| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 125/2025/0010/З |
| Дугаар | 221/МА2025/0494 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0494
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.О
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Д
Илтгэсэн шүүгч Г.Б
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 52 839 540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 125/2025/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-аас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 52 839 540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Б.Б-т ажилгүй байсан хугацааны /2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 33 203 886 /гучин гурван сая хоёр зуун гурван мянга найман зуун наян зургаан/ төгрөгийг /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 19 635 654 /арван есөн сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 52 839 540 /дөчин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 33 203 886 төгрөг гаргаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Шүүхийн дүгнэлтээр дундаж цалин хөлсийг журмаараа тодорхойлж, үүнээс хоол, унааны зардлыг хасаж тооцон, ажилгүй байсан хугацаандаа ногдох олговрыг тодорхойлсон юм. Миний бие дундаж цалин хөлснөөсөө гадна олох байсан орлогыг Иргэний хуулийн гэм хорын зохицуулалтаар нөхөж тооцон гаргуулж өгөхийг хүссэн.
Би нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо аймгийн Засаг дарга намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй байсан бол тухайн төрийн захиргааны албан тушаалд үргэлжлэн ажиллаж, энэхүү цаг хугацаанд /ажилгүй байсан хугацаанд/ тухайн албан тушаалын өөрчлөгдөж, нэмэгдсэн цалин хөлсийг авах байсан хэмээн үзэж, тооцоогоо гаргасан. Би олох байсан орлогыг буруутай албан тушаалтнаас нэмж нэхэмжлэх эрхтэй.
Төрийн албан хаагчийн цалин хөлс жилээс жилд нэмэгддэг бөгөөд энэ нь үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар цаг хугацаа өөрчлөгдсөнөөс хамааран буурсантай холбоотой. Ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс гадна нэмэгдсэн цалин хөлсөөр цалинжих миний эрх, ашиг зөрчигдсөн бөгөөд үүнийг давхар нэхэмжилсэн байхад шүүх зөвхөн дундаж цалин хөлсний олговрыг олгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.Б-аас “Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 52 839 540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал буруулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан байна. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
2.3. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/44 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-ыг тус өдрөөс эхлэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар эгүүлэн томилсон үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх “... цалин, хөлсний бүрдэл хэсэгт хоолны хөнгөлөлт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс тодорхойлоход 2022 оны 12 сард 21000 төгрөг, 2023 оны 1 сард 33000 төгрөг, 2023 оны 2 сард 25500 төгрөгийн хоолны хөнгөлөлт олгогдсон байх ба хоолны хөнгөлөлт нийт 79500 төгрөгийг хасч тооцсон болно. 2022 оны 12 сар ажлын 21 өдөр, 2023 оны 1 сар ажлын 22 өдөр, 2 сар ажлын 17 өдөр, нийт ажлын 60 өдөр /2416045-21000/+/1557119-33000/+/1549619-25500/=5443283 төгрөг, Нэг өдрийн дундаж цалин, хөлс 5443283:60=90721 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд 17 сар, ажлын 9 өдөр буюу 17*21+9=366 ажлын өдөр, Нийт 366*90721=33.203.886 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
2.4. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57.2-т “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:”, 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс” бүрдэнэ гэж, мөн Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.1.1-д “дундаж цалин хөлсийг тодорхойлох журам”-ыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батлахаар мөн заасан байна.
2.5. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно”, 2.1-д “Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:”, 2.1.1-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” тодорхойлно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсний нийлбэрийг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн дундаж цалинг ийнхүү тооцоолж, түүнд олговол зохих ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг “33 203 886” гэж тооцсон нь дээр дурдсан хууль, журамд нийцжээ.
Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт огт хамааралгүй хуулийн заалтыг баримталсан, түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН