Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 08

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн 201601070289 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:

     Нарийн бичгийн дарга                                      З.Ганцоож

     Улсын яллагч                                                      Х.Эрдэнэтуяа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Ж.Цэцэгээ

     Хохирогч                                                          Д.Батсуурь

     Хохирогчийн өмгөөлөгч                                  Д.Цолмон

     Шүүгдэгч                                                          Д.Жаргалсайхан нар оролцов.

            Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Багануур дүүргийн Дулааны станцад ээлжийн инженер болон “Наран” сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай, 2016 оны 4 дүгээр сараас гахайн фермер ажиллуулж байгаа, Наран ам бүл 4, эхнэр Б.Гүнжбадгар, 7-17 насны 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 47 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, ВИ73051816  дугаарын регистертэй, Дааган дэл овгийн Дэмбэрэлийн Жаргалсайхан

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны подвальд Д.Батсууртай маргалдаж улмаар түүнийг шатаар чирч гаргахдаа биемахбодид нь баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Батсуурь ахтай дотно нөхөрлөөд 4 жил болж байгаа бөгөөд хуурай ах дүүс шиг байдаг. Би 2016 оны 11 сарын 07-ны орой 20 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Бадамхорлоо, ах Түвшинтөгс нарын хамт өөрийн ажлын өрөө болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны подвальд хэдэн гахай янзлаад байж байхад Батсуурь ах гаднаас согтуу орж ирээд “та нар ууж байгаа архиа гаргаад ир, архи авч өг, голоо цохьсон фермерийн эзэн, гахайны хулгайч, гахай зөөсөн таксиныхаа мөнгийг өг”гэх зэргээр хэрүүл хийж, намайг элдвээр доромжилсон. Би 10.000 төгрөг өгөхөд авахгүй байсан бөгөөд намайг хараагаад байсан. Тэгэхээр нь би энгэрээс нь татсаар байгаад шатаар дээш нь гаргасан.  Би өрөөндөө ороод 1 минут орчмын дараа Батсуурь ах “Жаргалсайхан яргачин хөл хугалчихлаа” гэж орилохоор бид гурав гараад цагдаад дуудлага өгсөн гэв.

Хохирогч Д.Батсуурийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад Жаргалсайханы ажлын өрөөнд ороход намайг “ажлын өрөөнд орж ирээд томроод байна уу” гэхээр нь таксинд явсан мөнгөө нэхсэн. Тэгтэл Жаргалсайхан “үхлээ юу” гэж хэлээд 10.000 төгрөг миний ам руу чихээд хөл рүү өшиглөсөн. Намайг хөөгөөд байхаар нь уур хүрч “гахай хулгайлсан” гэх зэргээр хорон үг хэлсэн. Би тэндээс гарахдаа явах чадваргүй болсон. Намайг шатаар чирээд явахад миний хөл нидрэгдсэн. Шатан дээр дахин нэг өшиглөсөн. Би өмнө архи уучихсан байсан. Шүүх хуралдааны явцад Жаргалсайханаас 2 сая төгрөг авсан. Би анх 8.477.400 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ хохиролд цаашид хөлөндөө хагалгаа хийлгэх зардлаа оруулж нэхэмжилсэн байсан. Хавар хөлөндөө 700.000 төгрөгөөр хагалгаа хийлгэж магадгүй гэж эмч хэлсэн бөгөөд энэ мөнгөө, гарсан эмчилгээний зардлын хамт авсан гэж ойлгож болно. Мөн үлдэх 6.477.400 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Гантунгалаг мэдүүлэхдээ “Тухайн орой 20 цагийн үед дуудлагаар очиход Батсуурь нь подвалийн шатны дээд талд согтуу зогсож байсан бөгөөд Жаргалсайхан намайг өшиглөсөн гээд орилж хашгирч, дуудлагаар очсон цагдаа нарыг “хувцасны гол” гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. Жаргалсайхан нь Батсуурийг гарахгүй байхаар нь шатаар чирч гаргасан талаараа хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бадамхорлоо мэдүүлэхдээ “Тухайн орой бид нар гахай янзлаад байж байтал гаднаас Батсуурь гэгч нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу орж ирээд архи ууя, таксины мөнгөө авъя гэхээр нь Жаргалсайхан 10.000 төгрөг өгөхөд авахгүй байсан. Батсуурь нь Жаргалсайханыг элдвээр хэлж доромжилсон. Тэгээд Жаргалсайхан Батсуурийг цээжнээс нь бариад угзраад шатаар дээшээ чирээд гаргасан. Удалгүй Батсуурь гаднаас яргачин гараад ир, хөл хугалчихлаа гэж орилсон. Подваль дотор Батсуурийг цохиж зодсон зүйл байхгүй. Батсуурь нь цагдаа нарыг ирэхэд тэднийг бас янз бүрээр доромжилж орилж хашгираад байсан” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Д.Түвшинтөгсийн мэдүүлсэн: “...Жаргалсайхан Батсуурийг куртикний урдаас заамдаж аваад чирээд явсан. Батсуурь гаднаас хөл хугалчихлаа гэж орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 15606 тоот актын: “...Д.Батсуурийн биед баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч, Н.Энхцолмон гэх шинжээчийн дүгнэлт, /хх-н 23/

Д.Жаргалсайхан нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ /болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №15606 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны подвальд Д.Батсуурьтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг гадагш шатаар чирч гаргахдаа биед нь баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жаргалсайханы мэдүүлсэн “Батсуурь нь өрөөнөөс гарахгүй, элдвээр доромжлоод байхаар нь энгэрээс нь татаж байгаад дээшээ шатаар чирээд гаргасан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Батсуурийн “намайг шатаар чирэхэд миний хөл нидрэгдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бадамхорлоогийн “Жаргалсайхан Батсуурийг цээжнээс нь бариад угзраад шатаар дээшээ чирээд гаргасан”гэсэн мэдүүлэг, Г.Гантунгалагийн “Намайг дуудлагаар очиход Жаргалсайхан нь Батсуурийг гарахгүй байхаар нь чирээд гаргасан талаараа хэлж байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Д.Түвшинтөгсийн “Жаргалсайхан Батсуурийг куртикний урдаас заамдаж аваад чирээд явсан. Батсуурь гаднаас хөл хугалчихлаа гэж орилсон” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, хохирогчийн биед үзлэг хийж, учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Д.Батсуурийн биед баруун шаант ясны дээд булууны үе рүү орсон далд хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх №15606 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Д.Жаргалсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Д.Жаргалсайхан нь хохирогчийн биед гэмтэл учруулах үр дагаварыг хүсээгүй боловч түүнийг шатаар чирч гаргасан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд шүүгдэгчийг үйлдэлдээ шууд бус санаатай хандсан гэж дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол болон хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан материаллаг хохирлын тухайд хохирогч Д.Батсуурь нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.477.400 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Жаргалсайханаас 2.000.000 төгрөгийн хохирол бэлнээр авч, 6.477.400 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

Мөн хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахаар байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Харин хохирогч Д.Батсуурь нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ би хавар 700.000 төгрөгийн төлбөртэй хөлний хагалгаанд орж магадгүй, энэ зардлаа бол авсан гэж ойлгож болно” гэж мэдүүлснийг тэмдэглэе.

Шүүгдэгч Д.Жаргалсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 38 хуудас/ тогтоогдсон болно.    

Шүүхээс Д.Жаргалсайханд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан материаллаг хохирол болон цаашид хагалгаа хийлгэх төлбөрийг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлснийг, энэ үйлдэлд хохирогчийн архидан согтуурч, агсам тавьж, маргасан буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хамт олны итгэл хүлээсэн, хөдөлмөрч зантай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлав.

Д.Жаргалсайхан нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг баримтуудыг үнэлэх боломжгүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид уг баримтуудыг буцаан өгөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Дааган дэл овгийн Дэмбэрэлийн Жаргалсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Дааган дэл овгийн Дэмбэрэлийн Жаргалсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Жаргалсайханы эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайхан нь хохирогчид 2.000.000 / хоёр сая/ төгрөгийн эмчилгээний зардал төлснийг, хохирогч нь 6.477.400 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Д.Батсуурь нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Жаргалсайханд оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жаргалсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Д.Жаргалсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргаж өгсөн 2 ширхэг рентгиний зураг, фото зургууд, CD /Сиди/ зэрэг баримтуудыг түүнд буцаан олгосугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Жаргалсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА