Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 892

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00467 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МД” ХХК-д холбогдох

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9 700 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  2017 оны 4 сараас “МД” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ авахаар 1600014232 дугаар бүхий гэрээ байгуулсан. 2017 оны 9 сарын 26-ны өдөр 04:00 цагийн үед миний 17-75 УБК дугаартай “Соната-7” маркийн автомашин бүрэн шатаж надад 9 700 000 төгрөгийн хохирол учирсан. Иймээс би гэрээний дагуу даатгалын үйлчилгээ үзүүлж буй “МД” ХХК-д 2017 оны 10 дугаар 13-ны өдөр нөхөн төлбөрийн хүсэлт гаргасан. Гэвч “МД” ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргасан ба энэхүү шийдвэртэй миний бие санал нийлэхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж, 9 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Н.Мын 17-75УБК улсын дугаартай “Хьюндай Соната 7” маркийн автомашиныг 2017 оны 9 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сот 8 дугаар байрны гадна зогсоолд байх үед тээврийн хэрэгсэл бүрэн шатсанд нөхөн төлбөр олгох хүсэлт гаргасан. Тээврийн хэрэгсэл бүрэн шатсан шалтгаан нөхцлийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч дүгнэж, 2017 оны 10 сарын 6-ны өдрийн 364/1970 тоот шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн байх ба “гал түймэр нь автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэн гал түймэр гарсан байх магадлалтай байна” гэж дүгнэсэн байна. Энэ тохиолдол нь №1600014232 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлд заасан аль эрсдэлийн улмаас үүссэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр 2.1.2.а.ахуйн гал түймэр болон 2.1.2.b дэлбэрэлт, тэсрэлт-ийн улмаас үүссэн галын эрсдэлд нөхөн төлбөр олгохоор заасан боловч 2017 оны 9 сарын 26-ны өдөр даатгуулагч Н.Мын 1775УБК улсын дугаартай автомашинд учирсан хохирол нь гэрээний 2.1.2.а, 2.1.2.b-д заасан эрсдэлийн улмаас үүсээгүй байсан. Бидний зүгээс №1600014232 тоот, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.2. “дараах тохиолдлууд нь даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ” гэх заалт, 2.2.3 “хохирлыг нотлох бололцоогүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй дор дурдсан аливаа тохиолдол Үүнд: 2.2.3а даатгалын хугацаанд болон гэрээнд заасан эрсдлийн улмаас учирсныг нотлох бололцоогүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд даатгагчийн гаргасан нөхөн төлбөрийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  • : Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Мын хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүрэгт 9 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүдийг судаж доорхи няцаалт тайлбарыг гаргаж байна. Хэргийн 5 талд байх 2017 оны 12 сарын 01-ний өдрийн огноо бүхий 1600014232 тоот гэрээг нэхэмжлэгч өөрт байсан гэрээ галд шатан устсан гэх үндэслэлээр “МД” ХХК-ийн үйлчилгээний ажилтнаас нөхөж авсан гэж тайлбарласан ба уг гэрээнд даатгагч талыг төлөөлж гэрээ байгуулсан хэсэгт зурагдсан Осоргаравын Золзаяа гэх гарын үсгийг уг этгээд нь зураагүй харин даатгалын гэрээг нөхөж олгосон гэх Б.Эрхэмжаргал гэх үйлчилгээний ажилтан зурсан гэж тайлбарласан, гэрээнд нөхөж олгов гэсэн тэмдэглэлээг гараар бичсэн байх тул уг гэрээг талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ гэж үзэхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Шүүхээс хэргийг шийдэхдээ иргэн намайг хохирол үнэлгээний зардал даатгалын нөхөн төлбөрт багтсан тул үнэлгээ хийхэд гарсан зардал болох 50 000 төгрөгийг нэхэмжилж хурал дээр тайлбарласаар байтал бусад байдлаар нотлогдохгүй гэж дүгнэсэн атлаа зөвхөн компанийн ажилтан Золзаяа гэх гарын үсгийг уг этгээд нь зураагүй харин даатгалын гэрээг нөхөж олгосон гэх Б.Эрхэмжаргал гэх үйлчилгээний ажилтан зурсан гэж тайлбарласан гэх үндэслэлээр даатгалын гэрээ гэж үзэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь нотлох баримтанд үндэслэгдээгүй тул үндэслэлгүй дүгнэлт гэж үзнэ. Бодит байдал дээр шинжээчийн дүгнэлтэд "галын шалтгаан нь автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаар дамжуулагчид богино залгаа үүссэн гал гарсан магадлалтай” гэсэн байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг мушгисан, тулгасан байдалтайгаар, шинжээч яг таг, гуйвшгүй дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.  Хэргийн 22-23 талд байх 2017 оны 10 сарын 06-ны өдрийн дүгнэлтэд шинжээч нь Монгол Улсын ЭБШХ-ийн 46-р зүйлийн дагуу, ... эрх ба үүргийг тайлбарлан өгч, дүгнэлт өгөхөөс татгалзах бус  эсвэл санаатайгаар худал дүгнэлт өгвөл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254, 255-р зүйлд зааснаар хариуцлага хүлээх талаар тэмдэглэж гарын үсэг зурсан зэрэг нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус дүгнэлт болох нь тодорхой байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг үнэлэхээр байхад анхан шатны шүүхээс хууль бус дүгнэлтээр хэргийг шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Галын аюулгүй байдлын тухай хуулийг хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг тов тодорхой харуулж байна. Галын талаар хуульд заасан тодорхойлолтоос нь авч үзвэл миний хохирлыг даатгалын компани хариуцах ёстой болох нь харагдаж байна. Автомашины үнэлгээг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ийн хх-24-33 талд байх үнэлгээний тайлангаар 9 650 000 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч нь уг үнэлгээний тайланд үдэслэн төгрөгийг, мөн даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад зааснаар хохирол үнэлгээний зардал даатгалын нөхөн төлбөрт багтсан тул үнэлгээ хийхэд гарсан зардал болох 50 000 төгрөгийг, нийт 9 700 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн гэж тайлбарласан боловч үнэлгээний төлбөр төлсөн баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Гэтэл  хариуцагч 50 000 төгрөгийг төлсөн эсэх дээр хариуцагч маргаагүй, хариуцагчаас татгалзалын талаар нотлох баримт гаргаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Мөн түүнчлэн Даатгалын гэрээний талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч нар холбогдох хууль тогтоомжууд болох Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасан журмын дагуу батлагдсан даатгалын багц дүрэм болон даатгалын гэрээнд заасан үүргээ хэрхэн (бүрэн буюу зохих ёсоор) хэрэгжүүлсэн эсэхэд цогц дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй зөрчилдөж байна. Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэсэн нь миний машин шатсан тохиолдолд үүсээгүй тул нөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаас даатгуулагч миний зүгээс Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан болон Иргэний хуульд заасан бүхий л үүргүүдээ бүрэн биелүүлсээр байхад нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа нь шударга бус ажиллагаа юм. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлд заасны дагуу даатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг хэрхэн биелэгдсэн талаар мөн шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүй иргэний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасныг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Даатгуулагч иргэн миний зүгээс Иргэний хуулийн 439.1-д заасны дагуу даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсээр байхад даатгагч нь хуулийн 439.4-д заасан даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэснийг биелүүлэхгүй байгааг анхаарч үзээгүй. Мөн түүнчлэн хариуцагчаас өгсөн хариу тайлбарт "... даатгалын гэрээний эрсдлийн улмаас үүссэн болох нь тодорхойгүй байна ..." гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй шалтгаан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Ийнхүү Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зүйлийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 9 700 000 төгрөг гаргуулахар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Нэхэмжлэгч Н.М нь 2017 оны 4 сарын 07-ны өдөр хариуцагч “МД” ХХК-тай сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр “Хьюндай соната-7” маркийн автомашиныг эсрдэлээс даатгуулж, 273 720 төгрөгийн даатгалын хураамж төлсөн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 41 дугаар тал/

 

 Даатгалын гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь 2017 оны 9 сарын 26-ны өдөр автозогсоолд байрлах үедээ шатсан үйл баримт тогтоогдсон байна. Тээврийн хэрэгсэлд учирсан галын шалтгааныг 2017 оны 10 сарын 06-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч дүгнэхдээ “... автомашины цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас дамжуулагчид богино залгаа үүссэнээс гал гарсан” гэж тогтоожээ. /хх-ийн 24-33 дугаар тал/

 

 Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2-т даатгалын эрсдэлүүдийг нэрлэн зааж тодорхойлсон байх бөгөөд 2.1.2-т галын эрсдэлд ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлтийг хамааруулжээ. Шинжээчийн дүгнэлтээр гарсан галын шалтгаан нь талуудын байгуулсан гэрээний 2.1.2-т заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулий 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Тодруулбал, гэрээний 2.1.2-т “гал түймэр” гэж заасан бөгөөд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гал түймэр” гэж гал хараа хяналтаас гарч, хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгаль орчин, нийгэмд хохирол учруулахыг” заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл галын аюул нь хараа хяналтаас гарч улмаар нийтийг хамарсан шинжтэй байхыг ойлгохоор байна. Харин нэхэмжлэгчийн автомашин шатсан үйл баримт нь тухайн автомашины техникийн бүрэн, бүтэн байдалтай холбоотойгоос үүдэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.  

 

 Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2017 оны 04 сарын 07-ны өдрийн гэрээнд эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 41-р тал/ Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргаагүйгээс гадна хуулиар олгогдсон шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байх тул мөн энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                           

                                                          ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                                       Г.ДАВААДОРЖ