| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00366/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2019-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 444
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... оршин суух Х овогт Г.Т -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1952 онд төрсөн, 67 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн ... оршин суух У овогт Г.Д -д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 3 754 900 төгрөг, алданги 675 882 төгрөг, нийт 4 430 782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00369/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Г.Д , гэрч Н.С , Ч.Б , нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд Булган аймаг Булган суманд хадам аавынхаа газар дээр лууван, сонгино, манжин тарьсан. Ногоогоо хурааж байтал 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д гуай ирээд ахдаа ногоогоо зарчих гэж хэлсэн. Улаанбаатар, Эрдэнэтээр зарж байхаар ахдаа зарчих гэсэн саналыг надад тавьсан. Бид хоорондоо тохиролцоод бүх ногоогоо жинлээд худалдах худалдан авах гэрээ хийсэн. Үүнээс хойш ямар ч мөнгө аваагүй байна. Жингийн мөнгө гэж 3 сард 140.000 төгрөг авсан. Гэрээг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Гэрээгээр нийт 5335.8кг ногоо хүлээлгэж өгсөн. Эхэлж хураасан бөөрөнхий сонгино 1428 кг, сүүлд хураасан бөөрөнхий сонгино 234 кг, лууван 2233 кг, манжин 1440 кг-ыг худалдахаар тохирч гэрээ байгуулсан. Эхэлж хураасан сонгиныг 1000 төгрөгөөр, сүүлд хураасан сонгиныг 800 төгрөгөөр, лууванг 700 төгрөгөөр, манжинг 570 төгрөгөөр тус бүр тооцсон. Гэрээний дагуу хүнсний ногооны үнэ 3 754 900 төгрөг болсон. Гэрээгээ бичиж боловсруулаад ирэхэд Г.Д гуай жинг чинь авъя гэхээр нь жингээ 140 000 төгрөгөөр тооцоод хүнсний ногооны үнэ дээрээ нэмж бичсэн. Гэрээнд заасан хугацаагаар худалдсан ногооны үнийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгөх байсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул алдангийг мөн өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 сар буюу 180 /180хоног*1750₮/ хоногийн хугацаагаар тооцож алданги 675 882 төгрөг болсон. Энэ хугацаанд ногооны үнийг өгөхийг байнга шаардаж байсан. 2019 оны 1 дүгээр сард ирж уулзахад цагаан сарын дараа өгье гэсэн. Г.Д гуай өөрөө эмнэлэгт хэвтэж байна, хүү С тэй уулз гэж хэлсэн. Сонгиныг нь зарж байгаа гэж хэлж байсан. Дараа нь 5 дугаар сард ногоогоо буцааж ав гэж хэлсэн. Гэрээ байгуулж ногоогоо авсан атлаа 6 сарын дараа буцааж ав гэж хэлсэн. Ногоогоо ав гэж байнга утсаар ярьж байсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө мөнгөө нэхэж байнга ярьж байсан. Гэрээ байгуулчихаад мөнгөө өгөхгүй байгаа тул ногооны үнэ 3 754 900 төгрөг, алданги 675 882 төгрөгийг нийт 4 430 782 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жингийн 140 000 төгрөгийг төлсөн гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг 16 цагийн орчим Т орж ирээд зооринд ногоо хийсэн чинь муудчихлаа та очиж үзээч гэж хэлсэн. Зооринд орж үзэхэд чийгтэй, зоорины хамгийн захад сонгино хийсэн байсан бөгөөд сонгино нь норчихсон байсан. Лууван, манжин нь мэдэгдэхгүй байсан. Чийг дулааны хэм ерөөсөө хангагдаагүй байсан. Ногоо худалдаж аваач гэх саналыг Т надад тавьсан. Энэ жилийн хувьд ногоо их тарьсан, ногоог чинь хадгалаад өгье гэж хэлсэн. Т ийн хадам аавтай хамт ажиллаж байсан болохоор хүргэн С тэйгээ ярилцахаар болсон. Т т ногоогоо жинлээд хураагаарай, сонгиныг дэлгэж хатаагаад зооринд хураа гэж хэлсэн. Би орой нь хүргэн С т хэлэхэд дургүй байсан ба гуйж байгаад хүргэнийг зөвшөөрүүлсэн. Т маргааш нь 10 цагийн үед ногоогоо ачаад ирсэн. Лууван, манжин нүхэн зооринд байсан бусад нь складанд байсан гэж худал ярьж болохгүй. Ногоог хэрхэн ачиж байсан нь камерт бичигдсэн байгаа, би камерыг шүүлгэх саналтай байна. Намайг 9 дүгээр сарын 5-ны өдөр сонгино хурааж байхад складанд орж ирсэн гэж ярьж байна. Би 9 сарын 3-нд Улаанбаатар хот яваад 9 дүгээр сарын 7-ны өдөр ирсэн. Т т ногоог чинь хадгалж өгье гэсэн болохоос биш худалдаж аваагүй. Гэрээг 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан атлаа 22-ны өдөр гэж бичсэн байна. Яагаад 21-ний өдрийг нь бичиж болоогүй юм. Гэрийнхэндээ харуулах юм хэрэгтэй байна гээд гэрээ бичиж ирээд гарын үсэг зуруулсан. Гэрээнд ногооны үнэ ханшийг бичсэн байсан. Лууванг 700 төгрөг, манжинг 600 төгрөг, сонгино 800-1000 төгрөг гэж үнэлсэн байсан. Энэ үнийг би зөвшөөрөөгүй. Стандартын бус ногоо байсан бөгөөд гэрээнд заасан үнээр борлогдохооргүй байсан. Би Т өөс ногоог худалдаж аваагүй, хадгалж өгсөн. Хадгалалтын хөлс аваагүй. Ногоогоо ирж ав гэж байнга хэлж байсан. Ногоо нь муудсан тул хаясан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Т ийнд сонгино, лууван, байцаа, манжин хураахад оролцсон. Худалдаан дээр зардаг ногоо шиг шинэ ногоо байсан. Стандарт бус ногоо гэж ямар байдгийг мэдэхгүй. гэв.
Гэрч Д.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сард Г.Т өөс сонгино, лууван, манжин авч зооринд хийсэн. Худалдаж аваагүй, аав ззориндоо хийчих гэж хэлсэн. Над руу Т ногооны мөнгө авъя гэж ярихаар нь би чамтай наймаа хийгээгүй тул мэдэхгүй гэж хэлсэн. Лууван, манжингаа аваагүй тул 2019 оны 7 дугаар сард ачиж аваачиж хаясан. Ногоог 6 сарын хугацаанд хадгалдаг бөгөөд хугацаа нь хэтэрсэн учир хаясан. 2019 оны 3 дугаар сарын 8-нд Г.Т Улаанбаатараас ирээд ногоог үзэх үед сонгино зарагдаагүй байсан. Муудчих байх гэж бодоод 6 сетик сонгиныг зарсан. Бүх сонгиныг зарж дуусаад мөнгийг нь өгнө гэж бодож байсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Г.Д оос худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 3 754 900 төгрөг, алданги 675 882 төгрөг, нийт 4 430 782 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Т нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хураасан хүнсний ногоог хариуцагч Г.Д ийн эзэмшлийн зооринд хийсэн гэх үйл баримт тогтоогдсон. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй харин хариуцагч нь Г.Т “гэр бүлдээ үзүүлнэ” гэж гэрээг байгуулж гарын үсэг зуруулсан, түүний ногоог худалдаж аваагүй, хадгалж өгөхөөр тохирч зоориндоо хийсэн, улмаар ногоо чанаргүй, стандартын бус, үнэ өндөр байсан гэж маргажээ.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж, 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан.
Хариуцагч Г.Д нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Т ийн ногоог худалдан авах саналыг гаргаж 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ногоог худалдан авахаар харилцан тохиролцож “худалдах худалдан авах гэрээ”-г байгуулан талууд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулан хүнсний ногоог /сонгино, лууван, манжин/ Г.Д ид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, худалдах худалдах авах гэрээ, түүний хавсралтаар тогтоогдож байна./ХХ-ийн 3-5/
Нэхэмжлэгч Г.Т хариуцагч Г.Д ийг хууран мэхэлж, хүч хэрэглэн гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан байгаа нь гэрээг хүчин Т гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч Г.Д нь ногоог хадгалах үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Талуудын хооронд хүчин Т гэрээ байгуулагдсан учир зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс өгсөн ногоог чанаргүй, стандартын бус байсан гэж маргасан.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй боловч хариуцагч Г.Д нь ногоог хүлээн авч авах үедээ уг эд хөрөнгийн доголдолын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлд 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан.
Гэрээнд зааснаар худалдан авагч Г.Д нь барааны үнийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “гэрээнд заасан хугцаанд төлбөрөө төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө” гэж талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй, төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги тооцсон нь хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагч Г.Д ийг гэрээнд тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж хүнсний ногооны үнэ /лууван, манжин, сонгино/ 3 754 900 төгрөг, алданги 675 882 төгрөг, нийт 4 430 782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид худалдах худалдан авах гэрээнд хүнсний ногооны үнийг нэг бүрчлэн тусгаагүй боловч ногооны үнэ болон хэмжээний талаар маргаагүй тул хэрэгт авагдсан баримт, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Д оос 4 430 782 /дөрвөн сая дөрвөн зуун гучин мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 843 /наян таван мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Д оос 85 843 /наян таван мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН