Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0781/З |
Дугаар | 128/ШШ2022/0086 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0086
2022 02 14 128/ШШ2022/0086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогтой У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч. Н овогтой Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б овогтой Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д овогтой А,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогтой О.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х овогтой Н,
Гуравдагч этгээд: Э овогтой У нарыг оролцуулан төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, Б.Б /танхимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.У нь Цагдаагийн ерөнхий ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн хошууч Х.У-ыг албанаас халах тухай” Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д аймаг дахь Цагдаагийн газрын З сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь анх 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/231 дүгээр тушаалаар Д аймаг дахь Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргаар томилогдсон байна. Замын цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байх хугацаандаа цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан оролцсон болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон буюу нэхэмжлэгч Х.У*******ыг ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актыг гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2493 дугаар мэдэгдэх хуудсаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаал гарч байгааг мэдэж, улмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/1755 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авчээ.
2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасан байна.
4. Нэхэмжлэгч Х.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д аймаг дахь Цагдаагийн газрын З СДСДЦХ-ийн дарга, хошууч Ц.Э танилцуулсан Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 3493 дугаар мэдэгдэх хуудсанд дурдсанаар “Д аймаг дахь Цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.У нь ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг баримтлан, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн хошууч” цолыг хураасан” гэжээ.
4.1. Дээрх шийдвэрийг гаргах хүртэлх хугацаанд иргэд байгууллагаас надтай холбоотой авилга, хээл хахууль болон бусад асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, гомдол байхгүй бөгөөд энэ чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар болон Д аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсээс томилогдсон алба хаагч албаны шалгалт явуулж, надаас ямар нэгэн тайлбар аваагүй, аль нэг байгууллагын алба хаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар танилцуулж, байцаалт авч байгаагүй болно.
4.2. Төрийн жинхэнэ алба хаагч миний бие ямар үндэслэлээр албанаас халагдсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.М, Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.А нартай утсаар холбогдож тодруулахад “манай хэлтэст тантай холбоотой гомдол ирж, албан хаагч томилогдон албаны шалгалт явуулаагүй талаар мэдэгдсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ оногдуулахдаа зайлшгүй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу албаны шалгалтыг явуулж эцэслэн шийдвэрлэсэн байх ёстой. Гэтэл журам огт хэрэгжээгүй нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.
4.3. Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.2-д “Ноцтой зөрчил” гэж ... Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, ... үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно ...” гэж заасан.
4.4. “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дугаар зүйлийн 5.3.3 дахь хэсэгт тус тус заасан зөрчлийГ хянан шийдвэрлэх процесс ажиллагааг ноцтой зөрчсөн.
4.5. Алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Цагдаагийн төв байгууллагын үүрэг, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үүрэг, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрхэд тус тус тусгагдсан алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүй нотлох баримтгүйгээр зөвхөн улс төрчдийн хууль бус шийдвэрийг даган өөрсдийн амин хувь, эрх ашгаа бодож шийдвэр гаргасан нь маш тодорхой байна.
4.6. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д аймаг дахь цагдаагийн газрын З сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тунхагласан. Хууль дээдлэх гэдэг нь ямар нэгэн үйл ажиллагааг явуулах болон ялангуяа тусгай субъект захиргааны актыг баримт, нотолгоогүйгээр гаргаж болохгүй гэсэн үг. Хэрэв нэхэмжлэгч гэм буруугүй нь тогтоогдвол яах вэ гэсэн асуудал үүсэж байна. Захиргааны актыг гаргахдаа хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй, Захиргааны ерөнхий хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журмуудыг зөрчиж, Б/712 дугаар тушаалыг гаргасан тул уг асуултад хариуцагчийн зүгээс хариулж чадаагүй гэж үзэж байна.
5.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас хална” гэж заасан. Нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халсан үндэслэлээ тайлбарлавал хариуцагч байгууллага нь уг заалтыг дурдах ёстой юм. Харин ёс зүйн зөрчил гаргасны улмаас албанаас халах гэж байгаа бол тусгай журмаар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан бол түүний эрхэлж байгаа албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ” гэж заасан. Уг шалгаж, тогтоох үйл ажиллааг явуулсан талаар хариуцагчаас тодруулбал эцсийн байдлаар хавтас хэргийн 177 дугаар хуудаст Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулаагүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Мөн энэ талаар шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар амаар мэдүүлж байна.
5.2. Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх зүйл хавтас хэрэгт авагдсан бөгөөд уг тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийг албанаас халах тушаал гаргасан тухай мэдэгдсэн байгаа болохоос захиргааны акт гаргах гэж байна, таны эрх зөрчигдөж байна уу, гомдол, санал байна уу гэдэг ажиллагаа биш юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн. Албанаас халах шийдвэр гаргаж байгаа юм бол яагаад нэхэмжлэгчид зөрчил гаргаагүй талаар тайлбарлах боломжоор нь хангаагүй юм бэ? Энэ эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа буюу сонсох ажиллагаа огт явуулаагүй.
5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.15 дахь хэсгийн 1 дэх заалтуудыг тайлбарлах шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасан. Авилгатай тэмцэх газар нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох эрхгүй, зөвхөн шалгаж байгаа буюу процесс ажиллагаа явагдаж байна. Ямар ч шийдвэр гараагүй байхад шийдвэр гарсан мэт тайлбар гаргаж байна. Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа нь нэхэмжлэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл ногдуулдаг. Нэхэмжлэгч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад албанаас халах шийдвэрийг гаргаж болохгүй. Иймд маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын дарга нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Өнөөдрийн шүүх хуралдаанаас үзвэл бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна.
6.1. Хариуцагч байгууллага нь Х.У-ыг Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тул албанаас халж, цолыг нь хураасан гэж тайлбарлаж байна. Гэтэл хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолын дүгнэлтийг үндэслэж, зөрчил гаргасан гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд “Захиргааны актыг бичгээр гаргах”, 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг тусгасан байдаг. Маргаан бүхий захиргааны актад бодит нөхцөл байдлыг огт заагаагүй бөгөөд ерөнхий үндэслэлүүдийг тусгасан. Мөн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баталсан. Уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3.2-т “Ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Х.У-ын хувьд дээрх ноцтой зөрчлөөс яг алийг нь зөрчсөн гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдан гэм буруутай нь тогтоогдоогүй шалгагдаж байгаа үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийг зөрчил үйлдсэн гэж тайлбарладаг.
Гэтэл хэрэв энэ нь тогтоогдохгүй, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд яах вэ, нэхэмжлэгчийг хэлмэгдүүлж байгаа юм уу гэсэн асуудал үүснэ. Зөрчил нь тогтоогдсон тохиолдолд зөрчил үйлдсэн гэж үзэх эсвэл шалгаж буй байгууллага нь түдгэлзүүлэх саналаа явуулж, нэхэмжлэгчийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой байсан.
6.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “Алба хаагч үргэлжлүүлэн албан үүргээ гүйцэтгэх нь шалгалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай санал, дүгнэлтийг дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж, алба хаагчаас ирүүлсэн тохиолдолд гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно” гэж заасан буюу эрх хэмжээг нь хариуцагч байгууллагад хуулиар олгосон. Уг заалтыг хариуцагч байгууллага ашиглаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зөрчлийг албаны шалгалт явуулж тогтоогоогүй, дээрээс ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д тодорхой заасан. Гэтэл Б/712 дугаар тушаал буюу 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гарсан тушаалд ямар гомдол, мэдээллийн дагуу шалгасан талаар огт заагаагүй.
6.3. Дээр дурдсан нөхцөл, үндэслэлүүдээс үзвэл Цагдаагийн ерөнхий газрын Б/712 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн захиргааны акт гаргахдаа мэдэгдэх хуудас явуулаагүй зэргээр процесс алдааг олон гаргасан. Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “Төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэж заасан. Гэтэл түүний ажил, албан тушаалд гуравдагч этгээдийг томилсон байгаа нь хууль зөрчсөн томилгоо байх тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж байна.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн алба хаагч нь төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах ёстой. Аливаа албан тушаалтны цахим орчинд таалагдах гэсэн үйлдлийн золиос болж болохгүй гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн өглөө З суманд олон хар машинууд давхиж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлээр гэмт хэрэг үйлдсэн олон хүнийг барих гэж байгаа мэт нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлсэн. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтад “...төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэсэн нэр томьёо байдаг. Гэтэл төрийн албанаас халаагүй, цагдаагийн албанаас халсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Хариуцагч байгууллага нь төрийн албанаас халах зохицуулалтыг үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан. Төрийн албан хаагч нь нэр төртэй, нэмэгдэл баталгаагаар хангагдсан байх ёстой.
7.1. Б/712 дугаар тушаалын үндэслэлд “...ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тул” гэж дурдсан. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд нь хариуцлагын 19 төрлийг заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хууль зөрчих гэсэн ойлголт байдаг. Уг ёс зүй, сахилгын дүрэмд албанаас халах гэсэн ойлголт байхгүй. Иймд ёс зүй, сахилгын дүрэм энэ тохиолдолд үйлчлэх эсэхийг нягталж үзэх ёстой. Цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол шалгаж шийдвэрлэнэ. Заавал шалгаж тогтоогддог. Алдаа, оноо байсан бол шалгаж, тогтоох ёстой байсан. Зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэдгийг хариуцагч байгууллага нь бүрэн хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно” гэж заасан. Уг заалтаас үзвэл эрүү болон зөрчлийн хэрэг шийдвэрлэгдэхийг хүлээхээр зохицуулсан байна. Хэрэв Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу албанаас халах гэж байгаа бол гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой.
Нэхэмжлэгчид хуулиар олгогдсон баталгаанд халдах үндэслэл үүсээгүй тул нэхэмжлэгчийн бусад өмгөөлөгч нар Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтуудын талаар тайлбартаа дурдсан. Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ёс зүйн болон сахилгын ямар заалтыг зөрчсөн талаар хариуцагч тал өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй. Холбогдох шалгалтын ажлыг явуулаагүй, албаны шалгалт явуулаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд үйл ажиллагаандаа Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаг.
8.1. Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/231 дүгээр тушаалаар Д аймаг дахь цагдаагийн газрын З дэх Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргаар томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан оролцсон болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.
8.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно”, 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гэж заасны дагуу үйл ажиллагаандаа мөрдлөг болгох ёстой.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг гаргах үндсэн шалтгаан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах нууц ажиллагаагаар авагдсан баримтын дагуу гэдэг зүйл цагдаагийн байгууллагад ирсэн. Тухайн мөрдөн шалгах нууц ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулаагүй. Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа юм. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд тодорхой зөрчлүүдийг дурдсан. Цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Х.У*******т тухайлан албаны шалгалт зохион байгуулаагүй боловч үүнд байх баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул маргаан бүхий акт гарсан гэж үзэж байна.
9.1. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэлбэр төдий явуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа явуулна гэж заасан. Сонсох ажиллагааг явуулах нарийвчилсан дэг, журмыг тусгайлан заагаагүй. Прокурорын бичгээс үзвэл тухайн хэрэгт холбогдсон байгаа нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа буюу ямар нэгэн байдлаар тухайн дүрмийг зөрчсөн болон нотлогдсон үйлдлүүдийг дурдаж өгөөгүй. Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчийг тухайн гэмт хэрэгт холбогдсон байгааг ёс зүйн зөрчил үйлдсэн гэж үзсэн.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.У-ыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэнэт очиж, хориогүй. Хорихоос өмнө эрүүгийн хэрэгт, эсхүл ёс зүйн зөрчилд буруутгах тодорхой баримт үүссэн. Энэ тодорхой баримт нь Авлигатай тэмцэх газар буюу эрх бүхий байгууллагаас явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа юм. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд Х.У нь удаа дараагийн үйлдлээр З сумын гаалиар хэмжээ, даац хэтэрсэн машин тэрэг нэвтрүүлсэн, албаны нэрийг барьж, албаны орон байр, өрөөг тохижуулах нэрийдлээр хүмүүсээс мөнгө авсан гэдэг нь тогтоогдсон.
10.1. Албаны шалгалт явуулаагүй гэдэг нь үнэн. Шалгалт явуулах боломжгүй нөхцөл байдал байсныг шүүх хуралдааны явцад тайлбартаа дурдсан. Цагдаагийн байгууллага Х.У*******ын зөрчлийн үйлдлийг дотооддоо илрүүлсэн бол албаны шалгалтыг явуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон захиргааны актыг гаргах боломжтой. Тухайн нөхцөл байдалд Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад төрийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд суманд очсон үйл явдалтай зэрэгцэж, нэхэмжлэгч Х.У-тай холбоотой мэдээллийг мэдсэн. Албаны шалгалтыг тухайн үед явуулах боломжгүй байсан. Х.У-ын гаргасан буюу хавтас хэрэгт авагдсан байгаа удаа дараагийн цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөх шалтгаан болохгүй гэж үзэж байна.
10.2. Шүүх хуралдаанд Х.У нь өөрөө цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн талаараа дурдсан. Албаны орон байр тохижуулах гээд ах, дүү, танил талаасаа мөнгө, төгрөг авсан тухайгаа тайлбарласан. Үүнийг хориглосон зохицуулалт нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагчийн зүгээс хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчид гарах гэж буй шийдвэрийн талаар танилцуулж, тэмдэглэлд санал, хүсэлтийг нь авсан. Удаа дараагийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүдийг нь албаны шалгалт явуулах боломжгүй гээд шийдвэр гаргалгүй, хүлээх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Албан тушаалын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой байсан.
10.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг үндэслэн албанаас халалгүйгээр, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдтэл албан тушаалын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалтыг Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан. Шүүхээс Б/712 дугаар тушаалд өөрчлөлт оруулах, өөр захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс гаргасан захиргааны актдаа өөрчлөлт оруулахад бэлэн байна.
11. Гуравдагч этгээд Э.У шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Э.У миний биеийг гуравдагч этгээдээр татсан байна. Иргэн Х.У-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х.У нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн хошууч Х.У-ыг албанаас халах тухай” Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Д аймаг дахь Цагдаагийн газрын З сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2.1. Цагдаагийн албанаас халах шийдвэрийг гаргах хүртэл хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл иргэд, байгууллагаас надтай холбоотой авилга, хээл хахууль болон бусад асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй бөгөөд энэ чиглэлээр албаны шалгалт явуулж, надаас ямар нэг тайлбар, аваагүй, аль нэг байгууллагын алба хаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар танилцуулж, байцаалт авч байгаагүй. Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ оногдуулахдаа зайлшгүй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу албаны шалгалтыг явуулж, эцэслэн шийдвэрлэсэн байх ёстой. Гэтэл энэ журам хэрэгжээгүй.
2.2. Х.У намайг “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн ямар зүйл, заалтыг, Төрийн албаны тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг огт тогтоогоогүй атал албанаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, Цагдаагийн албан тухай хуулийн 81, 82 дугаар зүйлд заасан өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй.
2.3. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалыг гардан аваагүй, түүнтэй танилцаагүй ... “ гэж тодорхойлон маргажээ.
3. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтад заасныг тус тус үндэслэн Д аймаг дахь Цагдаагийн газрын З сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х,У-ыг ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж, түүнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албанаас нь халж, цагдаагийн хошууч цолыг хураахаар шийдвэрлэжээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч буюу цагдаагийн алба хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх, халахыг хоригложээ.
5. Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг гол үндэслэлээ болгосон байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Х.У-ыг цагдаагийн албанаас халсан үндэслэлээ “гэмт хэргийн шинжтэй үйлдэлд албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан оролцсон болох нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон” гэж тайлбарлан маргаж байна.
6. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.1-д “цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 1.3.2-т “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах, зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 3.4-д “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 5.1-д “ Цагдаагийн төв байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг Аюулгүй байдал хариуцсан нэгж, бусад цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын даргын томилсон албан тушаалтан хүлээн авч, албаны шалгалт явуулна”, 5.2-т “Албаны шалгалт явуулж байгаа албан тушаалтан нь шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл, бусад баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах санал гаргах зарчмыг баримтална”, 5.3-т “Албаны шалгалт явуулсан албан хаагч нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгон дараах саналыг гаргана”, 5.3.2-т “сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах”, 5.3.3-т “гэмт хэргийн гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх”, 7.3-т “Сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.4-48.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.8 дахь хэсэгт заасан журмыг баримтална” гэж тус тус заажээ.
Дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлгох бөгөөд ийнхүү зөрчил гаргасныг үндэслэл бүхий мэдээ баримтад тулгуурлан, албаны шалгалт явуулж, холбогдох нотлох баримтаар тогтоосны эцэст гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байна.
7. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн Б/231 дүгээр тушаалаар Х.У-ыг Д аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргын ажлаас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 05 дугаар сарын 26-ны өдрөөс мөн газарт З сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн даргаар томилсон, захиргааны байгууллага нь түүний энэ албан тушаалд ажиллах хугацааны буюу 2018 оны түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 85 оноогоор, 2019 оны ажлын гүйцэтгэлийг “бүрэн хангалттай” гэж, 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээг 85 хувиар тус тус үнэлж дүгнэж байсан байх бөгөөд хариуцагч нь энэ үйл баримттай маргаагүй байна.
8. Маргаан бүхий тушаалаар Х.У-ыг цагдаагийн албанаас халснаас хойш 2 хоногийн дараа Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2041000640163 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.У-т эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/732 дугаар тушаалаар түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд цагдаагийн хошууч Э.У-ыг томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
9. Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Гэмт хэрэг,
зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно”, 80.1.1-д “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн“, 80.3-т “Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно”, 81 дүгээр зүйлийн 81.8-д “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтаас үзэхэд цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэрэг, ёс зүй, сахилгын хариуцлага нь тус тусдаа холбогдох хууль, дүрэм, журмаар зохицуулагдах хариуцлагын төрлүүд байх бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн алба хаагч Х.У-ыг ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасныг албаны шалгалт явуулж, холбогдох нотлох баримтаар тогтоох ёстой.
10. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.2.1-д “ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураах”-аар журамлан заасан, энэ журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
11. Түүнчлэн цагдаагийн алба хаагч Х.У-ыг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болохоор заасан, цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж болох хуулийн зохицуулалттай байхад түүнийг цагдаагийн албанаас шууд халсан үндэслэл тодорхойгүй, тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д заасан үндэслэл бий болоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.У нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай нөхцөл байдлыг шалган тогтоох, шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байна.
13. Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд цагдаагийн алба хаагч Х.У нь ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасан эсэх, дээрх захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал байсан эсэх, энэ нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулж, шинээр захиргааны акт гаргах бүрэн боломжтой, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Цагдаагийн хошууч Х.У-ыг албанаас халах тухай” Б/712 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс энэ хугацаа эхлэн тоологдохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН