Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Нарийн бичгийн дарга: Б.Бадамцэцэг

Шүүгдэгч: *******.*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014004190213 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1******* ургийн овогт *******агалын *******, регистрийн дугаар;ХЛ69042715,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Геологийн 1-23 тоотод байх иргэн *******ын эзэмшлийн эд зүйл түр буюу байнга агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу байшингийн хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч орж эрэгтэй хүний эсгий дотортой гутал 1 хос эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д 100.000  төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Лувсанданзанжанцангийн өргөн чөлөө гудамжны 302 тоот хашаанд байх иргэн *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч орж Huawei Y5 маркийн гар утас 1 ширхэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би хуулийн заалтыг уншиж танилцсан. Яллагдагчаар татсан хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. Монгол хэл, бичиг үсэг мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо хялбаршуулж шийдүүлмээр байна... гэх мэдүүлэг/1 хх-ийн 93-94/,

  Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 16 цагийн орчимд хуучин амьдарч байсан хашаа болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Геологийн 1-23 тоотод байх байшин луу ортол гадна талын хаалганы цоож эвдэрсэн хаалга нь нээлттэй байхаар нь байшинд ортол байшин дотор хураасан байсан гутал эмх замбараагүй байшин дотор чимээ гарахаар нь би буцаж байшингаас гараад хүү Эрдэнэбулган, нөхөр Баатар нар луу залгаж “манай байшинд хулгай орсон байна хулгай хийсэн хүмүүс байшинд байна хурдан хүрээд ир” гээд дуудсан чинь удалгүй манай хүү Эрдэнэбулган ирээд байшин луу ортол зүүн талын цонхоор гараад зугтаасан. Хүү Эрдэнэбулган араас нь гүйж тэр хүнийг хажуу айлын хашаан дотроос барьж авсан. Уг хүнийг барихад 1 хос эрэгтэй өвлийн эсгий гутлыг барьсан байсан... *******агалын ******* манай байшингийн цонхоор гараад зугтаасан, цонхоор гарахдаа 1 хос гутлыг барьсан байсан. Үзлэг хийхэд байшингийн үүдэнд байсан эсгий гутлыг бариад зугтаасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-25/,

   Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ..2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад 13 цагийн үед гэрээсээ гараад 16 цаг 30 минутын үед гэртээ ирээд ойролцоогоор 5 минут болоод буцаж гараад 18 цагийн үед гэртээ ирээд хоол хийгээд идэх гэтэл мөнгөн аяга байхгүй болохоор нь хүүхдүүдээсээ асуугаад тухайн үедээ өнгөрсөн. Тэгтэл 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгээнээсээ юм авах гэтэл манай нөхрийн хөөрөгний дайлан дэлгээтэй байхаар нь үзтэл цагаан хаш хөөрөг байхгүй байсан. Мөн бурханы өмнө байсан улбар шар өнгийн сувдан эрхи, бурханы 300 грамм архи, хар өнгийн Huawei -5 маркийн гар утас зэрэг алга болсон байсныг мэдээд тухайн гар утасныхаа имей кодыг Мобикомын салбараас гаргуулан аваад Цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн өдөр 13 цагийн үед гэрээсээ гарахаасаа өмнө аягандаа цай уучихаад явсан буцаад 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхдээ анзаараагүй. Манай гэрийн хаалга, цонх эвдрээгүй. Гэрээ түгжсэн байсан ногоон цоожийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эвдэрснийг нь мэдсэн. Татахаар шууд онгойж байна лээ. *******агалын *******ыг бол танина. Короновирус гарахаас өмнө Улаанбаатар хотод нэг замын тендер авсан байхад манайд ажиллаж байсан юм. Тэгээд тэр хэрэг гардаг үеэр манайд ирээд манай охиноос Гочоог сураад явж байсан гэж байсан...гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 21-22, 3 хх-ийн 43-44/,

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд хуучин амьдарч байсан хашаа болох Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Геологийн 1-23 тоотод очиж нохойд хоол өгөхөд байшинд хулгай ороогүй цоожтой байсан. Би байшинд орж усны сав авахад зүгээр байсан. Би байшингаа буцааж цоожоор түгжээд орхисон. Өдөр 16 цагийн үед би төв зам уруудаад явж байтал ээж надруу утсаар яриад “байшинд хулгай орсон байна хулгайч хүмүүс дотор нь байгаа юм шиг байна” гэхээр би шууд очсон. Намайг очиход ээж  байшингийн гадаа хашаан дотор байсан би байшин луу ортол байшингийн том гал тогооны өрөөний зүүн талын цонхоор эрэгтэй хүн гараад зугтаасан. Би буцаж хаалгаар гараад тойрч хажуу айлын хашаанд ортол зугтаасан эрэгтэй хүн хашаан дотор байшинд байсан 1 хос гутал тэвэрсэн сууж байхаар нь би барьж авсан. Уг барьсан гутал манай байшинд байсан өвлийн эрэгтэй хүний эсгий гутал мөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Уг хүний нэрийг асуухад өөрийгөө “Болдоо буюу *******” гэж байсан. Намайг анх байшин луу ороход надад баригдсан эрэгтэй хүн цонхоор гараад зугтаасан өөр хүн байгаагүй. Манай байшин 3 өрөөтэй ба намайг очоод байшин луу ороход гал тогооны өрөөний зүүн харсан нэг том хамгаалалтын төмөргүй байсан цонхны поорчикоор яг гарч байсан. Тэгэхээр нь би байшингийн хаалгаар гараад байшингаа тойрч гүйгээд хажуу талын айлын хашааны хаалгаар тойроод орсон. Манай тэр цонх болохоор хажуу талын айлын хашаа руу шууд орчихдог, дундуураа хашаагүй байсан юм. Тэгээд хажуу талын айлын хашаа руу ороод тухайн хүнийг монгол гэр байсны яг ард байхад нь барьж авсан ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 28-30, 3 хх-ийн 47-48/

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Баруун бүс худалдааны төвд дэлгүүртээ байсан . Манай эхнэр ******* өдөр нь байшингаас юм авахаар очиход байшинд хүн байж байгаад хүү Эрдэнэбулганыг дуудсан байсан. Би тухайн үед дэлгүүрт хүн ороод гарахгүй байж байгаад байшиндаа иртэл манай хүү “нэг хүнийг бариад авсан” гээд байж байсан... Нөгөө хүн нь цонхоор гарч зугтаагаад баригдсан гээд нэг хос гутал буюу өвлийн дотортой бакаль тэвэрсэн сууж байсан. Тэр гутлыг нь тэгээд тухайн үедээ бид нар өөрсдөө авсан... Байшин вакум цонхтой, 4 том, 1 жижиг цонхтой айлын хашаа руу харсан нэг цонх л хамгаалалтын төмөргүй, бусад цонхнууд бол хамгаалалтын тортой байсан юм. Тэр хүний гарч зугтаасан гээд байгаа цонх бол айлын хашаа руу харсан хамгаалалтын торгүй цонх байсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 49-51/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Ажлаасаа нэг орой ирсэн чинь мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд хэд хоногийн дараа хөөрөг, эрхи, гар утас зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 26-27/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2021 оны 06 дугаар сард байхаа сайн санахгүй байна. Манай нөхөр хүнээс гар утас авах гэж байна гээд 15,000 төгрөг аваад явсан... Тухайн гар утас нь хар өнгийн гар утас байсан. Амарбаяр бид хоёр дунд зах дээр байдаг засварчин дээр очиж кодыг нь гаргуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 34-35/,

Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 88788154 гэсэн дугаарыг сүүлийн 10 жилийн хугацаанд ашиглаж байна. 2021 оны 06 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд би өөрөө барьж байсан. Би тухайн дугаарыг Huawei  маркийн дэлгэц нь хар өнгөтэй ар тал нь саарал өнгөтэй гар утсанд хийж ашигласан. Би тухайн утсыг *******агалын ******* гэх хүнээс Баянхонгор аймгийн 9-2 гудамжинд байх Эрдэнэбаатар гэх айлд байхдаа 15,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Эрдэнэбаатар, ******* хоёр байсан. Би гар утсыг нь эхнэртээ үзүүлж 15,000 төгрөг аваад *******од өгсөн. ******* надад хэлэхдээ би энэ гар утсыг олсон хаанаас гэдгээ хэлээгүй. Ямар нэгэн асуудалгүй гар утас гэсэн... Би 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хотод байхад тухайн гар утасны нүүр нь хөндийрч, цэнэг нь хурдан дуусаад байхаар нь хаясан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 37-38/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 420 дугаартай “...эрэгтэй хүний шинэ эсгий дотортой гутал ... нэг бүрийн үнэ 100.000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 57/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-нийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай “...Huawei -5 маркийн гар утас 1 ширхэг 180.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх-ийг 47-48/,

Юнител ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №05-01/3313 дугаартай “...867388039703310 имэй кодтой утсанд 88788154 дугаарыг 2021 оны 06 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хийж ашигласан байна. 88788154-Шарав Амарбаяр, ВЭ71120213, Баянхонгор, Баянхонгор сум 6-р баг гэгээн шавь 2-р гудамж 29 тоот...” гэх албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №05- 01/4287 дугаартай албан бичиг/2 хх-ийн 54, 57/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн  13/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  1 /хх-ийн 14-19/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 87-88/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 97/, депозит дансны хуулганууд / 1 хх-ийн 99-103, 105-107/, шүүгдэгчийн оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / 1 хх-ийн 108/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 хх-ийн 205/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч *******.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Геологийн 1-23 тоотод байх иргэн *******ын эзэмшлийн эд зүйл түр буюу байнга агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу байшингийн хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч орж эрэгтэй хүний эсгий дотортой гутал 1 хос эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Лувсанданзанжанцангийн өргөн чөлөө гудамжны 302 тоот хашаанд байх иргэн *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч орж Huawei Y5 маркийн гар утас 1 ширхэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч *******д 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг / 1 хх-ийн 93-94 /, хохирогч *******ын мэдүүэлг / 1 хх-ийн 24-25/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 2 хх-ийн 21-22/, гэрч *******ы мэдүүлэг / 1 хх-ийн 28-30/, гэрч *******ын мэдүүлэг / 3 хх-ийн 47-48/, гэрч ийн мэдүүлэг / 2 хх-ийн 26-27/, гэрч гийн мэдүүлэг / 2 хх-ийн 34-35/, гэрчын мэдүүлэг / 2 хх-ийн 37-38/,  Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 420 дугаартай “...эрэгтэй хүний шинэ эсгий дотортой гутал ... нэг бүрийн үнэ 100.000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 57/, Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-нийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай “...Huawei -5 маркийн гар утас 1 ширхэг 180.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх-ийг 47-48/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******.*******ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******.*******ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******.******* нь иргэн *******ын эзэмшлийн эд зүйл түр буюу байнга агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу байшингийн хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч орж эрэгтэй хүний эсгий дотортой гутал 1 хос хулгайлан авсан,

Мөн иргэн *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч орж Huawei Y5 маркийн гар утас 1 ширхэг хулгайлан авсан бөгөөд  уг гэмт хэргүүдийг өөр өөр цаг хугацаанд 2 удаагийн үйлдлээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч *******.******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 8 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******.*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тооцов. 

Шүүгдэгч *******.******* нь хохирогч *******ын эрэгтэй хүний эсгийн дотортой 1 хос  гутлыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч *******гийн  “...Huawei -5 маркийн гар утасны үнэ болох 180.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч  шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.3-т...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч *******.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******.*******ын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал /эрүүл мэндийн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******.*******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******.******* нь Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг өршөөн хэтрүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3-т зааснаар  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялд энэ  тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилийн  хорих ялаар тогтоосон,

мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж уг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан  тул шүүгдэгч *******.******* нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй болно.

Шүүгдэгч *******.*******ыг 2022  оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны  5 дугаар сарын 03, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 247 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч *******.*******од  хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж,

Уг  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******агалын *******ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******.*******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******.*******од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******.*******ыг 2022  оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны  5 дугаар сарын 03, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 247 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч *******.*******од  хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай

6. Шүүгдэгч *******.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА