| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 116/2025/0004/3 |
| Дугаар | 221/МА2025/0505 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0505
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
М.Ц нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц нар
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралданы дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр” гэсэн заалт, Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн Д.Б, М.Ц, О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ч
Хэргийн индекс: 116/2025/0004/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц нараас Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр” гэсэн заалт, Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр” гэсэн заалт, Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Уг хэрэгт гаргасан анхны шаардлагаар Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон этгээд болох тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Т-ыг хурлын даргаар сонгосон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах эсэх асуудлыг хянан хэлэлцэхдээ тус тогтоолыг хүчингүй болгосноор Хурлын даргын албан тушаалд нэр дэвших, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээд болох иргэдийн Төлөөлөгч Д.Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, 17.5 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасныг зөрчсөн.
3.2. Д.Т нь тус хэрэгт оролцохдоо зөвхөн хариуцагч нутгийн өөрөө удирдах байгууллагыг хуульд зааснаар төлөөлөх зохицуулалтын дагуу оролцсон бөгөөд түүнийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөгч гуравдагч этгээдээр оролцуулаагүй, эрх зүйн байдлын хувьд ялгаа заагийг тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимтай нийцээгүй гэж үзэж байна.
3.3. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсгийн 1.2-т хүлээн авч шийдвэрлэсэн тухайгаа дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуульд заасан нэхэмжлэлийн хугацаа, бүрдүүлбэртэй холбоотой шаардлагыг зөрчсөн ба зөрчлийг үл харгалзан тус шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх, талууд эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Тодруулбал:
3.4. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор баталсан хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр” гэсэн заалтыг хүчингүй болгуулах тухай ихэсгэсэн шаардлагад тусгагдсан хуралдааны дэгийг нэхэмжлэгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу хэрэв тус хуралдааны дэгийг нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гэж үзэх тохиолдолд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны шаардлага үйлчилж байсан. Гэтэл уг хугацааг хэтрүүлж 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэхдээ, шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь мөрөнд “нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж дүгнэлт өгсөн байдаг. Гэтэл дээрх хуулийн 14 дүгээр зүйл болон бусад аль ч хэсэгт “нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэсэн хуулийн зохицуулалтыг хариуцагч олж чадаагүй бөгөөд чухам энэ дүгнэлт нь дангаараа захиргааны эрх зүйн онол, туршлагын үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна.
3.5. Хэрэгт авагдсан баримтаар дээрх ихэсгэсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт”-ыг нэхэмжлэлд зайлшгүй тусгах бүрдүүлбэрээр зохицуулсан байхад шүүх мөн уг шаардлагыг зөрчиж бүрдүүлбэр хангаагүй шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.6. Ихэсгэсэн шаардлагад дурдсан хуралдааны дэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын тухай зохицуулалт болох “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн шинжийг хангахгүй, гадагш чиглээгүй, тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасны дагуу хурлын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой баримт байхад захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон нь учир дутагдалтай шийдэл болсон гэж үзэж байна. Хуралдааны дэгийг өөрчлөн тогтоохтой холбоотой асуудал нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлэгдэх боломжтой, захиргааны актын шинжгүй байна.
3.7. Хэргийн үндсэн шийдэлтэй холбоотойгоор эс зөвшөөрч хариуцагч талаас маргаж буй удаах чухал үндэслэл нь, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдэг үндэслэл болно. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо, хуралдааны дэгээр нэг нэр дэвшигч нэр дэвших тохиолдолд илээр санал хураах зохицуулалтаар хуралдааны дэг батлагдсаны улмаас холбогдох хууль тогтоомжоор баталгаажуулсан нууцаар санал хураах хэлбэрээр явагдах зохицуулалттай хурлын даргыг сонгох ажиллагаанд өөрийн болон бусдыг нэр дэвшүүлэх эрх зөрчигдөж хязгаарлагдсан гэж тайлбарласан (өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлээгүй нь хуулийн зөрчилтэй хуралдааны дэг баталсантай холбоотой гэж тайлбарласан) бөгөөд энэхүү тайлбар, үндэслэл нь бүхэлдээ худал буюу бодит бус болохыг анхан шатны шүүх нягтлан дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөх байдлаар үнэн зөв гэж хүлээн авч хангасан гэж үзэж байна.
3.8. Учир нь тус хуралдааны дэгийн 7.6 дахь хэсэгт “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан намын бүлэг Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал буюу Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар нэр дэвшүүлэх ээлжид тэдгээрийн нууцаар санал хураалтад оролцох эрх буюу хуулийн 53.3 дахь хэсэгт заасан “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулах” нөхцөл хангагдсан, эхэлж Ардчилсан намын бүлгээс Д.Т-ыг нэгэнт нэр дэвшүүлсэн, улмаар нэхэмжлэгч нар нэр дэвших эсхүл бусдыг нэр дэвшүүлэх тохиолдолд нууц санал хураалт явагдах нөхцөл хангагдсан, нууцаар санал хураалт явуулахтай холбоотой хууль зүйн баталгаа уг хэргийн хувьд нэхэмжлэгч нарын хувьд алдагдаагүй, зөрчигдсөн эрх ашиг тэдгээрт үүсээгүй байсан болох нь хэргийн нотлох баримтыг нягтлан судлахад тодорхой болж байна. Харин үүнийг бодит бусаар тайлбарлаж шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг нэхэмжлэгч нар өгөөгүй болох нь харагдаж байна.
3.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэж,
4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “захиргааны захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
4.2. Дэг баталсан тогтоол нь хурлын даргыг сонгох болон бусад хурлын дотоод үйл ажиллагааг зохицуулсан шийдвэр бөгөөд хурлын дотоод зохион байгуулалтын шинжтэй байх тул “гадагш чиглэсэн байх” захиргааны актын шинжийг агуулаагүй дотогш чиглэсэн шийдвэр байна. Хурлын дэг зөрчигдсөн нь хуралдааны явцад гаргасан шийдвэрүүд болон хурлын даргыг сонгох үйл явцад бодитой нөлөөлсөн эсэхийг тодорхойлох нь чухал юм. Хэрэв хурлын дэгийн зөрчил нь хуралдааны үр дүнд шууд нөлөөлөөгүй бол гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
4.3. Нэхэмжлэгч нарын зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн дэгийг баталсан гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргаад байгаа юм.
4.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан байдаг. Гэтэл Монгол Ардын намаас 2020 он, 2022 онуудад хоёр ч удаа хурлын дэгийг баталсан. Үүн дээр өөрчлөлт хийгдээгүй.
4.5. Нэг хүн нэр дэвшихэд ил ч бай далд ч бай ямар ч өөрчлөлт орохгүй. Олонхи нь дэмжсэн учраас Д.Т- нь хурлын даргаар сонгогдсон болох нь хавтаст хэргээр цугларсан баримтаар бүрэн харагдаж байна. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд батлах, хуралдааны даргыг томилох талаар нарийн хуульчилж өгсөн. Энэ хуулийн заалтыг баримталж дэгийг баталсан. Энэ дэг нь дотогш чиглэсэн шинжтэй байна.
4.6. Нэхэмжлэгч нар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр бидний эрхийг зөрчсөн гэдэг агуулгатай нэхэмжлэлийг гаргаад байна.
4.7. Гэтэл тухайн хуралдаан дээр өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрх нээлттэй хэвээр байсан. Энэ эрхээ эдгээр төлөөлөгч нар болоод бусад төлөөлөгч нар эдэлсэн бол нууц санал хураалт руу шилжих бүрэн боломжтой байсан. Тухайн төлөөлөгч нар өөрсдөө эрхээ эдлээгүй байж дэгээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тогтоолын үйлчлэлээр сонгох болон сонгогдох эрхэд халдсан зүйл огт харагдахгүй байна. Хэрэв тухайн хуралдааны дэг шийдвэр нь тэдгээрийн эрхэд шууд халдаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх бүрэн боломжтой юм.
4.8. Хувийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Дэг нь нийтлэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой маргаан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхой байх ёстой атал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.
4.9. Ер нь нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн зүйл болоогүй. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байна гэж харж байна. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Ц , Э.А, О.А, Д.Б нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хуулиар тодорхой заасан журам, зарчмыг өөрчлөн хурлын дэгийг баталж, тус хурлын дэгийн дагуу санал хураалт явуулж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор хурлын даргаар Д.Т-ыг сонгосон тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн...” гэж маргажээ.
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 01/02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталж, уг дэгийн 7.5 дахь заалтаар хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулахаар тогтоож, улмаар 01/04 дүгээр тогтоолоор илээр санал хураалт явуулж Хурлын даргаар Д.Т-ыг сонгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.
4. Учир нь дээрх хуульд зааснаар хэдэн ч хүн өрсөлдсөн Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалтын үндсэн дээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцохоор тусгайлан заасан байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэг хүн нэр дэвшсэн бол илээр санал хураалт явуулах зохицуулалттай хуралдааны дэг баталсан нь дээр дурдсан хуульд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.
5. Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж зааснаар Хурал хуралдааны дэгийг өөрөө тогтоож батлах эрхтэй боловч ийнхүү батлахдаа хуульд нийцүүлэх шаардлагатай тул хуульд заасан журмыг зөрчиж илээр санал хураалт явуулахаар дэг тогтоосон тогтоолыг үндэслэж гарсан Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоол мөн хууль бус болно.
6. Захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалахад чиглэгддэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь маргаан бүхий акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.
7. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч М.Ц , Э.А, О.А, Д.Б нарын сонгох, сонгогдох болон нууцаар санал өгөх эрх нь анхдугаар хуралдаанаар хуульд заасан журмыг зөрчсөн агуулгатай дэг баталсан хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж үзэхээр байна.
8. Иймээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “... маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй ... нэг хүн нэр дэвшихэд санал хураалтыг илээр болон нууцаар явуулахад ямар ч өөрчлөлт орохгүй ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхой байх ёстой байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буруу” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
9. Маргаан бүхий актууд нь дотогш чиглэсэн буюу захиргааны актын шинжгүй гэх гомдлын тухайд,
9.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актыг үндсэн шинжээр нь тодорхойлсон байдаг, иймээс захиргааны шийдвэр ямар нэртэй байхаас үл хамааран хуульд заасан үндсэн шинжүүдийг агуулж байвал захиргааны акт гэж үзнэ.
9.2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “…Маргаан бүхий акт болох Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор батлагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг нь зорилго, агуулга, үйлчлэх хүрээгээрээ захиргааны байгууллагын дотоод харилцаанд үйлчлэх боловч маргаан бүхий 7.5 дахь заалтын нэг хүний нэр дэвшсэн бол илээр ... гэх зохицуулалт нь бусдын буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуулиар хамгаалагдсан нууцаар санал өгөх эрхийг хөндсөн байх тул энэ тохиолдолд тухайн зохицуулалтыг захиргааны актад тооцох үндэслэлтэй” гэж дүгнэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын “… хуралдааны дэгийг өөрчлөн тогтоохтой холбоотой асуудал нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлэгдэх боломжтой, захиргааны актын шинжгүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
10. Хариуцагч Д.Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэх гомдлын тухайд:
10.1. Нэхэмжлэгч нараас Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор Д.Т-ыг Хурлын даргаар сонгожээ.
10.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан хэрэг үүсгэж, Хурлыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Т-ыг хариуцагчаар татсан бөгөөд түүнийг албан тушаалтных нь хувиар бус иргэнийх нь хувиар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдпвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болохгүй төдийгүй Д.Т- нь өөрөө ч гуравдагч этгээдээр оролцох талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.
11. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр болон нэхэмжлэл гаргах хугацааг шалгаагүй, нэхэмжлэгчээс уг шаардлагыг хянан шийдвэрлүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх гомдлын тухайд:
11.1. Нэхэмжлэгч нараас Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор, дээрх акттай нэг өдөр батлагдсан “Хуралдааны дэг батлах тухай” 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр” гэсэн заалтыг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг маргааныг нэг мөр таслан шийдвэрлэх болон процессын хэмнэлттэй байх зарчимд нийцжээ.
11.2. Түүнчлэн нэхэмжлэгчээс 01/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хуралдаанаар нууцаар санал хураалт явуулж Хурлын даргыг сонгох байсан боловч хуульд заасан журмыг зөрчиж илээр санал хураалт явуулсан нь буруу” гэж тайлбарлан маргасан энэ тохиолдолд илээр санал хураалт явуулахаар тогтсон хуралдааны дэг баталсан 01/02 дугаар тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж дахин төлөх шаардлагатай гэж үзэхээргүй байна.
11.3. Өөрөөр хэлбэл, Улсын тэмдэгтийн хураамж тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг;” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дахин улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.А-аас “миний бие ханиад хүндэрч хатгаа хэлбэрт орсон оноштой, мөн зүүн нүдний хажууд тосны булчирхай үрэвсэн томорч хатиг хэлбэртэй болж хавдсан, энэ нь эдгэж жижигрээгүй зовиуртай байгаа тул эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байгаа. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хуралдааныг 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш товлож өгнө үү”, хариуцагч Д.Т-аас 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь өвчтэй байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзан, өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна”, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б-оос 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “... 2025 оны 07 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Дорнод аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам болон зүүн бүсийн хурдан морины уралдаан болж байгаа. Эдгээр наадамд өөрийн уясан морийг уралдуулах, тэмдэглэлт ойн тэмцээнд оролцох зэрэг ажилтай ... мөн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08 цагт зарлагдсан Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд Б.Б-эд холбогдох хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцох болно ... мөн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотод анх удаа гэр бүлийн аялал хийж байгааг минь хүндэтгэн үзэж хүлээн авна уу ... Хадлан бордоо, намрын ажил эхэлж байгаа тул шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш товлож өгнө үү” гэсэн гэсэн агуулга бүхий гэсэн хүсэлтүүдийг тус тус шүүхэд ирүүлжээ.
12.1. Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч Ч.А нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдож байх боловч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр Ө.Б оролцож байх төдийгүй өмгөөлөгч Ө.Б-ын хувьд шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.
12.2. Учир нь өмгөөлөгч Ө.Б нь Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08 цагт зарлагдсан Б.Б-эд холбогдох хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцох болно гэж хүсэлтээ ирүүлэх боловч энэ шүүх хуралдаан нь М.Ц нарын нэхэмжлэлтэй энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дараа өдөр товлогдсон байхаас гадна Зүүн бүсийн хурд-2025 баяр наадамд оролцох, гэр бүлээрээ БНХАУ руу аялах болон хадлан бэлтгэлийн ажилтай гэх шалтгааныг шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.
12.3. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Ө.Б-ын хүсэлтэд дурдаж буй шалтгаанууд нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаануудын алинд ч хамаарахааргүй байх төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.7-д заасан өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй байна.
12.4. Харин хариуцагч Д.Т-ын хувьд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан төдийгүй шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хурал хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН