Улсын дээд шүүхийн

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00116

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00601 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 860 дугаар магадлалтай,

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

Б.Бод холбогдох

 

Орон сууцны үнэ 168,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч А.Б.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00601 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эийн хариуцагч Б.Боос орон сууцны үнэ 168,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 860 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00601 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Боос орон сууцны үнэ 155 055 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 933 225 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч А.Б.Б хяналтын гомдолдоо: Магадлалтай танилцаад ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр эс зөвшөөрч “155,055,000 төгрөгийн” хүрээнд хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.Үүнд:

1. Шүүх дүгнэлт хийхдээ хэргийн үйл баримтын талаар зохих дүгнэлтийг зөв хийж чадаагүй, нотлох баримтыг буруу дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн. Магадлалын үндэслэл хэсэгт дүгнэхдээ “Хэрэгт авагдсан гэрээнүүд, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг хооронд нь харьцуулан дүгнэвэл Ц.Э, Д.Цэцгээ нарын хооронд байгуулагдсан 2019.05.25-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж, харилцан туслалцах гэрээ” нэртэй арилжааны гэрээний дагуу Ц.Эд маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүсч улмаар өмчлөх эрхийг шилжүүлэх эрхийг олгосон гэж үзнэ. Д.Цэцгээ нь уг эрхийнхээ дагуу Б.Бод орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрснөөр Б.Б нъ орон сууцны өмчлөгч болсон боловч Б.Б нь орон сууцны үнийг төлөөгүй бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч улмаар Ц.Эд орон сууцны үнэ болох 168,055,000 төгрөгийн 155,055,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ" гэжээ. Энэ үндэслэл нь Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжих, өмчлөх эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагч Б.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн М.Амбага, Б.Саранцэцэг, А.Түмэн-Өлзий нартай байгуулсан 2019.06.26-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь МУ-ын иргэний хуулийн 109-р зүйлийн дагуу шилжүүлэн авсан хууль зүйн үндэслэлтэй үйлдэл юм. 2019.07.18-ны өдөр W W R Gнь “надтай тухайн байрыг м.кв-ыг нь 1,260,000 төгрөгөөр тооцон нийт 145,000,000 төгрөгөөр бодож шилжүүлэх, Wang Wang Ren Gui-ийн хамтран амьдрагч А.Жавзмаагийн Б.Б зээлсэн 60,000,000 төгрөг /хүүтэйгээ нийлээд 85,000,000 төгрөг/ зээлийг хааж тухайн байрны нийт дүнгээс хасч суутгуулахыг хүлээн зөвшөөрч байна, байрны урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг эхэлж Wang Wang Ren Gui-ийн Хаан банкны дансанд шилжүүлнэ, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх явцад М.Амбага, Б.Саранцэцэг, А.Түмэн-Өлзий нар нь “тухайн байрыг шилжүүлж авах эрхтэй этгээд нь Ц.Э, Д.Цэцгээ болох” талаар нэг ч үг дурсаагүй, энэ талаар надад БНХАУ-ын иргэн W W R Gбас мэдэгдээгүй бөгөөд “байрыг шилжүүлэн авах эрхтэй этгээд мөн” гэж W W R Gнадад ойлгуулсны үндсэн дээр байрыг шилжүүлэн авахаар 2019.06.26-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан. Би Ц.Э, Д.Цэцгээ нарын тохиролцооны талаар байр шилжүүлж авахдаа мэдээгүй болно. 2019.06.26-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”- ний асуудлаар М.Амбага, Б.Саранцэцэг, А.Түмэн-Өлзий нар маргаан үүсгээгүй, хүчин төгөлдөр бусд тооцоогдоогүй, энэхүү гэрээний асуудлаар шүүхэд маргаагүй байхад намайг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж шийдвэрлэж 155,055,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.Бод холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-88 дугаар байрны 9 тоот 4 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн, орон сууцны үнэ 168,055,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. /хх 1-2, 19, 37/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, харин орон сууцыг өмчлөгч нараас нь гэрээ байгуулснаар шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн үндэслэлийг заажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 155,055,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн биелүүлэх үүргийг үндэслэлтэй тогтоож чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулж, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

8. 2019.04.15-ны өдрийн бичгийн хэлцлээс үзвэл маргаан бүхий орон сууцыг өмчлөгч М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нараас Д.Цэцгээд ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохирсон, үүний дараа Д.Цэцгээ нь 2019.05.25-ны өдөр Ц.Этэй гэрээ байгуулж, Ц.Э нь өөрийн эзэмшил газрыг, Д.Цэцгээ нь 168,055,000 төгрөгийн үнэ бүхий дээрх 4 өрөө орон сууцыг арилжихаар харилцан тохирсон, уг гэрээний дагуу Ц.Э эзэмшил газрын эрхийг Д.Цэцгээгийн нэр дээр шилжүүлсэн, Д.Цэцгээ нь орон сууцны өмчлөх эрхийг Ц.Эийн заасан этгээд буюу БНХАУ-ын иргэн W W R G-гийн зөвшөөрсөнөөр Б.Бод шилжүүлэхдээ өмчлөгч М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нарт мэдэгдэж, эдгээр өмчлөгч нар гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг Б.Бод шилжүүлсэн үйл баримтыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Уг орон сууцыг Ц.Э өмчлөх эрхтэй байсан талаар гэрч Д.Цэцгээ, БНХАУ-ын иргэн W W R G нар  мэдүүлэг өгсөн, М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нар бичгээр тодорхойлолт гаргасан, нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

 

9. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг давж заалдах шатны шүүх зөв тогтоосон атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, энэ талаар залруулах нь зүйтэй байна. Хариуцагч Б.Б нь М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нартай байгуулсан гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг олж авсан хэдий ч уг орон сууцыг Д.Цэцгээ захиран зарцуулах эрхтэй талаар М.Амбага, А.Түмэн-Өлзий, Б.Саранцэцэг нар шүүхэд баримт гаргасан, Д.Цэцгээ нь газар эзэмших эрхийг авч үүний оронд дээрх орон сууцыг Ц.Эд шилжүүлэх болсон талаар гэрчийн мэдүүлэг өгсөн баримтаас үзэхэд Ц.Э орон сууцыг захиран зарцуулах эрхтэй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч W W R G болон Б.Б, мөн Ц.Э, W W R G Б.Б нарын хооронд байгуулсан хэлцлээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр эд хөрөнгийг хариу төлбөртэй шилжүүлсэн, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан 2019.07.18-ны өдрийн Б.Б, W W R G, мөн 2019.07.18-ны өдрийн Б.Б, Ц.Э, W W R G нарын байгуулсан  хэлцлээр орон сууцны үнийг 145,000,000 төгрөгөөр тогтоосон, хариуцагч нь гэрээний дагуу дээрх үүргийг хүлээсэн, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг шүүх анхаараагүй, орон сууцны үнийг 168,055,000 төгрөг гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна. Иймд хариуцагч нь 145,000,000 төгрөг төлөхөөс 13,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 132,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

 

11. Гэрээний талуудын хооронд орон сууцны үнийг дээрх байдлаар тохирсон нь тогтоогдсон тул өөр гэрээний харилцаа буюу Ц.Э, Д.Цэцгээ нарын хооронд тохирсон орон сууцны үнийг баримтлах учиргүй юм. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

12. Хариуцагч Б.Б нь W W R G-тэй байгуулсан гэрээнд “...орон сууцыг 145,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, үүнээс W W R G нь Б.Бод А.Жавзмаагийн төлөх 60,000,000 төгрөгийг хасч тооцох, Б.Б нь үлдэх 85,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон...” талаар тусгасан байх боловч үүний дараа 2019.07.18-ны өдөр Б.Б, W W R G, Ц.Э нарын байгуулсан гэрээнд дээрх үйл баримтыг дурьдаж харин А.Жавзмаатай бүгд уулзаж зээл, зээлийн хэмжээг тодруулах талаар тусгагдсан боловч хэн аль нь энэ талаар тодруулаагүйгээс үзэхэд 60,000,000 төгрөгийг хасч тооцох боломжгүй, энэ талаарх хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 860 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492 дугаар зүйлийн 492.1.1-т” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1-д” гэж, “...155,055,000...” гэснийг “...132,000,000...” гэж, “...13,000,000...” гэснийг “...36,055,000...” гэж, “...933,225” гэснийг “... 817,950...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.20-ны өдөр төлсөн 933,225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД