Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0503

 

 

 

 

 

 

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч О.Аюурзана, гуравдагч этгээд Р.А

Нэхэмжлэгч: Н.А-

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Г.Б

Гуравдагч этгээд: Р.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2025/0021 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч О.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 112/2025/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Г.Б-д холбогдуулан “Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах”-аар маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2025/0021 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаан, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.4.4, 56.5.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчийн өмгөөлөгч О.А нь давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүхээс дүгнэхдээ Н.А-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг иргэдийн Нийтийн Хурал тогтоолоороо зөрчжээ гэх дүгнэлт гаргадаг. Хэрвээ иргэдийн Нийтийн Хурал тогтоолоороо Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа юм бол даалгах нэхэмжлэлийг хангаагүй шийдвэр гаргасан юм бэ? гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт, гомдолд дурдсанаар иргэдийн Нийтийн Хурал болоход Н.А-, Р.А, н.Б гэх иргэд Гуулин багийн Засаг даргад өрсөлдсөн байдаг. Эдгээр хүмүүсээс чи материалаа өгч, чи материалаа битгий өг гэж ямар нэгэн байдлаар зөрөөтэй шаардлагыг иргэдийн Нийтийн Хурлаас тавиагүй байдаг. Тухайн хүмүүс хуралдаан дээрээс өөрсдөө нэр дэвшсэн болохоос, тухайн цаг хугацаанд хариуцагч иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалж байсан Г.Б-ийн тухайд нэр дэвшигч ял шийтгэлтэй, өртэй байсан, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах эрх зүйн боломж байхгүй байсан. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг л удирдаж байгаа болохоос, нэр дэвшигчдийн өр болон ял шийтгэлийг үзэх боломж байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслээд тухайн тогтоол гарсан. Н.А-ын сонгох, сонгогдох эрхэд халдсан зүйл байхгүй байхад анхан шатны шүүхэд Н.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнээд шийдвэр гаргасанд хариуцагчийн зүгээс гомдолтой байна”,

3.2. Гуравдагч этгээд Р.А нь давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь заалтад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4 дэх хэсэгт ялгүй байх, 56.5.4 дэх хэсэгт нэр дэвшигч нь энэ хуулийн шаардлагыг хангасан байх гэж заасныг зөрчсөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, мөн тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сэргээгдэх боломжгүй гэж үзэж байна. Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа, миний хувьд хууллийн дагуу материалаа бүрдүүлж, багийн засаг даргын сонгуульд өрсөлдсөн. Мөн тухайн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хүчингүй болсноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сэргээгдэх нь тодорхой биш байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.А-аас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Г.Б-д холбогдуулан “Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хуралд Р.А, Н.А-, Б.Б нар нэр дэвшиж, 3 нэр дэвшигчийн санал 50+1 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр санал авсан  Р.А, Н.А- нарын хооронд дахин санал хураалт явагдаж, нэр дэвшигч Р.А 144 хүний санал буюу 54,5 хувь, нэр дэвшигч Н.А- 120 хүний санал буюу 45,5 хувийн санал авчээ.

3.2. Улмаар Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хамгийн их санал авсан Р.А-ыг Гуулин багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилснаар энэхүү маргаан үүсжээ.

4. “Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна” гээд 56.4.1-д “хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой”, 56.4.2-т “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, 56.4.3-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, 56.4.4-т “ялгүй байх” гэж тус тус заасан.

4.2. Хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/98 тоот албан бичгээс үзвэл, гуравдагч этгээд Р.А нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байх ба тухайн үед ялын хугацаа  дуусаагүй байжээ.

4.3. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Р.А нь Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргад нэр дэвшихдээ дээрх хуульд заасан “ялгүй байх” шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж нэр дэвшсэн болох нь тогтоогдож байна.

4.4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “… иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалж байсан Г.Б-ийн тухайд нэр дэвшигч ял шийтгэлтэй, өртэй байсан, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах эрх зүйн боломж байхгүй байсан. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг л удирдаж байгаа болохоос, нэр дэвшигчдийн өр болон ял шийтгэлийг үзэх боломж байхгүй” гэж тайлбарлах боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй иргэн багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн болох нь нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд Н.А-ыг Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад хүргүүлсэн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь шударга ёсны болоод хууль дээдлэх зарчимд нийцнэ.

4.5. Түүнчлэн, сонгуульд нэр дэвшигч нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж нэрээ дэвшүүлж, өрсөлдөх нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих тул хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

5. “Багийн Засаг даргаар Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгах” шаардлагын тухайд:

5.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан.

5.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, багийн Засаг даргыг сонгох, сонгогдсон нэр дэвшигчийг томилуулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэх нь иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд хамаарах тул шүүхээс Н.А-ыг томилуулах тогтоол гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

5.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2025/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

      ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Г.МӨНХТУЛГА

                     ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН