| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 188/2017/0090/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 091.2.11, 091.2.12, 145.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 106
Д.Да-, Л.Ба-, Х.Ха-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хи-, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 866 дугаар магадлалтай 201626011140 дугаар эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хи-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлэн тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
1996 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 9 жил хорих ял,
1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 9 жил хорих ялаас үлдсэн 4 жил 9 сар 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сар 26 хоног хорих ял,
2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 9 сар 7 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 3 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 1 жил хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг тус тус багтааж, 8 жил 3 сар хорих ял шийтгэж, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан Л.Ба-.
2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 334 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял, 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 841 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, өмнөх 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 29 хоног хорих ялын зарим болох 7 жил хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил хорих ял,
2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх 841 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 29 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 10 сар 29 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялд өмнөх 108 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоног хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил хорих ял шийтгэж, 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан Д.Да-.
3. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Октябрийн дүүргийн ардын шүүхийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж 2 жил хорих ял шийтгүүлсэн,
1993 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Октябрийн дүүргийн шүүхийн 214 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тэнсэн суллагдсан,
2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14, 39 дүгээр зүйлүүдийг журамлан, тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх 214 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж 10 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Х.Ха-.
Л.Ба-, Д.Да- нар нь бүлэглэн, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд хохирогч Л.А-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжинд нь хутгалж онц харгис хэрцгийгээр алсан,
Түүнчлэн Л.Ба- нь Х.Ха-тай бүлэглэн, 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын хоёрын задгай тоотод байрлах Н.Ар-гийн гэрт нэвтэрч, “Элко” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Л.Ба-, Д.Да- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Л.Ба-, Д.Да- нарыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Л.Ба-, Х.Ха- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Л.Ба-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Да-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар 15 жил хорих ял, шүүгдэгч Х.Ха-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ба-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 15 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 17 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ба-, Д.Да- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Х.Ха-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ба-ын цагдан хоригдсон 426 хоногийг, шүүгдэгч Д.Да-ийн цагдан хоригдсон 522 хоногийг, шүүгдэгч Х.Ха-ын цагдан хоригдсон 3 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ба-аас 2.774.000 төгрөг, Д.Да-аас 6.471.825 төгрөг, нийт 9.245.825 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хи-д олгох, Л.Хи-ын нэхэмжлэлээс 2.162.360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хи- гаргасан гомдолдоо: “...Д.Да- нь тухайн гэмт хэрэг гарсан газарт Л.Ба-ыг шууд чиглүүлэн улмаар цогцос гаргахыг шаардаж, сүрдүүлсэн талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх гэрч нарын мэдүүлгийг илэрхий зөрүүтэй гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдана. Хэдийгээр Л.Ба- нь би хохирогчийн амь насыг бүрэлгэсэн гэж мэдүүлдэг боловч бодит байдалд түүний мэдүүлэг зөрүүтэй байдаг. Мөн давж заалдах шатны шүүх гэрч Т.Ари-гийн мэдүүлэгт үнэлэлт өгсөнгүй. Шүүгдэгч Д.Да-ийн гадуур хувцсанд илэрсэн цус нь талийгаачийн цусны бүлэгтэй тохирч байхад сахарын өвчний улмаас өөрөөс нь гарсан цус мэтээр мэдүүлж байгаа нь түүнийг гэмт хэргээс булзах мэргэшсэн этгээд болохыг харуулж байна.
Гэрч Э.Ба- нь үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэх талаар санал гаргаагүй атлаа түүнийг үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй сэтгэцийн өөрчлөлттэй мэтээр тайлбарласан нь шинжээчийн дүгнэлтээр бүрэн няцаагдана.
Д.Да-ийн нүүрэнд үүссэн шинэ шарх нь хэд хоногийн өмнө бусдад дээрэмдүүлсэн, зодуулсан гэсэн тайлбар гаргасан боловч түүний шархыг шинээр үүссэн болохыг шинжээч дүгнэлтээрээ нотолж, шүүгдэгчийн тайлбарыг няцаасан нь Д.Да- талийгаачтай тэмцэлдсэний улмаас биедээ шарх авсан ба хутгалах явцдаа гадуур хувцсандаа цус үсэргэсэн гэх бүрэн үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь бодит байдлаас илтэд зөрүүтэй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.
Гэмт хэргийг гардан гүйцэтгэгч нь Д.Да- болох нь нотлогдож байгаа, хэдийгээр би хэргийг үйлдсэн гэж Л.Ба- мэдүүлдэг боловч тэрээр гардан гүйцэтгээгүй болох нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Ба-, Д.Да-, Х.Ха- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Байцаалт өгсөн гэрч нар шүүгдэгч Д.Да- бүлэглэж үйлдсэн талаар хэлсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хянан хэлэлцэж, Д.Да-, Л.Ба- нар нь амь хохирогч Л.А-ыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж алсан, түүнчлэн шүүгдэгч Л.Ба-, Х.Ха- нар нь бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэн, шүүгдэгч Д.Да-, Л.Ба- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар, шүүгдэгч Л.Ба- Х.Ха- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэжээ.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо шүүгдэгч нар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэх талаар хэт ерөнхий, үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг, 39.9 дүгээр зүйлийн 2.7-д давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэлийг тусгахаар хуульчилсан.
Давж заалдах шатны шүүх тухайн хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэн талаар дурдсан боловч, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөвтгөн тогтоох, тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцүүлэн хэргийг зүйлчлэх зэрэг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь буруу гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Да-, Л.Ба- нар бусдыг алах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа давж заалдах шатны шүүх өөрөө шийдвэрлэх боломжтой үндэслэлүүдийг магадлалдаа дурдан хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх нь хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн эргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 866 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд хүргүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН