Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 32

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Энхзул, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ /ҮД: 0645/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Авзага овогт Буянтогтохын Энхзулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000236 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 06 настай хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, 6 дугаар байрны 2-20 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Авзага овогт Буянтогтохын Энхзул /РД: ЙЮ86050404/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Энхзул нь Цэндхүү овогтой Мөнхзултай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Стамбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК342 дугаарын аяллын онгоцоор зорчин ирэхдээ Цэндхүү овогтой Мөнхзулын Е серийн 0669238 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Энхзул: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм асуудалд орсондоо харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Н.Төрболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Стамбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК342 дугаарын аяллын онгоцоор зорчин ирсэн иргэдийн бичиг баримтыг шалгаж байх үед Буянтогтох овогтой Энхзул нь Цэндхүүгийн Мөнхзулын гадаад паспортыг шалгуулахаар надад өгсөн. Паспортын зургийг нь Б.Энхзулын царайтай нь тулгаж харах үед царай болон нүүрний төрх нь өөр байсан. Энэ таны гадаад паспорт биш байна, хэний бичиг баримт юм бэ гэж Б.Энхзулаас асуухад миний найз Мөнхзулын гадаад паспорт гэж үнэнээ хэлсэн...” /хх-ийн 18/ гэсэн,

 

Гэрч Ч.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн үед миний охин Ц.Мөнхзул над руу ярьсан. ...Маргааш Энхзул гэж хүн Монголд очиж байгаа Буянт-Ухаа дээр өглөө 11 цагт бууна, та очоод миний паспортыг аваарай, 88965404 Энхзулын нөхрийн утасны дугаар гэж өгсөн. ...Миний охин Мөнхзул  2016 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр надтай утсаар ярих үедээ Энхзул гээд манай найз Швед улсад бичиг баримтгүй, Монголд  байгаа хүүхдээ санаад хэцүү байдалтай байгаад байхаар нь би өөрийн гадаад паспортоо ашиглуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Б.Ээбум мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эхнэр Б.Энхзул ...Швед улсад бичиг баримтгүй байж байгаад Монгол руу ирэх үедээ Мөнхзул гээд найзынхаа гадаад паспортоор хүрээд ирсэн юм байна лээ...” /х-ийн 21-22/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Энхзул мөрдөн байцаалтын сэжигтэн, яллагдагчаар шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чех улсад ажил хийх зорилгоор Алтанбулаг хийлийн боомтоор ОХУ-аар дамжин ...Чех улсад очсон. ...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Швед улс руу явсан. ...Монгол руу буцахаар шийдсэн боловч гадаад паспортгүй байсан учраас Швед улсад байдаг найз Ц.Мөнхзулын гадаад паспортыг гуйж аваад түүний паспортоор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Швед улсын хилээр гараад, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Буянт-Ухаа боомтод буугаад хилийн шалган дээр ирээд Ц.Мөнхзулын гадаад паспортыг үзүүлсэн боловч шалгагч нь энэ гадаад паспорт таны гадаад паспорт биш байна гээд саатуулсан. Би найз Ц.Мөнхзулын гадаад паспортоор ирсэн гэж үнэнээ хэлсэн. ...Би буцах үнэмлэх гаргуулан авч Монгол Улсад ирдэг талаар тухайн үед мэдээгүй. ...Би хууль мэдэхгүй улмаас буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон...” /хх-ийн 34-36, 38-39, 79-80/ гэсэн мэдүүлгүүд,  

 

            - Хилийн зөрчлийн материал /хх-ийн 3-11/,

            - Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/,

            - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6836 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Ц.Мөнхзул нэртэй “Е0669238” дугаартай үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг болон Б.Энхзул гэх 9х12см хэмжээтэй цээж зургууд нэг хүний зураг биш байна...” гэсэн,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6835 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн Цэндхүүгийн Мөнхзулын “Е0669238” дугаартай гадаад паспорт нь бичиг техникийн шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн Цэндхүүгийн Мөнхзулын “Е0669238” дугаартай гадаад паспортанд засвар хийгдээгүй, жинхэнэ...” гэсэн дүгнэлтүүд

           

            - Шүүгдэгч Б.Энхзулын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 50/,

            - Шүүгдэгч Б.Энхзулын улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 49/,

- Шүүгдэгч Б.Энхзулын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-67/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Энхзул нь Цэндхүүгийн Мөнхзултай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Стамбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК342 дугаарын аяллын онгоцоор зорчин ирэхдээ Цэндхүүгийн Мөнхзулын Е серийн 0669238 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч  Н.Төрболд, Ч.Тунгалаг, Б.Ээбум нарын мэдүүлэг, хилийн зөрчлийн материал, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6835, 6836 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхзулыг Цэндхүүгийн Мөнхзултай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Ц.Мөнхзулын Е серийн 0669238 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглан, хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Энхзул урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Энхзулд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цэндхүүгийн Мөнхзулын Е серийн 0669238 дугаартай энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газарт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгав.

 

Эрүүгийн 201601000236 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Энхзул нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авзага овогт Буянтогтохын Энхзулыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гадаад паспорт ашиглан, хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Энхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхзулд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цэндхүүгийн Мөнхзулын Е серийн 0669238 дугаартай энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газарт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6. Эрүүгийн 201601000236 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Энхзул нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхзулд оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01  жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Б.Энхзулд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Энхзулд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР