Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214002920068 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, / РД:******* / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан арал" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 44-44 БНА улсын дугаартай SHAANXI маркийн өөрөө буулгагч машиныг ашиглан өргөн нь 13 метр, урт нь 22 метр 50 см гүнтэй талбай бүхий нүх үүсгэн хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 1,076,473 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  хх-ийн 8-15 дугаар хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг, хх-ийн 50-51 дүгээр хуудас, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг хх-ийн 79-80, 95-96, 103-104 дүгээр хуудас Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 311, 318 дугаартай дүгнэлтүүд хх-ийн 149, 158, 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт хх-ийн-166 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас байгаль орчинд учирсан 1.076473 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 331.382 төгрөг нийт 1.407.855 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг зардлын нөхөн төлсөн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсан ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнсэх хугацаанаас бага буюу 6 сарын хугацаагаар үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хураан авсаныг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахыг завдсан гэх  *******ын эзэмшлийн усан буу 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Д.Мөнхтулгын эзэмшлийн 44-44 БНА улсын дугаартай бага оврын трактор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож *******ын эзэмшлийн усан буу 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг эзэмшигч *******т, бага оврын тракторыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож шийдвэрлэв.

 Харин дээрх техник хэрэгслүүдийн үнэ усан буу 1.400.000 төгрөг, цахилгаан үүсгүүр 350.000 төгрөг, бага оврын тракторын үнэ 4.800.000 төгрөг нийт 6.550.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг  баримтлан  шүүгдэгч ******* овогт *******ын *******д  хорих ял оногдуулахгүйгээр нэг / 1 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д зан үйлээ засах сургалтад үүргийг хүлээлгэж уг үүргийг  хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг     болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар  шүүгдэгч *******аас  гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан бага оврын тракторын үнэ 4.800.000 төгрөг, усан бууны үнэ 1.400.000 төгрөг, цахилгааны үүсгүүрийн үнэ 350.000 төгрөг нийт 6.550.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг   Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт *******ын эзэмшлийн усан буу 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Д.Мөнхбаярын эзэмшлийн бага оврын трактор 1 ширхэг, үйл баримтын бичлэг бүхий 1 СД 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх техник хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******, ******* нарт хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ