Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 36

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Д.Дарханбаатар,

шүүгдэгч У.Хишигбаяр, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг ҮД: /0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бичигдэр овогт Уранчимэгийн Хишигбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031334 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Энххуяг” ХХК-нд хамгаалагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 63 дугаар байрны 03 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бичигдэр овогт Уранчимэгийн Хишигбаяр /РД: УП93031130/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Хишигбаяр нь “Энххуяг” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа тус компанитай гэрээгээр хамтран ажилладаг “Залан Энержи” ХХК-ийн оффисын байранд нэвтрэн орж 4 ширхэг зөөврийн компьютер, гар утас, цүнх, КГ-ХЛ 2х2.5 маркийн хар өнгийн бүрээстэй цахилгааны утас зэргийг хулгайлан бусдад зарж борлуулж, нийт 1,931,050 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч У.Хишигбаяр: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. ...Надад оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хийгээд амьдарч чадна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч “Залан Энержи” ХХК-ийн төлөөлөгч О.Пүрэвжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Энххуяг” компанитай харуул хамгаалалтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. ...2016 оны 09 дүгээр сарын 29-ний орой 21 цагт ажил тараад би хамгийн сүүлд оффисын хаалгыг түгжээд цонх, хаалгаа сайтар шалгаад явсан. Манай оффисын түлхүүр 4 хувь байдаг ба нэг нь надад, нөгөө нь захирал Чингис Анатольевич Ринчиновд, 3 дахь нь менежер Мөнхбатад, үлдсэн нэг хувь нь харуулын өрөөнд байдаг ослын хайрцагт цоожтой байдаг юм. Тухайн өдөр хамгаалагч Хишигбаяр үүрэг гүйцэтгэж байсан. Маргааш өглөө нь 09 цаг 30 минутад ажил дээрээ ирээд ...менежер Саруул бид хоёр оффисын хаалгыг нээгээд дотогшоо ортол менежер Саруулын ширээн дээр байсан Asus маркийн хар өнгийн 17 инчийн зөөврийн компьютер, нягтлан бодогч Болорцэцэгийн ширээн дээр байсан Asus маркийн хар өнгийн 15.6 инчийн зөөврийн компьютерууд алга болсон байсан. Тэгэхээр нь захирлын өрөө рүү ороход ширээн дээр нь байсан хар өнгийн 15.6 инчийн Lenovo маркийн, менежер Мөнхцэцэгийн ширээн дээр байсан 17 инчийн цагаан өнгийн Sony маркийн зөөврийн компьютерууд тус тус алга болсон байсан. Мөн захирлын цэнэглээд орхисон байсан хар өнгийн Самсунг 8260 маркийн ухаалаг гар утас, бор өнгийн арьсан оосортой, арьсан оруулгатай, бор өнгийн зөөврийн компьютерын даавуун цүнх зэрэг зүйлс алга болсон байсан. Хамгаалагч Хишигбаяртай уулзах гээд харуулын өрөө рүү ортол тэрээр эзгүй байсан ба хяналтын камеруудыг бүгдийг нь унтраагаад, цахилгаан тэжээлээс нь салгаад сервер дотор байсан хардыг салгасан, ослын үед хэрэглэх түлхүүрүүдийг хадгалдаг хайрцагны хаалга нь онгорхой, дотор нь байсан дэлгүүрийг түлхүүр алга болсон байсан. ...Бид хашаан дотор хураалттай, том модон дамарт ороолттой байдаг кабель утаснуудыг шалгаж үзтэл КГ-ХЛ 2х2.5 маркийн хар өнгийн бүрээстэй цахилгааны нарийн кабель утаснаас 433 метр дутсан байсан. Компаниас өөр алдагдсан зүйл байхгүй. ...Хишигбаярын хулгайлан авсан 17 инчийн Asus маркийн, 15.6 инчийн Lenovo маркийн, 17 инчийн цагаан өнгийн Sony маркийн зөөврийн компьютер, Чингис Анатольевич Ринчинов захирлын бор өнгийн арьсан оосортой, арьсан оруулгатай бор өнгийн зөөврийн компьютерын даавуун цүнх зэргийг бүрэн бүтэн хүлээн авсан. Болорцэцэгийн ашиглаж байсан Asus маркийн хар өнгийн 15.6 инчийн зөөврийн компьютерын оронд адил үзүүлэлт бүхий Аcer маркийн зөөврийн компьютерыг хүлээн авсан. ...Манай компаниас нийт 4 ширхэг зөөврийн компьютер, Самсунг маркийн гар утас, бор шаргал өнгийн зөөврийн компьютерын цүнх, цахилгааны дамартай кабель 433 метр зэс утас алдагдсан. Самсунг маркийн гар утас болон 433 метр зэс утсыг Энххуяг харуул хамгаалалтын компаниар гэрээнд заасны дагуу 900,000 төгрөгөөр нөхөн төлүүлсэн. Одоо манай компани ямар нэгэн хохиролгүй болсон байгаа...” /хх-ийн 14-15, 16/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч А.Гантөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байхдаа unegui.mn сайтаас зар харж байтал “150,000 төгрөгөөр нөүтбүүк зарна 86930311” гэсэн зар байсан. ...Би маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зар тавьсан утас руу “Сони хэдээр зарах вэ гэсэн мессэжийг явлуутал 150,000 төгрөгөөс жаахан ярина, сонирхож байвал очоод үзүүлж болно гэсэн хариу ирсэн. Би 86930311 дугаар луу залгатал эрэгтэй хүн утсыг авахаар нь түүнтэй ярьж байгаад 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудал дээр 13 цагийн үед уулзахад зарах гэсэн Сони маркийн зөөврийн компьютероо дүүдээ өгсөн чинь авч чадахгүй байна, харин надад Asus маркийн зөөврийн компьютер байна, худалдаж авах уу гэж асуусан. Ингээд Asus маркийн 15.6 инчийн 1700U сэпүтэй, 230 гегабайтын хардтай компьютерыг 130,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн өдрийн 15 цагийн үед зөөврийн компьютер зарсан залуу над руу яриад нөгөө Сони маркийн зөөврийн компьютероо дүүгээсэээ авлаа, худалдаж авах уу гэж асуухаар нь би түүнтэй ТБД андууд худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр уулзаж цагаан өнгийн 15.6 инчийн В987 сэпүтэй, 6 гегабайтын рамтай, 500 гегабайтын хардтай зөөврийн компьютерыг 120,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуугаас худалдаж авсан зөөврийн компьютеруудыг цэвэрлээд үйлдлийн системийг дахин суулгаж байгаад фэйсбүүк зараар Asus маркийн зөөврийн компьютерыг зарсан. Харин Сони маркийн зөөврийн компьютерыг зараагүй байсан. ...Надад зөөврийн компьютер зарсан хүнийг хулгайн эд зүйл зарж байгаа гэдгийг огт мэдээгүй. Тэрээр надаас авсан 250,000 төгрөгөө төлж барагдуулсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед би гэртээ байхдаа фэйсбүүк хуудасны Компьютер, нөүтбүүк зарна гэсэн зарын цахим хуудас руу ороход Asus маркийн I3 зөөврийн компьютер 400,000 төгрөгөөр зарна. 99214914 гэсэн зар байсан.  Уг дугаар руу Тошиба маркийн I3 зөөврийн компьютер дээр 100,000 төгрөг нэмж өгөөд авч болох уу гэсэн мессэжийг илгээхэд зөвшөөрсөн хариу өгсөн. ...Тухайн өдрийнхөө орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудал дээр 20 орчим насны 170 орчим см өндөртэй, шардуу царайтай, дунд зэргийн махлаг залуутай уулзсан. Ингээд би өөрийн хар өнгийн 15.6 инчийн 3 гегабайтын рамтай, I3 Тошиба маркийн зөөврийн компьютерыг цэнэглэгч болон бор өнгийн даавуун цүнхний хамтаар өгсөн. Мөн зөрүү болгож дээр нь 100,000 төгрөгийг бэлэн өгөөд тэр залуугаас хар өнгийн 15.6 инчийн I3 Asus маркийн зөөврийн компьютерыг авсан. ...Asus маркийн зөөврийн компьютероо цагдаад хураалгасан. Өөрийн тошиба маркийн зөөврийн компьютероо болон 100,000 төгрөгөө хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 21-22, 23/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай Энххуяг ХХК нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө Хишигбаяр нь уг обьект дээр үүрэг гүйцэтгэж байсан. Би тухайн өдрийн орой нь очиж уулзахад ажлаа хэвийн хийгээд байж байсан. ...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө хүүхдээ сургуульд хүргэж өгөөд 08 цагийн орчим яваад очиход Хишигбаяр обьектоо орхиод яваад өгсөн байсан. Тухайн үед ямар ч хүн байхгүй байхаар нь обьектын лацыг явж үзэхэд бүгд цоожтой байсан. Ингээд компанийн ажилчид нь ирээд оффис руу ороод 4 ширхэг зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хишигбаярын араас хаягаар нь явж үзэхэд гэртээ байхгүй байсан. Би хүмүүсээ араас нь явуулж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын газраас олоод цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Манай компани нь “Залан Энержи” ХХК-нд хамгаалалтын төлбөрөөс гар утас, кабель утасны төлбөрийг суутгаад 900,000 төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг гэрээнд заасны дагуу манай компани бүрэн төлж барагдуулсан байгаа. ...Хохирлоо барагдуулах юм бол хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд суух шаардлагагүй...” /хх-ийн 26-27/ гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Хишигбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ фэйсбүүк  үзэхэд нөүтбүүк хард зарна гэсэн зар байсан. Зарын дагуу фэйсбүүк чат бичээд уг зөөврийн компьютерыг 250,000 төгрөгөөр авахаар болоод маргааш нь уулзахаар болсон. ...25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр уулзаад буудлын хойд талд байдаг ломбард руу орсон. Надад хэлэхдээ манай дүүгийн хэрэглэж байсан зөөврийн компьютер байгаа юм гэж хэлсэн. Би ломбарднаас аваад шалгасан чинь нэг үсэг нь ажиллахгүй байхаар нь 240,000 төгрөгөөр өгчих гэж хэлсэн чинь за за ав гэхээр нь 240,000 төгрөг тоолж өгөөд компьютерыг аваад явсан байгаа. ...Тэгээд зөөврийн компьютерын үзүүлэлтийг нь сайжруулах гээд зар дээр тавьсан чинь нэг залуу асуугаад өөр компьютероор солъё гээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзаад шууд тошиба маркийн компьютероор сольсон. Ингээд сольсон өдөр надтай цагдаагийн газраас нэг хүн ирж уулзаад миний анх худалдаж авсан зөөврийн компьютерыг хулгайн эд зүйл гэж хэлээд сольсон хүнээ олж өг гээд өдөр нь сольсон хүн рүү яриад уулзуулж өгсөн. Цагдаа дээр ирээд нөгөө хүн өөрийн компьютероо надаас аваад хулгайлсан компьютерыг цагдаа хураагаад авсан байгаа. ...240,000 төгрөгөө авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгай гарахын өмнөх өдөр нь ажлаа хийж байгаад 18 цагийн орчим ажлаасаа гарч явсан. Маргааш нь гэрээсээ гараад ажил руу явж байхад над руу залгаад өөрийн хэрэглэдэг компьютероо авч явсан уу гэж надаас асуухаар нь үгүй ажил дээр үлдээгээд явсан гэдгээ хэлсэн. ...Миний хэрэглэж явсан компьютер Sony брэндийн цагаан өнгийн зөөврийн компьютер байсан, уг компьютерийг цэнэглэгчийн хамт аваад явсан байсан...” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Гэрч Ч.Саруул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр оффисын өрөөнд өөрийн хэрэглэдэг Asus I3 маркийн 15.6 инчийн хар өнгийн зөөврийн компьютер дээр ажлаа хийж байгаад маргааш нь ажил дээрээ ирсэн чинь алга болсон байсан. Уг компьютер хэвийн ажиллагаатай зүгээр компьютер байсан. Энэ компьютер бол компанийн эзэмшлийн компьютер байгаа юм...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Гэрч Д.Болорцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгай гарахын өмнөх  өдөр нь ажлаа хийж байгаад 17 цагт тараад гэртээ харьсан. Маргааш өглөө нь ажил дээрээ 10 цаг өнгөрч байхад ирэхэд чи компьютер авч явсан уу, байхгүй байна гэж хэлсэн. ...Миний хэрэглэж байсан зөөврийн компьютер нь Asus брэндийн хар хөх өнгөтэй компьютер байсан юм. Би тухайн өдөр ажлаа тараад явахдаа өөрийн хэрэглэдэг компьютероо үлдээгээд явсан байгаа. Энэ компьютер компанийн эзэмшлийн компьютер байгаа...” /хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч Д.Эрдэнэтунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Энххуяаг ХХК-нд хуулийн зөвлөхөөр ажилладаг юм. ...Хишигбаяраас компьютер өгсөн газрыг нь заалгаад баруун дөрвөн замд байрлах ломбарднаас барьцаанд тавьсан зөөврийн компьютерын үнэ болох 80,000 төгрөгийг тушааж уг компьютерыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Манай компани хохирлоо барагдуулсан байгаа учраас уг 80,000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” /хх-ийн 39-40/ гэсэн,

 

Шүүгдэгч У.Хишигбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Энххуяг” харуул хамгаалалтын компанид 2016 оны 8 дугаар сарын сүүлээр хамгаалагчаар ажилд орсон. ...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр 16 цагийн орчим “Залан Энержи” ХХК-ийн байранд очоод ажлаа хүлээж авсан. Тухайн өдөр компанийн ажилтан болох эмэгтэй 20 цагийн орчим гарч явсан. Гарч явахдаа надад оффисын өрөөний түлхүүр хүлээлгэж өгөөгүй юм. Би ажил дээрээ ганцаараа үүрэг гүйцэтгэж байгаад шөнө 02 цагийн орчим коридорт байсан зэс утаснаас 200 орчим метрийг гараараа алдалж үзээд авсан. Авсан зэс утсаа үүдний өвсөн дунд авч  явахад бэлэн болгоод тавьсан. 04-05 цагийн орчим яаралтай үед хэрэглэх шаардлагатай хайрцагийг онгойлгоод үзэхэд дотор нь оффис гэсэн бичигтэй түлхүүр байсан. Энэ түлхүүрийг аваад хяналтын камерыг салгаад оффисын өрөөний хаалгыг онгойлгож ороод дотроос нь 4 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг ухаалаг гар утас авсан. ...06-07 цагийн орчим компьютерын хард дискийг нь аваад шууд авсан эд зүйлсээ аваад явсан байгаа. ...3 ширхэг зөөврийн компьютерыг өвсөн дунд нуугаад зэс утас болон 1 ширхэг зөөврийн компьютер, гар утас зэргийг аваад Хархорин зах хүртэл алхсан. Зах дээр очоод гар утсыг нь 15,000 төгрөгөөр зарж борлуулсан. Зах руу ороод лангуун дээр очоод зэс утсыг нь 160,000 төгрөгөөр зарж борлуулсан. ...Тэндээсэээ такси бариад 25 дугаар эмийн сангийн орчим байх ломбард онгорхой байхаар нь зөөврийн компьютер 80,000 төгрөгийн барьцаанд өөрийнхөө нэрээр тавьсан. ...Би ломбарднаас гараад интернет кафе ороод зөөврийн компьютероо зарахаар зар тавиад өөрийн барьж байсан 91696913 дугаараа үлдээсэн. Удаагүй байж байхад нэг эрэгтэй хүн над руу залгаад зөөврийн компьютер авахаар болохоор нь нөгөө ломбардны гадаа дуудаад тэр хүнд 230,000 төгрөгөөр зарахаар болсон. Ломбарданд 80,000 төгрөг өгөөд надад 150,000 төгрөг өгсөн. Тэр өдрөө би тоглоомын газар хоносон. Маргааш өглөө нь зөөврийн компьютер авна гэсэн зар бичсэн байхаар нь залгахад авъя гэхээр нь 25 дугаар эмийн сан дээр дуудсан. Би тэр хүнтэй ярьчихаад нуусан зөөврийн компьютер дээр очиж хоёрыг нь аваад нэгийг нь үлдээгээд явсан. Тэгээд нэг зөөврийн компьютер нуугаад нэгийг нь авч очоод 120,000 төгрөгөөр тэр залууд зарсан. Би тэр хүнээс дахиад зөөврийн компьютер авдаг юм уу гэж асуугаад нөгөө зөөврийн компьютероо очиж аваад ТБД андууд дэлгүүр лүү алхаж байх замдаа 150,000 төгрөгөөр зарсан. ...Ингээд би тэр залууд хоёр зөөврийн компьютероо зараад мөнгийг нь аваад үлдсэн нэг зөөврийн компьютероо очиж авсан. Тэгээд буцаж яваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төв орчим явж байхдаа 80,000 төгрөгөөр зарсан байгаа. Хулгай хийсэн мөнгөөрөө архи дарс уугаад тоглоом тоглоод буудалд хоноод үрээд дууссан...” /хх-ийн 49-51, 54/ гэсэн мэдүүлгүүүд,

 

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11/,

- “Энххуяг” ХХК-ийн хохирол барагдуулсан тухай албан тоот /хх-ийн 24/,

- Шүүгдэгч У.Хишигбаярын хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Самбуугийн мэдүүлэг /хх-ийн 31-32/, болон бусад баримтууд /хх-ийн 56-61, 122-125, 131-134/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 62-63/,

- Шүүгдэгч У.Хишигбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64, 82/,

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-86/,

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 72, 73, 75/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 74, 76/,

- Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 77-80/,

-  Итгэмжлэл /хх-ийн 96/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч У.Хишигбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Энххуяг” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа тус компанитай гэрээгээр хамтран ажилладаг “Залан Энержи” ХХК-ийн оффисын байранд нэвтрэн орж 4 ширхэг зөөврийн компьютер, гар утас, цүнх, КГ-ХЛ 2х2.5 маркийн хар өнгийн бүрээстэй цахилгааны утас зэргийг хулгайлан бусдад зарж борлуулж нийт 1,931,050 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогчийн төлөөлөгч О.Пүрэвжаргал, иргэний нэхэмжлэгч А.Гантөгс, Н.Энхболд, Э.Ганчимэг, Б.Хишигбат, гэрч Б.Мөнхцэцэг, Б.Саруул, Д.Болорцэцэг, Д.Эрдэнэтунгалаг нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч У.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Хишигбаярыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч “Залан Энержи” ХХК-нд 1,931,050 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол /эд зүйлийн үнэлгээ хх-ийн 62-63/  учирсан ба хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч “Залан Энержи” ХХК-ийн төлөөлөгч О.Пүрэвжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо манай компани ямар нэгэн хохиролгүй болсон байгаа...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 74, 76/, “Энххуяг” ХХК-ийн хохирол барагдуулсан тухай албан тоот /хх-ийн 24/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч А.Гантөгс, Н.Энхболд, Э.Ганчимэг, Б.Хишигбат нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь: иргэний нэхэмжлэгч А.Гантөгсийн “...надаас авсан 250,000 төгрөгөө төлж барагдуулсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 19/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Н.Энхболдын “...Өөрийн тошиба маркийн зөөврийн компьютероо болон 100,000 төгрөгөө хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 21-22, 23/ гэсэн мэдүүлгүүд, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 78/, иргэний нэхэмжлэгч Э.Ганчимэгийн “...Хохирлоо барагдуулах юм бол хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд суух шаардлагагүй...” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 80/, иргэний нэхэмжлэгч Б.Хишигбатын “...240,000 төгрөг авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол, төлбөргүй болно.

 

Шүүгдэгч У.Хишигбаяр нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Хишигбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр баривчлагдсан /хх-ийн 41/, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон /хх-ийн 43, 155/ ба түүний өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгийн гаргасан “...Шүүгдэгч У.Хишигбаяр нь хэрэг гарах үед тухайн байгууллага дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тул түүнийг хууль бусаар орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал дууссан байх тул давтан гэмт хэрэг биш юм. Гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа байсан тул түүнд холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч У.Хишигбаяр нь “Энххуяг” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, уг компани “Залан Энержи” ХХК-тай гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд шүүгдэгч У.Хишигбаяр нь харуулын өрөөнд байсан түлхүүрийг ашиглан “Залан Энержи” ХХК-ийн оффисын байранд нэвтрэн орж байгаа үйлдэл нь орон байранд хууль бусаар нэвтрэн орж байгаа үйлдэл байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 201626031334 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бичигдэр овогт Уранчимэгийн Хишигбаярыг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Бичигдэр овогт Уранчимэгийн Хишигбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 /гурав/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хишигбаярт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэмтэй бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хишигбаярын  цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

5. Эрүүгийн 201626031334 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Хишигбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР