Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 816

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00816

 

 

“КЮМ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00496 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “КЮМ” ХЗХ-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МС” ХХК-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жаргалсайхан

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ичинхорлоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КЮМ” ХЗХ нь хариуцагч “МС” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр ..... тоот 44,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бүртгэлийн байгууллагад хуулийн дагуу бүртгүүлж, Ү-2205028984 тоот гэрчилгээ авсан.

Гэрээнд заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг суллаж өгөхөөр тохирсон боловч “МС” ХХК суллаж өгөөгүй. Байраа суулаж өгөхийг “МС” ХХК-д удаа дараа шаардаж байсан. Уг байранд хариуцагч компанийг хүн амьдарч байгаа байх. Иймд “МС” ХХК-ийг орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МС” ХХК нь нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр ..... тоотод үйл ажиллагаа явуулдаггүй, энэ байранд хэн амьдарч байгааг мэдэхгүй.

Манай компани Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг. “КЮМ” ХЗХ-оос манай компаний захирал Д.Болд иргэний хувьд зээл авч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компаний өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн. ХЗХоршоо нь гишүүндээ зээл олгохоор хуульчилсан эдний хоршооны гишүүнээр манай компани элсээгүй иргэн Д.Болд элссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Болд “КЮМ” ХЗХ-ны хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж 30 000 000 төгрөгийн зээлийг авсан. Гэрээний хугацаанд 36 624 000 төгрөгийн төлбөрийг Д.Болд төлөөгүй нь үнэн.

Энэ хэргийн хариуцагч нь “МС” ХХК биш бөгөөд уг орон сууцанд н.Одгэрэл гэж хүн амьдардаг, тэнд энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “КЮМ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч МС ХХК-нд холбогдох Баянгол дүүрэг 1-р хороо 2-р хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр ..... тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч “КЮМ” ХЗХ-ноос Д.Болд нь өөрийн “МС” ХХК-аас хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, тогтоол, итгэмжлэл зэргийг бүрдүүлэн хоршооноос зээл авсан байдаг. Авсан зээлээ төлж чадахгүйн улмаас өөрийн өмчлөлд байсан орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулан “КЮМ” ХЗХ-ны өмчлөлд шилжүүлж тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Хоршоо нь удаа дараа тухайн орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч “МС” ХХК-ний захирал Л.Болд нь удахгүй суллаж өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.2-д зааснаар бидний зүгээс байраа суллаж өг, бид үлдэгдэл төлбөрөө төлье гэтэл тус компани нь үлдэгдэл төлбөрөө авахгүй мөн орон сууцыг суллаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2 удаа очиж мэдэгдэл хүргүүлсэн боловч дотор нь амьдарч байгаа боловч хаалгаа огт тайлахгүй мөн тухайн хороон дээр очиж энэ байранд хэн амьдардаг талаар лавлахад хороон дээр бүртгэл байхгүй гэдэг тул тухайн байрны өмчлөгч байсан “МС” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс шийдвэрлэхдээ хариуцагч өөр хороонд үйл ажиллагаа явуулдаг гэсэн тодорхойлолт, анхан шатны шүүх хурал болдог 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээдийн шүүхийн хэлэцүүлэгт н.Одгэрэл гэдэг хүн оршин суудаг гэсэн тайлбараар хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэн нь үл мэдэгдэх н.Одгэрэл гэх хүнийг гуравдагч этгээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлснийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд анх 2017 оны 01 сараас эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш хойшилж байсан шүүх хурал дээр хариуцагч болон гуравдагч этгээд нь тухайн байранд хэн байгааг хэлдэггүй шүүхээс асуухаар мэдэхгүй гэсэн тайлбарыг хэлдэг байсан. Учир нь уг “МС” ХХК болон иргэн Л.Болд нар нь хамаарал бүхий нэг этгээд юм. Уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нь Л.Болд бөгөөд өөрийн өмчлөлд байсан орон сууцанд хэн амьдардаг талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байсан нь ямар нэг байдлаар суллаж өгөхгүй гэсэн тэдний үйлдэл юм.

Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу худалдагч тал эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж мөн хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шийдвэр гарсан байна.

Иймд хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “КЮМ” ХЗХ нь хариуцагч “МС” ХХК-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

            “КЮМ” ХЗХ-ны 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоолоор Д.Болд нь “КЮМ” ХЗХ-ны гишүүн болжээ. Д.Болд нь нэхэмжлэгчтэй 2011 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд “МС” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг 1-р хороо 2-р хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр ..... тоот орон сууцыг барьцаалан, 30 000 000 төгрөгийг тэрээр бэлнээр хүлээн авсан үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон. 

 

“МС” ХХК болон “КЮМ” ХЗХ нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээний зүйл нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр ..... тоот 44,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, орон сууцны үнийг 75 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд төлбөр төлөх нөхцөлийг гэрээний 3.1-д “Тус хоршооноос иргэн Д.Болдын нэр дээр 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 373 тоот гэрээгээр авсан зээлийн төлбөрийн нийт дүн 36 624 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт тооцох, үлдэгдэл төлбөр 38 376 000 төгрөгийг худалдан авагч төлөх үүргийг тус тус хүлээснээс үзвэл орон сууц худалдах, худалдан авах гэрээний зарим төлбөрт иргэн Д.Болдын зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжүүлэн авчээ.

 

Энэ гэрээнд худалдагч “МС” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Болд гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Үүргийн хэлцлийн төлбөрийн хэсэг болох 38 376 000 төгрөгийг худалдагч нь худалдан авагчаас шаардаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус, эсхүл гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Үүргийн хэлцлээс үүдэлтэй өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой шаардах эрх нь худалдан авагчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлснээр “КЮМ” ХЗХ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болно.

 

Хариуцагч буюу худалдагч нь гэрээний зүйл болох орон сууцыг бодитоор хүлээлгэж өгөөгүй.

 

Уг орон сууц нь 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “МС” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байж байгаад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр худалдан авагчийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэсэн байдлаас үзвэл хариуцагч “МС” ХХК нь уг орон сууцыг “КЮМ” ХЗХ-д хүлээлгэж өгөх үүрэгтэй тул уг орон сууцыг эзэмшдэггүй, хэн эзэмшиж байгааг мэдэхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

 

Иймд уг орон сууцыг хариуцагч хүлээлгэн өгөх үүрэгтэйг харгалзан түүний эзэмшилд байгаа гэж дүгнэж орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч нь өөрийн эзэмшлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаарх тайлбарыг нотлоогүй байхад уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн хариуцагч нь үйл ажиллагаагаа өөр газар явуулдаг нь өмчлөлд нь байсан орон сууцыг эзэмшээгүй гэдгийг болон гэрээний үүргийг гүйцэтгэхэд саад болохгүй юм.

 

Хариуцагч “МС” ХХК болон гуравдагч этгээд Л.Болд нар нь хамаарал бүхий нэг этгээд байхад анхан шатны шүүх гуравдагч этгээдийн тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00496 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байр ..... тоот 44,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч “МС” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “МС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КЮМ” ХЗХ-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                             Э.ЗОЛЗАЯА