| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00453/И |
| Дугаар | 466 |
| Огноо | 2019-10-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 466
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын ... оршин суух Б овогт Х.С -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1993 оны 8 дугаар сарын сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Могод сумын ... оршин суух, Х овогт Ө.Э -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00453/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1993 оны 01 дүгээр сарын сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын ... оршин суух К овогт Э.Ц , нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.С нь Ө.Э тай танилцаж дотносон 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-нд өдөр охин Э.Н төрсөн. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Ө.Э өөр гэр бүлтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ө.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.Э би нэхэмжлэгч Х.С той танилцаж, дотно харилцаатай болж, бидний дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Э.Н төрсөн. Бид 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Нэхэмжлэгч Х.С ын гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2013 оны 10 дугаар 23-ны өдөр гэр бүл болж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Н төрсөн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмнөх шүүх хуралдаан дээр Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.2-д зааснаар эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч эвлэрээгүй учраас гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна. Гэрлэлтийг цуцалж охиныг ээжийн асрамжинд үлдээж, хариуцагч Ө.Э аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Ө.Э аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Х.С , Ө.Э нар нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Э.Н төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 2,6/
Гэрлэгчид нь 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, бусадтай гэр бүлийн харилцаатай болсон, шүүхээс эвлэрүүлэх хугацаа тогтоосон боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин Э.Н ийг эх Х.С ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Н ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Ө.Э аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.С д даалгах нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Ө.Э аас 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 102729 төгрөг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгч Х.С д, 32529 төгрөгийг Төрийн санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг баримтлан Б овогт Х.С /РД: /, Х овогт Ө.Э /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Э.Н ийг эх Х.С ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Э.Н ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Ө.Э аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.С д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э аас 102729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Х.С д, 32529 /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН