Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0691

 

Иргэн Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.6, 26.9-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Эрдэнэцэцэгийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, мөн хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Г.Эрдэнэцэцэгийн цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчид даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга Г.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр ажлаас халах тухай захирамжийн ажлаас халах болсон гол 3 үндэслэл нь

1. Г.Эрдэнэцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/88 дугаар захирамжаар төсөв санхүүгийн ил тод байдлыг үл хангаж Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй биелүүлж 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлээр шийтгэгдсэн,

2. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамжаар үүрэг болгосон “орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хүүхдийн тоглоомын талбайг батлагдсан төсвийн дагуу стандартын шаардлага хангасан түвшинд ажлын хэсэг томилон хяналт тавьж ажиллах үүрэг болгосон байтал энэхүү үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас төрд 9.448.394 төгрөгийн хохирол учруулсан зөрчил гаргасан,

3. Г.Эрдэнэцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/27 дугаар урамшуулал олгох тухай тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын засаг дарга Ч.Энхцэцэг болон 2015 оны 10 сарын 21-ний өдрийн А/88 дугаар захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан өөртөө үр дүнгийн урамшууллыг 100 хувиар олгосон зөрчлийг тус тус гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар үүрэгт ажлаас нь халсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/88 дугаар захирамжаар авагдсан сахилгын шийтгэлээ бол хүлээн зөвшөөрч байгаа тул энэ талаар ямар нэг гомдол гаргаагүй гэдгээ хэлсэн.

Харин анхан шатны шүүхээс Дундговь аймгийн Говь-Угтаал сумын засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамжийн 2 дахь заалтад “Засаг даргын тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгт хүүхдийн тоглоомын талбайг батлагдсан төсвийн дагуу стандартын шаардлага хангасан түвшинд барьж гүйцэтгэхэд ажлын хэсэг томилон хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосугай” гэсэн байдгийг мушгин тус сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар тухайн тоглоомын талбайн ажил хийгдэж дуусаад хүлээн авах комисс томилсныг Г.Эрдэнэцэцэг комисс томилон ажиллажээ гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Уг нь тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэг нь энэхүү тоглоомын талбайг барих үйл ажиллагаанд мөн комисс томилон хяналт тавьж ажиллах байтал ингэж томилсон комисс огт байхгүй байснаас энэхүү үүрэг нь хангалтгүй биелүүлэгдэж өнөөдөр төрд хохирол учрах бас нэг нөхцөл нь болсон юм.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд миний бие “...сахилгын шийтгэлтэй байсан албан хаагч болох Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга Ч.Энхцэцэг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/88 дугаар захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан өөртөө үр дүнгийн урамшууллыг 100 хувиар олгосон нь өөрийн ажлын үндсэн үүргээ хангалтгүй буюу албан тушаалдаа хэт хайнга хандан энэхүү урамшууллыг олгосон зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт ирүүлсэн тушаалын хуулбар болон цалингийн баримтаар нотлогдож байгаа” гэснийг “хариуцагч Ч.Энхцэцэг энэхүү зөрчлийг “ёс зүйн зөрчил” гэж тайлбарладаг гэжээ. Гэтэл миний зүгээс энэхүү зөрчлийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар энэхүү захирамжаа гаргасан.

Анхан шатны шүүхийн 13 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн энэхүү ёс зүйн зөрчил гэж байгаа үндэслэлээ нэхэмжлэгчийн өөрийнх нь ямар нотлох баримтаар нотлоогүй тайлбарт үндэслэн няцаагдаж байна гэж дүгнэсэн байх юм. Гэтэл харин миний гаргасан тайлбар нь өнөөдөр хавтаст хэрэгт байгаа цалингийн баримт, энэхүү урамшуулал нь зөрчил дутагдал юм гэдгийг баталгаажуулсан “дотоод аудитын ажлын тайлан” зэргээр нотлогдсоор байхад миний хэлснийг гуйвуулан засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын”-ын 2 дахь хэсгийн 4-д заасантай нийцээгүй байна гэжээ. Гэтэл энэхүү цалингийн урамшуулал дур мэдэн олгож байгаа нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаагаа дахин илэрхийлж байна.

Иймд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь нотлогдож байгаа тул тус анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгийг “сахилгын шийтгэл хүлээж байсан, төрийн албан хаагчийн ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр ажлаас халжээ.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/08 дугаар тушаалуудаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгт сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 /Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно/-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу маргаан бүхий захиргааны актыг гаргах үед тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэг сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байтал хариуцагч албан тушаалтан тэдгээрийг ажлаас халах нэг үндэслэл болгосон нь зөрчилд дахин шийтгэл ногдуулсан хууль бус шийдвэр болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбараас үзвэл Тамгын газрын ажилчдын үр дүнгийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүгнэсэн байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарахад буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгийн үр дүнгийн гэрээг дүгнэлгүйгээр хариуцагч албан тушаалтан шууд “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 /Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ/-т нийцээгүй байна.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын орлогч Ө.Мөнх-Амгалан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан хүүхдийн тоглоомын хашааг “Зандан-Орд” ХХК-аас хүлээж авах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, төсвийн хөрөнгөөс төрд хохирол учруулсан нь тогтоогдсон талаар Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар тогтоол, 832 дугаар мэдэгдэх хуудсаас харагдах бөгөөд түүний тэрхүү үйлдэлд хариуцагч дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайг хүлээж авахдаа ажлын хариуцлага алдсан” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, “Зандан-Орд” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг олгосон Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамж болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл гэрээ байгуулах эрхийг болон Хүүхдийн тоглоомын талбайг батлагдсан төсвийн дагуу, стандартын шаардлага хангасан түвшинд барьж гүйцэтгэхэд ажлын хэсэг томилон хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгт үүрэг болгосон бөгөөд тухайн үүргээ Г.Эрдэнэцэцэг зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгийг хариуцагч баримтаар тогтоогоогүй атлаа Засаг даргын орлогч асан Ө.Мөнх-Амгалангийн буруутай үйлдэлд холбогдуулж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагчаас “2015 онд сахилгын шийтгэл авагдсан атлаа өөртөө үр дүнгийн урамшууллыг 100 хувь олгосон” ёс зүйн зөрчил гаргасан гэх боловч тухайн шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт болон үндэслэлээ Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгт урьдчилан танилцуулаагүй, шууд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн, улмаар ажлаас халах үндэслэлээ болгосон нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын Хоёрын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасантай нийцээгүй байна.

Үүнээс гадна Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” А/88 дугаар захирамжаар Төсөв санхүүгийн ил тод байдлыг үл хангаж, шилэн дансанд байршуулбал зохих мэдээллийг цаг хугацаанд нь байршуулаагүй зөрчил гарган, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгт нэг сарын цалинг 20 хувиар буурах шийтгэлийг ногдуулсан боловч энэ нь Тамгын газрын дарга Г.Эрдэнэцэцэгийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолж олгоогүй, хуулийн нэрийг буруу бичсэн, хуульд байхгүй зүйл, заалтыг баримталсан, шаардлагагүй хуулийг хэрэглэсэн зэрэг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “албан” гэснийг “албаны” гэж өөрчилж, мөн заалтаас “26 дугаар зүйлийн 26.6, 26.9” гэснийг хасч, 2 дахь заалтын “мөн хуулийн” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэж, “цалин хөлсийг” гэснийг “10.104.242 /Арван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийн олговрыг” гэж, “Тамгын газрын нягтлан бодогчид” гэснийг “Тамгын газарт” гэж өөрчилж, 3 дахь заалтын “47 дугаар зүйлийн” гэсний өмнө “51 дүгээр зүйлийн 51.1” гэж нэмж, “Тэмдэгтийн” гэснийг “Улсын тэмдэгтийн” гэж өөрчилж, уг заалтаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР