Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0332/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Б.Сүрмандах

Өсвөр насны шүүгдэгчийн

өмгөөлөгч                                      Н.Баярмаа

Өсвөр насны шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч бөгөөд

иргэний хариуцагч                       С.Д-                                                    

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолтой, Д-гийн А-д холбогдох, 1918005080371 дугаартай эрүүгийн  хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1., 3., 7.3 дугаар зүйлийн 2.2., 2.5.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн. ********** регистрийн дугаартай Б- овогт Д-гийн А-.

Өсвөр насны шүүгдэгч Д.А- нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Залуучууд хөгжлийн төв”-ийн хажууд иргэн Э.П-ийг зодож, улмаар зодох явцдаа Э.П-ийн эзэмшлийн харааны нүдний шил, “Самсунг Эс-6 эдже” загварын гар утас зэргийг эвдэж, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний салст, зүүн хацар, зүүн тохой, баруун шилбэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  347 дугаар шийтгэх тогтоолоор:

-Өсвөр насны шүүгдэгч Б- овогт Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.д заасныг баримтлан Д.А-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар Д.А-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар Д.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1., 2.т зааснаар Д.А-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

-Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоопын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэж, шүүгдэгч Д.Амарайван нь өсвөр насны буюу гэмт хэрэгт ял шийтгүүлэх үедээ 16 настай байсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2.т заасан “Өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-с дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэхдээ ял нэгтгэх болсон үндэслэлээ дурдаагүй, нийтэд тустай ажил хийлгэх ялын ямар хугацааг хорих ялын ямар хугацаатай хэрхэн дүйцүүлсэн тухайгаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой тусгаж өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно...гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дээд шатны прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний хариуцагч С.Д-: Байхгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Залуучууд хөгжлийн төв”-ийн хажууд иргэн Э.П-ийг зодож, улмаар зодох явцдаа Э.П-ийн эзэмшлийн харааны нүдний шил, “Самсунг Эс-6 эдже” загварын гар утас зэргийг эвдэж, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний салст, зүүн хацар, зүүн тохой, баруун шилбэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд Д.А-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж,  уг ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.А-д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.А-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Д.А- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.П-, насанд хүрээгүй гэрч Б.А- нарын мэдүүлэг, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 582 дугаар дүгнэлт, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт болон тухайн үед болсон үйл баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.  

Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Д.А-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Д.А- нь өсвөр насны буюу гэмт хэрэгт ял шийтгүүлэх үедээ 16 настай байсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2.т заасан “Өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-с дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргажээ.

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар өдөрт гурваас дээшгүй цагаар нийт 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс энэ хоёр ялыг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр, мөн ялыг эдлүүлэхдээ 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 6 дугаар заалтыг:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг өдөрт гурваас дээшгүй цагаар нийт 200 /хоёр зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй гэж,  

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2., 8.3 дугаар зүйлийн 2.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан өдөрт гурваас дээшгүй цагаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж. өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг хорих ял эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                            ШҮҮГЧИД                                    Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ