Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

Г.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0379/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Б.Батсүх

              Хохирогч                                       Д.М-

              Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын Н-т холбогдох, 1918005720439 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, С- овогт Г-ын Н-.

Шүүгдэгч Г.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Диди” цэнгээний газарт Д.М-ийн дух хэсэг рүү шар айргийн шил шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  398 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч С- овогт Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Н-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Г.Н-т оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгчээс 1.331.352 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ногоон туул хотхон ** дугаар байр, ** тоотод оршин суух Ц- овогт Д-ын М- /РД: **********, утас: ********, ********/-Т олгож, хохирогчийн 1.968.648 /нэг сая есөн зуун жаран найман мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.М- давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Г.Н- хэрэг болсон орой олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж өөр хүмүүстэй үл ойлголцол үүсгэж байсан ба олон хүн бөөгнөрч бүжиглэж байсан бүжгийн талбай руу пивоны шилийг зориуд санаатайгаар шидсэн. Тэнд бүжиглэж байгаа хүмүүс Г.Н-т ямар ч буруу зүйл хийгээгүй гэм зэмгүй хүмүүс байсан. Шидсэн шил миний духан дээр хагарсан. Г.Н- энэ явдлаас хойш надтай холбоогүй байж байгаад шүүх хурал дээр тааралдсан. Ямар ч гэмшсэн шинж байхгүй намайг шил шидсэн гэж байгаа болохоор нь миний буруу гэж бодож байна гэсэн. Хэрэг болдог орой өөрийн гэсэн ухаантай байсныг гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл би юу ч санахгүй байна гэсэн байдлаар хийсэн хэргээ ухамсарлаж бүрэн ойлгоогүй. Надад өгсөн эмчилгээний зардал угаасаа надаас гарсан зардал энэ хүнээс болж би сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон өөртөө өмгөөлөгч хүртэл авсан, ажилгүй байсан хугацааны цалин дутуу олгосон тэр бүр зардал бүрэн олгогдоогүй харамсалтай байна.

Шүүгдэгч Г.Н-т шүүхээс торгуулийн ял оногдуулсан ажил төрөл эрхэлдэггүй, олон нийтийн цэнгээний газарт бүжгийн талбайд пивоны шил шидэж танхайрч намайг нүүр духанд арилшгүй сорвитой үлдээж байгаа энэ хүнд өгсөн ял тохироогүй, энэ хун нийтэд тустай ажил хийж гэм зэмээ ухаарах ёстой. Ажил эрхэлдэггүй хэн нэгнээс магадгүй ээж, ааваасаа мөнгө авч торгууль төлнө, тийм учраас торгуулийн ял тохиромжгүй би бүх насаараа гомдолтой, сорвитой үлдсэн энэ хүн хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг биеэрээ мэдрэх ёстой... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.М- тайлбартаа:

Шүүгдэгч Г.Н-т оногдуулсан торгуулын ялыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний бие анхан шатны шүүх хуралдаан болж дууссаны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 500.000 төгрөгийг авсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэнд эргэлзэж байна. Г.Н-ын гаргасан үйлдэлд гэмт хэргийн шинж чанар, хэмжээг бүрэн тооцоогүйд гомдолтой байна. Миний амь нас ч хохирох боломжтой байсан гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх шүүгдэгчид торгуулын ял оногдуулж шийдвэрлэсэн ба прокурорын зүгээс торгох ял оногдуулах саналтай шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан торгох ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг хэрэгт  авагдсан  нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Диди” цэнгээний газарт Д.М-ийн дух хэсэг рүү шар айргийн шил шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  хохирогч Д.М-ийн өгсөн  ... 2019 оны 8 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед байхаа “DD” бааранд бүжиглэж байсан чинь гэнэт дух руу нэг юм шидэгдсэн, тэгээд толгой манараад духнаас халуун юм урсаад эхэлсэн, тэгсэн цус байсан, тэр үед манай нөхөр, найз 2 маань миний өөдөөс хараад бүжиглэж байсан бөгөөд шууд нэг хүүхнийг манай нөхөр бариад авсан, энэ хүүхэн манай эхнэр рүү пивоны шил шидчихлээ гэж хэлсэн., гэсэн мэдүүлэг, мөн гэрч Б.Н-ын өгсөн ...бааранд Д.М-, Э- нарын хамт орсон бөгөөд бүжгийн талбай руу гараад бүжиглэж байтал бид гурвын хажуу талд танихгүй 2 эмэгтэй муудалцаад байсан.  Тэгээд тэр эмэгтэй нэгнийгээ түлхсэн чинь тэр эмэгтэй баганы цаана ороод буцаж гарч ирээд шууд пивоны шил шидэхэд найз Д.М-ийн духанд оносон, тэгээд баахан цус гоожоод, Э- бид хоёр шууд очиж шил шидсэн эмэгтэйг бариад авсан., гэсэн мэдүүлэг, гэрч Э.Э-гийн мэдүүлэг болон 2019 оны 08 дугаар сарын 10-ны 02:00 цагт үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 689 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

             Шүүгдэгч Г.Н-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа хуулийн холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэсэн байна.

              Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.М-ийн гаргасан   ...энэ хүнд өгсөн ял тохироогүй, энэ хүн нийтэд тустай ажил хийж гэм зэмээ ухаарах ёстой. Ажил эрхэлдэггүй хэн нэгнээс магадгүй ээж, ааваасаа мөнгө авч торгууль төлнө, тийм учраас торгуулийн ял тохиромжгүй би бүх насаараа гомдолтой, сорвитой үлдсэн энэ хүн хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг биеэрээ мэдрэх ёстой... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                             ШҮҮГЧ                                               Ц.АМАРЖАРГАЛ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МАНЛАЙБААТАР