Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2019/03187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц-д холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Д.Ц-аас 24-77 УБП улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 52,800,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Тухайн үед Б.А нь уг тээврийн хэрэгслийн мотор нь халсан буюу явж байхад нь авсан байдаг. Маргааш өглөө нь машиныг асаахад яндангаар утаа хаяад байсан тул засварын газар үзүүлэхэд мотор нь эвдэрхий буюу эд хөрөнгийн доголдолтой машин зарсан байна. Машин халахаараа утаа гарахаа больдог бөгөөд моторыг нь солих шаардлагатай гэж автын инженер хэлсэн байдаг. Мөн тухайн машин нь шуурганд цохиулсан, нил цараапантай байсныг Б.А нь угаасны дараа мэдсэн байдаг. Ингээд Б.А нь Д.Ц луу энэ тухай хэлэн утсаар ярихад дээд ангийг нь солиулчих, гарсан зардлыг нь би төлье гэж хэлсний дагуу моторын дээд ангийг 7,000,000 төгрөгөөр солиулсан. Мөн 3,000,000 төгрөгөөр бүтэн будаг хийлгэсэн. Иймд хариуцагч доголдолтой эд хөрөнгө зарсан байх тул Д.Ц-аас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.А-д 24-77 УБП улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 52,800,000 төгрөгөөр худалдсан. Анх 58,000,000 төгрөгөнд өгнө гэсэн боловч гуйсаар байгаад уг үнийн дүнд худалдан авсан. Намайг хөдөө яваад ирсний байн байн утсаар ярьж байгаа газарт очоод үзье гэсээр байгаад ирж үзээд авахаар болсон. Өөрөө бүх зүйлээ нүдээрээ үзэж хараад аваад явсан. Б.А нь хэрэглээний сэвтэй, хийх юмтай, эргэж буцахгүй гэж авчхаад хэд хоногийн дараагаас солих юм ярьж, мөнгө нэхсэн. Би Б.А-д шинэ машин зараагүй, ямар нэгэн баталгаа гаргаагүй, үзэж харж авчхаад, хэдэн өдрийн дараа солиулсан сэлбэгийн үнийг би төлүүлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь Д.Ц-т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь моторын дээд ангийн эвдрэлтэй, бүтэн будаг хийлгэх шаардлагатай эд хөрөнгийн доголдолтой тээврийн хэрэгслийг доголдлыг нуун дарагдуулж худалдсан учир доголдлыг арилгахад гарсан зардлыг гаргуулна гэсэн бол хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгч хуучин тээврийн хэрэгсэл худалдан авсан ба шалгаж үзээд өөрөө жолоодон авч явсан, тухайн үед эвдрэлгүй байсан гэжээ.

Талууд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, гэрээгээр Д.Ц нь П.Г-ын өмчлөлийн 24-77 УБП улсын дугаартай, JTMHTOSJ40S020248 арлын дугаартай, Тоёота ланд круйзер /Toyota land cruiser/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Б.А нь үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-8/

Гэрээгээр хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийн нөхцөл зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Талуудын бичгээр байгуулсан гэрээгээр тээврийн хэрэгслийн үнийг 50,000,000 төгрөг гэх боловч 52,800,000 төгрөгөөр худалдсан, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авагч хүлээн авч, жолоодон явсан үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т биет байдлын доголдолд юуг хамааруулахыг талууд гэрээгээр тохиролцохыг, хэрэв гэрээгээр эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой бол эд хөрөнгийн доголдолгүй гэж үзэхээр заажээ.

Хэрэв тээврийн хэрэгсэл эд хөрөнгийн доголдолтой бол худалдан авагч түүнийг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба харин эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдана хэмээн мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 2551.1-д зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр эд хөрөнгийн чанарын талаар тусгайлан зохицуулаагүй байна. /хх-8/ Худалдан авагч 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээн авч, өөрөө жолоодон авч явсан нь тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах боломжтой байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг моторын дээд ангийн эвдрэлийг тээврийн хэрэгслээ халааж байгаад утаа гарахгүй үед шилжүүлж доголдлыг нуун дарагдуулсан нь тээврийн хэрэгслийг асаах үеийн видео бичлэгээр тогтооно гэжээ. Видео бичлэгт хийсэн үзлэгт тоёота ланд крузер маркийн автомашиныг асаахад нүдэнд харагдах утаа ялгарч байх дүрс байх боловч тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар харагдахгүй тул маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл мөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Бичлэгт тээврийн хэрэгслээс утаа гарч байгаа нь моторын дээд ангийн эвдрэлээс шалтгаалсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. /хх-37-38/

Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Зам тээврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам-д зааснаар тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлага хангасан байдалд жилд нэг удаа үзлэгт хамруулах ба уг тээврийн хэрэгслийн үзлэгийн хугацаа тухайн цаг мөчид таарчээ. Худалдан авагч тээврийн хэрэгслийг жилийн өмнөх техникийн хяналтын улсын үзлэгт оруулсан байдлаар хүлээн зөвшөөрсөн, 2008 онд үйлдвэрлэж, Монгол Улсад 10 жил ашигласан тээврийн хэрэгслийг мэдсээр байж сайн дурын, эсхүл техникийн хяналтын улсын үзлэгт оруулах үүргээ биелүүлээгүй тул доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд худалдан авагч нь худалдагчийн эсрэг эд хөрөнгийн чанарын талаар шаардлага гаргах буюу тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардлыг шаардах эрхээ алдсан байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-оос хариуцагч Д.Ц-т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-оос хариуцагч Д.Ц-т холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН