ээлжинд эмнэлэг, цагдаад мэдэгдэх ёстой гээд сүлжээ хайж, тухайн үед зогссон машинуудаас нэгийг нь гуйж сүлжээтэй газарт очиж, эмнэлэг, цагдаа, компани руу мэдэгдсэн. Тэгээд буцаж очиход фургоны жуулчдыг гаргаад замын хажууд хэвтүүлчихсэн байсан. Приусны жолооч явган алхаж харагдсан. Приусны жолоочийн хажуу талд махлагдуу эмэгтэй хөдөлгөөнгүй байдалтай байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-38/,    

гэрч Т.Эын мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын жуулчны баазаас өглөөний 8 цагт хөдөлж Тариат сумын Хоргын тогоо орох маршруттай 10-72 БУА дугаартай фургоныг Ж барьж, 92-83 УБГ дугаартай фургоныг би барьж явсан. Жгийн машинд 6 жуулчин явж байсан. Тухайн жуулчид Испани улсын иргэд байгаа юм. Тэгээд 15 цагийн үед Тариатын нутагт явж байтал Жгийн машины ард явж байгаад автомашинтай мөргөлдөж осолдсон байсан. Фургон эсрэг урсгал руу орсон байдалтай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж 2 машин хоорондоо наалдсан байсан. Тухайн осол болсон газар буцаж очиход замын нөхцөл байдал хэвийн, эвдрэл, гэмтэлгүй шулуун зам байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-45/,

гэрч С.Бийн мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед 2 машин мөргөлдөж, хүн гэмтсэн дуудлага сумын эмнэлэгт ирээд шаардлагатай эм тариаг бэлдэж жолооч сувилагчийн хамт ослын газарт очиход цагаан фургон, цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл хоорондоо урд, урдаасаа мөргөлдсөн, зорчигч нарын зарим нь замын хажууд газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Тухайн газарт байсан хүмүүст үзлэг хийхэд өвчтөн ухаантай, нүүр амнаас нь их цус гарсан, өвдөж байгаа газраа тохойгоор заасан байдалтай, Приус машинд суусан эмэгтэй маш хүнд байна гэхээр нь очиход амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон, нас барсан байдалтай, машины урд суудлын урд шил хагарч ослын дэр задарсан, хойно байсан ачаа бүгд урагшаа түрж орж ирсэн байдалтай байсан. Приусны жолооч ухаантай, асуусан асуултанд буруу, зөрүү хариулна, айж сандарсан, шоконд орсон байдалтай байсан. Тэгээд фургоны жолоочийг эмнэлгийн машинаар тээвэрлэж авчирсан бөгөөд Приусны жолоочийг өөрийнх нь хүсэлтээр үлдээсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-53/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Жгийн яллагдагчаар мэдүүлсэн “Нэг мэдсэн чинь би хотын Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд гэмтэл дээр эрүү нүүрний хагалгаанд орсон. Цаашид ослоос үүдэн гарсан зардал хохирол төлбөрийг төлнө. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 184/,

            хохирогч G-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11779 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 58-60/,

хохирогч J-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11777 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 65-67/,  

хохирогч В-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11778 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 72-74/,  

хохирогч R-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11767 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79-81/,

хохирогч M-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11774 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86-89/,  

хохирогч M-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11776 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 94-96/,  

Б.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13113 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 238-239/,

амь хохирогч Б.Цийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 58-60/,  

            зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 03-16/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 18/, ослын газрын схем зураг /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ж нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Г.Жг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Ж нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Залаа толгой гэх газарт УАЗ-2206 Фургон маркийн 10-72 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогч G, J, Bнарын эрүүл мэндэд хүндэвтэр, R, M, Mнарын эрүүл мэндэд хүнд, Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, мөн хохирогч Б.Цийн амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой байна.

 

           Шүүгдэгч Г.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал болон түүний эрүүл мэндэд суурь яс, баруун нүдний ухархайн дээд хана, хоёр талын нүдний ухархайн доод хана, хоншоор яс, хамрын яс, тагнай яс, эрүү ясны нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал, хүзүүний 7 дугаар нугалмын хугарал, хүзүүний 6, 7-р нугалмын түвшингийн нугасны эдийн няцрал, 4 мөчдийн саажилт, сээрний 1, 2 дугаар нугалам, цээжний зүүн талын 1 дүгээр хавирганы хугарал, нэг шүдний булгарал, 2 шүдний эмтрэл, зулай, баруун чамархай, нүүрний зөөлөн эдэд няцрал, баруун шилбэ, зүүн сарвууны шарх зэрэг гэмтлүүд учирсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон байгаа нь хэзээ ч нөхөгдөхгүй хор уршиг учирсан гэж үзнэ.

           Хохирогч G, J, В, R, M, Mнарын хууль ёсны төлөөлөгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй талаар мэдүүлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Б.Г нар нь хохирлоо авсан талаарх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Жг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

           Харин хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг.....эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

           1. Шүүгдэгч Б овогт Гийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

           4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жгийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ