Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 3

 

Ч.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                     Г.Уянга

              Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дугаар  захирамжтай, Ч-гийн О-д холбогдох, 1918006650470 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, М- овогт Ч-гийн О-.

Яллагдагч Ч.О- нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар хороолол **-** тоотод 17 настай төрсөн охин О.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дугаар захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М- овогт Ч-гийн О-д холбогдох эрүүгийн 1918006650470 дугаартай  эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэлд:

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд Ч.О-гийн шүүхэд ирүүлсэн хохирогч О.Х-гийн “Саран элит” эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолт болон томографикийн зураг, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан.

Шүүхээс прокурорт буцаасан үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдон тогтоогдоогүй бөгөөд зөвхөн шүүгдэгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан хохирогч О.Х-гийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Саран-Элит” эмнэлэгт үзүүлсэн баримтыг хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 832 дугаар дүгнэлттэй зөрүүтэй гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 832 дугаар дүгнэлт, уг дүгнэлттэй холбогдуулан шинжээчийг байцаасан тэмдэглэл, мөн хохирогч, гэрчийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтууд авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа тухай үндэслэлээ тодорхой дурдаагүй.

Шүүгчийн захирамжинд дурдагдсан шүүгдэгчээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр гаргасан хохирогчийн “Саран-Элит” эмнэлэгт үзүүлсэн баримт, томографизийн зураг зэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шалгагдаж, хэрэгт авагдаагүй нотлох баримт болно.

Нөгөө талаар хохирогч удаа дараагийн мэдүүлэг, тайлбартаа ээждээ зодуулсан гэж мэдүүлсэн ба энэ байдлыг харж байсан эмээ нь болох гэрч Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг, мөн шүүгдэгч Ч.О-гийн яллагдагчаар өгсөн “... тэгээд эмээтэйгээ маргалдаад эмээгийнхээ үснээс зулгаахаар нь миний уур хүрээд эмээгээ яахаараа ингэдэг юм бэ гээд гар руу нь салгах гэж хэд хэд цохьсон, бас нүүр толгой руу цохиж байгаад тавиулсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно.

Шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд  шийдвэрлэх  нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна., шүүх хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд  хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг буцаасан хууль зөрчсөн.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос Ч-гийн О-г 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар хороолол **-** тоот гэртээ  17 настай төрсөн охин О.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаас гадна  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос гаргаж өгсөн  “Саран элит” эмнэлгийн  2019-11-21-ний өдрийн дүгнэлтийг хэлэлцээд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол гэмтлийн ямар зэрэгт хамаарах болох нь эргэлзээтэй, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Ч.О- нь  охин О.Х-г зодсон гэх үйл баримт 2019-09-20-ны өдөр болсон бөгөөд хохирогчид үзлэг, шинжилгээ хийсэн шинжээчийн эхний буюу 822 дугаар дүгнэлт 2019-9-24-ны өдөр гарсан., энэ дүгнэлт эргэлзээтэй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1.д заасны дагуу  тухайн шинжээч өөрөө  мэргэжлийн эмчийн    авсан  рентген зураг болон рентген эмчийн ....баруун хацар ясны гадна хана дотогш цөмөрсөн., гавал ясанд хугарал цууралгүй... гэсэн тэмдэглэл, тухайн үеийн  яаралтай тусламжийн хуудас, амбулторийн карт  зэргийг үндэслэн нэмэлт шинжилгээ хийж  2019-09-26-ны өдөр ...хохирогчид гэмтлийн хөнгөн  хохирол  учирсан.. гэсэн 832 дугаартай дүгнэлт гарчээ.

Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр нотлох баримт, мөн  гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн шийдвэрлэх боломжтой байхад хохирогч өөрөө үйл баримт болсон цаг хугацаанаас хойш 2 сарын дараа “Саран элит “ эмнэлэгт   2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зураг авхуулж, шүүх хуралдаан хийх өдөр буюу 2019 оны 11 дүгээр  сарын 21-ны өдөр  дүгнэлт бичүүлж авч ирсэнийг нотлох баримтаар үнэлэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  өөрөөр хэлбэл хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, захирамжинд тусгаж,  захирамжийн үндэслэл болгосон нь буруу байна.

Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ түүний мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримт, үйл баримт болсон шалтгаан нөхцөл,  энэ үед яаралтай тусламж  яагаад дуудах болсон зэргээс  гадна хохирогчийн хувийн байдал тэдний гэр бүлийн харилцаа  зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтанд дүгнэлт өгч хохирогчийн  мэдүүлэгт үнэлэлт  өгөх  боломжтой.  

Иймд прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1140 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч-гийн О-д холбогдох, 1918006650470 дугаартай, 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА